Wednesday, September 19, 2007

"Сонгуулийн сурталчилгаа ба телевиз үзэгчид" /Г.Цогтбаатар/

Сонгуулийн компаний коммуникаци: Өрнөдийн жишиг ба Монгол улс э/ш-ний илтгэл, хэлэлцүүлэг /Зохион байгуулагч: КАС, ННФ, Орчин үеийн улс төрийн судалгааны төв, "ГИ" ТББ, 2007.09.13/

Өмнөх үг

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намууд 1.2 тэрбум /1255882400/ төгрөг зарцуулсан. Үүний 74 хувь буюу дийлэнх хэсгийг сонгуулийн сурталчилгааны ажилд зориулсан байдаг. Зөвхөн энэ жишээнээс харахад сонгуулийн өмнөх сурталчилгаа нь нэр дэвшигчдийн хувьд ямар чухал, бас ямар их хөрөнгө мөнгө шаарддаг нь тодорхой байна. Үүнтэй зэрэгцээд сурталчилгааны үр нөлөөг хэрхэн дээшлүүлэх талаар бодох хэрэгтэй болох нь. Учир нь мөнгөө дэмий урсгахгүйн тулд, хамгийн чухал нь сонгуулиа амжилттай хийхийн тулд шүү дээ. Тиймдээ ч миний бие энэ боломжийг ашиглаад та бүхэнтэй сурталчилгааны үр нөлөө, тэр дундаа телевизийн сурталчилгааны үр нөлөөг хэрхэн дээшлүүлж болох талаар саналаа хуваалцахыг хүсэж байна. Илтгэл нь гурван хэсэг, дүгнэлтээс бүрдэнэ.

1. Телевизүүдийн тоон өсөлт ба зах зээлийн хуваагдал
2. Телевизүүдийн орон зай ба бусад хэрэгслийн үр нөлөөг тооцох нь
З.Зурагтын тоон өсөлт ба телевиз үзэгчдийн боломж зэрэг болно

1. Телевизүүдийн тоон өсөлт ба зах зээлийн хуваагдал

Системийн өөрчлөлт хийж ардчилалд шилжсэнээс хойш монголчууд УИХ-ын сонгуулийг 4 удаа хийжээ. Тав дахь сонгууль удахгүй болох нь. Тиймээс энэ цаг мөч улс төрийн намуудын хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслийн /цаашид ХМХ хэмээн товчилно/ ач холбогдол улам өндөрсөх эгзэгтэй үе билээ। Ингээд 2008 оны сонгуулийн үеийн хэвлэл мэдээлэл, тэр дундаа телевизийн зах зээлийн нөхцөл байдал, сүүлийн сонгуулиас хойшхи гол өөрчлөлтүүдийг тоймлон өгүүлье.
  • Монголд тогтмол үйл ажиллагаатай ХМХ-ийн тоо хэмжээ УИХ-ын сүүлийн сонгуулийн мөн үетэй харьцуулахад 20 хувиар, хамгийн хүртээмжтэй мэдээллийн хэрэгсэл болох телевизүүдийн тоо хэмжээ 35 хувиар тус бүр нэмэгджээ. Гэтэл суурь хүн амын тоо 2.4 хувийн өсөлттэй байгаа юм. Телевизүүдийн тоо нэмэгдэх хурдац, хүн амын өсөлтийн хурдацаас түрүүлж байгаа нөхцөлд телевиз үзэгчдийн зах зээл улам хуваагдсаар байх нь. Энэ утгаараа телевизийн тодорхой нэг сувгийн сурталчилгааны үр нөлөө багассаар байна.

