Monday, May 4, 2009

"Энтропийн шинжилгээний арга" - сүүлийн хэсэг /Г.Цогтбаатар/

Энтропийн шинжилгээ хэрхэн хийх талаар бичсэн өмнөх нийтлэлээ үргэлжилүүлэн танилцуулж байна. Ойлгомжгүй зүйл гарвал tsogoo_tsogtbaatar@yahoo.com хаягаар тодруулга авч болно.

3. Бүлгүүд нэг төрөл болж чадаагүй учраас хамгийн их мэдээлэлтэй хос шинж тэмдгийг илрүүлэх алхмуудыг гүйцэтгэе

Алхам 7. Юуны түрүүнд шинжүүдийн гурвалаар тархалтын цуваа байгуулна.

(+)(+)(+)- 1,2,3 гэсэн шинжүүдэд (Социологи-1,2,3 гэсэн гурван сэтгүүл гурвуулаа байгаа оюутнуудын тоо) бүгдэд нь эерэг хариулт өгсөн оюутнуудын тоо гэх зэргээр уншина. Энэхүү тархалтын цувааг байгуулахдаа өмнө өгүүлснээр SPSS16 программын Analyse - Descriptive staticticis – Crosstabs командаар гүйцэтгэхээ анхаараарай.


Алхам 8. Дөрвөн шинж тэмдгээр гурвал үүсгэхэд 123, 124, 134, 234 гэсэн дөрвөн гурвал үүснэ. Гурвалын тоог бид

гэж бодож болно.

Алхам 9. Мөн өмнө хос шинж тэмдгүүдийн энтропийг олсоны адилаар гурвалын энтропийг бодно.

Үр дүнг өмнөх хүснэгтэн мэдээлэлтэй хамтатган бичвэл:

Алхам 10. Бидний дараагийн алхам бол мөн л хос шинж тэмдгийн адилаар гурвалын энтропийн давхцлын утгыг олно. Ингээд дараах томъёогоор

томъёонд орлуулан хамгийн их гарсаныг нь бусдыгаа тодорхойлох хамгийн их мэдээлэлтэй хос шинж тэмдэг гэж үзнэ.

Бодолтыг эхлэхээс өмнө бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ нь томъёоны асуудал юм. Өмнө нь бид (1,2), (1,3),(1,4),(2,3),(2,4),(3,4) гэсэн зургаан хослолыг бодсон шүү дээ. Одоо бид 6 хослолтойгоо, хослолд ороогүй хоёр шинж тэмдгээр нь гурвал үүсгэх хэрэгтэй боллоо. Бодлогын үр дүнд 12 гурвал үүснэ. Энторопийн давхцалыг олох томъёонд Эхний (1,2) гэсэн хослолд 3 болон 4 ороогүй учраас энэ хоёр шинжтэй гурвалыг үүсгэнэ. Өөрөөр хэлбэл

болно. I=1, j=2, g=3 and g=4 гэж ойлгоно. Нэг хослол л хослолд ороогүй 2 шинж тэмдэгтэй гурвал үүсгэх учраас (нийт 6 хослол маань ) x (хослолд ороогүй 2 шинжээр үржигдээд)=12 гурвалын энтропийн давхцал бодогдоно гэсэн үг.

Одоо хамгийн их мэдээлэлтэй хос шинж тэмдгийг олъё

Алхам 11. Дээрх бодлогоос хамгийн их утга нь 0.084739 буюу Социологи 2 ба 4-р сэтгүүлийн хослол байна. Иймд Социологи 2 ба 4 сэтгүүл хамгийн их мэдээлэлтэй сэтгүүлүүд бөгөөд эдгээр сэтгүүл байгаа хүнд бусад сэтгүүл байдаг хэмээн үзэж болох юм. Ингээд бид дараах дөрвөн хэв маягийг үүсгэж болно. Үүнийг өмнө өгүүлснээр SPSS16 программын Analyse - Descriptive staticticis – Crosstabs командаар 2 болон 4 гэсэн шинж тэмдгүүдээр солбицуулан бүлэглэхээ санаарай.
1. Социологи-2 болон 4-р сэтгүүл аль аль нь байгаа оюутнууд – 8/34.8 хувь/
2. Социологи-2 байгаа 4-р сэтгүүл байхгүй оюутнууд – 0
3. Социологи-2 байхгүй 4-р сэтгүүл байгаа оюутнууд – 11/47.8 хувь/
4. Социологи-2 болон 4-р сэтгүүл аль аль нь байхгүй оюутнууд – 4/17.4 хувь/
Дээрх мэдээлэлд үндэслэн бүлэгт тохирох нэр оноож дараах гурван хэв маяг үүсгэж болох юм:
1. Социологи сэтгүүлийн хангамж сайн бүлэг – 34.8 хувь
2. Социологи сэтгүүлийн хангамжаар дундаж бүлэг –47.8 хувь
3. Социологи сэтгүүлийн хангамж муу бүлэг – 17.4 хувь

Алхам 12. Сүүлд нь бид дээрх байдлаар хэв маяг үүсгэх нь үндэслэлтэй эсэх буюу үүсгэсэн хэв маяг маань нэгэн төрөл болж чадсан эсэхийг шалгах ёстойгоо мартаж болохгүй.Өмнө нэг шинжээр бүлэглэсэн хүснэгтэд бусад шинжийн тохиолдох хамгийн их утгаар нь зохиосон ангиллын нэг төрөл байдлыг шалгах хүснэгтийг үүсгэсэн шиг, энэ удаа мөн хамгийн их мэдээлэлтэй гэж тооцоологдсон хоёр шинжээр бүлэглэсэн хүснэгтийг зохиож бусад шинжийн хамгийн их тохиолдох утгуудыг нь үлдээсэн хүснэгтийг зохино. (SPSS16 программын Analyse - Descriptive staticticis – Crosstabs!)

Хамгийн их тохиолдлын утгуудыг нь хараар тэмдэглэсэн байгаа нь харагдаж байна. Эдгээр утгыг нь үлдээвэл дараах хүснэгт үлдэнэ.

Алдааг дараах байдлаар бодно

Алдаа 0.141304 > 0. 2 учраас бидний үүсгэсэн ангилал маань нэгэн төрөл байдлыг хангаж байна гэж үзсэнээр энтропийн шинжилгээ дууна. Хэрэв алдааны түвшин стандарт хангаагүй бол бид цаашид шинж тэмдгийн гурвал, дөрвөлүүдийг бодох ёстой юм шүү социологич, судлаачдаа!

Цааш унших...

Monday, April 6, 2009

"I R I M" судалгааны хүрээлэн байгуулагдсаны нэг жилийн ойн баярын мэнд хүргэе

2008 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр манай судалгааны хүрээлэн байгуулагдаж, 4 дүгээр сарын 6-нд Хууль зүйн яамнаас албан ёсны гэрчилгээгээ гардан авсан билээ. Тиймээс өнөөдөр манай байгууллагын нэг жилийн ой тохиож байна.
Мэргэжлийн, Хараат бус байх уриа дэвшүүлэн нийгмийн судалгааны салбарт тэргүүлэх хүрээлэн болох зорилго тавин ажиллаж буй манай залуусыг дэмжиж, хамтарч ажилласан байгууллага, хувь хүмүүст гүн талархал илэрхийлж, ажил үйлст нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид ил тод байдал, мэдээллийн нээлттэй байдал, олон нийтийн оролцоо, жендер, хүний эрх, шилжих хөдөлгөөн, нийгмийн халамж, сонгууль, улс төрийн үйл явц, боловсрол, инфляцийн сэдвээр 14 судалгаа, нөлөөллийн төслийг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Нээлттэй Нийгэм Форум, БСШУЯ, Боловсролын хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн сан, Глоб Интернэшнл ТББ, MONFEMNET ТББ, Швейцарийн Хөгжлийн Агентлаг, АНУ-ын Элчин сайдын яам, МУИС-ийн УТС-ын тэнхим, Голден Бридж сургалтын төв, Монгол банк зэрэг байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлээд байна.



Манай хамт олон нэг жилийн алдаа, оноогоо дүгнэн хэлэлцэж цаашид дараах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Байгуулагын олон улсын стандартын үйл ажиллагаа явуулах институтийн чадавхийг хөгжүүлж, бэхжүүлэх;
  • Нийгмийн судалгаа, шинжилгээний салбарт Монгол улсын засгийн газар болон судалгааг захиалагч олон улсын байгууллагууд, компаниуд, ТББ-уудтай харилцаа тогтоох, тогтвортой хамтран ажиллах;
  • Олон нийт, сонирхогчдын хүрээнд байгууллагын имидж, брэндийг үүсгэх стратеги баримталж ажиллах.

Ингээд нийт харилцагч байгууллагууддаа дахин талархал илэрхийлье

"I R I M" судалгааны хүрээлэнгийн хамт олон



Цааш унших...

Thursday, April 2, 2009

Дээд боловсролын дисфункц /Г.Цогтбаатар/


Телевизээр дээд боловсролын асуудлаар хэлэлцүүлэг хийж байна. Сонихолтой сэдэв тул жаахан ажиглалаа. Гэтэл манай нэгэн өндөр албан тушаалтан (нэр ажлыг нь дурьдаад юүгхэв) “... дээд боловсролтой хүний тоо ихэдлээ, дэндлээ л гээд байх юм тэрний муу нь хаана байгаа юм, харин ч бүх хүнээ дээд боловсролтой болгочихвол улс орон хөгжих юм бишүү ... ” гээд л өөртөө их итгэлтэйгээр ярьж байх юм. Аливаа зүйл зохистой хэмжээ, хүрээнд л утга учиртай байдаг нь байгаль болоод хүний нийгмийн хөдлөшгүй хууль бус уу? Тиймээс оюутан байхдаа дээд боловсролын сөрөг функцийн асуудлаар бичиж байсан судалгааны нийтлэлээ блогтоо орууллаа. Тухайн үед дурьдаж байсан тоо баримт нь бага зэрэг хуучирсан боловч агуулга, үзэл санаа нь хуучраагүй тул засвар хийгээгүй юм шүү.

Боловсролын дэд систем ба дисфункц

Нийгэм нь эдийн засаг, улс төр, шашин, гэр бүлэг, боловсролын дэд системүүдээс бүрддэг бөгөөд аль нэг дэд системийн зохистой үүрэг алдагдахад бусад системийн хэвийн байдал алдагдаж нийгэм бүхэлдээ ганхах аюултай.
Тиймээс социологич Р.Мертон өөрийн функционалист онолдоо аливаа дэд системүүд нь ямагт нийгмийн системийн оршин тогтнох хэвийн байдлыг хангах эерэг функцтэй байх албагүйг тэмдэглээд, үүний зэрэгцээ дисфункци буюу сөрөг функцийг хэрэгжүүлдэг тухай өгүүлсэн байдаг.
Боловсрол нь үндсэн систем болохын хувьд бага, дунд, дээд (зөвхөн албан боловсролыг авч үзэв) гэсэн дэд системүүдийн тус бүрийн үүргийн зохистой харьцааны үр дүнд хэвийн оршин тогтнож, нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ.
Иймд дээд боловсролын эерэг функц нь тодорхой хил хязгаарын дотор л хүчин төгөлдөр байх бөгөөд зохистой хэмжээ нь хэтэрсэн тохиолдолд боловсролын зэрэглэл түүний нийгмийн үнэ цэнэ, агуулга алдагдаж зөвхөн хэлбэрийн тал нь голчлон хувалз адил улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хойш татна. Өөрөөр хэлбэл дээд боловсролын эерэг функц нь түүний чанар, зэрэглэлийн үнэ цэнэ бодитоор хангагдаж буй тохиолдолд л илрэх юм. Эсрэг тохиолдол сөрөг функцтэй байх болно.

Дээд боловсролын давуу тал, зэрэглэлийн үнэ цэнэ

Дээд боловсролын чанар, зэрэглэлийн үнэ цэнэ хадгалагдаж буй тохиолдолд дээд боловсролтой иргэдийн ажил эрхлэлт, орлогын түвшин, гэмт хэрэгт холбогдох байдал, наслалт, өвчлөлт зэрэг нь нийгэм дэх боловсролгүй эсвэл бага, дунд боловсролтой хэсгийнхнээс харьцангуйгаар эерэг үзүүлэлттэй байдаг. Энэ нь дээд боловсролын давуу тал юм.
2005-2006 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид дээд мэргэжилээр 138019 оюутан суралцаж байхад, тусгай мэргэжлийн анхан, дунд шатны сургуулиудад дөнгөж 23249 оюутан суралцаж байна. Энэ нь нийт мэргэжлийн боловсрол эзэмшигчдийн дөнгөж 14.4 хувь нь юм. Харин 85.6 хувь нь дээд боловсрол эзэмшихээр суралцаж байна. Герман, Швейцарь зэрэг хөгжингүй улс орнуудад мэргэжлийн боловсролын энэхүү харьцаа нь эсрэгээрээ харгалзаж, боловсролын зэрэглэлийн үнэ цэнэ, цаашлаад боловсролын чанар өндөр байдаг. Энэ утгаараа аливаа улс орны эдийн засагт дээд боловсролтны арми гэхээсээ, сайтар бэлтгэгдсэн ажилчид олон байх шаардлагатай ажээ. Зөвхөн энэ үзүүлэлтээс харахад манай нийгмийн хувьд боловсролын зэрэглэлийн үнэ цэнэ алдагдсан байгаа нь харагдана. Ингээд дээд боловсролын давуу тал, нийгэм дэх эерэг функц алдагдаж дисфункцээ гүйцэтгэх болсоныг ажилгүйдэл, ядуурал, гэмт хэргийн тархалтаар жишээлэн авч үзье.

Дээд боловсрол ба ажилгүйдэл

o 1994-2006 оны хоорондох ажилгүйдлийн динамик үзүүлэлтийг авч үзвэл ажилгүйдлийн түвшин харьцангуй буурсан байгаа ч нийт ажилгүйчүүдэд дээд боловсролтой ажилгүйчүүдийн эзлэх хувийн жин 1.9-11.5 хувь хүртлээ тогтмол өссөн байгаа нь дээд боловсролын давуу тал алдагдаж, жил ирэх тутамд гүнзгийрсээр байгаагийн нэг илрэл гэлтэй.

o Чанаргүй дээд боловсрол нь мөн ажилгүйдлийн төрөл хэлбэрүүдийг бий болгож байдаг. Үүний сонгодог жишээ нь "Цамаан" буюу "Үнэ хүнд"-ийн ажилгүйчүүд юм. Муу ч гэсэн дээд боловсролын дипломтой болоод төгсчихсөн учраас цалин, ажлын орчин нөхцөлийг нь голоод ажилд ордоггүй ажилгүйчүүдийг ингэж нэрлэдэг. 2004 онд Парадигм клубээс авсан судалгаанд *Та яагаад ажилд орохгүй байна вэ?* гэсэн асуултанд нийт судалгаанд оролцогчдын 48 хувь нь тухайн ажлын байрны орчин муу, 39 хувь нь ажлын нэр хүнд муу гэж хариулсан байна.
o Чанаргүй дээд боловсрол нь мөн чанаргүй боловсон хүчнүүдийг гаргаж байгаа билээ. Өдгөө их, дээд сургууль, коллеж төгсөгч 10 хүн тутмын 7 нь шаардлага хангахгүй байна. Төрийн сургуулийн оюутнуудын бодит чадварыг үнэлэхэд дөнгөж 18.8 хувь нь шаардлага хангадаг /өөрийн хийсэн судалгаа/. Ялангуяа багш бэлтгэдэг сургуулиудын хувьд энэ байдал нь зөвхөн боловсролын системдээ л гэхэд ямар их хор хохирол учруулж байгаа бол.

