Wednesday, July 1, 2009

“7 сарын 1 ба Хүний эрхийн зөрчил” хэвлэлийн мониторинг

2008 оны 7 дугаар сарын 1-нд болсон үйл явдал нь Монгол Улс дахь анхны олон нийтийг хамарсан нийгмийн онцгой үзэгдэл байлаа. Олон нийтийг хамарсан аливаа нийгмийн үзэгдлийн улмаас хүний үндсэн эрх, эрх чөлөө зөрчигдөх магадлал өндөр байдаг. Иймээс хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд өөрийн үүргээ гүйцэтгэн, иргэдэд мэдээллийг үнэн зөв, шуурхай хүргэж ажиллах нь хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, ард түмний хяналтыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.

Нээлттэй нийгэм хүрээлэн, Глоб Интернэшнл зэрэг төрийн бус байгууллагуудын захиалгаар "I R I M" (айрим) судалгааны хүрээлэн нь “7 дугаар сарын 1-нд болон онц байдал зарласан, мөн түүний дараах өдрүүдэд Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд мэргэжлийн түвшинд ажиллаж чадсан эсэх, ингэж ажиллахдаа хүний эрхийн асуудлыг хэрхэн тусгасан”-ыг судлах зорилгоор энэхүү мониторингийн судалгааг хийж гүйцэтгэсэн.
Мониторингийн хүрээнд 11 телевиз (МҮОНТ, UBS, MN-25, ТV5, ТV9, Eagle, NTV, ТМ, С1, SBN, ТV8), өдөр тутмын 4 сонины (Өдрийн сонин, Өнөөдөр, Зууны мэдээ, Ардчилал) 2008 оны 7 дугаар сарын 1-ээс 9-ний хоорондох 7 дугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой нийтлэл, нэвтрүүлэгт агуулгын шинжилгээ хийсэн. Мониторинг хийхдээ мэдээллийн агуулгын хүрээ, эх сурвалжийн тэнцвэрт байдал ба төлөөлөл, баримт, үзэл бодлын зааг ялгааг гаргаж буй байдал зэрэг олон улсын сэтгүүл зүйн мэргэжлийн стандартуудыг ашигласан. Мониторингийн мэдээллийг цаг хугацааны дарааллаар нь
• 7 сарын 1-ний өдөр
• Онц байдлын үе (7 сарын 2-ноос 7 сарын 5-ныг дуустал)
• Онц байдал цуцлагдсаны дараахь үе (7 сарын 6-наас 7 сарын 9-нийг дуустал) гэсэн гурван ангиллаар харьцуулж гаргасан.
Ингээд мониторингийн үр дүнгээс танилцуулж байна.

Нэг. 2008 оны 7 сарын 1-ээс 9-ний хугацаанд мониторингд хамруулсан телевиз сонины нийт нэвтрүүлгийн цаг, нийтлэлийн талбай

• Мониторингид хамруулсан телевизүүдийн нэвтрүүлгийн цаг

2008 оны 7 дугаар сарын 1-ээс 9-ний хооронд буюу нийт 9 хоногийн хугацаанд судалгаанд хамруулсан 11 телевизээр нийт 709 цагийн нэвтрүүлэг цацагджээ .
7 сарын 1-ний өдөр судалгаанд хамруулсан телевизүүдээр нийтдээ 144 цагийн нэвтрүүлэг гарсан. Онц байдалын хугацаанд зөвхөн МҮОНТ ажиллаж байсан бөгөөд тус телевиз нь хоногт 17-18 цагийн нэвтрүүлэгтэй байжээ. Онц байдал цуцалсны дараа судалгаанд хамрагдсан бусад телевизүүд хэвийн байдлаар ажиллаж эхэлсэн байна. 7-р сарын 5-аас 9-ний өдрүүдэд UBS, TV5 хоногт дунджаар 18 цаг; TV9 телевиз 17 цаг; МҮОНТ, Eagle, MN25 телевизүүд 16 цаг; С1 телевиз 15 цаг; NTV, SBN, TV8, TM телевизүүд 6-7 цагийн нэвтрүүлэгтэй байжээ.



• Мониторингид хамруулсан сониний зай талбай

Судалгаанд хамрагдсан “Өдрийн сонин”, “Ардчилал”, “Зууны мэдээ”, “Өнөөдөр” сонинуудад 7-р сарын 1-ээс 9-ний өдрүүдэд болох 9 хоногийн хугацаанд хэвлэгдсэн дугааруудад нийт 942192 см2 талбайд мэдээлэл нийтлэгджээ. (7 дугаар сарын 1-ний дугаарын мэдээлэл нь өмнөх өдрийн буюу 6 дугаар сарын 30-ны мэдээлэл гэдгийг анхаарна уу)


Хоёр. 7 сарын 1-ний үйл явдлыг тухай мэдээллийн хувийн жин

• Телевизүүдийн нэвтрүүлгийн цагт эзлэх хувь

Энэ үзүүлэлт нь телевизүүд 7 сарын 1-ний үйл явдал болон түүний үр дагавараар бий болсон асуудлуудад хэр анхаарал хандуулж байсныг харуулна.








• Сонинуудын талбайд эзлэх хувь

Судалгаанд хамрагдсан сонинууд 7-р сарын 2-оос 9-ний хооронд хэвлэгдсэн дугааруудынхаа нийт талбайн 12.6 хувийг (118716 см2) 7 дугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой мэдээлэлд зарцуулсан байна. Сонинуудын уг үйл явдалтай холбоотой нийтлэлд зориулсан талбайн хэмжээ нь харьцангуй тэнцвэртэй байгаа ба тус сонины нийтлэлийн нийт талбайтай нь харьцуулбал “Ардчилал”, “Зууны мэдээ” сонинууд 7 дугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой сэдэвт харьцангуй илүү ач холбогдол өгчээ.



Гурав. 7 сарын 1-ний үйл явдалтай холбоотой мэдээллийн сэдэв, агуулга
7 сарын 1-ний үйл явдалтай холбоотой мэдээллийн агуулга, сэдвийг тоймлон авч үзвэл, телевиз нөхцөл байдалтай холбогдуулан авсан арга хэмжээ - нөхцөл байдал - үр дагавар гэсэн эрэмбээр, харин сонин нөхцөл байдлын шалтгаан - нөхцөл байдал - түүнтэй холбогдуулан авсан арга хэмжээ гэсэн эрэмбээр асуудалд ханджээ. Ерөнхийд нь дүгнэвэл, телевиз зөрчилт байдалтай холбоотойгоор авсан арга хэмжээнд, харин сонин зөрчилт байдлын учир шалтгаанд анхаарлаа хандуулжээ




• Үйл явдлын шалтгаан

Телевиз зөрчилт байдлын шалтгаанд нийт мэдээллийнхээ 19.6 хувь, сонин 30.5 хувийг зориулсан. Нийт мэдээлэлд МАХН, О.Магнай, Ж.Батзандан нар буруутай гэсэн мэдээлэл давамгайлж байв.