  • 2005 оны 1 сарын 27-ны “ОНРТ-ийн тухай хууль”-аар төрийн эрх баригч нэг намын үзэл суртал, бодлогыг сурталчилдаг хэмээн шүүмжлэлд өртдөг МҮРТ-ийг “Олон Нийтийн Радио, Телевиз“ болгон эзэмшлийг нь өөрчилсөн билээ. Тиймээс засгийн эрх баригч нэг намын хувьд үндэсний хэмжээний хамгийн том, хүчирхэг ХМХ-ийг өөрийн сурталчилгаанд ашиглах нь эрх зүйн хүрээнд харьцангуй хаагдмал болсон.
  • 2004 оноос өмнө нийт улсын хэмжээнд МҮТ эфирээ цацдаг байсан бол, одоо үндэсний хэмжээнд 25-р суваг, UBS, ТВ5, ТВ9 телевизүүд сансарын холбооны шугамаар нэвтрүүлгээ цацдаг болсон। Энэ нь үндэсний хэмжээнд үзэгчдийн зах зээлийн хуваагдлыг харуулна.
  • Монгол улсын хүн амын 38 хувь, оюуны потенциалийн 70 хувийг агуулсан гэх нийслэл хотод мөн өөрчлөлтүүд хурдацтай явж байна। Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотод өргөн нэвтрүүлгийн 12 суваг, монгол хэлээр гардаг кабелийн 14 суваг, гадаадын 66 суваг тогтмол цацагдаж байна.

Дээрх баримтууд нь телевиз үзэгчдийн зах зээлийн хуваагдал үндэсний хэмжээнд болон орон нутгийн түвшинд хэрхэн явагдаж байгааг, нөгөөтэйгүүр нэгж телевизийн сурталчилгааны үр нөлөө яаж буурч болохыг харуулж байна. Иймд улс төрийн намуудын Пи-Ар, Сурталчилгааны багийнхан сурталчилгааны нэвтрүүлэг, рекламаа цацахдаа энэ үйл явцыг харгалзан үзэхийн зэрэгцээ, сурталчилгааныхаа зорилтот бүлгийг тодорхойлон, тэдний зан үйлийн онцлог, боломжийн судалгаа болон өрсөлдөгч намуудын телевизийн сурталчилгааг үндэслэн сувгийн сонголт, хөтөлбөрийн цагийн сонголтыг хийх нарийн хэрэгцээ тулгарч байна.

2. Телевизүүдийн орон зай ба бусад хэрэгслийн үр нөлөөг тооцох нь

ХМХ-үүдийн үр нөлөөг үндэсний хэмжээнд ерөнхийлөн үнэлэх гэхээсээ илүүтэйгээр боломжтой байвал наад зах нь хүн амын социологийн бүтцэд тулгуурлан харилцан адилгүй хандах нь зүйтэй билээ. Тухайлбал хүн амын нас, хүйс, боловсрол, газар зүйн байршил зэргийг харгалзвал зохино. Энэ нь телевизийг хэзээ, хаана, хэнд зориулан сурталчилгааны хэрэгсэл болгон сонгож болох талаар илүү найдвартай, үр ашигтай мэдээллийг өгнө. Зөвхөн байршлын хүчин зүйлд тулгуурлан хүн амыг дараах байдлаар 4 үндсэн хэв маягт хувааж, бүлэг тус бүрийн ХМХ-ийн хэрэглээг тодорхой жишээн дээр үнэлж үзье. ННФ-ын дэмжлэгтэйгээр ХХ-дээр хэрэгжүүлж буй ОНРТ-ийн төслийн хүрээнд 2007 оны 5-р сарын сүүлээр Хөвсгөл аймгийн төв Мөрөн, Арбулаг сумын төв болон малчин өрхүүдээр хийсэн сорилын судалгааг тодорхой жишээ болгов. Ажиглалтад үндэслэн хүн амын ХМХ-ийн хэрэглээг газар зүйн байршлын хувьд дараах хэв маягуудад хувааж болохоор байна.