Дээд боловсрол ба ядуурал

o 1995-2004 оны хоорондох ядуурлын үзүүлэлтээс үзвэл ядуучууд дунд дээд боловсролтой хэсгийн эзлэх хувь ялимгүй өссөн үзүүлэлттэй байна. Дээд боловсролын давуу тал буурч байгаа нь илэрхий. Мөн боловсрол нь ядууралд үзүүлэх, нэг талын нөлөөллийн хувьд, ажил эрхлэлтээр дамждаг байж болох талтай. Ядууралд хамгийн жинтэй нөлөөлдөг, хамгийн гол хүчин зүйл нь боловсролоос илүүтэйгээр буюу шууд байдлаар ажилгүйдэл болох тухай урьд өмнө хийгдсэн олон судалгаагаар нотлогдсон.
хххххххххххххххххххххххххххххххххххххххххххх
Дээд боловсрол ба гэмт хэрэг

o Боловсролтой хүний нийгэмд дасан зохицох чадвар сайн байдгаас гадна бусдын хандлагад хариу үйлдэл үзүүлэх, бусдын үзэл бодлыг хүндэтгэн үзэх, биеэ барих чадвар нь сайн хөгжсөн байдгийг судлаачид нэгэнт нотолжээ. 1991-2000 оны хоорондох 4 жилийн гэмт хэрэг гаралтын тоог авч үзвэл түүнд дээд боловсролтой хэсгийн эзлэх хувийн жин 2.1-5.9 хувь болтлоо өссөн байна. Түүнчлэн нийгмийн байдлын /статус/ хувьд дээгүүр хэсгийн гэмт хэрэг үйлдэх тоо хэмжээ ч мөн нэмэгдсэн байгааг харж болно.

O Судлаач Алисон Вулфийн үзэж буйгаар дээд боловсролтнуудын дэндсэн их тоо нь төрийн хүнд суртлын алба, цагаан гартны ажлын төлөө өрсөлдөөнийг тэтгэдэг байна. Олон улсын томоохон судалгаагаар боловсрол, эдийн засгийн өсөлт яагаад урвуу хамааралтай гараад байдагт энэ нь тайлбар болдог байна. Тухайлбал 1970-1998 оны хооронд Египтэд дээд боловсрол эзэмшигчид хоёр дахин нэмэгдсэн бөгөөд энэ зурвас үеийн эхэнд Египт нь дэлхийн 47 дахь ядуу орон байснаа 48-руу оржээ. Сүүлийн жилүүдэд цагаан захтаны хэрэг гэгддэг авилгал, хээл хахуул хүрээгээ өргөжүүлж байгаа нь ч мөн үүнтэй холбоотой юм.


Товчхон дүгнэвэл
O Өнөөгийн монголын боловсролын зэрэглэлийн үнэ цэнэ алга болжээ. Тиймээс дээд боловсролын давуу тал жил ирэх тутам сульдаж байна;
O Дээд боловсролын систем нь нийгэмд дисфункцээ хэрэгжүүлж эхлээд байна. Дээд боловсролын нийгмийн үнэ цэнэ, агуулга алдагдаж зөвхөн хэлбэрийн тал нь голчилж буй нь хувалз адил улс орныг тамирдуулж байна.

Цааш унших...

Sunday, March 22, 2009

Монголын сонгуулийн кампанийн хэв маяг, улс төрийн намуудын сонгуулийн стратеги-сүүлийн хэсэг /Ц.Мөнхцэцэг, Г.Цогтбаатар/


Зургаа. Монголын сонгуулийн кампани дахь модерн хэв шинж

1. Хэвлэл мэдээллийн кампани
Судалгааны дүнгүүдээс үзэхэд улс төрийн намуудын сонгуулийн кампанийн зардал жил ирэх тутам өсч байгаа бөгөөд зардлын үлэмж хэсгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах сурталчилгаа эзэлж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 37.9-д заасны дагуу олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг төлбөртэй явуулах бөгөөд төлбөртэй сурталчилгааны нийт хугацаа тухайн радио, телевизийн нэвтрүүлгийн нийт хугацааны 10 хувиас хэтрэхгүй байх ёстой. Гэвч 2008 оны сонгуулийн кампанийн үеэр зарим телевизүүд өдрийн нэвтрүүлгийн цагийн 30 хүртэлх хувийг зөвхөн сонгуулийн сурталчилгаанд зориулсан явдал гарч байв. Мөн тухайн телевизийн өмчлөгчөөс хамаарч аль нэг намын дагнасан сурталчилгаа явуулах нь түгээмэл байсан. Сонинд тавьсан нийтлэл, сурталчилгаа болон тойрогт зориулан гаргасан ухуулга сурталчилгааны материал, товхимол, тусгайлан гаргасан жижиг сонин гэх мэт уламжлалт сурталчилгааны аргууд Монголын сонгуулиудад түгээмэл хэрэглэгдэж байна. Үүний зэрэгцээ телевизийн тусгайлсан нэвтрүүлэг, сурталчилгаануудыг улс төрийн намууд болон нэр дэвшигчид ихээхэн ашиглах боллоо. Гэхдээ хөдөө орон нутаг болон нийслэл Улаанбаатар хотын тойргуудад хүн амын нягтшил, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүрэлцээ, иргэдийн улс төрийн соёлын түвшин зэргээс хамаарч сонгуулийн кампани ялгаатай байдлаар явагддаг. Орон нутгийн тойргуудад сонгогчидтой хийх нүүр тулсан уулзалт зэрэг уламжлалт аргууд илүү нөлөөтэй бол нийслэл Улаанбаатар хотод хэвлэл мэдээлэлд тулгуурласан кампани илүүтэй хэрэглэгдэж байна. 2008 оны УИХ-ын сонгуулийн кампанийн нэг онцлог бол нэр дэвшигчдийн телевизийн сурталчилгааны гол суваг нь Talk Show болсон явдал байлаа. “Өнөөдрийн зочин”, “Нээлттэй хүн”, “Зочны цаг” гэх мэт уламжлалт хэлэлцүүлэг маягийн ярилцлагын зэрэгцээ “Танайд хоноё”, “Амны хишиг”, “Болзоо” гэх мэт нэвтрүүлгийн бүтэц, уур амьсгал илүү чөлөөтэй, цэнгээнт маягийн элемент агуулсан Talk Show-ууд улс төрчдийн имиж бүрдүүлэх чухал боллоо. Нэр дэвшигчид эдгээр Talk Show-уудад оролцохын тулд 500 мянгаас 1 сая 500 мянга хүртэл төлбөр төлж байв. Мөн энэ удаагийн сонгуулийн хэвлэл мэдээллийн кампанийн нэг онцлог нь улс төрийн намын лидерүүд анх удаагаа телевизээр халз мэтгэлцээн хийсэн явдал байлаа. Сонгуулийн кампанийн үеэр бидний хийсэн судалгаанаас үзэхэд сонгогчдын 59% нь халз мэтгэлцээнийг сурталчилгааны хамгийн хүсүүштэй хэлбэр гэж үзсэн байна. Үүнээс харахад сонгуулийн санал хураалтаас хоёр өдрийн өмнө TV-5-аар явагдсан С.Баяр, Ц.Элбэгдорж нарын, сонгуулийн санал хураалтаас нэг өдрийн өмнө МҮОНТ-ээр явагдсан улс төрийн 11 намын дарга нарын халз мэтгэлцээнийг сонгогчдын дийлэнх үзсэн байж болох юм.

2. Сонгуулийн кампанийн үйл ажиллагаа
Монголын улс төрийн намууд сонгогчидтой уулзалт хийх, сургууль, байгууллагуудаар зочлох зэрэг уламжлалт үйл ажиллагаанаас гадна нийгмийн тодорхой бүлэгт чиглэсэн PR хийх, хэвлэлийн бага хурал, телевизийн кампани явуулах гэх мэтээр модерн маягийн сурталчилгаа нэлээд хийх болсон нь 2008 оны УИХ-ын сонгуулийн кампаниас харагдсан. Тухайлбал, АН Улаанбаатар хотноо дэмжигч сонгогчдын гол бааз суурь болох залуучууд руу чиглэсэн PR-ийн үйл ажиллагаа болох New UB хөдөлгөөн өрнүүлж 18-35 насны бараг бүх сонгогчдод хүрч чадсан юм. Мөн АН-ын телевизийн сурталчилгаа нь нийгмийн бүлгүүдийн онцлогт тохируулахыг оролдсон байлаа.

3. Сонгуулийн кампанийн шинэ технологи
Бараг бүх нэр дэвшигчид ямар нэг байдлаар судлаачид, PR-ийн зөвлөхүүдтэй хамтран ажиллаж сонгуулийн кампанидаа олон нийтийн санаа бодлын судалгааг ашигласан. Нэлээд нэр дэвшигчид, ялангуяа хот суурин газарт сонгуулийн кампанийнхаа явцад хүн амын дунд санал асуулгыг хэд хэдэн удаа явуулж сурталчилгааны ажлын үр дүнгээ хянаж сайжруулах алхам хийж байсан. Нийслэл Улаанбаатарын тойргийн зарим нэр дэвшигчид хэвлэлийн мониторинг, имиж-мейкинг, фокус бүлгийн ярилцлага, интернэт, telemarketing-ийн үйл ажиллагааг мэргэжилтнүүдээр хийлгэж байв. МАХН-ын хувьд ОХУ-аас PR-ийн зөвлөхүүд урьж ажиллуулсан бол АН-ын хувьд АНУ болон ХБНГУ-ын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч байв . 2008 оны сонгуульд урьд өмнөх сонгуулийн кампаниудаас илүүтэйгээр олон нийтийн санаа бодлын судалгаанууд хийгдсэн. Монголд судалгааны хараат бус институт цөөн тул нэр дэвшигчид гол төлөв сонгуулийн штабтаа судлаачдыг ажиллуулж байв. Сонгуулийн кампанийн үеэр санал асуулгуудыг түгээмэл хэрэглэх болсон нь нэг талаас сайшаалтай ч нөгөө талаас сөрөг үзэгдэл бий болгож байна. Нэр дэвшигчид санал асуулгын дүнг өөрт ашигтай байдлаар хуурамчаар хэвлэн нийтлэх болов. Ингэхдээ гол төлөв өөрийн нам, нэр дэвшигчдийн рейтингийг өндөр байгаа мэтээр олон нийтэд танилцуулж байлаа. Сонгуулийн кампанийн үеэр олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд тавих санал асуулганд ямар нэг шалгуур тавьсан эрх зүйн зохицуулалт байхгүй тул хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тараагдсан ихэнх санал асуулга аль нэг нам нэр дэвшигчийн захиалгаар хийгдэж бодит дүнг гажуудуулсан байх нь олонтаа байв.

4. Сөрөг сурталчилгаа
2008 оны УИХ-ын сонгуульд намуудын сөрөг сурталчилгааны гол сэдэв нь авилга, албан тушаалаа урвуулан ашиглах явдал байлаа. Ер нь намуудаас сөрөг сурталчилгааны хувьд МАХН илүү туршлагатай болох нь ажиглагдсан. Сонгуулийн кампанийн сүүлийн 7 хоног бол тэр чигээрээ өрсөлдөгчийг шүүмжлэх, унагаах үйл ажиллагаанд зориулагддаг. Телевизийн нэвтрүүлэг, тусгай сонин, ухуулгын хуудас, айл өрхөөр явж аман ухуулга хийх гэх мэт аргыг сөрөг сурталчилгаанд ашигладаг. Сонгуулийн сурталчилгааны сүүлийн долоо хоногт нэр дэвшигчдийн штабын ажилтнууд тойргийн нутаг дэвсгэрээр шөнөжингөө эргүүл хийх явдал сүүлийн сонгуулиудад ердийн үзэгдэл болов. Өрсөлдөгч намууд сонгогчдод мөнгө, бэлэг сэлт тараахаас сэргийлэх, хэрэв тараавал видео бичлэг хийх, фото зураг авах зэргээр баримтжуулан сонгуулийн хууль зөрчсөн үндэслэлээр сонгуулийн хороонд барьж өгөх, нэр дэвшигчийн эсрэг сөрөг сурталчилгааны материалууд тараахаас хамгаалах зорилгоор нэмэлт хүч дайчлан ийнхүү харуул хяналт хийдэг юм. Сөрөг сурталчилгааны дараах аргууд байна:1. Өрсөлдөгч нэр дэвшигчийн уулзалтад нутгийн оршин суугчдаас бүрдсэн зохион байгуулалттай багийг оролцуулж, уулзалтын үеэр нэр дэвшигчид хандан унагаах асуулт тавиулах, эсвэл согтуу хүмүүсийг оруулж уулзалтын уур амьсгалыг эвдэх2. Өрсөлдөгч нам ба нэр дэвшигчдийн эсрэг иргэдийн янз бүрийн хөдөлгөөн, ТББ-уудыг ашиглах аргыг МАХН удаа дараагийн сонгуульд хэрэглэсэн. Жишээлбэл, 2008 оны сонгуульд МАХН Шударга сонгууль хэмээх ТББ-ыг байгуулан өрсөлдөгч намуудын сурталчилгаанд хяналт тавьж, нэр дэвшигчдийг бүртгүүлэхгүй байх, нэр дэвшигчийн жагсаалтаас хасуулах зорилготой үйл ажиллагаа явуулж байлаа.

Долоо. Монголын сонгуулийн кампани дахь модерн хэв шинжийг Гибсон, Раммелс нарын загвараар тодорхойлох нь

Монголын намуудын сонгуулийн кампани дахь модерн хэв шинжийг Америкийн судлаач Гибсон, Раммелс нарын загвараар коммуникацийн бүтэц, коммуникацийн стратеги гэсэн хоёр үзүүлэлтээр гаргах боломжтой юм. Ингэхдээ дараах шалгуур үзүүлэлтүүдээр авч үзнэ.
I. Коммуникацийн хэв маяг
1. Campaign budjet-н хэмжээ;
2. Штабын ажилтнуудын тоо;
3. Кампанийг эрхлэн явуулагч байгууллагын төвлөрлийн хэмжээ;
4. Сурталчилгаа, Хэвлэл мэдээлэл, ОНСБ-ын судалгаа, Интернэт кампани зэрэг Сонгуульд зориулагдсан тусгай байгууллага, агент, зөвлөхүүд;
5. Дотоод соммunication structure- Намын дотоодод Intranet, ажилтнуудын өөр хоорондоо харилцах хэв маяг, мессеж, утас майл гэх мэт;
6. Эргэх холбооны хэв маяг-Сонгуулийн сурталчилгаанд ОНСБ-ын судалгаа, үр дүнг ашиглах тусгах байдал;
7. Өрсөлдөгчийг ажиглах чадвар: Өрсөлдөгчийг судлах тусгай бүтэцтэй эсэх. SPD-д 2005 оны Бундестагийн сонгуульд өрсөлдөгчийг судлах хэлтэс байгуулагдсан, харин CDU-д ийм зорилго бүхий Медиа ажиглалтын хэлтэс байгуулагдсан юм.
8. Кампанийн үргэлжлэх хугацаа: Кампанийг бэлтгэх, төлөвлөх, хэрэгжүүлэх хугацаа.