Мониторингид хамрагдсан телевизийн сувгууд 7 сарын 1-ний өдрийн нэвтрүүлэгтээ тухайн хэрэг явдлын шалтгааныг, энэ бол нийгмийн суурь асуудал байсан, цагдаагийн талаар иргэд сөрөг хандлагатай байсан, сонгуулийн үр дүн нийгмийн хүлээлттэй зөрчилдсөн, МАХН сонгууль будлиантуулсан, АН-ын, мөн түүний дарга Ц.Элбэгдоржийн турхиралт байсан, О.Магнай, Ж.Батзандан нарын зохион байгуулсан үймээн, “Иргэний эвсэл”, БНН зохион байгуулсан, МАХН өөрөө зохион байгуулж, байраа шатаалгасан, цагдаагийн байгууллага шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, Сонгуулийн ерөнхий хороо муу ажилласан, МАХН,АН хоёулаа буруутай, иргэд буруутай, Н. Энхбаяр буруутай, хятадууд турхирсан гэх мэтээр 16 янзаар тайлбарлажээ.

МҮОНТ дангаараа ажллаж байсан онц байдлын үед үйл явдлын шалтгааны тайлбар 8 болон хоёр дахин буурч, эфирийн цагийн хамгийн их хувийг О.Магнай, Ж.Батзандан нарын зохион байгуулсан үймээн (22.6 хувь), “Иргэний эвсэл”, БНН зохион байгуулсан ( 18.4%) гэсэн мэдээлэл эзэлж байсан бол Магнай, Жаргалсайхан нар хяналтаа алдсан, алга болсон, дэврээсэн гэсэн агуулгатай мэдээлэл нь бусад шалтгаантай адил 11 хувийг эзэлжээ. Мөн МоАХ буруутай, сонгуулийн үр дүн нийгмийн хүлээлттэй зөрчилдсөн гэсэн мэдээл адилхан 7.1 хувь, Ийгл телевиз турхирч байна, Иргэний эвслийн зохион байгуулсан явдал гэх мэдээлэл 6 хувьтай байна.
Онц байдал цуцлагдсаны дараа тайлбарын тоо нэмэгдэж, 14 болон цагдаагийн талаар иигэд сөрөг хандлагатай байсан, АН-ын турхиралт, Н.Энхбаяр буруутай, хятадууд турхирсан зэрэг тайлбар хасагдаж, Засгийн газар харуцлагагүй ажилласан, Монгол Улсын баялгийн төлөөх тэмцэл, байдал хяналтаас гарсан гэх мэт тайлбар шинээр нэмэгджээ.

• Үйл явдлын нөхцөл нөхцөл байдал

Ийм мэдээлэлд телевиз 20.7 хувь, сонин 23.8 хувийг зарцуулжээ. Үүнд жижиг намууд, жагсаалд оролцогсдын сөрөг үйлдлийн талаарх мэдээлэл давамгайлсан байна.

• Үйл явдлын үр дагавар

Үр дагаварын тухай мэдээлэлд телевиз 20.5 хувь, сонин 14.1 хувийг зориулжээ. Телевиз соёлын өв устсан, харин сонин хүний амь нас эрсэдсэн талаар илүү анхаарчээ.

• Үйл явдалтай холбогдуулан авсан арга хэмжээ

Авсан арга хэмжээний тухай мэдээлэл телевизэд 24.6 хувь, сонинд 16.2 хувийг эзэлж байна. Аль аль нь дээлэхдээ онц байдал зарласан тухай илүү анхаарчээ.

• Хүний эрхийн асуудал

Телевиз 14.2 хувь, сонин 15 хувийг хүний эрхийн асуудалд зориулсан нь хамгийн бага
байна.

Дөрөв. ХМХ-үүд 7 сарын 1-тэй холбоотой мэдээлэл хийхдээ баримт, үзэл бодлыг заагласан байдал

ХМХ-үүд олон нийтэд хүргэсэн мэдээллийнхээ дийлэнх (телевиз 67.4 хувь, сонин 76.2 хувь) хувьд баримтад түшиглэсэн байсан нь мэргэжлийн стандартыг хангасан дэвшилттэй үзүүлэлт байлаа.



Тав. ХМХ-үүд 7 сарын 1-тэй холбоотой мэдээлэл хийхдээ эх сурвалжийн тэнцвэрийг хангасан байдал
Мэргэжлийн сэтгүүл зүйд хоёр ба түүнээс дээш эх сурвалж ашиглаж, төлөөллийг адил тэнцүү хангавал мэргэжлийн хэм хэмжээг хангасан, мэдээлэл тэнцвэртэй болсон гэж үздэг.

• Эх сурвалжийн тоо

Мэдээллийн эх сурвалж дунджаар 1, тухайлбал телевизэд 1.2, сонинд 1.5 байсан нь мэдээлэл өрөөсгөл байсныг харуулж байна.



• Эх сурвалжийн төлөөлөл

ХМХ-үүд албаны хүмүүсийн байр суурийг түлхүү дамжуулсан байна. Ингэснээр сурвалжийн төлөөллийн тэнцвэр алдагдаж, сонирхлын (хараат бус шинжээч, төрийн бус байгууллага гэх мэт), мөн үр дагавар хүртэгсэд (энгийн иргэд, хохирогчдын гэх мэт)-ийн дуу хоолойг орхигдуулан, нийгмийн олон талт, янз бүрийн үзэл бодлыг тусгах мэргэжлийн хэм хэмжээ алдагджээ.



Телевизийн суваг тус бүрээр харьцуулбал, МҮОНТ-д албаны буюу төрийн байгууллагын эх сурвалж, MN25, UBS, TV5, TV9 сувагт улс төрийн нам, хүчин, NTV, SBN, TV8 сувагт мэргэжилтэн, шинжээч, С1, Ийгл, TV8 сувагт иргэдийн төлөөлөл давамгайлжээ.

Зургаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл Хүний эрхийн зөрчлийн тухай мэдээлсэн байдал
Долоон сарын нэгний үйл явдалтай холбоотой нийт мэдээллийн хувийн жинг авч үзвэл, хүний эрхтэй холбоотой мэдээлэл телевизэд 14.2 (15 цаг) хувь, сонинд 10.4 (12347 см2) хувь эзэлсэн байна. Ийм мэдээлэл 7 сарын 1-ний өдөр дөнгөж 0.4 хувьтай байсан бол онц байдлын үеэр 11.1 хувь, онц байдлын дараа 22.8 хувь болж, бараг 57 дахин нэмэгджээ.

