Friday, June 20, 2008

"Энтропийн шинжилгээний арга" /Г.Цогтбаатар/

Энтропийн шинжилгээг хэмжилтийн доод түвшний нэрлэсэн шкал (хуваарь) бүхий хос утгаар бүрдүүлсэн мэдээллийг хэв маяг үүсгэн ангилхад хэрэглэнэ. Шинж тэмдгийн тоо дөрөвөөс хэтэрвэл ажиллагаа ихсэж амаргүй болдог. Тиймээс шинжилгээнд судалгааны объектыг илэрхийлж чадах цөөн шинж тэмдгийг сонгох хэрэгтэй. Шинжилгээ хийх дараалал:

1. Хамгийн их мэдээлэлтэй нэг шинж тэмдгийг илрүүлэх.
2. Илрүүлсэн шинж тэмдгийг ашиглан хэв маяг үүсгэх ба түүний нэг төрөл байдлыг шалгана
3. Бүлгүүд нэг төрөл болж чадаагүй бол хамгийн их мэдээлэлтэй хос шинж тэмдгийг илрүүлэх алхмуудыг гүйцэтгэнэ
4. Бүлгийн нэг төрөл байдлыг шалгаж, хангагдсан бол ангилах үйл явц зогсоно. Эсрэг тохиолдолд бүх шинж тэмдгүүдийн бололцоот гурвал, дөрвөлийг бодох зэргээр үргэлжилнэ.
Судалгааны объектод А шинж илэрхэд В, С, D … - шинжүүд байгаа гэдэг нь тодорхой байдаг бол А хамгийн их мэдээлэлтэй шинж тэмдэг болно. Үүнийг судалгааны объектод хамгийн их тохиолддог шинж тэмдэг хэмээн ойлгож болохгүй. Интропийн шинжилгээг хэрхэн хийх талаар хялбар жишээн дээр авч үзье.

Социологийн III ангийн оюутнууд "Социологи" сэтгүүлээр хэр хангагдсан бэ?

Социологийн тэнхимээс жил бүр "Социологи" нэртэй сэтгүүл гаргадаг. Одоогоор 7 цуврал гараад байгаа. Энэхүү шинжилгээгээр зөвхөн 1, 2, 3, 4-р сэтгүүлүүдийг хамруулан, Социологийн 3-р ангийн оюутнууд тус сэтгүүлээр хэр хангагдсан байгааг, түүнчлэн ямар сэтгүүлүүд хамгийн их мэдээлэлтэйг хэрхэн илрүүлхийг харъя. Судалгаанд нийт 23 оюутан оролцсон.
Шинж тэмдэг ба түүний утгууд:
1-р шинж тэмдэг: Танд "Социологи-1" сэтгүүл байгаа юу?
1. Байгаа 2. Байхгүй
2-р шинж тэмдэг: Танд "Социологи-2" сэтгүүл байгаа юу?
1. Байгаа 2. Байхгүй
3-р шинж тэмдэг: Танд "Социологи-3" сэтгүүл байгаа юу?
1. Байгаа 2. Байхгүй
4-р шинж тэмдэг: Танд "Социологи-4" сэтгүүл байгаа юу?
1. Байгаа 2. Байхгүй

1. Хамгийн их мэдээлэлтэй нэг шинж тэмдгийг илрүүлэх нь

Алхам-1: Дээрх 4 шинж тэмдгээр мэдээлэл бүрдүүлж, SPSS програмын Analyze - Descriptive staticticis – Frequencies командаар дан тоололт хийн, үр дүнг дараах хүснэгтэд нэгтгэнэ.


Алхам- 2: Дараах томъёог ашиглан шинж тэмдэг тус бүрийн энтропийг олно.
n – Түүврийн хэмжээ. Бидний авсан жишээнд 23
(+) – Шинж тэмдэг тус бүрт харгалзах эерэг утгын давтамж
(-) - Шинж тэмдэг тус бүрт харгалзах сөрөг утгын давтамж
Log(n;2)- 2 суурьтай логарифм. Логарифмыг Ecxel програмаар бодох боломжтой. Insert – function – Math & trig – Log функцээр бодох нь бидний ажлыг хялбарчилна.

Алхам- 3: Дараа нь бид хос шинжүүдээр энтропийг олох хэрэгтэй. Дараах томъёог ашиглан шинж тэмдэг тус бүрийн энтропийг олно. Үүний тулд дөрвөн шинжийг хослуулан бүлэглэнэ. Иймд,

хослол үүснэ.
Алхам- 4: Дараах томъёогоор хос шинжүүдийн энтропийг олно.
Алхам- 5: Хосолсон энтропийн давхцлын утгыг олно.