II. Коммуникацийн стратеги
1. Зорилтот бүлэгт чиглэх үйл ажиллагаа буюу залуучууд, анх удаа сонгуульд оролцогчид, өндөр настнууд гэх мэт нийгмийн бүлгүүд рүү ялгаатайгаар сурталчилгаа явуулж буй эсэх;
a. Тодорхой зорилтот бүлэг байхгүй - 0 оноо
b. 1-2 зорилтот бүлэгтэй -1 оноо
c. 3-4 зорилтот бүлэгтэй - 2 оноо
d. 5 ба түүнээс дээш бүлэгтэй - 3 оноо
2. Зорилтот бүлгүүд рүү чиглэсэн коммуникаци (Narrowcasting-activity) буюу нийгмийн ялгаатай бүлгүүдийг сонгон авч тэдэнтэй харилцаа тогтоох гэсэн үйл ажиллагаанууд. Үүнд:
a. Шууд майл явуулах
b. Telemarketing: Telefon, Email, SMS/MMSc. Айлуудын гэрээр орох
d. Мэдээллийн цаг, баяр, тэмдэглэлт өдрүүд
3. Төлбөрт мэдээллийн хэрэгслийг ашиглах байдал (paid media) буюу сурталчилгааны төлбөртэй сувгуудыг хэрэглэх явдал. Үүнд:
a. Телевизийн сурталчилгаа
b. Кинон дахь намын сурталчилгаа
c. Радио дахь сурталчилгаа
d. Плакат хэлбэрийн сурталчилгаа
e. Сонин сэтгүүл дэх сурталчилгаа
4. Төлбөргүй мэдээллийн хэрэгслийг ашиглах байдал (free media) буюу сурталчилгаанд ямар нэгэн үнэ хөлс төлөхгүйгээр ашигласан мэдээллийн хэрэгслүүд. Үүнд:
a. Үндэсний хэмжээний сонин сэтгүүлүүд
b. Шар сонингууд
c. Орон нутгийн хэвлэлүүд
d. Радио
e. Интернэт
f. Телевиз
5. Talk show-г сурталчилгаанд ашиглах байдал (Level of talkshow coverage) буюу сонгуулийн сурталчилгааны үеэр намын лидерүүд болон бусад нэр дэвшигчид улс төрийн ба бусад Talk show-уудад оролцох давтамж
6. Үйл явдлын ба Newsmanagement-н чадвар буюу сонгуулийн кампанийн үеэр зохион байгуулсан мэдээллийн гол үйл ажиллагаанууд
a. Мэдээллийн тодорхой ү/а байгаагүй - 0 оноо
b. Хааяадаа л мэдээллийн тодорхой ү/а явуулж байсан -1 оноо
c. Байнга мэдээллийн ү/а явуулж байсан -2 оноо
7. Хувь хүний хүчин зүйлийн нөлөө (Personalization level) буюу намын гол лидерүүдийн сонгуулийн ялалтанд гүйцэтгэсэн үүрэг.
a. Асуудалд чиглэсэн кампани - 0
b. Асуудал ба нэр дэвшигчид тулгуурласан - 1
c. Нэр дэвшигчид тулгуурласан кампани - 2
8. Нэр дэвшигчдийн хувийн шинж чанарын нөлөө (Privatization level). Буюу нэр дэвшигчийн хувийн шинж чанар, гэр бүл гэх улс төрийн бус шинж чанар кампанид хэрхэн нөлөөлснийг хэлнэ.
a. Хувийн шинж огт нөлөөлөөгүй - 0 оноо
b. Хааяадаа л хувийн шинж нөлөөтэй байсан -1 оноо
c. Хувийн шинж хүчтэй байсан -2 оноо
d. Хувийн шинж зонхилох нөлөөтэй байсан - 3 оноо
9. Сөрөг сурталчилгаа буюу өрсөлдөгч намын мөрийн хөтөлбөр, бодлого гэхээс илүүтэй нэр дэвшигч рүү нь дайралт хийх сурталчилгаа.
a. Сөрөг сурталчилгаа хийгээгүй -0 оноо
b. Хааяадаа сөрөг сурталчилгаа хийсэн -1 оноо
c. Байнга сөрөг сурталчилгаа явуулсан - 2 оноо
Эдгээр үзүүлэлтээр Монголын улс төрийн намуудын коммуникацийн бүтцийг харьцуулж үзье.

Монголд улс төрийн намууд нэгдсэн удирдлага, эргэх холбоотойгоор сонгуульд оролцох нь ховор байна. 2008 оны сонгуульд зөвхөн МАХН л нэгдсэн удирдлагаар, бусад намуудын нэр дэвшигч бүр тусдаа кампани явуулсан юм. Намын санхүүгийн бааз сул тул нэр дэвшигч бүр өөрийн бэл бэнчингийн хэмжээгээр кампани явууллаа.

Хэвлэл мэдээллийг ашиглах байдал намуудад ихээхэн ялгаатай байлаа. Төрийн захиргааны бүх шатанд өөрийн боловсон хүчин олонтойн хувьд МАХН төрийн үйл ажиллагаа нэрийдлээр төлбөргүйгээр мэдээллийн хэрэгслийг ашиглах байдлаараа илт давуу байсан юм. Харин АН-ын нэр дэвшигчдийн хувьд TV реклам, клип, Talk show, тойрогт хийж буй үйл ажиллагааны талаарх мэдээлэл гэх мэтээр бүх төрлийн төлбөрт сурталчилгааны хувьд илүү байлаа.
2008 оны сонгуульд бусад намуудтай харьцуулахад МАХН хувь хүнд тулгуурласан (personalization) сурталчилгаа илүү хийсэн. Тухайн үед олны дунд нэр хүндтэй байсан ерөнхий сайд С.Баярын нэр хүндэд тулгуурлан сурталчилгаа явуулсан юм. Жишээлбэл, МАХН-аас сонгогчдод хандсан гол уриа нь “Баярын багийг дэмжье” байлаа. Мөн ерөнхий сайд С.Баяр өөрийн намын бүхий л нэр дэвшигчийн сонгогчидтой хийх уулзалтад оролцож тухайн нэр дэвшигчийг дэмжихийг сонгогчдод уриалж байлаа.

Улс төрийн намуудын коммуникацийн модернизацийн дундаж үзүүлэлт 32% байгаагаас үзэхэд Монголын сонгуулийн кампани модерн бус гэж үзэж болохоор байна.

Модерн болон уламжлалт хэв шинжийн харьцуулсан үзүүлэлээс үзэхэд намуудын сонгуулийн кампанид уламжлалт хэв маяг харьцангуй давамгайлдаг байна. Ялангуяа МАХН-ын хувьд уламжлалт хэв маяг илт давамгайлдаг аж. АН уламжлалт ба модерн хэв маягийг аль алиныг хослуулдаг нь харагдаж байгаа ба бусад намуудтай харьцуулбал сонгуулийн кампанидаа модерн хэв шинжийг илүү нэвтрүүлжээ. Харин бусад намуудын сонгуулийн компанид модерн, уламжлалт хэв шинжүүд МАХН, АН-тай харьцуулбал тун бага байгаа нь харагдаж байна. Ерөнхийд нь үзвэл Монголын сонгуулийн кампанийг модерн хэв маягийг агуулсан уламжлалт кампани гэж тодорхойлж болохоор байгаа юм.

Найм. Товч дүгнэвэл
1. Монголын сонгуулийн кампаниудад уламжлалт хэв шинж 32 хувь, модерн хэв шинж 66 хувь илэрч байгаа нь Монголын сонгуулийн кампанийг модерн хэв маягийг агуулсан уламжлалт кампани гэж тодорхойлж болохоор байна.
2. МАХН-ын хувьд уламжлалт хэв маяг илт давамгайлдаг бол АН уламжлалт ба модерн хэв маягийг хослуулдаг бөгөөд бусад намуудтай харьцуулбал сонгуулийн кампанидаа модерн хэв шинжийг илүү нэвтрүүлжээ. Харин бусад намуудын сонгуулийн компанид модерн, уламжлалт хэв шинжүүд аль аль нь бага байгаас үзвэл энэ талаар төдийлөн мэргэшээгүйг харуулна.
3. Монголын сонгуулийн кампанид уламжлалт хэв маяг давамгайлхад хот, хөдөөгийн ялгаа; нэг намын тогтолцооны өв; хуучны коммунис дэглэмийн өв уламжлал; үндэсний соёл уламжлал (төрийг дээдлэх үзэл, нутгархах үзэл, хамаатан садны хэлхээ холбоо, үндэсэрхэг үзэл, шашин) зэрэг хүчин зүйл голлох нөлөөтэй байна.

Цааш унших...

Monday, March 16, 2009

Монголын сонгуулийн кампанийн хэв маяг, улс төрийн намуудын сонгуулийн стратеги-I хэсэг /Ц.Мөнхцэцэг, Г.Цогтбаатар/


Нэг. Удиртгал

Дарангуйллаас ардчилалд шилжилт хийж буй орнуудын улс төрийн тогтолцооны нэгэн чухал үйл явц бол сонгууль юм. Коммунист дэглэмээс ардчилалд шилжих үйл явц эхэлснээс хойш 18 жил болж буй манай улсад парламентын тав, орон нутгийн тав, ерөнхийлөгчийн дөрвөн удаагийн сонгууль болж өнгөрчээ. Өнгөрсөн сонгуулиудын явцаас харахад сонгуулийн кампанийн үеэр сонгогчдыг мөнгөөр худалдан авах, төрийн алба, төрийн албан хаагчдыг ашиглах, сонгогчдын өгсөн саналыг будлиантуулах гэх мэт хууль зөрчсөн үйлдэл удаа дараа гарах болсноос олон нийтийн дунд сонгуульд үл итгэх байдал газар авч нийт иргэдийн дунд ардчилсан сонгуулийн талаарх эерэг үнэлэлт буурч байна. Сонгуульд оролцох иргэдийн оролцоо жил ирэх тутам буурсаар 2008 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд хамгийн бага түвшинд хүрлээ. 2008 оны 6 сарын 29-нд болсон парламентын ээлжит сонгуулийн үр дүн будлиантай болсны улмаас үүссэн 2008 оны 7 сарын 1-ний үймээн нь дарангуйлагч дэглэмээс ардчилалд тайван замаар амжилттай шилжилт хийсэн Азийн цорын ганц улс гэгдэх Монголын түүхэнд гарч байгаагүй хар үйл явдал болсон юм. 7 сарын 1-ний үйл явдал нь Монголын өнөөгийн сонгуулиуд хэрхэн явагдаж байна вэ, Монголын ардчиллын цаашдын чиг хандлагад сонгуулийн үйл явц хэрхэн нөлөөлөх вэ, сонгуулийг хэрхэн ардчиллын хэм хэмжээ, стандартын дагуу явуулах вэ гэх мэт олон асуултыг эргэн харахад хүргэж байна. Сонгуулийн үйл явцыг судлах нь нэгэн зэрэг улс төрийн намуудын төлөвшил, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон түмний улс төрийн боловсрол, иргэний соёл зэрэг аливаа улсын ардчиллын гол үзүүлэлтүүдийг илрүүлэх боломжтой болдог тул судалгааны болон практикийн ихээхэн ач холбогдолтой билээ. Монголд сонгуулийн систем, сонгуулийн эрх зүйн орчин, сонгогчдын зан үйлийн талаар судалгаа нэлээд хийгдсэн байдаг боловч сонгуулийн кампанийн хэв маяг, улс төрийн намуудын сонгуулийн стратеги, үйл ажиллагааны талаар судалгаа хийгдээгүй байгаа юм. Тийм учраас энэхүү өгүүлэлд Монголын сонгуулийн кампанийн хэв маяг, улс төрийн намуудын сонгуулийн стратегийг 2008 оны парламентын сонгуулийн жишээн дээр авч үзлээ. Монголын улс төрийн намуудын сонгуулийн кампанийн хэв маягийг тодорхойлохдоо 2008 оны УИХ-ын сонгуулийн кампанийн үеэр хийсэн тоон болон чанарын судалгааны үр дүнд тулгуурлан АНУ, ХБНГУ-ын судлаачдын судалгааны арга зүйг ашигласан болно.