Газар зүйн байршилд суурилсан хэв маяг:

А.Улаанбатар хотын хүн ам 38 хувь /987192/

B.Аймгийн төвийн хүн ам 21 хувь /539270/

C.Сумын төвийн хүн ам 15 хувь /388299/

- Сумын төвд тогтмол амьдардаг өрх

- Зөвхөн өвөл сумын төвд амьдардаг өрх

D.Хөдөөний хүн ам 26 хувь /661814/

Үндэсний хэмжээнд хүн амын ХМХ-ийн хэрэглээний түвшинг үнэлсэн цогц судалгаа хараахан хийгдээгүй байгаа. Харин Хэвлэлийн Хүрээлэнгээс 2003 оны 9-р сараас хойш сар бүр “Улаанбаатар хотын хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-г тогтмол хийж байна. Судалгааны мэдээллээс үзэхэд телевиз, сонин, fm-радио, интернэт зэрэг нь хотын хүн амын мэдээллийн гол эх сурвалж болж байна. 2004 оны сонгуулиас хойшхи буюу сүүлийн гурван жилд ХМ-ийн зах зээлд гарсан сонирхолтой өөрчлөлтийн нэг нь интернэтийн хэрэглээ 3 дахин нэмэгдсэн явдал юм. Интернэт телевизийн адил өдөр тутмын хэрэглээ болж амжаагүй ч одоогоор 12 ба түүнээс дээш насны хотын хүн амын 50 хүртэлх хувь нь интернэт хэрэглэж байна.


Аймгийн төвүүдийн хувьд ерөнхийдөө Улаанбаатартай ижил ч ялгагдах зүйл нь интернэтийн хэрэглээ харьцангуй бага байна. Үндэсний хэмжээнд нэвтэрдэг телевиз, сонин, радиогийн зэрэгцээ кабелийн 11 телевиз, өргөн нэвтрүүлгийн 44 суваг, урт болон богино долгионы 42 радио станц, 36 сонин аймгийн төвүүдэд үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.

Харин Арбулаг сумын төв нь төвийн эрчим хүчинд холбогдоогүй байсан. Сумын төвийг эрчим хүчээр хангах үүрэгтэй бага оврын дизель станцийг зөвхөн 10-р сараас 4-р сарын хооронд асаадаг байна. Энэ нь наад зах нь хоёр шалтгаантай. Сумын төвийн хүн ам нь тогтмол оршин суугч болон зөвхөн өвлийн улилралд оршин суугч гэсэн хоёр бүлгээс бүрдэж байв. Тогтмол оршин суугчид нь төсвийн байгууллагад ажиллаж эсвэл хувийн жижиг бизнес эрхлэх аргаар амьжиргаагаа залгуулна. Иймэрхүү тогтмол ажилтай хэсэг нь мэдээж цөөн байдаг. Зундаа амралт, чөлөө гээд төсвийн байгууллагуудын зарим нь хаагдаж, зарим нь эзгүйрдэг, өвөлдөө оршин суугч иргэд нь зундаа мал дээр гардаг зэрэг нь сумын төвийн иргэдийн тогтмол орлого буурах, цахилгаан ашиглалтын хураамж төлөх байдал цалгардах зэргээр сөрөг нөлөөтэй байдгаас дизель станцыг ажиллуулах боломжгүй болдог байна. Сумын төвийнхний хувьд зундаа нэгэнт гэрэл цахилгаангүй учраас сонин хэвлэл гарчиглах, аймгийн төв, тэр бүү хэл хөдөөнөөс ойр ойрхон ирэх малчид, гадны хүмүүсээс мэдээлэл авдаг байна. Мэдээж хэрэг өвөлдөө телевиз гол мэдээллийн хэрэгсэл нь болдог. Гэхдээ цахилгаан нь 19.00-24.00 цагаар хязгаарлалттай байдгийг анхаарах нь зөв. Ганц нэг айл өрхөд бага оврын цахилгаан үүсгүүр байх ч түүний мэдээлэл сумын төвийнхний хувьд сонин, гадна, дотны хүмүүсийн яриатай харьцуулахад хүртээмжтэй бус байлаа.

