2008 оны 7 дугаар сарын 1-нд болсон үйл явдал нь Монгол Улс дахь анхны олон нийтийг хамарсан нийгмийн онцгой үзэгдэл байлаа. Олон нийтийг хамарсан аливаа нийгмийн үзэгдлийн улмаас хүний үндсэн эрх, эрх чөлөө зөрчигдөх магадлал өндөр байдаг. Иймээс хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд өөрийн үүргээ гүйцэтгэн, иргэдэд мэдээллийг үнэн зөв, шуурхай хүргэж ажиллах нь хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, ард түмний хяналтыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.
Нээлттэй нийгэм хүрээлэн, Глоб Интернэшнл зэрэг төрийн бус байгууллагуудын захиалгаар "I R I M" (айрим) судалгааны хүрээлэн нь “7 дугаар сарын 1-нд болон онц байдал зарласан, мөн түүний дараах өдрүүдэд Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд мэргэжлийн түвшинд ажиллаж чадсан эсэх, ингэж ажиллахдаа хүний эрхийн асуудлыг хэрхэн тусгасан”-ыг судлах зорилгоор энэхүү мониторингийн судалгааг хийж гүйцэтгэсэн.
Мониторингийн хүрээнд 11 телевиз (МҮОНТ, UBS, MN-25, ТV5, ТV9, Eagle, NTV, ТМ, С1, SBN, ТV8), өдөр тутмын 4 сонины (Өдрийн сонин, Өнөөдөр, Зууны мэдээ, Ардчилал) 2008 оны 7 дугаар сарын 1-ээс 9-ний хоорондох 7 дугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой нийтлэл, нэвтрүүлэгт агуулгын шинжилгээ хийсэн. Мониторинг хийхдээ мэдээллийн агуулгын хүрээ, эх сурвалжийн тэнцвэрт байдал ба төлөөлөл, баримт, үзэл бодлын зааг ялгааг гаргаж буй байдал зэрэг олон улсын сэтгүүл зүйн мэргэжлийн стандартуудыг ашигласан. Мониторингийн мэдээллийг цаг хугацааны дарааллаар нь
• 7 сарын 1-ний өдөр
• Онц байдлын үе (7 сарын 2-ноос 7 сарын 5-ныг дуустал)
• Онц байдал цуцлагдсаны дараахь үе (7 сарын 6-наас 7 сарын 9-нийг дуустал) гэсэн гурван ангиллаар харьцуулж гаргасан.
Ингээд мониторингийн үр дүнгээс танилцуулж байна.
Нэг. 2008 оны 7 сарын 1-ээс 9-ний хугацаанд мониторингд хамруулсан телевиз сонины нийт нэвтрүүлгийн цаг, нийтлэлийн талбай
• Мониторингид хамруулсан телевизүүдийн нэвтрүүлгийн цаг
2008 оны 7 дугаар сарын 1-ээс 9-ний хооронд буюу нийт 9 хоногийн хугацаанд судалгаанд хамруулсан 11 телевизээр нийт 709 цагийн нэвтрүүлэг цацагджээ .
7 сарын 1-ний өдөр судалгаанд хамруулсан телевизүүдээр нийтдээ 144 цагийн нэвтрүүлэг гарсан. Онц байдалын хугацаанд зөвхөн МҮОНТ ажиллаж байсан бөгөөд тус телевиз нь хоногт 17-18 цагийн нэвтрүүлэгтэй байжээ. Онц байдал цуцалсны дараа судалгаанд хамрагдсан бусад телевизүүд хэвийн байдлаар ажиллаж эхэлсэн байна. 7-р сарын 5-аас 9-ний өдрүүдэд UBS, TV5 хоногт дунджаар 18 цаг; TV9 телевиз 17 цаг; МҮОНТ, Eagle, MN25 телевизүүд 16 цаг; С1 телевиз 15 цаг; NTV, SBN, TV8, TM телевизүүд 6-7 цагийн нэвтрүүлэгтэй байжээ.