Хоёр. Сонгуулийн кампанийн хэв маягийн талаарх судалгааны загвар

Өрнөдийн ардчилал дахь сонгуулийн кампанийн хэв маягийг Америкийн судлаач П.Норрис түүхэн хандлагаар уламжлалт буюу модернжихоос өмнөх, модерн, пост-модерн гэж ангилан үзсэн нь сонгуулийн кампанийн судалгааны үндсэн загвар болдог юм. П.Норрис сонгуулийн кампанийн хэв маягийг гаргахдаа дараах шалгууруудаар авч үзсэн. Үүнд:
1. Сонгуулийн кампанийг эрхлэн явуулах байгууллага
2. Сонгуулийн кампанийн бэлтгэл үе шат
3. Төвлөрсөн зохицуулалт
4. Сонгогчидтой хийх харилцаа
5. Сонгуулийн коммуникацийн арга хэрэгсэл
6. Сонгуулийн кампанийн үеэрх үйл ажиллагаа
7. Сонгуулийн кампанийн зардал
Эдгээр шалгуураар П.Норрис Өрнөдийн сонгуулийн кампанийг дараах хэв маягуудад ангилсан. Үүнд:
1. Уламжлалт кампани. ХIХ зууны дунд үеэс ХХ зуун дунд үе хүртэлх Өрнөдийн улсуудын сонгуулийн кампани энэхүү хэв маягт хамаарагдана. Энэ үеийн сонгуулийн кампанид орон нутгийн намын байгууллага голлох үүрэгтэй оролцдог байна. Сонгуулийн кампанийн сонгогчидтой харилцах үйл ажиллагаанд нэр дэвшигчтэй хийх уулзалт онцгой нөлөөтэй байх бөгөөд аман ухуулга, сонин, плакат, танилцуулга гэх мэт хэвлэмэл материал сурталчилгааны гол суваг болдог юм. Мөн энэ үеийн сонгуулийн кампанид үйлдвэрчний эвлэл гэх мэт олон нийтийн байгууллагууд улс төрийн нам ба сонгогчдыг холбох гүүр болон оролцдог. Уламжлалт хэв маягийн сонгуулийн кампанийн дараагийн нэг онцлог нь сонгогчдын зан үйлд анги, бүлэг, хөрөнгө чинээ гэх мэт нийгмийн давхраажилтын ялгаа хүчтэй нөлөөлдөг явдал юм.
2. Модерн кампани. Энэ үеийн гол онцлог нь сонгуулийн кампанийг эрхлэн явуулахад намын төв байгууллага, лидерүүд голлох үүрэгтэй оролцохын зэрэгцээ улс төрийн зөвлөх, мэргэжилтнүүдийн туслалцаа зөвлөмжийг өргөн хэрэглэх болсон явдал юм. Сонгогчдын санаа бодлын судалгааг тогтмол хийж үр дүнг сонгуулийн кампанийн стратеги, сурталчилгаанд ашиглана. 1950-аад оноос сонгуулийн кампанид телевизийг хэрэглэх болсноор сурталчилгааны сувгийн хувьд ихээхэн дэвшил гарлаа. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ажилладаг тусгай мэргэжилтнүүд болох spin doctor-ууд улс төрчдийн зүгээс олон нийт болон телевиз, сонингуудтай харилцах үйл ажиллагааг удирдан чиглүүлэх болов. Ингэснээр сонгуулийн кампанийн зардлын бүтцэд өөрчлөлт гарч сонгогчидтой хийх нүүр тулсан уулзалтаас илүүтэй их хөрөнгийг хэвлэл мэдээлэлд зарцуулах болжээ.
3. Пост-модерн кампани. 1990-ээд оноос сонгуулийн кампанийн бүхий л үйл ажиллагаанд судлаачид, PR-ийн зөвлөх, spin doctor, имиж мейкерүүд зэрэг мэргэжилтнүүдийн үүрэг нөлөө нэмэгдсэн бөгөөд сонгуулийг эрхлэн явуулах нь өндөр түвшний мэргэшсэн үйл ажиллагаа болж хувирсан учраас энэ үеийн сонгуулийн кампанийг пост-модерн буюу мэргэжлийн кампани гэж нэрлэх болсон юм. Сонгогчидтой тогтоох харилцаа, холбоонд Е-майл, теле-маркетинг зэрэг шинэ технологиудыг ашиглах болсон юм. Нийт сонгогчдын дунд сурталчилгаа хийж байсан уламжлалт аргууд үеэ өнгөрөөж тодорхой зорилтот бүлгүүд рүү чиглэсэн өвөрмөц мессеж, тактикуудыг хэрэглэх боллоо. Сурталчилгааны арга хэлбэр, сувгууд өмнөхтэй харьцуулбал илүү хялбар, энгийн, цэнгээнт өнгө аяс бүхий болж хувирчээ. Ийнхүү сонгуулийн кампанийн хэв маяг өөрчлөгдөх болсон нь нийгэм, сэтгэл зүйн учир шалтгаантай юм. Хүмүүс улс төрийн үйл явцаас хөндийрч, улс төрийн намуудын тогтвортой дэмжигчид буурах явдал газар авсаар байгаа аж. Тийм учраас сонгуулийн сурталчилгааг хүмүүст хүргэдэг гол суваг болох телевизийн нэвтрүүлгийг өөрчлөх шаардлагатай болсон байна. Өрнөдөд хийгдсэн цуврал судалгаануудаас үзэхэд жил ирэх тутам хүмүүс зузаан зузаан ном унших нь цөөрч, нийгэм улс төрийн асуудал хөндсөн удаан цагаар үргэлжлэх нэвтрүүлгийг үзэх нь багасч, аль болох хөнгөн, шуурхай, хурц жанр бүхий мэдээлэл нэвтрүүлэгт татагдах болсон байна. Тийм учраас хүмүүс төдий л сонирхдоггүй улс төрийн асуудлуудыг хөнгөн хэлбэрээр олон нийтэд хүргэх арга хэрэгсэл нь цэнгээнт өнгө аяс бүхий ярилцлагын төрлийн нэвтрүүлгүүд болжээ. Сонгуулийн кампани, улс төрчдийн имиж бүрдүүлэх үйл ажиллагаанд телевизийн цэнгээнт нэвтрүүлэг, улс төрийн Таlk show голлох үүрэгтэй болсон юм. Ийнхүү Өрнөдийн улсуудын өнөөгийн сонгуулийн кампани нь шинэ техник технологид суурилсан, өндөр өртөг зардалтай үйл ажиллагаа болсон байна.

Гурав. Монголын сонгуулийн кампанийн ерөнхий онцлог

Монголын улс төрийн намуудын сонгуулийн кампанийн стратегийг П.Норрисийн загвараар авч үзэхэд ерөнхийдөө уламжлалт ба модерн хэв маягийг хослуулсан холимог шинжтэй гэж үзэж болохоор байна. Монголын сонгуулийн кампанид уламжлалт ба модерн шинжүүд хослон оршдог нь дараах учир шалтгаантай юм.
1. Хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа. Хүн амын нягтшил, Хэвлэл мэдээллийн хүртээмж, соёл, амьдралын хэв маяг зэрэг олон үзүүлэлтүүдээр хотын ба хөдөөгийн иргэдийн дунд ялгаа байгаа юм. Нийгэм, соёлын энэхүү ялгаа нь сонгогчдын улс төрийн зан үйлд илэрч намыг дэмжих байдалд нөлөөлдөг тул сонгуулийн кампанийн үеэр улс төрийн намууд хот, хөдөөгийн тойргуудад ялгаатай сурталчилгаа хийдэг юм. Тухайлбал, хөдөөд сонгогчидтой хийх уулзалт, айл гэрээр орох зэрэг аргууд түгээмэл байдаг бол хотын тойргууд дээр хэвлэл мэдээлэлд тулгуурласан кампани илүү үр дүнтэй байдаг.
2. Нэг намын тогтолцооны өв. Зүүн Европын Польш, Чех, Унгар зэрэг посткоммунист орнууд дарангуйллаас ардчилалд хийх шилжилтийг эхлүүлэхдээ хуучны эрх баригч коммунист намуудаа татан буулгаж улс төрийн шинэ намууд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол Монголд эрх баригч МАХН-ыг татан буулгаагүй юм. Тийм учраас Монголын ардчилсан хувьсгалын үеэр үүссэн шинэ намууд улс төрийн тогтолцоонд эзлэх байр суурь, хөрөнгө санхүү, гишүүнчлэлийн хувьд ex-communist намтай харьцуулахад гарааны тэгш бус байдалтай байв. Гарааны энэхүү давуу байдал нь МАХН-ын сонгуулийн кампанид илэрдэг юм. Тухайлбал, орон нутгийн бүхий л удирдах байгууллагад МАХН-ын боловсон хүчин 90 орчим хувийг эзэлдэг нь парламентын сонгуулийн кампанид мөн л давуу байдал олгож байна . Бусад намуудын хувьд МАХН-тай харьцуулахад сул талаа даван туулахын тулд орчин үеийн сонгуулийн техник технологи, судалгаа зэргийг сонгуулийн кампанидаа түлхүү ашиглахыг оролдож байгаа юм.
3. Хуучны коммунист дэглэмийн өв уламжлал. Улс төрийн намуудад хуучны коммунист дэглэмээс үлдсэн арга барил, суртал ухуулгын нөлөө хэвээр байсаар байна. Монголын намууд зүүний хэв маягийн массын гишүүнчлэлтэй юм. Намууд сонгуулийн кампанидаа залуучууд, эмэгтэйчүүд, үйлдвэрчний эвлэл, ТББ-ууд гэх мэт уламжлалт сонирхлын бүлгүүдийг ихээхэн ашигладаг нь өмнөх нийгмийн бүхнийг манлайлагч, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч намын дүр төрхийг санагдуулдаг. Ялангуяа нийгмийн бүхий л давхаргыг хамран зохион байгуулагддаг коммунист намын уламжлалт хэв маяг МАХН-д хамгийн хүчтэй илэрдэг. 2007 оны байдлаар 161300 гишүүнтэй байгаа нь нийт сонгогчдын 14.3% болж байна. 1990 оны хувьсгалаар шинээр үүссэн АН мөн л массын нам бөгөөд 2007 оны байдлаар 150000 гишүүнтэй байгаа нь сонгогчдын 13.3% болж байгаа юм. Ийнхүү улс төрийн хоёр гол нам гишүүнчлэлийн хувьд ойролцоо боловч улс орны хэмжээн дэх бүтэц, зохион байгуулалтын хувьд ихээхэн ялгаатай. Тухайлбал, МАХН коммунизмын үеэс улбаатай төрийн хөрөнгөөр бүрдсэн санхүүгийн өндөр чадавхи нөөц, төрийн бүх шатны аппаратад ажилладаг олон арван боловсон хүчин зэргээрээ бусад намуудтай харьцуулахад гарааны давуу байдалтай юм. Мөн уг нам сонгуулийн кампанидаа сайн дураар ажиллах үй олон гишүүдээ ашиглан айл өрх бүрт эерэг, сөрөг суртал ухуулга хийх аргыг түлхүү ашигладгаараа бусад намуудаас ялгаатай.
4. Үндэсний соёл, уламжлал. Монгол улс Өрнийн соёлын загвар бүхий суурьшмал амьдралд шилжээд нэгэн зууны нүүрийг үзэж буй хэдий ч амьдралын хэв маяг, олон нийтийн үнэлэмж, хандлагад уламжлалт буюу модерн бус нийгмийн шинж ажиглагдсаар байгаа юм. Зүүн Азийн Барометр төслийн эхний шатны судалгааны дүнгээс үзэхэд Хонконг, Өмнөд Солонгос, Хятад, Филиппин, Тайвань, Тайланд, Монгол гэсэн найман улсаас манай олон нийтийн дунд төрийг дээдлэх, ах дүү, танил талын холбоог илүүд үзэх зэрэг уламжлалт хандлага хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Эдгээр найман улсын уламжлалт үзлийн дундаж 49.03% байгаа бол Монгол улсын хувьд энэхүү үзүүлэлт 59.78 байгаа юм. (Улс төрийн боловсролын академи, 2005). Хүмүүсийн дунд он удаан жилийн турш тогтож ирсэн үнэт зүйл, уламжлалт соёл, шашны зан үйл, үндэсний үзэл зэрэг нь шилжилтийн нөхцөлд улс төрийн үйл явц, сонгогчдын зан үйлд хүчтэй нөлөөлдөг нь Монголын сонгуулийн үйл явцаас харагдаж байдаг.

Дөрөв. Монголын сонгуулийн кампанийн уламжлалт хэв маягийн үзүүлэлтүүд

Монголын сонгуулийн кампанийн уламжлалт хэв шинжийг дараах индикаторуудаар авч үзье.

1. Сонгуулийн кампанийг эрхлэн явуулах байгууллага
Сонгуулийн кампанийн модерн юмуу постмодерн хэв маягийн үед улс төрийн намуудад сонгуулийн кампанийг үндэсний хэмжээнд явуулах үүрэг бүхий тусгай байгууллага байдаг бол Монголд орон нутгийн намын байгууллага юмуу эсвэл нэр дэвшигчийн штаб голлох үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл ихэнх намууд сонгуулийн кампанид нэгдмэл зохион байгуулалт, стратегитай оролцдоггүй, нэр дэвшигчид тухайн тойрог дэх хуучны туршлага, танил хүмүүсийн дэмжлэг зэрэгт үндэслэн сонгуулийн кампаниа явуулах нь түгээмэл юм. Гэхдээ сонгуулийн кампани дахь төвлөрсөн удирдлага нам тус бүр дээр ялгаатай байгаа юм. 2008 оны сонгуулийн кампаниас харахад МАХН-тай харьцуулахад АН-ын сонгуулийн кампани илүү төвлөрсөн бус байлаа. АН-ын сонгуулийн ерөнхий штабаас боловсруулсан мөрийн хөтөлбөр, TV сурталчилгааг эс тооцвол бүх нэр дэвшигчид кампаниа намаас ямар нэгэн удирдамж авалгүй өөрсдөө явуулсан юм. Харин МАХН-ын хувьд сонгуулийн төв штаб мөрийн хөтөлбөр, телевизийн сурталчилгаанаас гадна сөрөг сурталчилгааг нэгдсэн байдлаар явуулж байснаараа АН-аас ялгаатай байв. Гэхдээ МАХН-ын сонгуулийн кампанийг бүхэлд нь үзвэл орон нутгийн байгууллага ба нэр дэвшигчид голлох үүрэгтэй байв.

2. Сонгуулийн кампанийн бэлтгэл үе
Монголын намуудын ээлжит сонгуульд бэлтгэх үйл явц парламентад суудалтай эсэх, санхүүгийн чадавхи зэргээс хамааран харилцан адилгүй явагдаж байна. Парламентад суудалтай намуудын парламентын гишүүд тойрогтоо ажиллах нэрийдлээр ирэх сонгуулийн бэлтгэлийг сонгуульт бүхий л хугацаандаа хийдэг. Ингэхдээ сонгогчдын дунд нэр хүндээ бэхжүүлэх зорилгоор төрөл бүрийн буяны үйл ажиллагаа явуулна. Харин парламентад суудалгүй намуудын хувьд сонгуулийн кампанийн бэлтгэл ажил үндсэндээ сонгуулийн өмнөх богино хугацаанд л явагддаг. Бусад үед эдгээр намууд улс төрийн үйл ажиллагааны хувьд “зогсонги байдалд” байдаг юм. Монголын сонгуулийн кампанийн бэлтгэл үе шатанд Өрнөдийн улсуудаас ялгаатай өвөрмөц онцлог байдгийн нэг нь сонгууль болохоос 2-3 сарын өмнөөс ирэх сонгуульд нэр дэвшигчид телевиз, ТББ-ууд, PR-ийн байгууллагуудад захиалга өгч шилдэг улс төрчийн санал асуулга, шалгаруултанд өөрийн нэрийг оролцуулах явдал юм. Ингэхдээ тухайн улс төрч шалгаруулт явуулж буй байгууллагад тодорхой хэмжээний (бидний олж авсан мэдээллээр 1 саяас 3 сая хүртэл төгрөг) төлбөр төлж “шилдэг улс төрч”-дийн жагсаалтад багтдаг байна. Уг нь энд шалгарсан хүмүүсийн ихэнх нь мөнгөөр орж ирсэн гэдэг нь илэрхий юм. Гэтэл иймэрхүү “шоу” бас ч нэлээдгүй сонгогчдыг татдаг байна. Жишээлбэл, 2004 оны сонгуулийн өмнөхөн шилдэг улстөрчдийн нэгэн шалгаруулалтанд дархан аварга Б.Бат-Эрдэнийн нэр багтсан байв. Тэрбээр урьд өмнө улс төрийн ямар нэг үйл ажиллагаа явуулж байгаагүй тул ийнхүү шилдэг улс төрчийн жагсаалтанд багтсан явдалд олон хүн гайхаж байсан билээ. Харин УИХ-ын сонгуулиар өөрийн төрсөн нутгаас сонгогдон гарч ирсэн юм. 2008 оны сонгуулийн өмнө яг ийм явдал болж Японы сумод амжилттай барилдаж нэрд гарсан сумоч Күкшүзан Батбаяр нэгэн шалгаруултад шилдэг залуу улс төрчөөр шалгарсан бөгөөд сонгуулиар мөн л парламентад сонгогдож чадсан билээ.