Харин малчдын хувьд бага оврын цахилгаан эх үүсвэр ашиглалт нь сумын төвийнхнөөс харьцангуй өндөр байсан. Бага оврын цахилгаан эх үүсвэр нь нарны гэрэл, салхин сэнсээр цэнэг хуримтлуулах тул малчдын хувьд зундаа телевиз харьцангуй сайн үздэг байна. Харин өвөлдөө тэдгээр цахилгаан эх үүсвэрүүд нь цэнэг авахдаа муу байдаг тул телевиз үзэх боломж нь хязгаарлагддаг ажээ. Малчдад сонин хүргэх шуудангийн сүлжээ ажилладаггүйгээс, дээр нь ажиллаа ч мэдээлэл хуучирсан хойно хүргэгддэгээс сонин хэвлэлийн үр нөлөө тэнд мэдрэгдсэнгүй. Эдгээр шалтгаанаар өвөлдөө Үндэсний Радио хамгийн шуурхай, хүртээмжтэй мэдээлэл дамжуулагч болж хувирдаг нь ажиглагдав.

3. Зурагтын тоон өсөлт ба телевиз үзэгчдийн боломж

Ерөнхийдөө хүн өөрийн үнэлэмжээс гажсан мэдээлэлд хайхрамжгүй хандах байдал түгээмэл ажиглагддаг. Тухайлбал телевиз үзэгчдийн хувьд нэг хэсэг хүмүүс мэдээ, мэдээллийн чанартай нэвтрүүлгүүдийг олон суваг дамжуулан түүж үзэж байхад, өөр нэг хэсэг нь зөвхөн нэг л телевизээ бүхэлд нь үзэх гэх мэт. Материаллаг баялагийн хүртээмж нь сэтгэлгээний дэвшлийг авчирдаг гэж ярьдаг. Энэ нь оргүй зүйл биш билээ. Тухайлбал Улаанбаатар хотын хувьд өрхийн 3 гишүүний дунд дунджаар 1 зурагт ногдож байна /ТВ-үздэг гишүүдийн хувьд/. Нийслэлийн нэг өрхийн дундаж хэмжээ ойролцоогоор 4 байдаг. Нэг өрх нэг л зурагттай гээд хэлчихэд ч буруудахааргүй байгаа биз. Үүнээс үүдээд хэрэв өрхийн гишүүд нэгэн зэрэг гэртээ байх, эсвэл хэн нэг нь эзгүй байх зэрэг тохиолдолд гишүүдийн дунд телевизийн суваг булаацалдах тохиолдол буюу зөрчилдөөн тодорхой хэмжээгээр гарч байдаг ажээ. * Танай өрхийн гишүүд хоорондоо ТВ-ийн суваг булаалдах тохиолдол хэр гардаг вэ? * гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын 11.8 хувь нь байнга, 13.1 хувь нь ихэвчлэн гардаг, 30.7 хувь нь хаяа, 26.8 хувь нь бараг гардаггүй, 13.1 хувь нь огт гардаггүй гэж хариулснаас үзвэл нийт өрхийн 83.0 хувьд нь дээрх зөрчилтэй асуудал их бага ямар нэг хэмжээгээр гардаг гэдгийг нотолж байна.