• Мониторингид хамруулсан сониний зай талбай
Судалгаанд хамрагдсан “Өдрийн сонин”, “Ардчилал”, “Зууны мэдээ”, “Өнөөдөр” сонинуудад 7-р сарын 1-ээс 9-ний өдрүүдэд болох 9 хоногийн хугацаанд хэвлэгдсэн дугааруудад нийт 942192 см2 талбайд мэдээлэл нийтлэгджээ. (7 дугаар сарын 1-ний дугаарын мэдээлэл нь өмнөх өдрийн буюу 6 дугаар сарын 30-ны мэдээлэл гэдгийг анхаарна уу)
Хоёр. 7 сарын 1-ний үйл явдлыг тухай мэдээллийн хувийн жин
• Телевизүүдийн нэвтрүүлгийн цагт эзлэх хувь
Энэ үзүүлэлт нь телевизүүд 7 сарын 1-ний үйл явдал болон түүний үр дагавараар бий болсон асуудлуудад хэр анхаарал хандуулж байсныг харуулна.
• Сонинуудын талбайд эзлэх хувь
Судалгаанд хамрагдсан сонинууд 7-р сарын 2-оос 9-ний хооронд хэвлэгдсэн дугааруудынхаа нийт талбайн 12.6 хувийг (118716 см2) 7 дугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой мэдээлэлд зарцуулсан байна. Сонинуудын уг үйл явдалтай холбоотой нийтлэлд зориулсан талбайн хэмжээ нь харьцангуй тэнцвэртэй байгаа ба тус сонины нийтлэлийн нийт талбайтай нь харьцуулбал “Ардчилал”, “Зууны мэдээ” сонинууд 7 дугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой сэдэвт харьцангуй илүү ач холбогдол өгчээ.
Гурав. 7 сарын 1-ний үйл явдалтай холбоотой мэдээллийн сэдэв, агуулга
7 сарын 1-ний үйл явдалтай холбоотой мэдээллийн агуулга, сэдвийг тоймлон авч үзвэл, телевиз нөхцөл байдалтай холбогдуулан авсан арга хэмжээ - нөхцөл байдал - үр дагавар гэсэн эрэмбээр, харин сонин нөхцөл байдлын шалтгаан - нөхцөл байдал - түүнтэй холбогдуулан авсан арга хэмжээ гэсэн эрэмбээр асуудалд ханджээ. Ерөнхийд нь дүгнэвэл, телевиз зөрчилт байдалтай холбоотойгоор авсан арга хэмжээнд, харин сонин зөрчилт байдлын учир шалтгаанд анхаарлаа хандуулжээ
• Үйл явдлын шалтгаан
Телевиз зөрчилт байдлын шалтгаанд нийт мэдээллийнхээ 19.6 хувь, сонин 30.5 хувийг зориулсан. Нийт мэдээлэлд МАХН, О.Магнай, Ж.Батзандан нар буруутай гэсэн мэдээлэл давамгайлж байв.
Мониторингид хамрагдсан телевизийн сувгууд 7 сарын 1-ний өдрийн нэвтрүүлэгтээ тухайн хэрэг явдлын шалтгааныг, энэ бол нийгмийн суурь асуудал байсан, цагдаагийн талаар иргэд сөрөг хандлагатай байсан, сонгуулийн үр дүн нийгмийн хүлээлттэй зөрчилдсөн, МАХН сонгууль будлиантуулсан, АН-ын, мөн түүний дарга Ц.Элбэгдоржийн турхиралт байсан, О.Магнай, Ж.Батзандан нарын зохион байгуулсан үймээн, “Иргэний эвсэл”, БНН зохион байгуулсан, МАХН өөрөө зохион байгуулж, байраа шатаалгасан, цагдаагийн байгууллага шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, Сонгуулийн ерөнхий хороо муу ажилласан, МАХН,АН хоёулаа буруутай, иргэд буруутай, Н. Энхбаяр буруутай, хятадууд турхирсан гэх мэтээр 16 янзаар тайлбарлажээ.
МҮОНТ дангаараа ажллаж байсан онц байдлын үед үйл явдлын шалтгааны тайлбар 8 болон хоёр дахин буурч, эфирийн цагийн хамгийн их хувийг О.Магнай, Ж.Батзандан нарын зохион байгуулсан үймээн (22.6 хувь), “Иргэний эвсэл”, БНН зохион байгуулсан ( 18.4%) гэсэн мэдээлэл эзэлж байсан бол Магнай, Жаргалсайхан нар хяналтаа алдсан, алга болсон, дэврээсэн гэсэн агуулгатай мэдээлэл нь бусад шалтгаантай адил 11 хувийг эзэлжээ. Мөн МоАХ буруутай, сонгуулийн үр дүн нийгмийн хүлээлттэй зөрчилдсөн гэсэн мэдээл адилхан 7.1 хувь, Ийгл телевиз турхирч байна, Иргэний эвслийн зохион байгуулсан явдал гэх мэдээлэл 6 хувьтай байна.