3. Сонгогчидтой хийх харилцаа холбоо
Манай улс төрийн намуудын зүгээс сонгуулийн кампанийн үеэд сонгогчидтой хийх харилцаа холбоо нь нэлээд олон янзын сувгаас бүрдэж байна. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг арга бол орон нутгийн хүмүүстэй уулзалт хийх, тойрог дахь үйлдвэр, сургуулиудаар зочлох зэрэг уламжлалт үйл ажиллагаа юм. Намын идэвхтэй гишүүд, партизануудыг ашиглан өрх бүр, хүн бүрт ухуулан ятгах үйл ажиллагаанд МАХН хэзээний туршлагатай. Мөн 10-тын систем гэх мэтээр сүлжээний маягаар дэмжигчдийн хүрээг өргөтгөх тактикийг намууд хэрэглэх болов. 2008 оны сонгуулийн үеэр бидний хийсэн судалгаагаар Улаанбаатарын тойргуудад нутгийн нэр хүндтэй ахмадууд болон өрхийн эмч, багш нар, орон сууц өмчлөгчдийн холбооны дарга гэх мэт хүмүүсийг тодорхой цалин хөлстэйгээр ажиллуулан айл өрхөөр ухуулга хийлгэх нь түгээмэл ажиглагдсан. Нэг жишээ дурьдахад Сонгинохайрхан дүүргийн нийт 25 өрхийн эмнэлгийн эмч, сувилагчид засаг дарга Найдан тэргүүтэй тус дүүрэгт МАХН-аас нэр дэвшигч 4 хүний төлөө ажилласан юм. Өрхийн эмч бүр нэг хорооны иргэдийг үздэг тул бүх иргэдийн бүртгэл байдаг. Эмч, сувилагч бүр тодорхой тооны иргэний нэр, хаяг, регистрийн дугаарыг дүүргийн засаг даргад гаргаж өгч хүн тус бүр 30 мянган төгрөгний урамшуулал авсан байна.Иргэдийн бүлэг, холбоо гэх мэт уламжлалт intermediary organizations ашиглах явдал Монголын сонгуулийн кампанид хүчтэй байна. Нэр дэвшигчийг дэмжих хөдөлгөөн, бүлгүүд олноор үйл ажиллагаа явуулсан. 2008 оны сонгуульд бараг бүх нэр дэвшигчид өөрийн байгуулсан хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг ТББ юмуу санг сурталчилгаандаа ашигласан. Энэ нь дараах учир шалтгаантай. Нэгд, сонгогчдын нэлээд хэсэг нь нэр дэвшигчдийн зүгээс мөнгө тараах, бэлэг гардуулах зэрэгт талархалтай ханддаг . Гэтэл сонгуулийн хуулиар нэр дэвшигч сонгогчдыг худалдан авах аливаа үйл ажиллагааг хориглосон тул өөрийг нь төлөөлсөн ТББ, сайн үйлсийн төлөөх сан гэх мэт байгууллагуудаар дамжуулан сонгогчдод тусламж үзүүлэх, сургалт явуулах, тойргийн сургууль цэцэрлэгт техник хэрэгслийн талаар хандив үзүүлэх гэх мэтээр сурталчилгаа явуулсан билээ. Хоёрт, сурталчилгааны хугацаа богиноссон тул нэр дэвшигч сонгогчдод өөрийгөө таниулахын тулд ТББ, сангуудаар дамжуулан далд байдлаар сурталчилгаа явуулсан.

4. Сонгуулийн кампанийн зардал
Монголын улс төрийн намуудын сонгуулийн кампанийн зардал жил ирэх тутам өсч байгаа. Зардлын үлэмж хэсгийг нь сонгогчидтой хийх нүүр тулсан уулзалт, арга хэмжээ болон телевиз, сонинд тавих сурталчилгаанд зарцуулагддаг. Гэхдээ улс төрийн нам, нэр дэвшигчдийн сонгуулийн кампанийн санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалтанд тавих хяналтын механизм хангалтгүй байгаа тул зардлын зарцуулалтыг тодорхой гаргах боломжгүй байна. УИХ-ын 2008 оны сонгуулийн үйл явцаас харахад нэр дэвшигчид сонгогчдын саналыг мөнгөөр худалдан авахын тулд ихээхэн мөнгө зарсан гэх үндэслэл байна. Хөгжлийн ялгаанаас хамаарч хот, хөдөөгийн тойргууд дахь сонгуулийн зардал өөр өөр байдаг. Хөдөөгийн тойргуудад зардлын үлэмж хэсэг нь сум, багаар зочлох, сонгогчдод бэлэг гардуулах, нүүр тулсан уулзалт хийх зэрэгт зарцуулагддаг бол хотын тойргуудад зардлын цөм нь хэвлэл мэдээллийн сурталчилгаанд чиглэдэг. Гэхдээ нийслэл Улаанбаатарын хувьд хотын төвийн хороод болон захын хороодын айл өрхийн амьжиргаа, санал өгөх байдал ялгаатай байдгаас гэр хороололд өрсөлдөж буй нэр дэвшигчид сонгогчдын саналыг мөнгөөр худалдан авахад нэлээд мөнгө зарцуулдаг байна.Харин орон нутгийн сонгуулийн үеэр зарим нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааг явуулалгүй, харин тойргийн болон хэсгийн хорооны гишүүдийг мөнгөөр худалдан авахад л голчлон мөнгө зарцуулсан явдал нэлээдгүй гарсан билээ. Ерөнхийд нь үзвэл манай намуудын сонгуулийн кампанийг зардлын хувьд уламжлалт хэв маяг давамгайлсан гэж үзэж болохоор байна. Модерн юмуу постмодерн сонгуулийн кампанид spin doctor, PR-ийн зөвлөхүүд, имиж мейкерүүд зэрэг мэргэжилтнүүдийн үйл ажиллагаа болон хэвлэл мэдээлэл, сонгогчдын санаа бодлын судалгаанд зардлын үндсэн хэсэг зарцуулагддаг юм.

Тав. Монголын сонгуулийн кампанид уламжлалт хэв маяг давамгайлахад нөлөөлж буй соёлын хүчин зүйлс

Ийнхүү Монголын сонгуулийн кампанид уламжлалт хэв маяг давамгайлж байгаа нь үндэсний соёл, уламжлалтай холбоотой. Түүхийн урт хугацааны туршид тогтож ирсэн соёл, үнэт зүйл, уламжлал зан заншил нь өнөөгийн улс төрийн амьдрал, сонгогчдын зан үйлд нөлөөлсөн хэвээр байна. Бидний судалгаанаас үзэхэд улс төрийн намууд олон түмний дунд хүчтэй байгаа соёл, уламжлалын дараах таван хүчин зүйлсийг сонгуулийн кампанидаа ашиглаж байна. Үүнд:
1. Төрийг дээдлэх үзэл. Монголчууд Дорнын бусад улсын адил эртнээс төрөө дээдэлж ирсэн, “төрийн сүлд минь өршөө” гэж залбирдаг ард түмэн билээ. Өнгөрсөн 70 жилд авторитар төр дэглэмээ хадгалахын тулд үзэл суртлаар зэвсэглэн олон нийтийн энэхүү уламжлалт хандлагыг улам бүр бэхжүүлсэн юм. Төрийн түшээ, төрийн тэргүүнийг бурханчлан шүтэх явдал хүмүүсийн дунд хүчтэй хэвээр байна. Олон нийтийн төрөөс ихийг хүсэн хүлээдэг, төрийн “хайр хишгийг” горьдох сэтгэлгээг нь улс төрийн хүчнүүд сонгуулийн кампанидаа байнга ашиглаж ирсэн. Өмнө дурьдсанаар УИХ-ын сонгуулийн хуульд сонгогчдыг худалдан авахад чиглэсэн аливаа үйлдэл, төрийн албыг сурталчилгаанд ашиглахыг хориглосон байдаг ч бодит амьдрал дээр эдгээр заалт хэрэгжихгүй байгаа юм. Улс төрийн намуудын нэр дэвшигчид орон нутгийн болон засгийн газрын өндөр албан тушаал хашдаг бол энэхүү албан тушаалаа ашиглан сонгуулийн кампанидаа бусад өрсөлдөгчдөөсөө илт давуу байдлыг бий болгодог. Тухайлбал, 2008 оны сонгуулийн кампанийн үеэр бидний хийсэн ажиглалтаас үзэхэд бүх шатны засаг дарга нар төсвийн мөнгөөр тойргийн иргэдэд эд материалын тусламж үзүүлэх, оюутнуудыг гадаадад сургах, сургалтын төлбөрийг даах, иргэдэд газар олгох гэх мэт сонгогчдыг хахуульдан авах явдал гаргасан. Мөн, сонгогчдын дунд хийсэн фокус бүлгийн ярилцлагын дүнгээс харахад иргэдтэй нүүр тулж ажилладаг нутгийн удирдлагын анхдагч төлөөлөгч болох баг, хорооны засаг дарга нар өөрийг нь нэр дэвшүүлсэн улс төрийн намыг шууд сурталчлах, иргэдэд өөрийн намыг дэмжихээр дарамт үзүүлэх, эд материалын тусламж үзүүлэх маягаар хахуульдан авах явдал хамгийн их байдаг ажээ. (УИХ-ын 21-р тойргийн сонгуулийн судалгааны баг. 2008) Иргэд төрийг дээдэлдэг, төрийн албан тушаалтныг хүндэтгэдэг учраас дарга нарын үгэнд автаж саналаа өгөх явдал түгээмэл юм. Энэ байдал нийслэл Улаанбаатар хотын Налайх, Багануур, Багахангай гэх мэт алслагдсан дүүргүүд болон хөдөө орон нутагт илүү хүчтэй илэрдэг.
2. Нутгархах үзэл. Монголчууд эртнээс хүн ам төвлөрсөн томоохон хот сууринд бус, тархай бутархай нүүдэллэн амьдарч ирсэн, орон нутгийн зохион байгуулалт хүчтэй, асуудлыг шийдэхэд regional factor гол болж ирсэн. Улс орны нийтлэг асуудал гэхээсээ илүүтэй орон нутгийн асуудалд хүмүүс илүү анхаарал тавьдаг нь судалгаануудаас харагддаг. Ялангуяа нийслэл УБ хотоос бусад бүх газарт нутгархах хандлага хүчтэй байдаг. Тийм учраас улс төрийн намууд сонгуулийн кампанидаа дээрх онцлогийг харгалзан үздэг. Монголын сонгуулиудад «нутгийн хүү», «унасан газар угаасан ус минь», «би эндхийнх» гэх мэт үгс ихэнх нэр дэвшигчдийн нэрийн хуудас болсоор ирлээ. Намууд нийслэл УБ хотоос бусад тойргуудад нэр дэвшигчдийг хуваарилахдаа зөвхөн тухайн газар төрж өссөн юмуу аав ээжийн аль нэг нь тухайн нутгийнх байх шалгуур барьдаг билээ. Жишээлбэл, 2008 оны сонгуульд улс төрийн 11 нам, 1 эвслээс нийт 356 хүн нэр дэвшсэний 190 нь хөдөөгийн 20 тойрогт өрсөлджээ. Хөдөөгийн тойрогт өрсөлдсөн нэр дэвшигчид бараг бүгд өөрийн төрсөн газар юмуу аав ээжийн нутагт нэр дэвшсэн байна. Сонгогчид ч мөн “Таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэсэн уламжлалт хандлагаар нутгийн хүнийг илүүд үзэж сонголтоо хийдэг нь судалгааны дүнгүүдээс харагддаг. Улс төрийн хоёр гол намын хүчтэй лидер л биш бол хөдөө орон нутагт тухайн газар төрж өсөөгүй хүн сонгогдох боломжгүй байна. 2008 оны сонгуулийн кампанийн үеэр бидний УБ хотод хийсэн цуврал судалгааны дүнгүүдээс үзэхэд нэр дэвшигчийн “нутаг орны амьдралыг сайн мэддэг байх” гэсэн шалгуур сонгогчдын санал өгөлтийн 5 дахь гол хүчин зүйл болж байв. (УИХ-ын 21-р тойргийн сонгуулийн судалгааны баг. 2008) Улмаар намууд аймаг, сумын ой, тэмдэглэлт арга хэмжээ зэргийг улс төрчид, УИХ-ын гишүүд тухайн орон нутагт нэр хүндээ бэхжүүлэх арга хэрэгсэл болгон ашиглах нь түгээмэл боллоо. Монголын бүх аймагт орон нутгийн хөгжлийг дэмжих зорилго бүхий нутгийн зөвлөл ажиллах бөгөөд үүний үйл ажиллагааг тухайн аймгаас сонгогдсон юмуу ирэх сонгуульд нэр дэвшихээр бэлдэж буй улс төрчид голчлон санхүүжүүлж дэмжиж байдаг.
3. Хамаатан садны хэлхээ холбоо. Өрнө дахинаа алдартай зохиолч Чинагийн Галсан “Монгол улс бол овгийн нийгэм, хүн бүр өөрийн овог, удмаа түрүүлж боддог” гэж бичсэн байдаг. Үнэхээр ч Монголын нийгмийн бүхий л салбарт хамаатан садны хэлхээ хүчтэй илэрдэг. Зүүн Азийн Барометр судалгаанд оролцогчдын 75 хувь нь «Ямар нэгэн зүйлийг өөр хүнээр хийлгэх шаардлага гарвал нарийн мэргэшсэн, гэхдээ танихгүй хүнийг хөлсөлснөөс хамаатан, найз нөхдөө хөлсөлсөн нь дээр» гэж судалгаанд оролцогчдын хариулсан нь хамгийн өндөр үзүүлэлт юм. (Улс төрийн боловсролын академи. х 87) Монголчууд хүнийг үнэлж дүгнэх, нэр дэвшигчийг сонгохдоо удам угсааг ихээхэн харгалздаг. Тухайлбал, 2008 оны сонгуулийн кампанийн үеэр УБ хотод бидний хийсэн анкетын болон фокус бүлгийн ярилцлагын цуврал судалгаанаас улс төрийн намуудын нэр дэвшигчдийг сонгоход харгалзах хүчин зүйлсийн дотор эрэмбээрээ 6-рт гэр бүлийн хүмүүжил, удам угсаа орж байлаа. (МУИС-ийн орчин үеийн улс төрийн судалгааны төв. ) Нийгэм дэх садан төрлийн хүчтэй хэлхээ холбоог улс төрийн намууд сонгуулийн кампанидаа олон янзаар ашигладаг. Тухайлбал, аль нэг улс төрч нас барсны дараа түүний залгамжлах хүнээр нь эхнэр, дүү, хүүхэд гэх мэт гэр бүлийн гишүүнийг тодруулж нөхөн сонгуульд нэр дэвшүүлдэг. Өөрөөр хэлбэл “улс төрийн үе залгамжлал” Монголд түгээмэл байна. 2008 оны сонгуульд нэр дэвшигчдийн нэлээд нь ямар нэг улс төрчийн хүү, дүү, гэр бүлийн хүн гэх мэт садан төрлийн холбоотнууд байлаа. Нэр дэвшигчдийн нэлээд нь сонгуулийн сурталчилгаандаа удам угсаа, аав ээжийн нэр хүндийг ашигласан. Жишээлбэл, “Аав нь төрийн зүтгэлтэн, ээж нь нэртэй дуучин, ах нь эх орон газар шорооныхоо төлөө цогтой тэмцэгч байсан тул энэ нэр дэвшигч тэдний үйл хэргийг үргэлжлүүлнэ” гэсэн мессеж сонгуулийн кампанийн үеэр олонтаа тараагдаж байлаа. 2008 оны парламентад 3 эмэгтэй гишүүнээр сонгогдсоны 2 нь улс төрч ах ба нөхрийг нас барсны дараа үйл хэргийг нь үргэлжлүүлнэ хэмээн залгамжлан гарч ирсэн гишүүд юм.
4. Үндсэрхэх үзэл. Коммунизмын үед хаан боогдож байсан үндэсний үзэл нь дэглэмийн уналтын дараа тэсрэлт гэмээр сэргэж нийгмийн бүхий л амьдралд хүчээ авч байна. Чингис хааны төрт ёсыг сэргээж хаант засаг бий болгохыг уриалагч нам, үндэсний үзлийг гол болгогч намууд бий болсон бөгөөд намуудын мөрийн хөтөлбөрт үндэсний соёл, уламжлалыг сэргээх явдал чухалд тавигдаж байна. Мөн улс төрийн намууд сөрөг сурталчилгаанд үндэсний үзлийг ашиглах болов. Нэр дэвшигчийн гарал угсаанд олны анхаарлыг хандуулах, үндсэрхэх үзэл, эх оронч байдлыг нь өдөөх маягаар манипуляци бүхий мэдээлэл тараах явдал сонгуулийн кампанийн үеэр байнга гардаг нь 2008 оны сонгуульд ч мөн давтагдлаа. Энэ байдал эрх баригч МАХН-ын сөрөг сурталчилгаанд илүүтэй ажиглагддаг. Монголчууд түүхэндээ өмнөд хөрш Хятад улстай удаа дараа дайтаж ирсэн тул хүмүүсийн нэлээд нь хятад гаралтай хүнд төдий л таагүй ханддаг. Энэхүү хандлагыг улс төрийн намууд тэр дундаа эрх баригч МАХН өрсөлдөгч намуудын эсрэг сөрөг сурталчилгаандаа түлхүү хэрэглэдэг юм. Өрсөлдөгч намын нэр дэвшигчдийг “хятадын эрлийз”, эсвэл Хятадаас санхүүждэг хэмээсэн сурталчилгааг сонин хэвлэл, ухуулгын материал, ам дамжсан яриа ашиглан тараах явдал сонгууль бүрт гарч байна. Тухайлбал, 2008 оны УИХ-ын сонгуулийн 21-р тойрогт АН-аас нэр дэвшигч Лу.Болдыг Хятадаас санхүүждэг гэсэн тараах материалыг өрсөлдөгчдийн зүгээс айл өрхөд тараасан. Олны анхаарлыг нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, байр суурь гэсэн гол асуудлаас хөндийрүүлж үндэс угсаагаа дээдлэх, ижилсэн нэгдэх мэдрэмж дээр «тоглон» өөр бусдыг үзэн ядах сэтгэгдэл төрүүлэх зорилготой дээрх ухуулга сурталчилгаа нь нэг талаас манипуляци, нөгөө талаас ардчиллын эсрэг шинж бүхий үйл ажиллагаа юм.
5. Шашин. Коммунизмын дараах жилүүдэд Монголд хүчтэй сэргэж улс төрийн үйл явцад нөлөөлж буй нэгэн үзэгдэл нь шашин юм. Монгол улсын үндсэн хуулийн 9.1-д шашин төрийг заагласан байдаг ч сүүлийн жилүүдэд улс төрийн зорилгоор шашныг ашиглах явдал олширлоо. Шашин шүтлэг бол хүмүүсийн итгэл үнэмшлийн хамгийн хүчтэй хэлбэр, зан үйлийг чиглүүлэгч гол хүчин зүйлийн нэг билээ. Улс төрчид зан үйлийн иймэрхүү хэлбэрүүдийг олны таашаалыг хүлээх, сонгогчидтой ойр дотно харилцаа тогтоох зорилгоор хэрэглэж байна. Хэдийгээр парламентын сонгуулийн хуулийн 37.12-т сонгуулийн сурталчилгаанд шашны зан үйлийг ашиглахыг хориглосон боловч 2008 оны сонгуулийн кампаниас үзэхэд нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаандаа шашны зан үйлийг хэрэглэх нь түгээмэл байлаа. Сурталчилгааны албан ёсны хугацаа эхлэх хүртэлх хугацаанд нэр дэвшигчид тойрог дахь уул овоог тахих, ном уншуулах гэх мэтээр шашны ёслол зохион байгуулах, шашны баяр, арга хэмжээнүүдэд оролцох явдал байнга гарч байв. Мөн нэр дэвшигчид Далай лам гэх мэт шашны томоохон зүтгэлтнүүдтэй хамт авахуулсан зураг, календарь, шашны уншлага бүхий ном материал айлуудаар тараах явдал түгээмэл байлаа.
Монголын улс төрийн намуудын сонгуулийн кампани дахь дээр дурьдсан уламжлалын хүчин зүйлсийг дараах үзүүлэлтээр харьцуульж үзье.
Хүснэгтээс үзэхэд МАХН-ын сонгуулийн кампанид уламжлалын шинж хамгийн хүчтэй илэрч байна.