• Хүний эрхтэй холбоотой нийт мэдээллийн 97,3 хувийг хүний эрхийн зөрчил гарсан тухай мэдээлэл эзэлж байна.
• “Хүний эрхийн зөрчил гараагүй” гэсэн мэдээлэл 2.7 хувийг эзэлсэн байна. Үүнийг Хүний эрхийн комисс, Цагдаагийн байгууллага, Улсын Мөрдөн байцаах газар, УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, МАХН, зарим иргэн хэлжээ. Харин хүний эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-ууд, иргэний хөдөлгөөн, өмгөөлөгч, хохирогчдын ар гэрийнхэн, зарим нам эвсэл “ Хүний эрхийн зөрчил ихээр гарч байна” гэсэн дүгнэлт өгч, мэдээлэл хийжээ
• “Хүний эрх зөрчигдөөгүй” гэсэн мэдээлэл 7 сарын 1-ний өдөр гараагүй, харин онц байдал тогтсон буюу МҮОНТ ажиллаж байх үед 14,8 хувьтай байжээ. Онц байдлын дараахь дөрөв хоногийн ийм мэдээлэл 85,2 хувь хүрч, эрс нэмэгджээ
• Телевизээр дамжуулсан хүний эрхийн тухай нийт мэдээллийн 28 хувийг Ийгл телевиз, 25 хувийг С1 телевиз, 22 хувийг МҮОНТ бүрдүүлж байна. Зөвхөн энэ гурван сувгийн хүний эрхийн тухай мэдээлэл 7 сарын 1-ний үйл явдалтай холбоотой нийт мэдээллийн 75 хувийг эзэлжээ.
• Өдөр тутмын сонинуудад нийтлэгдсэн хүний эрхийн нийт мэдээллийн 44 хувь нь “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
• Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүний эрхийн зөрчлийн нийт 30 орчим төрлийн зөрчлийн тухай мэдээлжээ. Үүнээс баривчлагдсан иргэдэд цагдаа, хүчний байгууллагын зүгээс бие махбодын дарамт учруулах явдал байгаа тухай мэдээллийн 21.4 хувийг телевиз, 22.2 хувийг сонин мэдээлсэн нь хамгийн их яригдсан сэдэв байв. Харин нас барсан, шархадсан, баривчлагдсан хүмүүсийн эр гэрийнхэнд хэлж дуулгаагүй, өвчтэй хүн хоригдож байгаа, цагдаа, иргэдээс мөнгө, эд зүйл авсан, хөгжлийн бэрхшээлтэй/оюуны хомдолтой хүнийг баривчилсан тухай мэдээлэл хамгийн бага буюу тус бүр 0.1 хувийг эзэлжээ.
• ХМХ-үүд хүний эрхийн зөрчлийн тухай мэдээлэхдээ үзэл бодлоос илүү баримтад түшиглэн, эх сурвалжийн тоо, төлөөллийг харьцангуй мэргэжлийн түвшинд хангасан хэдий ч агуулгын хувьд авч үзвэл, хүний эрхийн зөрчлийн тухай бодитой мэдээлэл хүргэж чадаагүй байна. Тухайлбал:
 Хүний эрхийн зөрчлийн тухай мэдээллийн эх сурвалжийг авч үзвэл, телевизийн сувгууд дунджаар нэг эх сурвалж ашиглан мэргэжлийн стандартаа зөрчсөн байна. Харин TV9 сувагт эх сурвалжийн тоо тэнцүү байлаа
 Сонин дунджаар хоёр эх сурвалж ашиглаж, сонин мэргэжлийн стандартаа хангажээ. “Өдрийн сонин”-д бусдаас илүү тэнцүү тооны эх сурвалж ашигласан байна.
 ХМХ-үүд хүний эрхийн зөрчлийн тухай мэдээлж, сурвалжлахдаа эх сурвалжийн төлөөллийг харьцангуй тэнцвэртэй ашигласан байна. Телевизийн хувьд, эх сурвалжийн 23.5 хувь нь албаны, 22.9 хувь нь ТББ, холбоодын, 21.4 хувь нь иргэдийн төлөөлөл байв. Сонины эх сурвалжийн 24.7 хувь нь албаны, 38.4 хувь нь иргэдийн төлөөлөл байв
• Хүний эрхийн зөрчлийн тухай мэдээлэлийн агуулга, сэдэвт шинжилгээ хийж үзэхэд, нийт 30 төрлийн зөрчил нийтлэгдсэн байв. Тухайлбал, баривчлагдсан иргэдийг цохиж зодох зэргээр бие мах бодын эрүү шүүлтийн хэлбэр (21,4 хувь), Насанд хүрээгүй хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг албадан баривчилж, зодож, хүнлэг бус хандсан (12,8 хувь), хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг зөрчсөн (10.5 хувь) зэрэг зөрчлийн тухай түлхүү мэдээлжээ. Тодруулбал, телевизүүд цагдаа, хүчний байгууллагын зүгээс зөрчилт нөхцөл байдалтай холбоотойгоор баривчлагдсан иргэдэд бие махбодын дарамт учруулах явдал гарч байгаа тухай мэдээллийг хамгийн олон давтамжтай нэвтрүүлсэн байна
• Онц байдлын үеэр ажилласан МҮОНТ-д мэдээллийн нэг эх сурвалж давамгайлж, төлөөллийн хувьд 58.2 хувь нь албаны хүмүүс байсан нь тэнд төрийн цензур үйлчилж, хүний эрхийн асуудалд зөвхөн төрийн байгууллагын байр суурийг дамжуулж байсныг нотолж байна.
• “Хүний эрх зөрчигдсөн” тухай иргэн, төрийн бус байгууллага, сэтгүүлчийн өгсөн зургаан мэдээлэл 7 сарын 1-ний өдөр телевизэээр цацагдсан бол онц байдлын үеэр төрийн бус байгууллагын төлөөллийн байр суурь 1.9 хувь, иргэдийн төлөөлөл 5.1 хувь болон буурч, онц байдал цуцлагдсаны дараа төрийн бус байгууллын төлөөл 27.6 хувь, иргэдийн төлөөллийн байр суурь 25 хувь хүрч нэмэгджээ. Нийт мэдээллийн 26.9 хувьд сэтгүүлч хүний эрхийн зөрчлийн тухай мэдээлсэн байна. Албаны эх сурвалжийн байр суурь 30.8 болж буурсан ч бусадтай харьцуулахад хамгийн их хэвээр байлаа. Телевизийн сувгаас Ийгл телевизэд эх сурвалжийн байр суурийг хамгийн тэнцвэртэй байв.
• Төрийн цензуртэй телевизийн ганц суваг ажиллаж байсан онц байдлын үеэр сонин иргэдийн дуу хоолойг түлхүү хүргэсэн байна. Иргэдийн төлөөллийн байр суурь сонинд нийтлэгдсэн хүний эрхтэй холбоотой нийт мэдээллийн 53,2 хувийг эзэлжээ
Хүний эрхийг дээдэлдэг ардчилсан нийгэмд ХМХ өөрөө хүний эрх зөрчихгүй байх хүмүүнлэг ёс, дэг журам үйлчилдэг. ХМХ, сэтгүүлчид нийтийг хамарсан, гэнэтийн, зөрчилт ийм үйл явдлын үеэр хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ёстой. Харамсалтай нь, манай ХМХ-д ийм соёл, дагаж мөрдөх журам дүрэм үгүй учир 7 сарын 1-ний өдөр, түүний дараа хүний эрхийг зөрчих явдал гарчээ.

Телевизүүд шууд сурвалжлага хийх, ярилцдага хийхдээ гэрч, хохирогсдын нүүрийг нууцлах, дуу хоолойг нь өөрчлөх зэрэг хувиргалтын арга ашигласангүй. Энэ нь ЦЕГ-ын албадлага, шаардлагаар телевизийн сувгуудаас авсан үйл явдлын бичлэгийг сэжигтэн, баривчлагсдын эсрэг ашиглах боломж олгосон байна. Телевизийн сэтгүүлчид цагдааг нотлох баримтаар хангах гэж бус олон нийтийг мэдээллээр хангах гэж үйл явдлыг сурвалжилдаг билээ.