Онц байдал цуцлагдсаны дараа тайлбарын тоо нэмэгдэж, 14 болон цагдаагийн талаар иигэд сөрөг хандлагатай байсан, АН-ын турхиралт, Н.Энхбаяр буруутай, хятадууд турхирсан зэрэг тайлбар хасагдаж, Засгийн газар харуцлагагүй ажилласан, Монгол Улсын баялгийн төлөөх тэмцэл, байдал хяналтаас гарсан гэх мэт тайлбар шинээр нэмэгджээ.
• Үйл явдлын нөхцөл нөхцөл байдал
Ийм мэдээлэлд телевиз 20.7 хувь, сонин 23.8 хувийг зарцуулжээ. Үүнд жижиг намууд, жагсаалд оролцогсдын сөрөг үйлдлийн талаарх мэдээлэл давамгайлсан байна.
• Үйл явдлын үр дагавар
Үр дагаварын тухай мэдээлэлд телевиз 20.5 хувь, сонин 14.1 хувийг зориулжээ. Телевиз соёлын өв устсан, харин сонин хүний амь нас эрсэдсэн талаар илүү анхаарчээ.
• Үйл явдалтай холбогдуулан авсан арга хэмжээ
Авсан арга хэмжээний тухай мэдээлэл телевизэд 24.6 хувь, сонинд 16.2 хувийг эзэлж байна. Аль аль нь дээлэхдээ онц байдал зарласан тухай илүү анхаарчээ.
• Хүний эрхийн асуудал
Телевиз 14.2 хувь, сонин 15 хувийг хүний эрхийн асуудалд зориулсан нь хамгийн бага
байна.
Дөрөв. ХМХ-үүд 7 сарын 1-тэй холбоотой мэдээлэл хийхдээ баримт, үзэл бодлыг заагласан байдал
ХМХ-үүд олон нийтэд хүргэсэн мэдээллийнхээ дийлэнх (телевиз 67.4 хувь, сонин 76.2 хувь) хувьд баримтад түшиглэсэн байсан нь мэргэжлийн стандартыг хангасан дэвшилттэй үзүүлэлт байлаа.
Тав. ХМХ-үүд 7 сарын 1-тэй холбоотой мэдээлэл хийхдээ эх сурвалжийн тэнцвэрийг хангасан байдал
Мэргэжлийн сэтгүүл зүйд хоёр ба түүнээс дээш эх сурвалж ашиглаж, төлөөллийг адил тэнцүү хангавал мэргэжлийн хэм хэмжээг хангасан, мэдээлэл тэнцвэртэй болсон гэж үздэг.
• Эх сурвалжийн тоо
Мэдээллийн эх сурвалж дунджаар 1, тухайлбал телевизэд 1.2, сонинд 1.5 байсан нь мэдээлэл өрөөсгөл байсныг харуулж байна.
• Эх сурвалжийн төлөөлөл
ХМХ-үүд албаны хүмүүсийн байр суурийг түлхүү дамжуулсан байна. Ингэснээр сурвалжийн төлөөллийн тэнцвэр алдагдаж, сонирхлын (хараат бус шинжээч, төрийн бус байгууллага гэх мэт), мөн үр дагавар хүртэгсэд (энгийн иргэд, хохирогчдын гэх мэт)-ийн дуу хоолойг орхигдуулан, нийгмийн олон талт, янз бүрийн үзэл бодлыг тусгах мэргэжлийн хэм хэмжээ алдагджээ.
Телевизийн суваг тус бүрээр харьцуулбал, МҮОНТ-д албаны буюу төрийн байгууллагын эх сурвалж, MN25, UBS, TV5, TV9 сувагт улс төрийн нам, хүчин, NTV, SBN, TV8 сувагт мэргэжилтэн, шинжээч, С1, Ийгл, TV8 сувагт иргэдийн төлөөлөл давамгайлжээ.
Зургаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл Хүний эрхийн зөрчлийн тухай мэдээлсэн байдал
Долоон сарын нэгний үйл явдалтай холбоотой нийт мэдээллийн хувийн жинг авч үзвэл, хүний эрхтэй холбоотой мэдээлэл телевизэд 14.2 (15 цаг) хувь, сонинд 10.4 (12347 см2) хувь эзэлсэн байна. Ийм мэдээлэл 7 сарын 1-ний өдөр дөнгөж 0.4 хувьтай байсан бол онц байдлын үеэр 11.1 хувь, онц байдлын дараа 22.8 хувь болж, бараг 57 дахин нэмэгджээ.