Дараах томъёог ашиглана:
Эхний томъёогоор давхцлын утгыг олж, хоёрдугаар томъёогоонд орлуулан хамгийн их утгатай гарсныг бусдыгаа тодорхойлох хамгийн их мэдээлэлтэй шинж тэмдэг гэж үзнэ.

Ингээд хамгийн их мэдээлэлтэй шинж тэмдэг нь I2- болж байна. "Социологи-2" сэтгүүл хамгийн их мэдээлэлтэй сэтгүүл ажээ. "Социологи-2" сэтгүүлтэй оюутанд бусад сэтгүүлүүд байгаа хэмээн таамаглаж болох юм. Гэхдээ үүнийг шалгах хэрэгтэй.

2. Илрүүлсэн нэг шинж тэмдгийг ашиглан маяг үүсгэх ба түүний нэг төрөл байдлыг шалгана

Алхам- 6: Хэрэв ангиллын үр дүнд нэг төрлийн бүлэг үүсч чадсан бол бид дараах хоёр хэв маягийг хүлээн зөвшөөрнө.
1. "Социологи-2" сэтгүүлтэй оюутнууд – "Социологи" сэтгүүлийн хангалт сайн бүлэг - 8 (34.8 хувь)
2. "Социологи-2" сэтгүүлгүй оюутнууд - "Социологи" сэтгүүлийн хангалт муу бүлэг– 15 (65.2 хувь) байна. ......................................................................................................................................................
Алхам- 7: Дээрх 2 хэв маягийг хүлээн зөвшөөрөх үү? гэдгийг шалгаж үзэх ёстой. Тиймээс Социологи-2 сэтгүүлээр буюу 2-р шинжээр бусдыг нь ангилсан дараах хүснэгтийг зохиох бөгөөд хэрэв алдааны магадлал 0.2 –оос доош орвол ангиллыг цааш үргэлжлүүлэх хэрэгтэй болно. Хамгийн их мэдээлэл бүхий шинжээр бусдыг нь ангилбал:
Дээрх хүснэгтэд хоёр хэв маягт хамгийн их тохиолдох эерэг сөрөг утгуудыг үлдээвэл дараах хүснэгтэн мэдээлэлтэй болно.
Алдааны магадлалыг дараах томъёогоор бодно.

..................... 0.206522 нь 0.2-оос их байгаа учраас нэг шинж тэмдгээр ангилах нь учир дутагдалтай байна. Тиймээс бид бодолтыг цааш нь үргэлжлүүлж хамгийн их мэдээлэлтэй хос шинж тэмдгүүдийг илрүүлэх хэрэг гарлаа. Үргэлжлэл бий.

Цааш унших...

Thursday, June 19, 2008

Хөвсгөл аймгийн хүн ам, өнгөрсөн, одоо, ирээдүйд /Г.Цогтбаатар/

Дулаан орж; ногоо, цагаа дэлгэрээд ирхээр аав ээждээ, нутагтаа очмоор болох юм. Би Хөвсгөлд төрж, өссөн хүн. Тиймээс энэ нутагтай холбоотой бүхэн сонирхлыг минь их татдаг. Аймгийнхаа хөгжил дэвшилд хэрэг болохуйц нийгэм, эдийн засгийн цогц судалгаа, шинжилгээний ажил хийх бодол байна. Ямартай ч энэ удаа Хөвсгөл аймгийн хүн амын тоо, бүтцийн өөрчлөлтийн талаар хийсэн судалгаагаа ихэд товчлон нийтлэв (дээхний судалгаа шүү!).

1. Хөвсгөл аймгийн товч танилцуулга

Хөвсгөл аймаг нь 1931 онд байгуулагдсан. Хойд талаараа ОХУ, баруун зүүн болон өмнө талаараа Завхан, Булган, Архангай аймагтай хиллэдэг. 100.6 мяг.км/кв нутаг дэвсгэртэй. 24 сум, 121 багтай. 122.4 мянган хүн амтай, 32.1 мянган өрхтэй. Аймгийн нийт хүн амын 76,9 хувийг халх, 13,7 хувийг дархад, 5,2 хувийг хотгойдууд эзэлдэгийн зэрэгцээ Буриад, Дөрвөд, Урианхай, Цаатан, Өөлд зэрэг ястнууд амьдардаг олон ястны өлгий нутаг юм. ДНБ-ий хэмжээгээрээ Хангайн бүсийн 6 аймгаас хоёрдугаарт, 21 аймгаас тавдугаарт ордог. Голлох салбар нь хөдөө аж ахуй. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа. Аймгийн төв нь Мөрөн сум бөгөөд суурь нь анх 1809 онд Мөрөнгийн хүрээний суурь тавигдсанаар эхэлжээ. 1811 онд Мөрөнгийн хүрээ баригдсанаар түүний эргэн тойрон нүүдлэн суух хүмүүсийн тоо нэмэгдсээр 1931 оноос Мөрөн сум болсон. 1933 онд Хөвсгөл аймгийн төвийг Хатгалаас Мөрөн рүү шилжүүлэх тушаал гарснаар Мөрөн аймгийн төв болсон юм. Улаанбаатар хотоос 779 км зайтай оршдог. Мөнх цаст сүрлэг уулс, ян сарьдагууд, гүн цэнхэр нуурууд, хөвч тайга, гол мөрний өргөн хөндий зэрэг нь тэр аяараа нутгийн үзэсгэлэн гоог харуулах тул Хөвсгөлийг Монголын Швейцарь хэмээн нэрлэдэг.

