Thursday, August 2, 2007

" Иргэний идэвх Ардчиллын амь: Том намуудын рейтинг ба Их эвсэл " /Г.Цогтбаатар/

Өдөр тутмын ардчиллыг бодит үйл болгоход Төрийн бодлого чиглэх ёстой। Энэ нь нөгөө л олон нийтийн оролцоог наад зах нь эрх зүй, төрийн хүрээлэл, шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлснээр хэлбэрийн ардчилал амилж, систем зүй тогтолоороо ажиллах тухай санаанд тулгуурладаг। Энэ нийтлэлээрээ иргэдийн оролцоо институтчилэгдэх үйл явц ба холбоо хөдөлгөөн намуудын идэвхжил, том намуудын /МАХН, АН/ Улаанбаатар хот дахь рейтинг, иргэний холбоод, хөдөлгөөнүүд, жижиг намуудын Их эвсэлийн талаар та бүхэнтэй саналаа хуваалцахыг зорилоо।
/Бага зэрэг тодруулга хийхэд социологийн систем судлалын үүднээс нийгэм нь функц, бүтцийн хувьд органик, физик, кибер системүүдээс ялгаатай өвөрмөц систем юм। Гол нэгжүүд нь төр, ард түмэн, газар нутаг। Аль нэг нэгжийн хөдлөл зогсонги байх нь системийн хөгжлийг зогсоодог. Манай нөхцөлд ард түмэн гэсэн нэгжийн хөдлөл маш сул байна. Иймд ард түмний оролцоог эрчимжүүлэх хэрэгтэй байгаа юм/.
  • Иргэдийн оролцоо институтчилэгдэх үйл явц ба Холбоо хөдөлгөөн, намуудын тухай товчхон
Нийгэм, тэр дундаа улс төрийн амьдрал дахь иргэдийн оролцоо статистикийн хувьд буурч байгаа нь харамсалтай ч бас ч үгүй дэвшил ажиглагдаж байна। Улс төр, эдийн засаг, социал хүрээнд жил тутам, сүүлийн үед бүр сар тутам зохион байгуулагдаж байгаа иргэний байгууллага, хөдөлгөөнүүдийн тоон өсөлт, үйл ажиллагааны эрчимжилт үүнийг нотолно। Тухайлбал улс төрийн хүрээнд Монголын иргэний холбоо /Д.Энхбат/, Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн /Ж.Батзандан/, Эрс шинэчлэл болон Үндэсний соёмбо хөдөлгөөн /С.Ганбаатар/, Миний монголын газар шороо /О.Энхсайхан асан/, Онги гол /Ц.Мөнхбаяр/, Даяар монгол /Г.Пүрэвсүрэн/, Хөх монгол бүлгэм /Хон хэрэйдийн Энхбат/, Монголын ахмадуудын чөдөөт холбоо /Г.Баасан/, Шударга иргэдийн фронт /Г.Арслан/, Иргэдийн шударга шүүх /н.Батялалт/ гээд олон жишээ дурьдаж болно. Хэдийгээр эдгээр холбоо, хөдөлгөөнүүдийн нэр бүхий гишүүд, цаад далд зорилгын талаар шар хэвлэлүүдээр үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл цацдаг ч тэдний тэмцэл, идэвхжил, олон нийтэд үзүүлж буй нөлөөг бахархан үнэлүүштэй.
Намууд ч бас иргэний нийгмийн л бүтээгдэхүүн। 1990 оны 5 сард АИХ баталсанаар шинээр намууд байгуулагдах эрх зүйн орчин бүрдсэн। Одоогоор МУ-ын ДШ-д бүртгэлтэй хорь гаран улс төрийн нам байна. 2008 оны сонгууль хүртэл бутарч нийлж эсвэл шинээр намууд байгуулагдах нь эргэлзээгүй. Ардчилал бэхжиж, иргэд нь хангалуун амьдардаг Америк, Европийн орнуудын түүхийг сөхвөл бас ийм л байсан.
  • Том намуудын рейтинг ба Их эвсэл
УИХ-ын өнгөрсөн дөрвөн сонгуулийн дүнг ажиглавал 1992 онд МАХН /56।9%/, МоАН-МҮДН-НН /17।5%/ ба бусад, 1996 онд МАХН /40.5%/, Ардчилсан холбоо эвсэл /47.0%/ ба бусад, 2000 онд МАХН /51.6%/, Ардчилсан холбоо эвсэл /13.4%/ ба бусад, 2004 онд МАХН //, "Эх орон-Ардчилал эвсэл" ба бусад гэх зэргээр МАХН-тай Намуудын эвсэл л амжилттай өрсөлдсөн байдаг. Тэгвэл ирэх сонгуульд үүнээс өөр хувилбар байх боломжтой юу гэдэг талаар судлаачид, намууд, холбоо хөдөлгөөнүүд ярилцаж байгаа.