• Хүний эрхтэй холбоотой нийт мэдээллийн 97,3 хувийг хүний эрхийн зөрчил гарсан тухай мэдээлэл эзэлж байна.
• “Хүний эрхийн зөрчил гараагүй” гэсэн мэдээлэл 2.7 хувийг эзэлсэн байна. Үүнийг Хүний эрхийн комисс, Цагдаагийн байгууллага, Улсын Мөрдөн байцаах газар, УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, МАХН, зарим иргэн хэлжээ. Харин хүний эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-ууд, иргэний хөдөлгөөн, өмгөөлөгч, хохирогчдын ар гэрийнхэн, зарим нам эвсэл “ Хүний эрхийн зөрчил ихээр гарч байна” гэсэн дүгнэлт өгч, мэдээлэл хийжээ
• “Хүний эрх зөрчигдөөгүй” гэсэн мэдээлэл 7 сарын 1-ний өдөр гараагүй, харин онц байдал тогтсон буюу МҮОНТ ажиллаж байх үед 14,8 хувьтай байжээ. Онц байдлын дараахь дөрөв хоногийн ийм мэдээлэл 85,2 хувь хүрч, эрс нэмэгджээ
• Телевизээр дамжуулсан хүний эрхийн тухай нийт мэдээллийн 28 хувийг Ийгл телевиз, 25 хувийг С1 телевиз, 22 хувийг МҮОНТ бүрдүүлж байна. Зөвхөн энэ гурван сувгийн хүний эрхийн тухай мэдээлэл 7 сарын 1-ний үйл явдалтай холбоотой нийт мэдээллийн 75 хувийг эзэлжээ.
• Өдөр тутмын сонинуудад нийтлэгдсэн хүний эрхийн нийт мэдээллийн 44 хувь нь “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
• Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүний эрхийн зөрчлийн нийт 30 орчим төрлийн зөрчлийн тухай мэдээлжээ. Үүнээс баривчлагдсан иргэдэд цагдаа, хүчний байгууллагын зүгээс бие махбодын дарамт учруулах явдал байгаа тухай мэдээллийн 21.4 хувийг телевиз, 22.2 хувийг сонин мэдээлсэн нь хамгийн их яригдсан сэдэв байв. Харин нас барсан, шархадсан, баривчлагдсан хүмүүсийн эр гэрийнхэнд хэлж дуулгаагүй, өвчтэй хүн хоригдож байгаа, цагдаа, иргэдээс мөнгө, эд зүйл авсан, хөгжлийн бэрхшээлтэй/оюуны хомдолтой хүнийг баривчилсан тухай мэдээлэл хамгийн бага буюу тус бүр 0.1 хувийг эзэлжээ.
• ХМХ-үүд хүний эрхийн зөрчлийн тухай мэдээлэхдээ үзэл бодлоос илүү баримтад түшиглэн, эх сурвалжийн тоо, төлөөллийг харьцангуй мэргэжлийн түвшинд хангасан хэдий ч агуулгын хувьд авч үзвэл, хүний эрхийн зөрчлийн тухай бодитой мэдээлэл хүргэж чадаагүй байна. Тухайлбал:
Хүний эрхийн зөрчлийн тухай мэдээллийн эх сурвалжийг авч үзвэл, телевизийн сувгууд дунджаар нэг эх сурвалж ашиглан мэргэжлийн стандартаа зөрчсөн байна. Харин TV9 сувагт эх сурвалжийн тоо тэнцүү байлаа
Сонин дунджаар хоёр эх сурвалж ашиглаж, сонин мэргэжлийн стандартаа хангажээ. “Өдрийн сонин”-д бусдаас илүү тэнцүү тооны эх сурвалж ашигласан байна.