Долоо. Онц байдлын үеийн МҮОНТ ба төрийн цензур

2008 оны 7 сарын 1-ний өдрийн Ерөнхийлөгчийн зарлигаар онц байдал тогтоосноос хойш дөрөв хоногийн хугацаанд МҮОНТ дангаар ажилласан билээ. Энэ хугацаанд төрөөс МҮОНТ-д хатуу цензурээ сэргээн тогтоож, төрийн удирдагад авсан юм. Ингэснээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн дуу хоолойг боомилон, олон нийтэд хүрэх мэдээллийн олон ургальч чанар алдагдаж, улс төрийн хүрээнд дэх цөөнх, нийгэм дэх жирийн иргэн, эрдэмтэн, шинжээчдийн байр суурь дарагдаж, оюун санааны хүрээнд догматик, хандлага давамгайлж, нийгмийн шударга ёс алдагдахад хүргэсэн гэж үзэж байна.

МҮОНТ, 2008 оны 07 сарын 05-ны 00:11-00:21 цаг, 618 секунд
... Онц байдал цуцлагдлаа. Өнгөрсөн хугацаанд МҮОНТ нь Онц байдлын тухай хуульд захирагдаж Үндэсний Аюулгүй байдлын Шуурхай штабын шууд удирдлаган дор тус штабын мэдээлэлд үндэслэн мэдээллээ дамжуулж байсан ...
Төрийн хяналттай өдрүүдэд МҮОНТ-ийн дэлгэцнээ гарсан эх сурвалжийн 51.1 хувь нь албаны буюу засгийн газрын төлөөлөл байв. Иргэд 4.1 хувь, төрийн бус байгууллагын төлөөлөл 3.2 хувийг эзэлсэн бол шинжээч, ажиглагч ердөө 0.1 хувьтай байлаа.
Үүссэн нөхцөл байдлын шалтгааны тухай МҮОНТ-ийн Долоон сарын нэгний өдөр, онц байдлын үеэр, онц байдал цуцлагдсаны дараахь дөрөв хоногийн мэдээлэлд цензур хэрхэн нөлөөлснийг доорхи хүснэгтээс харж болно.



7 сарын 1-ний өдөр тухайн нөхцөл байдалд сөрөг хүчин, тухайлбал иргэний эвсэл, БНН, түүний удирдагчид буруутай тухай мэдээлэл хамгийн ихдээ 5.5 хувь эзэлж байсан бол төрийн хяналт дор ажиллаж байсан онц байдлын үед үлэмж нэмэгдэн дээд тал нь 22.6 хувьд хүрсэн байна. Мөн Ийгл телевиз турхирч байгаа тухай мэдээлэл гарч, 6.3 хувийг эзэлжээ.



7 сарын 1-ний өдөр үүссэн нөхцөл байдлын шалтгааныг МАХН сонгууль будлиантуулсан (25.3%)-ны үр дагавар, Ардчилсан намын дарга Ц.Элбэгдоржийн турхиралтаас(14.4%) болсон гэсэн тайлбар зонхилж байсан бол онц байдлын үеэр хэд дахин буурч, онц байдал цуцлагдсаны дараа МАХН-ыг буруутгасан мэдээлэл давамгайлж, дараа нь сонгуулийн үр дүн нийгмийн хүлээлттэй зөрчилдсөн тухай тайлбар 10.4 хувьийг эзэлжээ.
Доорхи графикаас онц байдлын үеэр МҮОНТ үүссэн нөхцөл байдлын шалтгааны үр дагаврын тухай хэрхэн мэдээлсэнийг харж болно.



Энэ хэрэг явдлаас үүдэн цагдаа, гэмтэж бэртсэн тухай мэдээлэл 18.6 хувь эзэлжээ. Дараа нь соёлын өв шатсан (14.5%), хүний амь эрсэдсэн (11.2%) тухай мэдээлэл орсон байна. Сэтгүүлч гэмтэж, бэртсэн, МАХН-ын байрыг шатаасан, урлагийхан тоглолт хийж чадахгүйд хүрсэн, цагдаагийн зэвсэг хэрэгсэл хангалтгүй, бизнес нөлөөлсөн, Монгол Улсын нэр хүндэд муугаар нөлөөлж, жуулчдын тоо багасна гэх мэт 12 төрлийн мэдээлэл тус бүрийн эзлэх хувь таван хувиас доош байлаа.

Найм. Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин

2008 оны 7 сарын 1-ний 23 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч 194 тоот зарлиг гаргаж, нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 24 цагаас эхлэн дөрөв хоногийн хугацаатай онц байдал тотоосон билээ. Зарлигийн 4-р зүйлд “ Үндэсний олон нийтийн радио, телеизээс бусад телевизийн үйл ажиллагааг онц байдлыг цуцлах хүртэл зогсоох”-оор заасан юм. Ийнхүү зарлиг гаргахдаа 1995 оны 11 сарын 14-нд батлагдсан Онц байдлын тухай хуулийн 16-р зүйлийн 3 дахь хэсгийн 4-т “Олшруулах болон дуу авиаг чангаруулах техник хэрэгслийн ашиглалтыг хязгаарлах буюу хориглох, шаардлагатай бол түр хураан авах, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хяналт тогтоох, эсхүл онц байдлыг цуцлах хүртэл үйл ажиллагааг нь зогсоох” гэсэн заалтыг иш үндэс болгожээ.
Онц байдлын тухай хууль гарсан 1995 онд Монголд төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл давамгайлж байв. Үүнээс хойш Монголд хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, төрийн мэдлийн ХМХ-ийг либеральчлах чиглэлээр чухал ахиц гарч, 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хууль батлагдсан билээ.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн 2-р зүйлд“Хэвлэл мэдээлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээлэлийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно”, 3-р зүйлийн 1-д ”…Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй” мөн 3-р зүйлийн 2-т “ Төрөөс ХМХ-ийн нийтлэх нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй”хэмээн тус тус заажээ.

Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 4-р зүйлийн 1-д:” Олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаандаа хараат бус байх, бодит мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэх, олон ургальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэх, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, улс төрийн намын эрх ашгийг бус нийт үндэсний эрх ашгийг дээдлэх үндсэн зарчмыг баримтална” гэсэн байна. Мөн хуулийн 5 дугаар зүйлээр Олон нийтийн радио, телевизийн сурвалжлагч, редакцийн хараат бус байдлыг хангаж, нэг дэх хэсэгт: Олон нийтийн радио, телевизийн сурвалжлагч, редакци Үндсэн Хууль болон энэ хуулийн үзэл санаанд нийцсэн нэвтрүүлэг бэлтгэх, нийтийн хүртээл болгоход нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, олон нийтийн радио, телевизийн удирдлага хөнлөнгөөс оролцох оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэжээ.
Ерөнхийлөгч зарлигийн дагуу онц байдлын арга хэмжээг хэрэгжүүлэх явцад МҮОНТ-аас бусад телевизийн үйл ажиллагааг зогсоож, МҮОНТ-ийн мэдээллийн агуулгад цензур тогтоосон нь дээр дурдсан хуулийг зөрчиж, Онц байдлын тухай хуулийн хуучинсаг заалтыг хэтрүүлэн хэрэгллэсэн гэж үзэж байна.