2. Хөвсгөл аймгийн хүн амын тоо, бүтцийн өөрчлөлт

Хүн амын тоо, бүтцийн өөрчлөлтөд төрөлт, нас баралт, шилжилт хөдөлгөөн гэсэн үндсэн гурван хүчин зүйл нөлөөлдөг ба тэдгээрийн хамаарлаар хүн амын өнгөрсөн, одоо, ирээдүйг тайлбарладаг. Энэхүү ажлаар 1969, 1979, 1989, 2000 оны тооллогын дүнг ашиглан Хөвсгөл аймгийн хүн амын нас, хүйсийн суварга байгуулж; нас, хүйсийн бүтцийн үзүүлэлт, хүн амын 1969 оноос хойшхи жилүүдийн өсөлтийн хурд, түүнчлэн 2050 он хүртэлх хугацааны прогноз гаргалаа.

А. Нас, хүйсийн суварга

1969 оноос хойшхи хугацаанд Хөвсгөл аймгийн хүн амын бүтэц нэлээд өөрчлөгджээ. Хүн амын нас, хүйсийн суварга байгуулж үзэхэд 1969-1989 он хүртэлх хугацаанд суварга пирамид хэлбэртэй буюу хүн амын өсөлт тогтвортой байжээ. Харин 1989-2000 оны хооронд суваргын суурь хэсэг нарийссан нь хүн амын өсөлтийн хурд саарсныг харуулна.Үндсэндээ хүн амын өсөлт 1950-иад оноос хойш эрчимжиж 1970, 1980-аад онуудад дээд цэгтээ хүрээд 1990-оноос буурчээ. Үүнд шилжилт хөдөлгөөнөөс илүүтэйгээр төрөлт нөлөөлсөн.

Зураг 1. Хөвсгөл аймгийн хүн амын нас, хүйсний суварга
Б. Хүн амын нас, хүйсийн бүтцийн үзүүлэлтүүд
Аймгийн хүн амын нас, хүйсийн бүтцийн үзүүлэлтийг тооцож үзэхэд хүн амын насны голч 1969 онд 18.1 байснаа 1979 онд 16.7 болж буурчээ. Энэ нь тухайн хугацаан дахь төрөлтийн өндөр түвшинтэй холбоотой. Харин 1989 онд төрөлтийн түвшин өндөр байхад хүн амын насны голч 16.7-18.5 болж өссөн нь хүн амын дундаж наслалт нэмэгдсэн болон өмнөх жилүүдийн моментумаас /үелэрэл/ хамаарчээ. Харин 2000 онд хүн амын насны голч буурсан нь 1990-ээд оноос хойш төрөлт буурсан, өмнөх жилүүдийн төрөлтийн түвшин өндөр байснаас хамаарч үүссэн үелэрэл, мөн 25-29 насны бүлгийн хүн ам дотоод шилжих хөдөлгөөнд оролцсонтой холбоотой байна.

Хүснэгт 1. Хөвсгөл аймгийн хүн амын нас, хүйсийн бүтцийн үзүүлэлтүүд
Аймгийн хөдөлмөрийн насны залууст ногдох хүүхэд, хөгшдийн нийт ачаалал 1979 оноос хойш 107.3-72.1 болтол тогтмол буурсан. Энэ ихээхэн эерэг үзүүлэлт бөгөөд залууст өөрсдийгөө хөгжүүлэх, амьдралаа өөд татах эерэг бололцоо бүрдүүлж өгсөн. Нөгөөтэйгүүр үүнийг дагалдан ажлын байрны эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байгаа.

В. Хөвсгөл аймгийн хүн амын өсөлтийн хурд
1
1969-2000 оны хооронд хүн амын өсөлтийн хурд тогтмол нэмэгдсэн байна. 1969-1989 оны хооронд төрөлт нэмэгдэж, нас баралт буурсан нь хүн амын өсөлтөд ихээхэн нөлөөлсөн бол 1989 оноос хойш төрөлт харьцангуй буурсан ч хүн амын моментумын нөлөөллөөр аймгийн хүн амын өсөлтийн хурд хэвээр хадгалагджээ.