ХМХ-үүд хүний эрхийн зөрчлийн тухай мэдээлж, сурвалжлахдаа эх сурвалжийн төлөөллийг харьцангуй тэнцвэртэй ашигласан байна. Телевизийн хувьд, эх сурвалжийн 23.5 хувь нь албаны, 22.9 хувь нь ТББ, холбоодын, 21.4 хувь нь иргэдийн төлөөлөл байв. Сонины эх сурвалжийн 24.7 хувь нь албаны, 38.4 хувь нь иргэдийн төлөөлөл байв
• Хүний эрхийн зөрчлийн тухай мэдээлэлийн агуулга, сэдэвт шинжилгээ хийж үзэхэд, нийт 30 төрлийн зөрчил нийтлэгдсэн байв. Тухайлбал, баривчлагдсан иргэдийг цохиж зодох зэргээр бие мах бодын эрүү шүүлтийн хэлбэр (21,4 хувь), Насанд хүрээгүй хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг албадан баривчилж, зодож, хүнлэг бус хандсан (12,8 хувь), хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг зөрчсөн (10.5 хувь) зэрэг зөрчлийн тухай түлхүү мэдээлжээ. Тодруулбал, телевизүүд цагдаа, хүчний байгууллагын зүгээс зөрчилт нөхцөл байдалтай холбоотойгоор баривчлагдсан иргэдэд бие махбодын дарамт учруулах явдал гарч байгаа тухай мэдээллийг хамгийн олон давтамжтай нэвтрүүлсэн байна
• Онц байдлын үеэр ажилласан МҮОНТ-д мэдээллийн нэг эх сурвалж давамгайлж, төлөөллийн хувьд 58.2 хувь нь албаны хүмүүс байсан нь тэнд төрийн цензур үйлчилж, хүний эрхийн асуудалд зөвхөн төрийн байгууллагын байр суурийг дамжуулж байсныг нотолж байна.
• “Хүний эрх зөрчигдсөн” тухай иргэн, төрийн бус байгууллага, сэтгүүлчийн өгсөн зургаан мэдээлэл 7 сарын 1-ний өдөр телевизэээр цацагдсан бол онц байдлын үеэр төрийн бус байгууллагын төлөөллийн байр суурь 1.9 хувь, иргэдийн төлөөлөл 5.1 хувь болон буурч, онц байдал цуцлагдсаны дараа төрийн бус байгууллын төлөөл 27.6 хувь, иргэдийн төлөөллийн байр суурь 25 хувь хүрч нэмэгджээ. Нийт мэдээллийн 26.9 хувьд сэтгүүлч хүний эрхийн зөрчлийн тухай мэдээлсэн байна. Албаны эх сурвалжийн байр суурь 30.8 болж буурсан ч бусадтай харьцуулахад хамгийн их хэвээр байлаа. Телевизийн сувгаас Ийгл телевизэд эх сурвалжийн байр суурийг хамгийн тэнцвэртэй байв.
• Төрийн цензуртэй телевизийн ганц суваг ажиллаж байсан онц байдлын үеэр сонин иргэдийн дуу хоолойг түлхүү хүргэсэн байна. Иргэдийн төлөөллийн байр суурь сонинд нийтлэгдсэн хүний эрхтэй холбоотой нийт мэдээллийн 53,2 хувийг эзэлжээ
Хүний эрхийг дээдэлдэг ардчилсан нийгэмд ХМХ өөрөө хүний эрх зөрчихгүй байх хүмүүнлэг ёс, дэг журам үйлчилдэг. ХМХ, сэтгүүлчид нийтийг хамарсан, гэнэтийн, зөрчилт ийм үйл явдлын үеэр хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ёстой. Харамсалтай нь, манай ХМХ-д ийм соёл, дагаж мөрдөх журам дүрэм үгүй учир 7 сарын 1-ний өдөр, түүний дараа хүний эрхийг зөрчих явдал гарчээ.
Телевизүүд шууд сурвалжлага хийх, ярилцдага хийхдээ гэрч, хохирогсдын нүүрийг нууцлах, дуу хоолойг нь өөрчлөх зэрэг хувиргалтын арга ашигласангүй. Энэ нь ЦЕГ-ын албадлага, шаардлагаар телевизийн сувгуудаас авсан үйл явдлын бичлэгийг сэжигтэн, баривчлагсдын эсрэг ашиглах боломж олгосон байна. Телевизийн сэтгүүлчид цагдааг нотлох баримтаар хангах гэж бус олон нийтийг мэдээллээр хангах гэж үйл явдлыг сурвалжилдаг билээ.
Долоо. Онц байдлын үеийн МҮОНТ ба төрийн цензур
2008 оны 7 сарын 1-ний өдрийн Ерөнхийлөгчийн зарлигаар онц байдал тогтоосноос хойш дөрөв хоногийн хугацаанд МҮОНТ дангаар ажилласан билээ. Энэ хугацаанд төрөөс МҮОНТ-д хатуу цензурээ сэргээн тогтоож, төрийн удирдагад авсан юм. Ингэснээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн дуу хоолойг боомилон, олон нийтэд хүрэх мэдээллийн олон ургальч чанар алдагдаж, улс төрийн хүрээнд дэх цөөнх, нийгэм дэх жирийн иргэн, эрдэмтэн, шинжээчдийн байр суурь дарагдаж, оюун санааны хүрээнд догматик, хандлага давамгайлж, нийгмийн шударга ёс алдагдахад хүргэсэн гэж үзэж байна.