Том намуудын /МАХН, АН/ Улаанбаатар хот дахь рейтингийг графикт дүрслэв। /Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт 2007 оны 4, 7-р саруудад хийсэн судалгаа। t=2, Ф(t)=0.95, D(x)= 0.05/



Одоогийн байдлаар МАХН, АН хоёрын Улаанбаатар хот дахь ерөнхий болон тогтвортой рейтингүүд хол зөрөөгүй харагдаж байна। Гэхдээ эдгээр намуудын ерөний рейтингүүд 7-р сард яльгүй буурчээ. Тогтвортой рейтинг нь намуудын тууштай, эргэлзээгүй дэмжигчдийн хувийн жинг харуулдаг. Тухайлбал 2008 оны сонгуульд дунджаар Улаанбаатар хотын нийт сонгуулийн насанд хүрсэн иргэдийн 16 хувь нь МАХН-д, 14 хувь нь АН-д санал өгнө гэдэгт бүрэн итгэж болно. Өөр нэг зүйл нь том намуудын тогтвортой сонгогчид нийлээд нийт сонгогчдын дөнгөж 1/3-ийг эзэлж байгааг харж болно. Энэ нь жижиг намууд, иргэний холбоо хөдөлгөөнүүдэд ихээхэн боломж байгааг харуулж байна. Хэрэв жижиг намууд, иргэний холбоо хөдөлгөөнүүд тактикийн буруу сонголт хийвэл яг одоогийн байдлаар том намууд ерөнхий рейтингээ хадгалж нийт сонгогчдын 2/3-ийн саналыг авахаар байна.

МАХН-тай эвслүүд л амжилттай өрсөлддөг түүхэн туршлага байгаа учир ирэх сонгуульд ч мөн эвслүүдийн орон зай байгаа। Ямартай ч Монголын иргэний холбоо /Д.Энхбат/ намууд, иргэний хөдөлгөөнүүдийг нэгтгэсэн "Иргэний их эвсэл" байгуулах тухай уриалга гаргасан байгаа. Үүнд нь зарим жижиг намууд, хөдөлгөөнүүд нэгдэх тухай саналаа ирүүлсэн гэж дуулдсан. Тэд нэгдэж ажиллаж чадвал “Иргэний их эвсэл” амжилт олох бүрэн боломжтой. Магадгүй ирэх сонгуульд "МАХН", "АН ба зарим нам", "Иргэний их эвсэл" гэсэн улс төрийн гурван том хүчин тэнцвэртэй өрсөлдөхийг үгүйсгэх аргагүй юм.

Сүүлд нь өгүүлхэд ирэх сонгуулийн үр дүн монголын ард түмэнд л ашигтай байх ёстой! Үүнд монгол иргэн бүрийн шударга, хариуцлагатай оролцоо зайлшгүй шаардлагатай. Би ч бас хичээнэ …

Цааш унших...