Цааш унших...

Tuesday, February 24, 2009

“Төр засгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд сонгогдох боломж-сүүлийн III хэсэг” /Г.Цогтбаатар/


СҮҮЛИЙН III ХЭСЭГ. ПАТРИАРХАТ ХАНДЛАГЫГ ДАВАН
ТУУЛАХ НЬ
.....................................................................................................................................................
Патриархат хандлага ноёлж буй өнөөгийн нийгмийн сэтгэл зүйг даван туулахад эмэгтэй улс төрчдөд шаардагдах бодлогын хоёр чухал хүчин зүйлийн талаар энэ бүлэгт өгүүлэх бөгөөд эхнийх нь эмэгтэй улс төрчдийн бүрдүүлбэл зохих имидж, удаах нь эмэгтэй улс төрчдийн олон нийттэй харилцах бодлогын үндсэн чиглэл билээ.

Нэг. С.Оюун, Т.Ганди, Н.Болормаа нар эмэгтэй улс төрчдийг нэр хүндээрээ тэргүүлж байна

Танд хүндэлж явдаг эмэгтэй улс төрч бий юу гэсэн асуултанд судалгаанд оролцогсдын 73.6 хувь нь байдаг гэж хариулсан бөгөөд тэдний энэ асуултанд хариулсан байдлаар өнөөдөр Монголын нийгэмд эмэгтэй улс төрчдийг хэн хэн тодорхойлж байгааг тандлаа. Нийт 41 эмэгтэйн нэр дурьдагдсан бөгөөд тэдгээрээс хамгийн их санал авсан эхний 15 эмэгтэй улс төрчийг жагсаавал дараах үр дүнг харж болно.


ИЗН-ын дарга, ГХЯ-ны сайд С.Оюун 29.7 хувиар 1-рт, МАХН-ын гишүүн Т.Ганди 22.2 хувиар 2-рт, МАХН-ын гишүүн, БСШУЯ-ны сайд Н.Болормаа 12.7 хувиар 3-рт жагсан байна. Тэдний дараа Арвин, Туяа, Мөнхтуяа зэрэг 12 улс төрч эмэгтэй 0.7-4.7 хувиар жагсчээ.

Хоёр. Эмэгтэй улс төрчдийн бүрдүүлбэл зохих имидж

Респондентуудаар хүндэлж явдаг эмэгтэй улс төрчдийг нь нэрлүүлсний дараа тэдгээр улс төрчдийн ямар шинж чанар нь таалагддаг тухай лавлаж асуусан юм. Үүгээр эмэгтэй улс төрчид нийгэмд ямар шинж чанараараа нэр хүндтэй байгааг тодорхойлж чадна.


Ингээд бид өнөөгийн эмэгтэй улс төрчдийн имиджийг тодорхойлж буй 6 хэв шинжийг илрүүлсэн юм (хэв шинж тус бүрд оноосон нэрийг дахин нягталж өөрчлөх боломжтой).
1. Төмөр хатагтай (23.9-51.1 хувь). Мэдлэг боловсрол, төрийн ажлын туршлага, шударга, зарчим ч хатуу зан чанараараа олон нийтэд танигдсан нэр хүндтэй эмэгтэйг илэрхийлэх хэв шинж нийгэмд хамгийн өндөр рейтингтэй байна.
2. Буурьтай эмэгтэй (3.7-26.8 хувь). Олон нийтэд эх оронч, ноён нуруутай дүр төрхийг бүрдүүлсэн, намынхаа бодлогыг тууштай баримталдаг эмэгтэйчүүд энэ ангилалд багтах бөгөөд удаах ач холбогдолтой хэв шинж болно.
3. Хариуцлагатай эмэгтэй (7.8-20.9 хувь). Асуудалд нягт нямбай хашир ханддаг, ажил үүргийн биелэлт сайтай, дайчин, гэр бүл удам судар сайтай эмэгтэйчүүд нь хариуцлагатай эмэгтэй улс төрчийн шалгуур хангадаг бөгөөд нийгэмд гуравдугаарт эрэмбэлэгддэг хэв шинж болно.
4. Шинэ залуу эмэгтэй (2.3-15.1 хувь). Улс төрийн тавцанд шинэ бөгөөд нэр төр нь сэвтээгүй, цэвэр, бэл бэнчин сайтай (ялангуяа бизнесуомэнууд) эмэгтэйг илэрхийлэх хэв шинж нь нийгэмд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна.
5. Бодлоготой эмэгтэй (8.5-14.9 хувь). Ард иргэд, нутаг орныхоо амьдралыг сайн мэддэг, холч ухаантай буюу алсын хараатай эмэгтэй улс төрчийн хэв шинж нийгэмд 5-рт эрэмбэлэгдэнэ.
6. Романтик эмэгтэй (3.2-5.0 хувь). Бусдаас зүс царай, дуу хоолой болоод имидж, хувцаслалтаараа ялгардаг улс төрч эмэгтэйгийн хэв шинж болно.
Улс төрч эмэгтэйчүүдийн эдгээр зургаан хэв шинж аливаа эмэгтэйчүүдэд байх бөгөөд зөвийг сонгож, чадамгай хослуулж чадсан нь нийгмээс илүү дэмжлэг авч чадна. Тухайлбал, манай одоогийн парламентад С.Оюун, н.Арвин, н.Оюунхорол гэсэн гурван эмэгтэй сонгогдон ажиллаж байна. С.Оюуныг 1, 2, 3-р хэв шинж давамгайлсан улс төрч хэмээн үзэж болох бол н.Арвин нь 1, 2-р хэв шинж, н.Оюунхоролыг 4-р хэв шинж давамгайлсан улс төрч гэж үзэж болно. Санал асуулгаас харахад нийгэмд хамгийн өндөр нэр хүндтэй байгаа гурван эмэгтэй улс төрч дээрх 6 шинжээрээ олон нийтээс аль алинд нь бусдаас өндөр үнэлгээ авсан байна. Үүнээс олон нийт эмэгтэй улс төрчдөд хатуу, өндөр шалгуур тавьдаг нь харагдаж байна.

Гурав. Нийгмийг баримжаалан имиджээ өөрчлөх нь

Эмэгтэй улс төрчид зорилтот бүлгийнхээ зан үйлээс хамааран имиджээ өөрчилж байх нь нийгмээс олонхын дэмжлэг авах нэг хөшүүрэг болно. Тиймээс бид эмэгтэй улс төрчдийн ерөнхий имидж тэдний зорилтот бүлгээс хамааран өөрчлөгдөх эсэхийг шалгасан юм.


Шинжилгээний үр дүнд зорилтот дөрвөн бүлгээс зөвхөн эмэгтэй улс төрчдийг дэмжих хандлагагүй бүлгийн саналд бага зэргийн өөрчлөлт ажиглагдсан. Энэ нь тэд бусад бүлгүүдтэйгээ харьцуулбал "шинэ залуу эмэгтэй" улс төрчөөс илүүтэйгээр "бодлоготой эмэгтэй" улс төрчийн хэв шинжийг үнэлдэг болох нь харагдсан.

Дөрөв. Эмэгтэй улс төрчдийн олон нийттэй харилцах бодлогын үндсэн чиглэл

Эмэгтэй улс төрчдийн олон нийттэй харилцах бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлох зорилгоор нийгмийн өмнө тулгамдсан нийтлэг асуудлуудад олон хүчин зүйлийн шинжилгээ хийж өөр хоорондоо уялдаа холбоо бүхий таван бүлэг хүчин зүйлийг илрүүллээ.


Тэдгээр нь дараах хэв шинжүүд болно. (хэв шинжийн нэршилд анхаарах)
1. Гэр бүл, нийгмийн хамгаалал (32.2-47.1 хувь). Олон нийтийн үнэлснээр энэ нь эмэгтэй улс төрчдийн эрчүүдээс илүү шийдвэрлэж чадах эхний асуудал бөгөөд үүнд гэр бүлийн хөгжил, ажилгүйдэл, хүүхдийн хөгжил хамгаалал, ядуурал, авилгын асуудлууд орж байна.
2. Хэм хэмжээ, эрхийн зөрчил (9.0-37.0 хувь). Эрүүл мэндийн үйлчилгээ, ёс суртахууны доголдол, гэмт хэргийн өсөлт, хүний эрхийг хангах, ардчилал иргэний нийгмийн хөгжлийг хангах нь иргэдийн үзэж буйгаар эмэгтэй улс төрчдийн шийдвэрлэж чадах хоёрдугаар асуудал аж.
3. Нийтийн эрх ашгийг хөндсөн асуудал (3.6-48.0 хувь). Гуравдугаар асуудалд архидалт, үндэсний үйлдвэрлэл, дэд бүтэц, харилцаа холбоо, байгаль орчны доройтол зэрэг орно.
4. Боловсрол, хөгжлийн асуудал (7.6-23.3 хувь). Боловсролын чанар, болоод хөдөөгийн хөгжлийн тухай асуудал дөрөвдүгээрт орж байна.
5. Төр, засаглалын асуудал (0.4-33.2 хувь). Засаглалын хямрал, нийгмийн халамжийн үйлчилгээ, жендерийн тэгш байдлыг хангах, үнийн өсөлт зэрэг макро асуудлууд нь хамгийн сүүлд оржээ.