МҮОНТ, 2008 оны 07 сарын 05-ны 00:11-00:21 цаг, 618 секунд
... Онц байдал цуцлагдлаа. Өнгөрсөн хугацаанд МҮОНТ нь Онц байдлын тухай хуульд захирагдаж Үндэсний Аюулгүй байдлын Шуурхай штабын шууд удирдлаган дор тус штабын мэдээлэлд үндэслэн мэдээллээ дамжуулж байсан ...
Төрийн хяналттай өдрүүдэд МҮОНТ-ийн дэлгэцнээ гарсан эх сурвалжийн 51.1 хувь нь албаны буюу засгийн газрын төлөөлөл байв. Иргэд 4.1 хувь, төрийн бус байгууллагын төлөөлөл 3.2 хувийг эзэлсэн бол шинжээч, ажиглагч ердөө 0.1 хувьтай байлаа.
Үүссэн нөхцөл байдлын шалтгааны тухай МҮОНТ-ийн Долоон сарын нэгний өдөр, онц байдлын үеэр, онц байдал цуцлагдсаны дараахь дөрөв хоногийн мэдээлэлд цензур хэрхэн нөлөөлснийг доорхи хүснэгтээс харж болно.
7 сарын 1-ний өдөр тухайн нөхцөл байдалд сөрөг хүчин, тухайлбал иргэний эвсэл, БНН, түүний удирдагчид буруутай тухай мэдээлэл хамгийн ихдээ 5.5 хувь эзэлж байсан бол төрийн хяналт дор ажиллаж байсан онц байдлын үед үлэмж нэмэгдэн дээд тал нь 22.6 хувьд хүрсэн байна. Мөн Ийгл телевиз турхирч байгаа тухай мэдээлэл гарч, 6.3 хувийг эзэлжээ.
7 сарын 1-ний өдөр үүссэн нөхцөл байдлын шалтгааныг МАХН сонгууль будлиантуулсан (25.3%)-ны үр дагавар, Ардчилсан намын дарга Ц.Элбэгдоржийн турхиралтаас(14.4%) болсон гэсэн тайлбар зонхилж байсан бол онц байдлын үеэр хэд дахин буурч, онц байдал цуцлагдсаны дараа МАХН-ыг буруутгасан мэдээлэл давамгайлж, дараа нь сонгуулийн үр дүн нийгмийн хүлээлттэй зөрчилдсөн тухай тайлбар 10.4 хувьийг эзэлжээ.
Доорхи графикаас онц байдлын үеэр МҮОНТ үүссэн нөхцөл байдлын шалтгааны үр дагаврын тухай хэрхэн мэдээлсэнийг харж болно.
Энэ хэрэг явдлаас үүдэн цагдаа, гэмтэж бэртсэн тухай мэдээлэл 18.6 хувь эзэлжээ. Дараа нь соёлын өв шатсан (14.5%), хүний амь эрсэдсэн (11.2%) тухай мэдээлэл орсон байна. Сэтгүүлч гэмтэж, бэртсэн, МАХН-ын байрыг шатаасан, урлагийхан тоглолт хийж чадахгүйд хүрсэн, цагдаагийн зэвсэг хэрэгсэл хангалтгүй, бизнес нөлөөлсөн, Монгол Улсын нэр хүндэд муугаар нөлөөлж, жуулчдын тоо багасна гэх мэт 12 төрлийн мэдээлэл тус бүрийн эзлэх хувь таван хувиас доош байлаа.
Найм. Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин
2008 оны 7 сарын 1-ний 23 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч 194 тоот зарлиг гаргаж, нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 24 цагаас эхлэн дөрөв хоногийн хугацаатай онц байдал тотоосон билээ. Зарлигийн 4-р зүйлд “ Үндэсний олон нийтийн радио, телеизээс бусад телевизийн үйл ажиллагааг онц байдлыг цуцлах хүртэл зогсоох”-оор заасан юм. Ийнхүү зарлиг гаргахдаа 1995 оны 11 сарын 14-нд батлагдсан Онц байдлын тухай хуулийн 16-р зүйлийн 3 дахь хэсгийн 4-т “Олшруулах болон дуу авиаг чангаруулах техник хэрэгслийн ашиглалтыг хязгаарлах буюу хориглох, шаардлагатай бол түр хураан авах, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хяналт тогтоох, эсхүл онц байдлыг цуцлах хүртэл үйл ажиллагааг нь зогсоох” гэсэн заалтыг иш үндэс болгожээ.