Ес. Ерөнхий дүгнэлт

2008 оны 07 сарын 1-ний өдрийн хэрэг явдал нь ардчилсан тогтолцоог сонгосоноос хойших монголын түүхэнд анх удаа олон нийтийг цочроосон, онцгой үйл явдал болж, нийгэмд зөрчилт нөхцөл байдал үүсгэсэн билээ.
1. Энэ үеэр монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл жирийн өдрүүдээс илүү цагаар ажиллаж, 7 сарын 1–ний үйл явдалтай холбоотой мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэсэн.
2. Мониторингид хамрагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд (ХМХ) үүссэн байдлын шалтгаан, нөхцөл байдал, түүнтэй холбогдуулан авсан арга хэмжээ, үр дагаварт түлхүү анхаарсан байна. Ингэхдээ мэдээллийг өөр өөрийн өнцгөөр олон нийтэд хүргэсэн нь бодит мэдээлэл гэхээсээ илүү улс төрийн намуудын талцал, өөр өөр байр суурь, үзэл бодлын дуу хоолой болжээ. ХМХ-үүд 7 сарын 1-ний үйл явлын шалтгааныг гэхэд 16 янзаар тайлбарлажээ
3. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэргэжлийн түвшинд дүн шинжилгээ хийхэд, 7 сарын 1-ний жагсаал цуглаан, түүний дараа үүссэн нөхцөл байдлыг мэдээлж, сурважлахдаа үзэл бодлоо тулгахаас илүү баримтад түшиглэсэн сайн талтай байна. Гэхдээ мэдээллийн эх сурвалжийн тоо, төлөөлөл, агуулга сэдвийн хувьд мэргэжлийн хэм хэмжээ алдагдсан тул үйл явдлыг мэдээлэхдээ тэнцвэртэй байж чадаагүй, өрөөсгөл, туйлширсан шинжтэй байсан гэж дүгнэж байна
4. ХМХ-ээр дамжсан 7 сарын 1-ний үйл явдалтай холбоотой нийт мэдээллийн хувийн жинд хүний эрхийн зөрчлийн тухай мэдээлэл хамгийн бага хувийг эзэлж байв. Хүний эрхийн тухай мэдээлэл ХМХ-д 7 сарын 1-ний өдөр 0.4 хувьтай байсан бол онц байдлын дараа 57 дахин нэмэгдэж, мэдээллийн эх сурвалжийн тоо, төлөөлөл харьцангуй тэнцвэржсэн хэдий ч агуулгын хувьд “хүний эрх зөрчигдсөн”, “хүний эрх зөрчигдөөгүй” гэсэн хоёр туйлд хуваагдан “хүний эрх зөрчигдөөгүй” гэсэн нь давамгайлсан байв
5. ХМХ-үүд хүний эрхийн тухай тусгахдаа мэдээллийн нэг сурвалж ашиглаж, ялангуяа онц байдлын үеэр эх сурвалжийн тэнцвэр хэт алдагдаж, төлөөллийн хувьд албаны байр суурь хэтэрхий давамгайлан хүний эрхийн зөрчлийн тухай мэдээлэл хэт туйлширсан байв. “Хүний эрх зөрчигдсөн “гэж үзэж байсан хүний эрхийн төрийн бус байгууллагын байр суурь ХМХ-д хоёр хувьд ч хүрээгүй байна
6. Хүний амь эрсэдсэн тухай МҮОНТ анх удаа мэдээлсэн байна. Энэ тухай мэдээлэл сонинуудад телевизээс илүү байжээ
7. Хүний эрхийн тухай бага мэдээлэлд хүний эрхийн зөрчил гарсан тухай мэдээлэл 97.2 хувийг эзэлж, нийт 29 төрлийн зөрчлийн тухай дурдсан байна. Ийм мэдээллийн бараг гуравны нэгийг сэтгүүлч өөрийн олсон баримтад түшиглэн түгээжээ. Энэ нь сэтгүүлчдийн хүний эрхийг хүндэтгэх хүсэл эрмэлзэл дийлэнх байсныг харуулж байгаа юм. Харин ийм мэдээллийг хязгаарлахад Онц байдал тогтоосон тухай Ерөнхийлөгчийн зарлиг, МҮОНТ төрийн хатуу хяналт дор ажилласан нь нөлөөлсөн гэж үзэж байна
8. Онц байдлын үеэр өдөр тутмын сонинууд иргэдэд ганцаас шилэх боломж (альтенатив эх сурвалж) олгон, иргэдийн дуу хоолойг нийгэмд түлхүү хүргэжээ.
9. Онц байдал тогтоох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МҮОНТ-ээс бусад телевизийн үйл ажиллагааг дөрөв хоногийн хугацаатай зогсоон, олон нийтийн радио, телевизэд төрийн цензурыг сэргээн тогтоож, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллээр үнэн бодит, олон ургальч мэдээлэл хүлээн авах эрх, эрх чөлөөг үндэслэлгүйгээр хязгаарласан нь Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө туйлын эмзэг байгааг харууллаа
10. 1995 онд батлагдсан Онц байдын тухай хуулийн “олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хяналт тогтоох, эсхүл онц байдлыг цуцлах хүртэл үйл ажиллагааг нь зогсоох” тухай
зүйл заалтыг хэтрүүлэн ашиглаж, 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, 2005 оны Олон нийтийн радио,телевизийн тухай хуулийн зохих зүйл заалтыг зөрсөн гэж үзэж байна

Арав. Зөвлөмж

7 сарын 1-ний үйл явдалтай холбоотой хэвлэл мэдээллийн мониторингийн дүгнэлтэд үндэслэн дараахь зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:

УИХ-д:

 Онц байдлын тухай хуульд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хяналт тогтоох тухай зүйл заалтыг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд нийцүүлэн өөрчлөх
 Олон нийтийн радио, телевиз онц болон дайны байдлын үеэр мэдээлэл, сурвалжлах өөрийн журамтай байхаар ОНРТ-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах

ХМХ, сэтгүүлчдийн мрэгжлийн эвлэл холбоодод:

 Зөрчилт байдлын үед сэтгүүлчдийн баримтлах зарчим боловсруулж мөрдөх
 Иргэдийн дуу хоолой болж, тэдний эрх ашигт үйлчилдгийн хувьд зөрчилт байдлын үед гарч болзошгүй хүний эрхийн зөрчлийн баримтыг илрүүлэх, бодитой мэдээлэх, болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах
 Хүний эрхийн асуудлыг мэдээлэх, сурвалжлахад сэтгүүлчдийн баримтлах зарчмыг баталж, мөрдөх

Цааш унших...

Friday, June 12, 2009

XX зууны социологийн ТОП 10 ном

1998 онд Монтералд Олон Улсын Социологийн Холбоо (ОУСХ), Социологийн Дэлхийн Конгрессын чуулга уулзалт болсон бөгөөд уулзалтын чухал зорилтын нэг нь XX зууны социологийн уламжлал, хөгжлийн талаар хэлэлцэх явдал байсан юм. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд ОУСХ, Конгрессын Хөтөлбөрийн Хороо 1987 онд социологичдод хамгийн их нөлөө үзүүлсэн XX зууны ТОП 10 номыг тодорхойлох санал асуулгын судалгаа явуулжээ. ОУСХ-ны гишүүд социологичдоор тэдний ажилд хамгийн нөлөөтэй байсан XX зуунд хэвлэгдсэн 5 номыг нэрлүүлэх аргаар судалгааг авчээ. Тус судалгаанд ОУСХ-ны нийт гишүүдийн 16 хувь (2785-аас 455) нь хамрагдсан байна.

Ингээд судалгааны үр дүнд XX зууны социологийн ТОП 10 номны жагсаалтыг Германы социологич Макс Веберийн “Нийгэм ба эдийн засаг” бүтээл шалгарчээ.