Тав. Нийгмийн баримжаатай бодлогын хувилбар

Олон нийтэд тулгамдаж буй асуудал нь тэдний амьдарч буй орон нутгийн онцлог шинжээс гадна нийгэм, хүн ам зүйн байдлаас хамааран өөр өөр байх нь ойлгомжтой асуудал тул эмэгтэй улс төрчдийн олон нийттэй харилцах бодлогын хувилбарууд нь зорилтот бүлгийнх нь онцлогоос хамааран ялгаатай байх шаардлагатай гарч болзошгүй. Тиймээс энэхүү нарийвчилсан шинжилгээг хийж үзлээ. Мөн энэхүү шинжилгээг давтан судалгаа эсвэл ижил төрлийн бусад судалгааны үр дүнтэй харьцуулан хэрэглэх нь зохимжтой. Учир нь олон хүчин зүйлийн шинжилгээгээр илэрсэн таван бүлэг хэв шинжийг тодорхойлж буй хувьсагчид нь ихээхэн савалгаатай байгаа нь харагдсан.


Нийгмийн сэтгэл зүйд патриархат хандлага давамгай байгааг бодолцвол патриархат хандлагын үүднээс эмэгтэй улс төрчдийн эрэгтэй улс төрчдөөс илүүтэйгээр шийдвэрлэж чадах асуудлын эрэмбэ нь төр засаглалын асуудлаас гэр бүл, нийгмийн хамгааллын асуудал руу өссөн шинжтэй байна. Энэ нь эхлээд биеээ зас, дараа нь гэрээ зас, эцэст нь төрөө зас гэх уламжлалт сургаалыг бодогдуулна. Эмэгтэйчүүдийн чадвар нь гэрээ засах л хэмжээнд гэсэн патриархат сэтгэлгээний уг үндэс үүний цаана байгаа болов уу. Энэ үзэл санаатай нийгэм дэх эмэгтэйчүүдийг дэмждэг бүлгүүд ч ерөнхийдөө санал нэг байгаа нь дээрх мэдээллээс харагдана.
Сонирхолтой нь эмэгтэйчүүдийг дэмждэг болон огт дэмждэггүй бүлгүүд нийгмийн ерөнхий хандлагаас хазайсан шинжтэй байна. Эмэгтэйчүүдийг дэмждэг бүлгийн хувьд төр, засаглалын асуудлыг ч мөн эмэгтэйчүүд шийдвэрлэж чадна гэх хандлага давамгай байх нь зүйн хэрэг. Гэтэл огт дэмждэггүй бүлэг мөн ийм бодолтой байгаа нь инлээд сонирхол татаж байна. Энэхүү судалгаанаас энэ үзэл хандлагын учир шалтгааныг тодруулах боломжгүй тул үүнийг цаашид чанарын судалгаагаар тодруулах нь зүйтэй.

ТОВЧ ЗӨВЛӨМЖ

Ерөнхий зөвлөмж:
• Патриархат үзэл санаа ноёрхсон манай нийгмийн сэтгэл зүйн барьерыг даван туулах нь урт хугацааны асуудал боловч үүнийг нийгмийн хөгжлийн зүй тогтолд даатган орхиж болохгүй. Биелэшгүй том зорилго нь биелэх жижиг зорилтуудын нэгдэл тул стратегиа оновчтой төлөвлөж, системтэй ажиллах нь нэн тэргүүний чухал зүйл билээ;
• Төр, засгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд дэвшин ажиллахад макро болон микро түвшний олон хүчин зүйл нөлөөтэй байдгийн зөвхөн нэг нь сонгогч, олон нийтийн санал бодол гэдгийг анхаарч энд дурдаагүй бусад түвшинд ч нэгэн зэрэг системтэй ажиллах нь зүйтэй;
• Түүнчлэн судалгаанд сумын төв болон хөдөөгийн хүн амыг хамруулаагүй бага хүрээнд, зөвхөн тоон судалгаа хийсэн тул нарийн дүгнэлт, зөвлөмж гаргах арга зүйн боломж хомс байлаа. Цаашид энэхүү судалгааг өргөжүүлж мэдээллийг давхар баталгаажуулан, нарийвчлах шаардлагатай;
• Эмэгтэй нэр дэвшигчдэд ямар чиглэлээр, хаана, хэзээ дэмжлэг үзүүлхээсээ хамааран олон нийтийн санал асуулгын судалгааг салгаж хийх нь зүйтэй. Тухайлбал, орон нутгийн сонгуулийн, УИХ-ын сонгуулийн гэх зэргээр төрлөөр нь салгах; мөн хөдөө орон нутагт, нийслэлд хэмээн байршлаар нь салгах.
Ингээд төр засгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улс төрчдийн төлөөллийг нэмэгдүүлхийн тулд нийгэм, олон нийттэй хэрхэн ажиллах талаар тоон судалгаанд тулгуурлан дараах ерөнхий зөвлөмжүүдийг санал болгож байна.

Стратегийн зорилго, зорилтоо томъёолох:
• Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэйчүүд өрсөлдөх хэмжээний нийгмийн дэмжлэг одоогоор байхгүй байгаа тул УИХ болон орон нутгийн сонгуулиудад эмэгтэй нэр дэвшигчид өрсөлдөхөд дэмжлэг үзүүлэх чиглэлд төвлөрч ажиллах;
• Тиймээс стратегийн зорилгоо УИХ болон орон нутгийн шийдвэр гаргах түвшинд (ИТХ, ИНХ) эмэгтэй улс төрчид сонгогдон ажиллахад нийгэм дэх хүйсийн ялгаварлалыг даван туулах бодлогын чиглэлээр дэмжлэг үзүүлэх гэсэн ерөнхий санаанд үндэслэн тодорхойлж болно;
• Стратегийн зорилгоо тодорхойлсны дараа SMART шинжилгээ хийж үзэхийг мөн давхар зөвлөж байна. Эл зорилтыг хангахын тулд дараах 9 төрлийн стратегийг баримталж ажиллах.
Стратеги 1. Нийгмийн бүлгийг сегментэлж ажиллах
• Эмэгтэй улс төрчдийн одоогийн дэмжигчдийг хадгалж, дэмжих хандлагатай бүлгийг татах, дэмжих хандлагагүй болон огт дэмждэггүй бүлгийн үзэл санааг саармагжуулах зэргээр нийгмийн бүлэг тус бүрийн онцлогт тулгуурлан ажиллах;
• Учир нь нийслэл, аймгийн төвийн нийт хүн амын 25 хувь нь эмэгтэй улс төрчдийг дэмждэг бол 47 хувь нь дэмжих хандлагатай, 20 хувь нь дэмжих хандлагагүй, 8 хувь нь огт дэмждэггүй бүлэгт багтахаар байгаа;
• Тодорхой хэлбэл дээрх хүрээний 25 хувийг хадгалах, 47 хувийг татах, 28 хувийг саармагжуулах тактик барина гэсэн үг.
Стратеги 2. Нийгмийн хүчтэй дэмжлэгт суурилж патриархат үзэл санааг саармагжуулах
• 1. Ардчилсан нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрх эдлэх ёстой; 2. Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол асуудалд илүү уян хатан ханддаг тул зөвшилцөж, хамтарч ажиллаж чадна; 3. Эрчүүдээс ч илүү мэдлэг боловсролтой, ухаантай эмэгтэйчүүд их байна, одоо эмэгтэйчүүддээ боломж олгоод үзье; 4. Нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн байр суурь үгүйлэгдэж байна; 5. Эмэгтэйчүүд авилгад автахгүй шударга байж, олон түмний итгэлийг дааж ажиллаж чадна гэсэн нийгмийн үндсэн 5 хүчтэй дэмжлэгт суурилж ажилла;
• 1. Монголын эмэгтэйчүүд өнөөдөр улс төрд бэлтгэгдээгүй, чадавхи сул байгаа; 2.Эмэгтэйчүүд улс төрд оролцоод хэт эрх мэдэлтэй болохоор гэр бүл, цаашлаад үндэсний аюулгүй байдал алдагдана; 3.Эмэгтэйчүүд, эрчүүдээс оюуны чадавхи сул бөгөөд үүгээр нөхцөлдсөн эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн хуваарь нь удирдах бус гүйцэтгэх ажил гэх патриархат хандлагууд (эцгийн эрхэт ёс) –ыг саармагжуулах;
• Дээрх бодлогын чиглэлүүдийг хослуулсан стратегийн үндсэн үзэл санаа, философийг бий болгож хөтөлбөр, үйл ажиллагаа бүрд мөрдлөг болгох.
Стратеги 3. Эмэгтэй улс төрчдийн имидж, нийгмийг хөгжүүлэх шинэлэг хөтөлбөрийг бий болгох
• Өнөөгийн эмэгтэй улс төрчдийн имиджийг тодорхойлж буй 6 хэв шинж болох Төмөр хатагтай, Буурьтай эмэгтэй, Хариуцлагатай эмэгтэй, Шинэ залуу эмэгтэй, Бодлоготой эмэгтэй, Романтик эмэгтэйн хэв шинжүүдийг уламжлалт патриархат үзэл санааг даван туулахад оновчтой ашиглах;
• Гэр бүл, нийгмийн хамгаалал; Хэм хэмжээ, эрхийн зөрчил; Нийтийн эрх ашгийг хөндсөн асуудал; Боловсрол, хөгжлийн асуудал; Төр, засаглалын асуудал зэргийг нийгмийг хөгжүүлэх шинэлэг хөтөлбөрт ашиглах.
Стратегийн бусад хүчин зүйлсийг сонгох, томъёолох
• Эмэгтэй улс төрчдийг дэмжих уриа, мессежийг суурь үзэл санаандаа тулгуурлан оновчтой томъёолох;
• Олон нийттэй харицлах сүлжээ, мэдээлэл түгээх сувгаа оновчтой тодорхойлох.

Цааш унших...

“Төр засгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд сонгогдох боломж-2” /Г.Цогтбаатар/


II ХЭСЭГ. ЭМЭГТЭЙ УЛС ТӨРЧДИЙН НИЙГМИЙН ДЭМЖЛЭГ

Нэг. Эмэгтэй улс төрчдийн нийгмийн дэмжлэг нь тэдний төр, засгийн ямар түвшинд, ямар албан тушаалд ажиллахаас ихээхэн хамаарч байна.

Олон нийтийн үнэмлэхүй хувь (87.2 хувь) нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд ажиллах нь зүйтэй хэмээн үзэж байна. Гэхдээ энэ нь нэлээд хэлбэршүүлсэн ерөнхий төлөв бөгөөд эмэгтэй улс төрчдийн нийгмийн дэмжлэгийг илэрхийлэх нарийн мэдээлэл болж чадахгүй. Тиймээс бид шийдвэр гаргах ямар түвшинд эмэгтэйчүүд тохирох талаар олон нийтээр нарийвчлан үнэлүүлсэн бөгөөд үр дүнд нь олон хүчин зүйлийн шинжилгээ (factor analysis) хийж үзлээ.
Шинжилгээнд нийт 10 хувьсагч оруулж 3 бүлэг хүчин зүйл болгон нэгтгэвэл:
1-р хэв шинжийг орон нутгийн хэмжээний удирдах албан тушаалууд бүрдүүлсэн байна. (Баг, сум, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга; Засаг дарга)
2-р хэв шинжийг нийт улсын хэмжээнд төр, засгийг тэргүүлдэг албан тушаалууд бүрдүүлжээ. (Ерөнхийлөгч, Ерөнхий сайд)
3-р хэв шинжийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн бөгөөд яамны сайд зэрэг нийт улсын хэмжээний удирдах албан тушаалууд бүрдүүлсэн ч 1, 2-р хэв шинжээс ялгаатай нь удирдах багийн ахлагч, дарга бус гишүүний тодотголтой албан тушаалууд байна.
Дүгнэвэл, эмэгтэй улс төрчдийн нийгмийн дэмжлэг нь тэдний төр, засгийн ямар түвшинд, ямар албан тушаалд ажиллахаас ихээхэн хамаарч байна. (Эдгээр гурван бүлэг хүчин зүйлс нь нийт дисперсийн өөрчлөлтийн 70 хувийг эзэлж байгаа тул судлаж буй асуудлыг тайлбарлах өндөр магадлалтайг илтгэнэ).


Хоёр. Эмэгтэй улс төрчид орон нутгийн удирдах байгууллагад ажиллахыг нийгэм илүү дэмжиж байна

Эмэгтэй улс төрчид орон нутгийн удирдах байгууллагад ажиллахыг нийгэм илүү дэмжиж байна. Хэдийгээр эмэгтэйчүүд УИХ-д сонгогдон ажиллахыг олон нийт илүү дэмжиж буй мэт боловч үүнийг шууд хүлээн авах боломжгүй.
Эмэгтэйчүүдийн нийгмийн дэмжлэг нь төр, засгийн ямар албан тушаалд ажиллахаас нь ихээхэн хамааралтай байгаа. Тиймээс удирдах түвшний гишүүн, дарга гэх мэт ойлголтууд олон нийтийн үнэлэмжид ихээхэн ялгаатай нөлөөлж байна. Тухайлбал, эмэгтэй хүн УИХ-ын гишүүнээр ажиллах нь хэр тохиромжтой вэ? гэсэн асуултыг УИХ-ын даргаар ажиллах нь хэр тохиромжтой вэ? хэмээн асуусан бол тохиромжтой гэсэн хариултын хувь буурах магадлал их бий.
Түүний зэрэгцээ айл өрхийн тэргүүн нь эрэгтэй хүн байх ёстой гэсэн ойлголт нийгэмд улс төрийн түвшинд ч бөх суурьтай оршиж байна. Олон нийтийн 84 хувь нь эмэгтэй хүн УИХ-ын гишүүнээр ажиллаж болно хэмээн зөвшөөрч байхад Ерөнхийлөгчөөр ажиллаж болно гэж ердөө 28 хувь нь үзжээ.


Дүгнэвэл, хэрэв хүмүүс эмэгтэй улс төрчдийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар сонгогдон ажиллаж чадна хэмээн үзвэл УИХ, Засгийн газрын гишүүн, цаашлаад орон нутгийн түвшинд эмэгтэйчүүд сонгогдон ажиллахыг шууд дэмжинэ. Өөрөөр хэлбэл 2-р хэв шинж нь бусад хэв шинжээ тодорхойлох суурь шинжтэй аж.


Гурав. Эмэгтэйчүүдийн нийгмийн дэмжлэг нь төр, засгийн шийдвэр гаргах ямар түвшинд ажиллахаас хамаарна

Ер нь манай нийгэмд төр, засгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд сонгогдон ажиллахад хэр дэмжлэгтэй байгааг тодруулах үүднээс олон хүчин зүйлийн шинжилгээний үр дүнд түшиглэн логик хэв маяг байгууллаа. Үүний тулд гурван хэв шинж тус бүрээс бусдыгаа төлөөлөх чадвартай тус бүр нэг хувьсагчийг (1-р хэв шинжийг төлөөлүүлэн аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, 2-р хэв шинжийг төлөөлүүлэн Ерөнхийлөгч, 3-р хэв шинжийг төлөөлүүлэн УИХ-ын гишүүнийг сонгов) сонгож дугаарын нийлбэрээр логикчлов. Ингээд дараах хэв маяг үүссэн юм.