Судалгаагаар энэ тохиолдолд өрхийн тэргүүн буюу аав өөрийн үнэлэмжээр суваг тохируулна, бусд нь дагаж үзнэ эсвэл телевизийг орлох өөр хэрэгсэл ашиглана. Дараа нь ээж, ах, хамгийн бага дүү, эгч, эмээ, өвөө байдаг. Улс төрийн суурь үнэлэмжийг хүмүүс гэр бүл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр авдаг. Тэгвэл одоогийн аав нар гэж хэн бэ? Дунджаар 25-50 хүртэлх насныхан. 1957-1980-аад онд төрсөн хүмүүс. Энэ үеийнхний үнэлэмжээр сонголт хийсэн мэдээллийг бусад хүмүүс авах магадлал өндөр байгаа. Харин цаашид нэг өрхөд ногдох зурагтын тоо хэмжээ болон зурагтыг орлох мэдээллийн хэрэгслийн тоо хэмжээ нэмэгдэх тутам гэр бүлийн гишүүдийн үнэлэмжийн тогтолцоо ялгаатай болох өргөн боломж нээгдэх бөгөөд үүнээс улбаалан гэр бүлийн уламжлалт үнэт зүйлсийн үр нөлөө улам багассаар байх болно. Энэ нь одоогоор монгол улсын хувьд илүү хотожсон, мэдээлэлжсэн, амьжиргааны түвшин, ХМХ-ийн материаллаг хангамж дээгүүр байж болох бүс нутгуудаар ажиглагдаж байна. Хамгийн ойрын жишээ хэлэхэд өрхийн тогтсон уламжлалаа баримтлан сонгуульд саналаа өгөх явдал хотын хүн амын дунд гэхээсээ илүүтэйгээр хөдөөгийн хүн амд түгээмэл үзэгдэл билээ. Тиймээс сурталчилгаанд аймаг, сумуудад ХМХ-ийн хэрэглээний түвшин, материаллаг аж байдлын ялгаатай байдлыг нь харгалзан сурталчилгааны арга, хэрэгслээ сонгох нь сурталчилгааны үр нөлөө, ашигт чанарыг дээшлүүлэх бас нэг хүчин зүйл билээ.

Дүгнэж хэлэхэд сүүлийн сонгуулиас хойш монголын хэвлэл мэдээллийн орчны нөхцөл байдал багагүй өөрчлөгдсөн байна. Тиймээс намуудын хувьд ХМХ-ээр явуулах сурталчилгааныхаа үр нөлөөг дээшлүүлэхийн тулд наад зах нь дээрх хүчин зүйлүүдийг мэдэрч, нарийн судалгаатай ажиллах нь зүйтэй.

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа!

Цааш унших...

Saturday, September 1, 2007

"Оюутан нас цуврал: Эх орон гэдэг түүхийн номонд орохоосоо өмнө таны зүрх сэтгэлд байдаг" /Г।Цогтбаатар/