Онц байдлын тухай хууль гарсан 1995 онд Монголд төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл давамгайлж байв. Үүнээс хойш Монголд хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, төрийн мэдлийн ХМХ-ийг либеральчлах чиглэлээр чухал ахиц гарч, 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хууль батлагдсан билээ.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн 2-р зүйлд“Хэвлэл мэдээлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээлэлийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно”, 3-р зүйлийн 1-д ”…Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй” мөн 3-р зүйлийн 2-т “ Төрөөс ХМХ-ийн нийтлэх нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй”хэмээн тус тус заажээ.
Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 4-р зүйлийн 1-д:” Олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаандаа хараат бус байх, бодит мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэх, олон ургальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэх, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, улс төрийн намын эрх ашгийг бус нийт үндэсний эрх ашгийг дээдлэх үндсэн зарчмыг баримтална” гэсэн байна. Мөн хуулийн 5 дугаар зүйлээр Олон нийтийн радио, телевизийн сурвалжлагч, редакцийн хараат бус байдлыг хангаж, нэг дэх хэсэгт: Олон нийтийн радио, телевизийн сурвалжлагч, редакци Үндсэн Хууль болон энэ хуулийн үзэл санаанд нийцсэн нэвтрүүлэг бэлтгэх, нийтийн хүртээл болгоход нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, олон нийтийн радио, телевизийн удирдлага хөнлөнгөөс оролцох оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэжээ.
Ерөнхийлөгч зарлигийн дагуу онц байдлын арга хэмжээг хэрэгжүүлэх явцад МҮОНТ-аас бусад телевизийн үйл ажиллагааг зогсоож, МҮОНТ-ийн мэдээллийн агуулгад цензур тогтоосон нь дээр дурдсан хуулийг зөрчиж, Онц байдлын тухай хуулийн хуучинсаг заалтыг хэтрүүлэн хэрэгллэсэн гэж үзэж байна.
Ес. Ерөнхий дүгнэлт
2008 оны 07 сарын 1-ний өдрийн хэрэг явдал нь ардчилсан тогтолцоог сонгосоноос хойших монголын түүхэнд анх удаа олон нийтийг цочроосон, онцгой үйл явдал болж, нийгэмд зөрчилт нөхцөл байдал үүсгэсэн билээ.
1. Энэ үеэр монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл жирийн өдрүүдээс илүү цагаар ажиллаж, 7 сарын 1–ний үйл явдалтай холбоотой мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэсэн.
2. Мониторингид хамрагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд (ХМХ) үүссэн байдлын шалтгаан, нөхцөл байдал, түүнтэй холбогдуулан авсан арга хэмжээ, үр дагаварт түлхүү анхаарсан байна. Ингэхдээ мэдээллийг өөр өөрийн өнцгөөр олон нийтэд хүргэсэн нь бодит мэдээлэл гэхээсээ илүү улс төрийн намуудын талцал, өөр өөр байр суурь, үзэл бодлын дуу хоолой болжээ. ХМХ-үүд 7 сарын 1-ний үйл явлын шалтгааныг гэхэд 16 янзаар тайлбарлажээ
3. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэргэжлийн түвшинд дүн шинжилгээ хийхэд, 7 сарын 1-ний жагсаал цуглаан, түүний дараа үүссэн нөхцөл байдлыг мэдээлж, сурважлахдаа үзэл бодлоо тулгахаас илүү баримтад түшиглэсэн сайн талтай байна. Гэхдээ мэдээллийн эх сурвалжийн тоо, төлөөлөл, агуулга сэдвийн хувьд мэргэжлийн хэм хэмжээ алдагдсан тул үйл явдлыг мэдээлэхдээ тэнцвэртэй байж чадаагүй, өрөөсгөл, туйлширсан шинжтэй байсан гэж дүгнэж байна