XX зууны ТOП 10 ном

1. Макс Вебер - Эдийн засаг ба нийгэм (Economy and Society)-20.9%
2. Чарлес Милс - Cоциологийн сэтгэлгээ (The Sociological Imagination)-13.0%
3. Роберт Мертон - Нийгмийн онол ба нийгмийн бүтэц (Social Theory and Social Structure)-11.4%
4. Макс Вебер - Протестант ёс зүй ба капитализын оюун санаа - The Protestant Ethic and the Spirit of Capitalism)-10.3%
5. П.Л.Бергер болон Т.Лукман - Бодит байдлын нийгмийн байгууламж - (The Social Construction of Reality)-9,9%
6. Пэйр Бюрдэ - (Distinction: A Social Critique of the Judgment of Taste)-9.5%
7. Норберт Элайс - Иргэнших үйл явц (The Civilizing Process)-6.6%
8. Хэйбермас - Харилцан үйлдлийн онол - (The Theory of Communicative Action)-6.4%
9. Т.Парсонс - Нийгмийн үйлдлийн бүтэц - (The Structure of Social Action)- 6.2%
10. Эрвин Гоффман - (The Presentation of Self in Everyday Life)-5.5%

Судалгааны явцад социологичдын үзэл бодол тэдний нас, хүйсээр ялгаатай байв. Тухайлбал эмэгтэй социологичдын хувьд хамгийн их нөлөө үзүүлсэн эхний 10 номын жагсаалтад Жорж Герберт Мидийн “Оюун ухаан, би ба нийгэм” (Mind, Self and Society), Антони Гидденсийн “Нийгмийн үндсэн хууль” (The Constitution of Society), Норберт Элайс (The Civilizing Process: Power and Civility), Майкл Фокалт (Discipline and Punish) бүтээлүүд багтсан бол эрэгтэй социологичдод хамгийн их нөлөөлсөн 10 номын жагсаалтанд Э.Дюрхэймийн “Шашины амьдралын энгийн хэлбэрүүд” (The Elementary Forms of Religious Life) бүтээл тус тус орсноороо ерөнхий жагсаалтаас ондоо байжээ.

Мөн 45 хүртэлх насны социологичдод Улрич Бэкийн “Эрсдэлт нийгэм” (Risk Society ), Хэйрри Бравермэн “Хөдөлмөр ба монополь хөрөнгө” (Labour and Monopoly Capital), 45-55 насны социологичдод Антони Гидденсийн “Нийгмийн үндсэн хууль” (The Constitution of Society), Имануэл Валлерстэйн “Орчин үеийн Дэлхий - Систем” (The Modern World-System), Э.Дюрхэймийн “Шашины амьдралын энгийн хэлбэрүүд” (The Elementary Forms of Religious Life), Жорж Герберт Мидийн “Оюун ухаан, би ба нийгэм” (Mind, Self and Society), В.Моор “Дарангуйлал ба ардчилалын нийгмийн гарал үүсэл” (The Social Origins of Dictatorship and Democracy), 55-аас дээш насны социологичдод Жорж Герберт Мидийн “Оюун ухаан, би ба нийгэм” (Mind, Self and Society), Т.Парсонын “Нийгмийн систем” (The Social System), Георги Зиммел “Социологи” (Sociology), Э.Дюрхэймийн “Шашины амьдралын энгийн хэлбэрүүд” (The Elementary Forms of Religious Life) номууд тус тус нөлөөлжээ.
Судалгаанд оролцогчид нийтдээ социологийн 978 ном нэрлэсэн байна. Энэ талаар та дараах холбоосон дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
http://www.isa-sociology.org/books/vt/books_01.htm

Цааш унших...

Monday, May 4, 2009

"Энтропийн шинжилгээний арга" - сүүлийн хэсэг /Г.Цогтбаатар/

Энтропийн шинжилгээ хэрхэн хийх талаар бичсэн өмнөх нийтлэлээ үргэлжилүүлэн танилцуулж байна. Ойлгомжгүй зүйл гарвал tsogoo_tsogtbaatar@yahoo.com хаягаар тодруулга авч болно.

3. Бүлгүүд нэг төрөл болж чадаагүй учраас хамгийн их мэдээлэлтэй хос шинж тэмдгийг илрүүлэх алхмуудыг гүйцэтгэе

Алхам 7. Юуны түрүүнд шинжүүдийн гурвалаар тархалтын цуваа байгуулна.

(+)(+)(+)- 1,2,3 гэсэн шинжүүдэд (Социологи-1,2,3 гэсэн гурван сэтгүүл гурвуулаа байгаа оюутнуудын тоо) бүгдэд нь эерэг хариулт өгсөн оюутнуудын тоо гэх зэргээр уншина. Энэхүү тархалтын цувааг байгуулахдаа өмнө өгүүлснээр SPSS16 программын Analyse - Descriptive staticticis – Crosstabs командаар гүйцэтгэхээ анхаараарай.


Алхам 8. Дөрвөн шинж тэмдгээр гурвал үүсгэхэд 123, 124, 134, 234 гэсэн дөрвөн гурвал үүснэ. Гурвалын тоог бид

гэж бодож болно.

Алхам 9. Мөн өмнө хос шинж тэмдгүүдийн энтропийг олсоны адилаар гурвалын энтропийг бодно.

Үр дүнг өмнөх хүснэгтэн мэдээлэлтэй хамтатган бичвэл:

Алхам 10. Бидний дараагийн алхам бол мөн л хос шинж тэмдгийн адилаар гурвалын энтропийн давхцлын утгыг олно. Ингээд дараах томъёогоор

томъёонд орлуулан хамгийн их гарсаныг нь бусдыгаа тодорхойлох хамгийн их мэдээлэлтэй хос шинж тэмдэг гэж үзнэ.

Бодолтыг эхлэхээс өмнө бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ нь томъёоны асуудал юм. Өмнө нь бид (1,2), (1,3),(1,4),(2,3),(2,4),(3,4) гэсэн зургаан хослолыг бодсон шүү дээ. Одоо бид 6 хослолтойгоо, хослолд ороогүй хоёр шинж тэмдгээр нь гурвал үүсгэх хэрэгтэй боллоо. Бодлогын үр дүнд 12 гурвал үүснэ. Энторопийн давхцалыг олох томъёонд Эхний (1,2) гэсэн хослолд 3 болон 4 ороогүй учраас энэ хоёр шинжтэй гурвалыг үүсгэнэ. Өөрөөр хэлбэл

болно. I=1, j=2, g=3 and g=4 гэж ойлгоно. Нэг хослол л хослолд ороогүй 2 шинж тэмдэгтэй гурвал үүсгэх учраас (нийт 6 хослол маань ) x (хослолд ороогүй 2 шинжээр үржигдээд)=12 гурвалын энтропийн давхцал бодогдоно гэсэн үг.