Хүснэгт 2. Хөвсгөл аймгийн хүн амын өсөлтийн хурд
1969-2000, 1979-2000, 1989-2000 оны гэсэн 3 ялгаатай хурд, мөн 3 ялгаатай аргачлалаар тооцвол 2050 он гэхэд Хөвсгөл аймаг 212502-251849 хүн амтай болох юм.

Хүснэгт 3. 2050 онд Хөвсгөл аймгийн хүн ам хэд болох вэ
Зураг 2. Хөвсгөл аймгийн хүн амын нас, хүйсний суварга 2000/2050 он

Цааш унших...

Sunday, June 1, 2008

Баярлалаа Монголын Хэвлэлийн Хүрээлэн! /Г.Цогтбаатар/

Сайн байцгаана уу? эрхэм блогчид оо! хэзээ сүүлийн бичлэгээ оруулснаа ч бараг мартчихжээ. Удсан байна шүү. Өнгөрсөн хугацаанд нэг том ажил амжууллаа. Ажлаа сольж "IRIM" нэртэй судалгааны компанид орсон юм. Ажил ч гэж жигтэйхэн их байна. Ямар ч байсан Хэвлэлийн Хүрээлэнгийн хамт олондоо талархалаа хэлье гэж бодлоо. Цаашид блогоосоо хөндийрөхгүй ажиллана аа.
1
Анх 2003 оны намар Монголын Хэвлэлийн Хүрээлэн гэх энэхүү эрхэм байгууллагын босгыг алхсан. "Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа"-ны гэрээт судлаачаар ажиллах завшаан гарсан юм. Тэр үед би их сургуулийн 2-р дамжаанд суралцаж байлаа. Миний мэдэхээр социологийн ангийг төгссөн шилдэг оюутан, судалгааны мэргэжилтнүүд энэ байгууллагад ажилладаг байсан. 2006 оны хавар сургуулиа төгсөөд тус байгууллагын Мэдээлэл судалгааны албанд судлаачаар орж ажилласан. 2003 оноос тооцвол 5 жил, 2006 оноос тооцвол 2 жил орчим энэ байгууллагад ажиллажээ. Энэ хугацаанд гэрээт судлаачаас эхлээд туслах судлаач, судлаач, орлогч дарга, ахлах судлаач хүртэлх албанд дэвшин ажилласан. Чадварлаг, эвсэг хамт олноосоо сурсан бас сурмаар зүйл ч их байсан шүү!
1
Юун түрүүнд хамран зүтгэгч Гүнжээ эгч, Нямаа нартаа баярлалаа гэж хэлье! та хоёр маань их түшиг болж байсан шүү, сайн судлаачид болно гэдэгт итгэлтэй байна ... Мөнхмандах захиралдаа баярлалаа гэж хэлье! таны боловсрол, цаг төлөвлөх, удирдах зэрэг олон чадвараас суралцах зүйл манай залууст их байдаг. Та болон Наранжаргал гуа (Глоб интернэшнл) шиг чадварлаг эмэгтэйчүүд манай парламентад байвал ч ... Чимэдээ ахдаа баярлалаа гэж хэлье! ажлыг тань шиг зохион байгуулдаг чадварлаг менежер болоход суралцана аа ... Оюунаа багшдаа баярлалаа гэж хэлье! залуу хүнд урам өгч, зөвлөж, дэмжиж ажилладагт тань баяртай байна. Ажил үүргээ цэгцтэй, нямбай хуваарилж, ажил амьдралаа сайтар зохицуулдаг чадвараас тань сурах зүйл их байдаг ... Баярмаа эгчдээ баярлалаа гэж хэлье! тань шиг ажилдаа шуурхай, зарчимч, гэр бүлдээ халамжтай хүн ховор шүү... За тэгээд хүрээлэнг байнга л хөгжөөж, доргиож явдаг Амараа, Ёоко багш, Доржоо эгч, Бааска эгч, Сандагаа ах, Ганаа, Пунсаа, Гэрэлээ, Өнөрөө багш, Дариймаа багш, Мөнхцэцэг багш, Тагтаа багш, Болороо эгч, Чимгээ, Батбаатар, Энхзаяа, Уянгаа, Пүүжий ах болоод тогооч ах эгч хоёртоо баярлалаа гэж хэлье!
1
Бүгдэд нь амжилт, эрүүл энх, сайн, сайхан бүхнийг ерөөе!

Цааш унших...