Үнэндээ би Их сургуульд орохдоо эх орон, эх оронч үзлийн талаар тогтсон ойлголтгүй нэгэн байлаа. Анхны хичээлийн эхний даалгавар "Эх орон ба эх оронч үзэл" сэдэвт зохион бичлэг байсан юм. Багш маань ийм ч хэл дээр тийм материал, тийм ч хэл дээр тэр материал байгаа, номын сангаар үйлчлүүл гэх зэргээр зөвлөгөө өгсөн боловч хөл хөдөлгөөн ихтэй нүсэр байгууламжийг шагайж ч үзээгүй хөдөөний хүнд их сургуулийн төрх амаргүй санагдах нь мэдээж. Үүнийг соёлын шок гэх бөгөөд номын сан, ном олохоор будилж будилж харьж билээ. Гэхдээ би гар хоосон байгаагүй. Сурагчдын дунд Буянгийн гэх нэрээр зартай "Нийгмийн тухай мэдлэг" сурах бичиг, үзэж хараагүй, уншиж мэдээгүй зүйл байхгүй Баабар нэртэй лаг ахын "Дори идэр дүүдээ", учрыг нь ойлгоогүй ч цээжлэх шахуу уншсан хатуу цэнхэр хавтастай "Философийн нэвтэрхий толь" гэх гурван номтой байсан. За тэгээд зохион бичлэгээ ч бичиж эхэлсэн. Буянгийн болон Баабарын номуудад тэр сэдвээр тодорхой мэдээлэл байгаагүй юм. Харин "Философийн нэвтэрхий толь" дээрээс "Эх оронч үзэл", "Үндэсэрхэг үзэл"-ийн талаар тодорхойлолтуудыг олсон. Түүн дээр " Эх оронч үзэл нь эх орондоо хайртай, үнэнч байж, түүний өнгөрсөн ба одоогоор бахархах бахархал, эх орныхоо ашиг сонирхлыг хамгаалах эрмэлзлэл агуулга нь болсон нийгмийн сэтгэл мэдрэмж, улс төр, ёс суртахууны зарчим мөн ”, "Үндэсэрхэг үзэл нь үндэсний саланги, тасархай байдал, онцгойрох чанар, бусад үндэстэнд үл итгэх явдал, олон үндэстнийг дайсагнуулах номлолыг агуулсан хөрөнгөтний үзэл суртал, улс төрийн бодлогын нэг зарчим" гэж бичсэн байлаа. Эдгээрийг ойлгоход амаргүй байсан ч ямар ч гэсэн эх орноо хайрлаж, өнгөрсөн, одоогоор нь бахархан, эх орноо хамгаалах нь эх оронч үзэл юмаа гэдгийг л ойлгосон. Харин үндэсэрхэг үзэл нь сайн зүйл бишээ гэдэг анхны төсөөлөлтэй болсон. Үнэндээ миний ухамсарт буухааргүй хүндхэн ойлголтууд байлаа. Гэхдээ зохион бичлэгээ бичиж өгсөн л дөө. Зохион бичлэгүүд цугласны дараа багш ойлгомжтой зүйл яриагүй юмдаг. Тиймээс зохион бичлэгийн ач холбогдол эх оронч үзлийг төсөөлөх анхны оролдлого төдий л өнгөрчихөв. Түүнээс хойш их сургуулийн 2-р ангид "Эх оронч үзэл ба даяаршил" сэвдээр оюутны эрдэм шинжилгээний ажил бичсэн ч амьдралаас хөндий, хэтэрхий онолчирхсон зүйл болсон. Харин одоо миний ойлголт илүү энгийн болсон. "Эх орон гэдэг түүхийн номонд орохоосоо өмнө таны зүрх сэтгэлд байдаг юм шүү" гэж нэгэн ухаатан хэлсэн байдаг. Үнэхээр эх орон миний зүрх сэтгэлд байж эх орон надаас эхэлнэ гэж би боддог. Энэ нь өргөн хүрээтэй ч энгийн ойлголт юм шиг. Тухайлбал түүнийг сурагчийн эх орон, эх орон ч үзэл, оюутны бас төрийн түшээдийн эх орон, эх оронч үзэл гэх зэргээр эзнээр нь хамаатуулж ангилж болно. Эдгээрийн нийлбэр дүн нь монголчуудын эх орон, эх оронч үзэл болно. Тэгвэл оюутны эх орон, эх оронч үзэл ямар байх вэ? одоо та сайн мэдэж байгаа. Оюутан таны эх орон бол өдөр бүр сүлжилдэн явдаг зам, гудамж талбай, анги танхим, сургуулийн орчин, дотуур байр, номын сан, ном сурах бичиг гэх материаллаг зүйлсээс эхлээд таны найз нөхөд, номын санч, багш нар, гэр бүл, ер нь л таны таньдаг хүмүүсээс бүрдэх нь. Тэгэхээр эх оронч байна гэдэг бол тэднийгээ хайрлаж хамгаалахын нэр байх нь тодорхой боллоо. Оюутнуудаа! ангидаа хог бүү тариарай, номоо гамтай хэрэглэцгээе, "Нойл"-оо цэвэрхэн байлгацгаая, найз нөхдөдөө тустай байя, багш нараа хүндэлье, аав ээжийнхээ захиасыг биелүүлье. Эндээс л бидний эх орон, эх оронч үзэл эхэлдэг. Хамгийн чухал нь та эхлээд өөрийгөө хайрла, өөрөөрөө бахарх бас өөрийгөө хамгаал. Учир нь та эх орны нэг хэсэг. Тань шиг олон хүнээс эх орон тань бүрддэг юм. Та эх орноо хөгжүүлэхийг хүсвэл өөрийгөө хөгжүүл! Тиймээ, Эх орон надаас, чамаас, бид бүгдээс эхэлнэ!