4. ХМХ-ээр дамжсан 7 сарын 1-ний үйл явдалтай холбоотой нийт мэдээллийн хувийн жинд хүний эрхийн зөрчлийн тухай мэдээлэл хамгийн бага хувийг эзэлж байв. Хүний эрхийн тухай мэдээлэл ХМХ-д 7 сарын 1-ний өдөр 0.4 хувьтай байсан бол онц байдлын дараа 57 дахин нэмэгдэж, мэдээллийн эх сурвалжийн тоо, төлөөлөл харьцангуй тэнцвэржсэн хэдий ч агуулгын хувьд “хүний эрх зөрчигдсөн”, “хүний эрх зөрчигдөөгүй” гэсэн хоёр туйлд хуваагдан “хүний эрх зөрчигдөөгүй” гэсэн нь давамгайлсан байв
5. ХМХ-үүд хүний эрхийн тухай тусгахдаа мэдээллийн нэг сурвалж ашиглаж, ялангуяа онц байдлын үеэр эх сурвалжийн тэнцвэр хэт алдагдаж, төлөөллийн хувьд албаны байр суурь хэтэрхий давамгайлан хүний эрхийн зөрчлийн тухай мэдээлэл хэт туйлширсан байв. “Хүний эрх зөрчигдсөн “гэж үзэж байсан хүний эрхийн төрийн бус байгууллагын байр суурь ХМХ-д хоёр хувьд ч хүрээгүй байна
6. Хүний амь эрсэдсэн тухай МҮОНТ анх удаа мэдээлсэн байна. Энэ тухай мэдээлэл сонинуудад телевизээс илүү байжээ
7. Хүний эрхийн тухай бага мэдээлэлд хүний эрхийн зөрчил гарсан тухай мэдээлэл 97.2 хувийг эзэлж, нийт 29 төрлийн зөрчлийн тухай дурдсан байна. Ийм мэдээллийн бараг гуравны нэгийг сэтгүүлч өөрийн олсон баримтад түшиглэн түгээжээ. Энэ нь сэтгүүлчдийн хүний эрхийг хүндэтгэх хүсэл эрмэлзэл дийлэнх байсныг харуулж байгаа юм. Харин ийм мэдээллийг хязгаарлахад Онц байдал тогтоосон тухай Ерөнхийлөгчийн зарлиг, МҮОНТ төрийн хатуу хяналт дор ажилласан нь нөлөөлсөн гэж үзэж байна
8. Онц байдлын үеэр өдөр тутмын сонинууд иргэдэд ганцаас шилэх боломж (альтенатив эх сурвалж) олгон, иргэдийн дуу хоолойг нийгэмд түлхүү хүргэжээ.
9. Онц байдал тогтоох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МҮОНТ-ээс бусад телевизийн үйл ажиллагааг дөрөв хоногийн хугацаатай зогсоон, олон нийтийн радио, телевизэд төрийн цензурыг сэргээн тогтоож, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллээр үнэн бодит, олон ургальч мэдээлэл хүлээн авах эрх, эрх чөлөөг үндэслэлгүйгээр хязгаарласан нь Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө туйлын эмзэг байгааг харууллаа
10. 1995 онд батлагдсан Онц байдын тухай хуулийн “олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хяналт тогтоох, эсхүл онц байдлыг цуцлах хүртэл үйл ажиллагааг нь зогсоох” тухай
зүйл заалтыг хэтрүүлэн ашиглаж, 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, 2005 оны Олон нийтийн радио,телевизийн тухай хуулийн зохих зүйл заалтыг зөрсөн гэж үзэж байна
Арав. Зөвлөмж
7 сарын 1-ний үйл явдалтай холбоотой хэвлэл мэдээллийн мониторингийн дүгнэлтэд үндэслэн дараахь зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:
УИХ-д:
Онц байдлын тухай хуульд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хяналт тогтоох тухай зүйл заалтыг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд нийцүүлэн өөрчлөх
Олон нийтийн радио, телевиз онц болон дайны байдлын үеэр мэдээлэл, сурвалжлах өөрийн журамтай байхаар ОНРТ-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах
ХМХ, сэтгүүлчдийн мрэгжлийн эвлэл холбоодод:
Зөрчилт байдлын үед сэтгүүлчдийн баримтлах зарчим боловсруулж мөрдөх
Иргэдийн дуу хоолой болж, тэдний эрх ашигт үйлчилдгийн хувьд зөрчилт байдлын үед гарч болзошгүй хүний эрхийн зөрчлийн баримтыг илрүүлэх, бодитой мэдээлэх, болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах
Хүний эрхийн асуудлыг мэдээлэх, сурвалжлахад сэтгүүлчдийн баримтлах зарчмыг баталж, мөрдөх
Цааш унших...