Дээрх гурван хувьсагчийн дугаарын нийлбэр нь хамгийн багадаа 3, хамгийн ихдээ 6 гарна. Хамгийн бага нь хамгийн эерэг утгатай хэв маяг байх бол хамгийн их нь хамгийн сөрөг утгатай хэв маяг болно. Тиймээс хэв маяг тус бүрд нэр оноолоо.
1. 3 оноо - Эмэгтэй улс төрчдийг дэмждэг бүлэг
2. 4 оноо - Эмэгтэй улс төрчдийг дэмжих хандлагатай бүлэг
3. 5 оноо - Эмэгтэй улс төрчдийг дэмжихгүй байх хандлагатай бүлэг
4. 6 оноо - Эмэгтэй улс төрчдийг огт дэмждэггүй бүлэг

Нийслэл, аймгийн төвийн нийт хүн амын 25 хувь нь эмэгтэй улс төрчдийг дэмждэг бол 47 хувь нь дэмжих хандлагатай, 20 хувь нь дэмжих хандлагагүй, 8 хувь нь огт дэмждэггүй бүлэгт багтахаар байна. Тодруулбал, судалгаанд хамрагдагсдын 25 хувь нь удирдах, шийдвэр гаргах бүхий л түвшинд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй тэгш эрхтэйгээр ажиллаж болно гэсэн санааг бүрэн дэмжиж, 47 хувь нь эмэгтэйчүүдийг удирдах, шийдвэр гаргах ихэнх түвшинд ажиллаж болно гэсэн бодолтой байгаа буюу эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог ерөнхийдөө дэмжих хандлагатай байна. Харин үлдсэн 20 хувь нь эмэгтэйчүүдийг удирдах, шийдвэр гаргах ихэнх түвшинд ажллаж болохгүй гэсэн сөрөг хандлагатай бөгөөд 8 хувь нь эмэгтэйчүүдийн улс трөийн оролцоог эрс эсэргүүцэж байна.

Эндээс харахад олон нийт эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд ажиллахыг ерөнхийдөө дэмжих хандлагатай байгаа ч энэхүү дэмжлэг нь эмэгтэйчүүд төр, засгийн ямар түвшинд ажиллахаас ихээхэн хамаарч байна. Тухайлбал, олон нийтийн санал бодлоор эмэгтэй хүн ажиллах нь тохиромжтой албан тушаалууд нь багаар ажиллах, хамтын шийдвэр гаргадаг (УИХ, ИТХ г.м.) онцлогтой байхад тохиромжгүй гэж үзсэн албан тушаалууд нь багийг удирдан, толгойлох (Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засаг дарга г.м.) шинжтэй байна.

Хэв маяг тус бүрийн нийгэм, хүн ам зүйн онцлогыг тодорхойлбол эмэгтэй улс төрчдийг дэмжиж буй болон дэмжих хандлагатай бүлэг нь залуу; орлого, боловсролын түвшин харьцангуй өндөр; эмэгтэйчүүд давамгайлсан бүтэцтэй; улс төрийн идэвх, оролцоо сайтай; хот газар харьцангуй илүү суурьшдаг хүмүүс байв.
1. Эмэгтэй улс төрчдийг дэмждэг бүлэг (25 хувь)
66 хувь нь эмэгтэй, 52 хувь нь 34 хүртэлх насныхан, 93 хувь нь дунд ба түүнээс дээш түвшний боловсролтой, 59 хувь нь аймгийн төвд суурьшдаг, 40 хувь нь 300000-аас дээш өрхийн орлоготой, 13 хувь нь улс төрийн идэвхгүй, 27 хувь нь намын гишүүн бөгөөд түүнээс 13 хувь нь МАХН, үлдэх 14 хувь нь бусад намын гишүүнчлэлтэй.
2. Эмэгтэй улс төрчдийг ерөнхийдөө дэмждэг бүлэг (47 хувь)
57 хувь нь эмэгтэй, 52 хувь нь 34 хүртэлх насныхан, 95 хувь нь дунд ба түүнээс дээш түвшний боловсролтой, 59 хувь нь аймгийн төвд суурьшдаг, 43 хувь нь 300000-аас дээш өрхийн орлоготой,14 хувь нь улс төрийн идэвхгүй, 27 хувь нь намын гишүүн бөгөөд түүнээс 13 хувь нь МАХН, үлдэх 14 хувь нь бусад намын гишүүнчлэлтэй.
3. Эмэгтэй улс төрчдийг бараг дэмждэггүй бүлэг (20 хувь)
56 хувь нь эмэгтэй, 48 хувь нь 34 хүртэлх насныхан, 93 хувь нь дунд ба түүнээс дээш түвшний боловсролтой, 64 хувь нь аймгийн төвд сууришдаг, 36 хувь нь 300000-аас дээш өрхийн орлоготой, 17 хувь нь улс төрийн идэвхгүй, 32 хувь нь намын гишүүн бөгөөд түүнээс 18 хувь нь МАХН, үлдэх 14 хувь нь бусад намын гишүүнчлэлтэй.
4. Эмэгтэй улс төрчдийг дэмждэггүй бүлэг (8 хувь)
61 хувь нь эрэгтэй, 50 хувь нь 34 хүртэлх насныхан, 90 хувь нь дунд ба түүнээс дээш түвшний боловсролтой, 58 хувь нь аймгийн төвд сууришдаг, 31 хувь нь 300000-аас дээш өрхийн орлоготой, 30 хувь нь улс төрийн идэвхгүй, 27 хувь нь намын гишүүн бөгөөд түүнээс 24 хувь нь МАХН, үлдэх 3 хувь нь бусад намын гишүүнчлэлтэй.


Дөрөв. Эмэгтэйчүүд яагаад төр, засгийн шийдвэр гаргах түвшинд ажиллаж болохгүй вэ?

Парламентаар жишээлэн үзэхэд төр, засгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин хамгийн ихдээ 7 хувь байж. Үүнээс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд ажиллахыг дэмжихгүй байх нийгмийн шалтгаан юу вэ? гэдэг асуулт урган гарна. Энэ асуултад олон нийт гурван янзаар хариулж байна. (хүчин зүйлийн шинжилгээ хийв) Үүнд:
1. Монголын эмэгтэйчүүд өнөөдөр улс төрд бэлтгэгдээгүй, чадавхи сул байна. Энэхүү үзэл санааг хамгийн олон хүн (6.3 хувь) илэрхийлсэн. Үүний шалтгаан нь нэг талаас эрчүүдтэй харьцуулбал шийдвэр гаргах түвшинд тэр бүр олон эмэгтэй сонгогдож ажилладаггүй бөгөөд чадварлаг эмэгтэйчүүд олон нийтэд төдийлөн танил бус, нөгөөтэйгүүр олон нийтийн хувьд эмэгтэйчүүдийг шууд эрчүүдтэй харьцуулж дүгнэлт өгөхөөсөө илүүтэйгүүр төгс буюу идеал түвшний шалгууруудтай харьцуулдаг зэргээс үүдэлтэй байж болно.
2. Эмэгтэйчүүд улс төрд оролцоод хэт эрх мэдэлтэй болохоор гэр бүл, цаашлаад үндэсний аюулгүй байдал алдагдана. Энэхүү үзэл санаа нь удаах (5.7 хувь) ач холбогдолтой. Өрх гэрийн тэргүүн буюу хамгийн эрх мэдэлтэй хүн нь нөхөр байх ёстой гэх тогтсон уламжлалт сэтгэлгээ монголчуудад түгээмэл байдаг. Энэхүү үзэл санаа нь гэр бүлийн эхнэр, нөхөр аль алинд нь сэтгэл санааны дарамт учруулдаг байх талтай. Амьдрал дээр эхнэр нөхрийн аль нь илүү боловсролтой, цалинтай байна тэрбээр гэр бүл доторх шийдвэр, хөдөлмөрийн хуваарьт нөлөөлөх магадлал өндөр байдаг. Гэтэл үүнтэй зэрэгцэн “эр муу ч эмийн дээр” гэх нийгмийн уламжлалт сэтгэлгээ эмэгтэйчүүдэд нөхрөөсөө өндөр боловсролтой, цалинтай байж болохгүй гэх сэтгэл зүйн дарамт учруулдаг бол эрэгтэйчүүдэд эхнэрээсээ доогуур боловсрол, цалинтай байж болохгүй гэх сэтгэл санааны дарамт үүсгэдэг. Энэхүү зөрчил түгээмэл байдаг ба гэр бүлийн харилцааг тааламжгүй, хангалуун бус болгож гэр бүл салах хүртэлх шалтгаан болдог. Гэтэл гэр бүл нь нийгэм хэвийн оршин тогтонох үндсэн институт тул түүний тогтвортой байдал нь үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Ийм уламжлалт сэтгэлгээ, учир шалтгааны үүднээс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог олон нийт хязгаарлаж байна.
3. Эмэгтэйчүүд, эрчүүдээс оюуны чадавхи сул бөгөөд үүгээр нөхцөлдсөн эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн хуваарь нь удирдах бус гүйцэтгэх ажил. Энэ нь сүүлийн томоохон (3.0-3.6 хувь) шалтгаан юм. "Эмэгтэй хүний үс урт, ухаан богино," "Төрийн ажлыг эрчүүд цэгцэлж, гэрийн ажлыг эмэгтэйчүүд хийдэг," "Эмэгтэй хүн, цагаан зээр хоёр нутаггүй" гэхчлэн нийгмийн сэтгэл зүйд эмэгтэйчүүдийн байгалийн мөн чанар нь эрчүүдээс ухааны болоод биеийн хүч, чадлаар дутуу; төрийн ажил нь ухааны болоод биеийн хүч чадал (дайн, тулаанаар улс төрийн бодлого, асуудлаа шийддэг байсан үеүүдээс хойш энэ үзэл санаа уламжлагджээ) шаарддаг тул эрчүүд л хийж чадна. Харин эмэгтэйчүүд ар гэр, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх ёстой гэх уламжлалт үзэл санаа нийгэмд албан бус хэм хэмжээ болон оршсоор байна.
Дээрх үзэл санааны суурь үндэс нь манай нийгмийн сэтгэл зүйд гүнзгий нэвчсэн патриархат хандлага (эцгийн эрхэт ёс) юм.


Тав. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд ажиллаж болох социаль үндэслэл олдох уу?

Төр, засгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд дэвшин ажиллаж болохгүй гэх патриархат үзэл санааг дэмжсэн гурван аргументтай бид танилцлаа. Тэгвэл үүний эсрэг үндэслэл олдох уу? Энэ мөн л сонирхолтой асуулт билээ. Олон нийтийн санал бодолд тулгуурлан 5 чиглэлийн хариулт өгч болох юм. Үүнд:
1. Ардчилсан нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрх эдлэх ёстой (49.2 хувь). Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллах хэрэгтэйг нотлох хамгийн чухал үзэл санаа нь олон нийтийн хувьд хүний эрх ажээ. Үүнийг нөгөө талаас төр засаг, намууд улс төрчдийг хүйсээрээ ялгаварлан гадуурхагдалгүйгээр гарааны ижил нөхцлөөс өрсөлдөх боломжийг хангах хууль эрх зүйн болоод улс төрийн шийдэл гаргахыг олон нийт хүсэмжилж буйн илэрэл хэмээн ойлгож болно.
2. Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол асуудалд илүү уян хатан ханддаг тул зөвшилцөж, хамтарч ажиллаж чадна (39.0 хувь). Монголын улс төр, төр засгийн ажил хямралаас, задралд шилжсэн талаар манай нэртэй судлаачид бичиж, ярих болсон. Үүнийг шинжлэх ухааны эрдэмтэд төдийгүй жирийн ард иргэд мэдэрч, үнэмлэхүй олонх нь хүлээн зөвшөөрч буйг ч сүүлийн үеийн социологийн судалгааны дүнгүүд харуулж байна. Намууд нийгмийг хөгжил, дэвшилд хөтлөх үзэл санаагаараа бус бизнес, эрх мэдлийн явцуу ашиг сонирхолоороо хуваагдаж нам доторх болон нам дамнасан бүлэглэлүүд бий болж, гэмт хэргийн шинжтэй хуйвалдаан, шантааж гаарсан нь төрийн ажлыг гацаах, цалгардуулах, унагах, будлиантуулах, тогтворгүй болгох зэргээр илэрч байна. Нийгэмд үнийн өсөлт, инфляц гаарч иргэдийн бодит худалдан авах чадвар буурч, ядуурал, ажилгүйдэл хүрээгээ тэлсээр байхад төр, засгийн үйл ажиллагаа энэ мэтээр урагшлахгүй байгаа нь олон нийтийн сэтгэл зүй улс төрчдөөс маргах, мэтгэлцэхээс илүүтэйгээр асуудалд уян хатан хандах арга барил, зөвшилцөл, хамтын ажиллагааг хүсэмжлэх болжээ.
3. Эрчүүдээс ч илүү мэдлэг боловсролтой, ухаантай эмэгтэйчүүд их байна, одоо эмэгтэйчүүддээ боломж олгоод үзье (11.7-34.7 хувь). Сүүлийн жилүүдэд улс төр, төр засгаас илүүтэйгээр иргэний нийгэм, бизнесийн салбаруудад эмэгтэй лидерүүд олноор тодорон гарч, бага боловч нийгэмд танигдах болсон нь олон нийтийн дунд эрчүүдээс дутуугүй мэдлэг, боловсролтой эмэгтэйчүүд байгааг хүлээн зөвшөөрөх чухал хүчин зүйл болжээ.
4. Нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн байр суурь үгүйлэгдэж байна (31.8 хувь). Төр, засгийн тодорхой шийдлийн бүрэн дүүрэн, оновчтой байдалд хүйсийн тэнцвэртэй байдал нөлөөлдөг гэдгийг олон нийт бага боловч ажиглаж, мэдрэх болсон нь энэхүү шийдлээс харагдаж байна.
5. Эмэгтэйчүүд авлигад автахгүй шударга байж, олон түмний итгэлийг дааж ажиллаж чадна (18.1-30.2 хувь). Энэхүү үнэлэлт нь нэг талаас эмэгтэй хүний уг чанар, ёс суртахууны хүмүүжил эрчүүдээс илүү гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ нь шийдвэр гаргах түвшинд өгүүлэгдэж буйг онцолсон нийгмийн сэтгэл зүй, нөгөөтэйгүүр төр, засгийн шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд үнэмлэхүй хувь ажиллаж буй статистиктай холбоотойгоор тэдний талаарх буруу, зөв мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжин нийтийн дунд их байдаг зэргээс шалтгаалсан байх талтай.


Үргэлжилэл бий ...

Цааш унших...