Цааш унших...

"Оюутан нас цуврал: Пүүжий маань хогонд хайртай" /Г।Цогтбаатар/

Би хөдөөний оюутан. Хөдөөний оюутнууд дотуур байранд амьдардагыг та мэдэх байх. Өрөө хэсч, охин эргүүлдэгээс эхлээд, дэлхийд данстай BEST оюутнууд "Оюутны дотуур байр"-нд амьдардаг юм. Оюутны амьдралын дурсамжтай сайхан үе минь эндээс л эхтэй гэж би боддог. Каймааг /байрны каминдат/ найрах, жижүүрээ аргалах, дээд курсын ах нарын гар хөлд зарагдах, хоногийн хоолоо залгуулахаас эхлээд сурах ч зүйл мундахгүй. Бүхэлдээ амьдралын төлөө тэмцэл. Би Хөвсгөлөөс ирсэн бөгөөд өрөөндөө тавуулаа амдардаг байлаа. Найз нар маань Хэнтий, Завхан, Сүхбаатар, Орхон аймгуудаас ирцгээсэн. 3-ын 34 гэх өрөө бидний овог бас гэр бөгөөд ус буцалж, бэлэн хоол үнэртсэн тэр л өрөөндөө түүх, философийн шалихгүй асуудлаас эхлээд гурван давхарын Тунгаа, нэг давхарын Халиунаа, байрны мисс Цацаа хүртэлх бодлогын чанартай маргаан өрнүүлж үзэл бодлын эрх чөлөө, сэтгэл санааны кайф авдаг байлаа. Дотуур байрны сайн, муу олон асуудалд энэ л өрөөнийхөн холбоотой байсан юм. Төгсөлтийн баярын урд өдөр бид өглөө 5:00 цаг хүртэл хуучилсан, оюутан насны үерхэл, хайрын тухай яриа маань одоо хүртэл надад маш тод санагдаж байна. Хүн бүр л үерхэж байсан, үерхдэг, тэр бүү хэл, ам ч нээж үзээгүй мөртлөө хайртай болчихсон охидынхоо тухай ярьцгаасан юм. Найз нарын маань сэтгэл их хөдөлсөн. Оюутан насныхаа хайр, дурлалтай холбоотой өөртөө байгаа дурсгалтай дурсамжтай болгоноо гаргаж үзүүлэв. Хамтдаа татуулсан гэрэл зураг, яриаг нь хураасан кассет, хайраа илчилсэн захиа, баяраар солилцсон бэлэг дурсгалууд гээд сонирхолтой, сэтгэл хөдөлгөмөөр зүйлс олон байлаа. Тэр мөчийн хамгийн оргил хэсэг нь ердөө л школадны цаас бас жижигхэн бор хөвөнгийн өөдөс хоёр байсан юм. Тэдгээр зүйл бол манай өрөөний Пүүжийгийн хайрладаг, юугаар ч сольшгүй эрдэнэ нь. Учир нь хайрладаг охиных нь хаясан цаас, холгосон гутлынх нь жийргэвч хөвөн л дөө. Хог хүртэл эрдэнэ болж хувирсан тэр мөчөөс эхлэн бид хайр гэгч ямар их хүчтэйг ухаарсан. Тэрний минь нүд, хөмсөг, ааш зан биш түүнтэй холбоотой оюутан насны минь дурсамж, хаясан хогонд нь хүртэл би хайртай гэж Пүүжий хэлэх дуртай. Хэдийгээр бид сургуулиа төгссөн ч дотуур байрны оюутны амьдрал үргэлжилсээр л. Тэнд ус буцалж, бэлэн хоол ч үнэртсэээр л байгаа...

Цааш унших...