Одоо хамгийн их мэдээлэлтэй хос шинж тэмдгийг олъё

Алхам 11. Дээрх бодлогоос хамгийн их утга нь 0.084739 буюу Социологи 2 ба 4-р сэтгүүлийн хослол байна. Иймд Социологи 2 ба 4 сэтгүүл хамгийн их мэдээлэлтэй сэтгүүлүүд бөгөөд эдгээр сэтгүүл байгаа хүнд бусад сэтгүүл байдаг хэмээн үзэж болох юм. Ингээд бид дараах дөрвөн хэв маягийг үүсгэж болно. Үүнийг өмнө өгүүлснээр SPSS16 программын Analyse - Descriptive staticticis – Crosstabs командаар 2 болон 4 гэсэн шинж тэмдгүүдээр солбицуулан бүлэглэхээ санаарай.
1. Социологи-2 болон 4-р сэтгүүл аль аль нь байгаа оюутнууд – 8/34.8 хувь/
2. Социологи-2 байгаа 4-р сэтгүүл байхгүй оюутнууд – 0
3. Социологи-2 байхгүй 4-р сэтгүүл байгаа оюутнууд – 11/47.8 хувь/
4. Социологи-2 болон 4-р сэтгүүл аль аль нь байхгүй оюутнууд – 4/17.4 хувь/
Дээрх мэдээлэлд үндэслэн бүлэгт тохирох нэр оноож дараах гурван хэв маяг үүсгэж болох юм:
1. Социологи сэтгүүлийн хангамж сайн бүлэг – 34.8 хувь
2. Социологи сэтгүүлийн хангамжаар дундаж бүлэг –47.8 хувь
3. Социологи сэтгүүлийн хангамж муу бүлэг – 17.4 хувь

Алхам 12. Сүүлд нь бид дээрх байдлаар хэв маяг үүсгэх нь үндэслэлтэй эсэх буюу үүсгэсэн хэв маяг маань нэгэн төрөл болж чадсан эсэхийг шалгах ёстойгоо мартаж болохгүй.Өмнө нэг шинжээр бүлэглэсэн хүснэгтэд бусад шинжийн тохиолдох хамгийн их утгаар нь зохиосон ангиллын нэг төрөл байдлыг шалгах хүснэгтийг үүсгэсэн шиг, энэ удаа мөн хамгийн их мэдээлэлтэй гэж тооцоологдсон хоёр шинжээр бүлэглэсэн хүснэгтийг зохиож бусад шинжийн хамгийн их тохиолдох утгуудыг нь үлдээсэн хүснэгтийг зохино. (SPSS16 программын Analyse - Descriptive staticticis – Crosstabs!)

Хамгийн их тохиолдлын утгуудыг нь хараар тэмдэглэсэн байгаа нь харагдаж байна. Эдгээр утгыг нь үлдээвэл дараах хүснэгт үлдэнэ.

Алдааг дараах байдлаар бодно

Алдаа 0.141304 > 0. 2 учраас бидний үүсгэсэн ангилал маань нэгэн төрөл байдлыг хангаж байна гэж үзсэнээр энтропийн шинжилгээ дууна. Хэрэв алдааны түвшин стандарт хангаагүй бол бид цаашид шинж тэмдгийн гурвал, дөрвөлүүдийг бодох ёстой юм шүү социологич, судлаачдаа!

Цааш унших...

Monday, April 6, 2009

"I R I M" судалгааны хүрээлэн байгуулагдсаны нэг жилийн ойн баярын мэнд хүргэе

2008 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр манай судалгааны хүрээлэн байгуулагдаж, 4 дүгээр сарын 6-нд Хууль зүйн яамнаас албан ёсны гэрчилгээгээ гардан авсан билээ. Тиймээс өнөөдөр манай байгууллагын нэг жилийн ой тохиож байна.
Мэргэжлийн, Хараат бус байх уриа дэвшүүлэн нийгмийн судалгааны салбарт тэргүүлэх хүрээлэн болох зорилго тавин ажиллаж буй манай залуусыг дэмжиж, хамтарч ажилласан байгууллага, хувь хүмүүст гүн талархал илэрхийлж, ажил үйлст нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид ил тод байдал, мэдээллийн нээлттэй байдал, олон нийтийн оролцоо, жендер, хүний эрх, шилжих хөдөлгөөн, нийгмийн халамж, сонгууль, улс төрийн үйл явц, боловсрол, инфляцийн сэдвээр 14 судалгаа, нөлөөллийн төслийг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Нээлттэй Нийгэм Форум, БСШУЯ, Боловсролын хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн сан, Глоб Интернэшнл ТББ, MONFEMNET ТББ, Швейцарийн Хөгжлийн Агентлаг, АНУ-ын Элчин сайдын яам, МУИС-ийн УТС-ын тэнхим, Голден Бридж сургалтын төв, Монгол банк зэрэг байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлээд байна.

Манай хамт олон нэг жилийн алдаа, оноогоо дүгнэн хэлэлцэж цаашид дараах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Байгуулагын олон улсын стандартын үйл ажиллагаа явуулах институтийн чадавхийг хөгжүүлж, бэхжүүлэх;
  • Нийгмийн судалгаа, шинжилгээний салбарт Монгол улсын засгийн газар болон судалгааг захиалагч олон улсын байгууллагууд, компаниуд, ТББ-уудтай харилцаа тогтоох, тогтвортой хамтран ажиллах;
  • Олон нийт, сонирхогчдын хүрээнд байгууллагын имидж, брэндийг үүсгэх стратеги баримталж ажиллах.

Ингээд нийт харилцагч байгууллагууддаа дахин талархал илэрхийлье

"I R I M" судалгааны хүрээлэнгийн хамт олон

Цааш унших...

Thursday, April 2, 2009

Дээд боловсролын дисфункц /Г.Цогтбаатар/


Телевизээр дээд боловсролын асуудлаар хэлэлцүүлэг хийж байна. Сонихолтой сэдэв тул жаахан ажиглалаа. Гэтэл манай нэгэн өндөр албан тушаалтан (нэр ажлыг нь дурьдаад юүгхэв) “... дээд боловсролтой хүний тоо ихэдлээ, дэндлээ л гээд байх юм тэрний муу нь хаана байгаа юм, харин ч бүх хүнээ дээд боловсролтой болгочихвол улс орон хөгжих юм бишүү ... ” гээд л өөртөө их итгэлтэйгээр ярьж байх юм. Аливаа зүйл зохистой хэмжээ, хүрээнд л утга учиртай байдаг нь байгаль болоод хүний нийгмийн хөдлөшгүй хууль бус уу? Тиймээс оюутан байхдаа дээд боловсролын сөрөг функцийн асуудлаар бичиж байсан судалгааны нийтлэлээ блогтоо орууллаа. Тухайн үед дурьдаж байсан тоо баримт нь бага зэрэг хуучирсан боловч агуулга, үзэл санаа нь хуучраагүй тул засвар хийгээгүй юм шүү.

Боловсролын дэд систем ба дисфункц

Нийгэм нь эдийн засаг, улс төр, шашин, гэр бүлэг, боловсролын дэд системүүдээс бүрддэг бөгөөд аль нэг дэд системийн зохистой үүрэг алдагдахад бусад системийн хэвийн байдал алдагдаж нийгэм бүхэлдээ ганхах аюултай.
Тиймээс социологич Р.Мертон өөрийн функционалист онолдоо аливаа дэд системүүд нь ямагт нийгмийн системийн оршин тогтнох хэвийн байдлыг хангах эерэг функцтэй байх албагүйг тэмдэглээд, үүний зэрэгцээ дисфункци буюу сөрөг функцийг хэрэгжүүлдэг тухай өгүүлсэн байдаг.
Боловсрол нь үндсэн систем болохын хувьд бага, дунд, дээд (зөвхөн албан боловсролыг авч үзэв) гэсэн дэд системүүдийн тус бүрийн үүргийн зохистой харьцааны үр дүнд хэвийн оршин тогтнож, нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ.
Иймд дээд боловсролын эерэг функц нь тодорхой хил хязгаарын дотор л хүчин төгөлдөр байх бөгөөд зохистой хэмжээ нь хэтэрсэн тохиолдолд боловсролын зэрэглэл түүний нийгмийн үнэ цэнэ, агуулга алдагдаж зөвхөн хэлбэрийн тал нь голчлон хувалз адил улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хойш татна. Өөрөөр хэлбэл дээд боловсролын эерэг функц нь түүний чанар, зэрэглэлийн үнэ цэнэ бодитоор хангагдаж буй тохиолдолд л илрэх юм. Эсрэг тохиолдол сөрөг функцтэй байх болно.

Дээд боловсролын давуу тал, зэрэглэлийн үнэ цэнэ

Дээд боловсролын чанар, зэрэглэлийн үнэ цэнэ хадгалагдаж буй тохиолдолд дээд боловсролтой иргэдийн ажил эрхлэлт, орлогын түвшин, гэмт хэрэгт холбогдох байдал, наслалт, өвчлөлт зэрэг нь нийгэм дэх боловсролгүй эсвэл бага, дунд боловсролтой хэсгийнхнээс харьцангуйгаар эерэг үзүүлэлттэй байдаг. Энэ нь дээд боловсролын давуу тал юм.
2005-2006 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид дээд мэргэжилээр 138019 оюутан суралцаж байхад, тусгай мэргэжлийн анхан, дунд шатны сургуулиудад дөнгөж 23249 оюутан суралцаж байна. Энэ нь нийт мэргэжлийн боловсрол эзэмшигчдийн дөнгөж 14.4 хувь нь юм. Харин 85.6 хувь нь дээд боловсрол эзэмшихээр суралцаж байна. Герман, Швейцарь зэрэг хөгжингүй улс орнуудад мэргэжлийн боловсролын энэхүү харьцаа нь эсрэгээрээ харгалзаж, боловсролын зэрэглэлийн үнэ цэнэ, цаашлаад боловсролын чанар өндөр байдаг. Энэ утгаараа аливаа улс орны эдийн засагт дээд боловсролтны арми гэхээсээ, сайтар бэлтгэгдсэн ажилчид олон байх шаардлагатай ажээ. Зөвхөн энэ үзүүлэлтээс харахад манай нийгмийн хувьд боловсролын зэрэглэлийн үнэ цэнэ алдагдсан байгаа нь харагдана. Ингээд дээд боловсролын давуу тал, нийгэм дэх эерэг функц алдагдаж дисфункцээ гүйцэтгэх болсоныг ажилгүйдэл, ядуурал, гэмт хэргийн тархалтаар жишээлэн авч үзье.

Дээд боловсрол ба ажилгүйдэл

o 1994-2006 оны хоорондох ажилгүйдлийн динамик үзүүлэлтийг авч үзвэл ажилгүйдлийн түвшин харьцангуй буурсан байгаа ч нийт ажилгүйчүүдэд дээд боловсролтой ажилгүйчүүдийн эзлэх хувийн жин 1.9-11.5 хувь хүртлээ тогтмол өссөн байгаа нь дээд боловсролын давуу тал алдагдаж, жил ирэх тутамд гүнзгийрсээр байгаагийн нэг илрэл гэлтэй.

o Чанаргүй дээд боловсрол нь мөн ажилгүйдлийн төрөл хэлбэрүүдийг бий болгож байдаг. Үүний сонгодог жишээ нь "Цамаан" буюу "Үнэ хүнд"-ийн ажилгүйчүүд юм. Муу ч гэсэн дээд боловсролын дипломтой болоод төгсчихсөн учраас цалин, ажлын орчин нөхцөлийг нь голоод ажилд ордоггүй ажилгүйчүүдийг ингэж нэрлэдэг. 2004 онд Парадигм клубээс авсан судалгаанд *Та яагаад ажилд орохгүй байна вэ?* гэсэн асуултанд нийт судалгаанд оролцогчдын 48 хувь нь тухайн ажлын байрны орчин муу, 39 хувь нь ажлын нэр хүнд муу гэж хариулсан байна.
o Чанаргүй дээд боловсрол нь мөн чанаргүй боловсон хүчнүүдийг гаргаж байгаа билээ. Өдгөө их, дээд сургууль, коллеж төгсөгч 10 хүн тутмын 7 нь шаардлага хангахгүй байна. Төрийн сургуулийн оюутнуудын бодит чадварыг үнэлэхэд дөнгөж 18.8 хувь нь шаардлага хангадаг /өөрийн хийсэн судалгаа/. Ялангуяа багш бэлтгэдэг сургуулиудын хувьд энэ байдал нь зөвхөн боловсролын системдээ л гэхэд ямар их хор хохирол учруулж байгаа бол.

Дээд боловсрол ба ядуурал

o 1995-2004 оны хоорондох ядуурлын үзүүлэлтээс үзвэл ядуучууд дунд дээд боловсролтой хэсгийн эзлэх хувь ялимгүй өссөн үзүүлэлттэй байна. Дээд боловсролын давуу тал буурч байгаа нь илэрхий. Мөн боловсрол нь ядууралд үзүүлэх, нэг талын нөлөөллийн хувьд, ажил эрхлэлтээр дамждаг байж болох талтай. Ядууралд хамгийн жинтэй нөлөөлдөг, хамгийн гол хүчин зүйл нь боловсролоос илүүтэйгээр буюу шууд байдлаар ажилгүйдэл болох тухай урьд өмнө хийгдсэн олон судалгаагаар нотлогдсон.
хххххххххххххххххххххххххххххххххххххххххххх
Дээд боловсрол ба гэмт хэрэг

o Боловсролтой хүний нийгэмд дасан зохицох чадвар сайн байдгаас гадна бусдын хандлагад хариу үйлдэл үзүүлэх, бусдын үзэл бодлыг хүндэтгэн үзэх, биеэ барих чадвар нь сайн хөгжсөн байдгийг судлаачид нэгэнт нотолжээ. 1991-2000 оны хоорондох 4 жилийн гэмт хэрэг гаралтын тоог авч үзвэл түүнд дээд боловсролтой хэсгийн эзлэх хувийн жин 2.1-5.9 хувь болтлоо өссөн байна. Түүнчлэн нийгмийн байдлын /статус/ хувьд дээгүүр хэсгийн гэмт хэрэг үйлдэх тоо хэмжээ ч мөн нэмэгдсэн байгааг харж болно.

O Судлаач Алисон Вулфийн үзэж буйгаар дээд боловсролтнуудын дэндсэн их тоо нь төрийн хүнд суртлын алба, цагаан гартны ажлын төлөө өрсөлдөөнийг тэтгэдэг байна. Олон улсын томоохон судалгаагаар боловсрол, эдийн засгийн өсөлт яагаад урвуу хамааралтай гараад байдагт энэ нь тайлбар болдог байна. Тухайлбал 1970-1998 оны хооронд Египтэд дээд боловсрол эзэмшигчид хоёр дахин нэмэгдсэн бөгөөд энэ зурвас үеийн эхэнд Египт нь дэлхийн 47 дахь ядуу орон байснаа 48-руу оржээ. Сүүлийн жилүүдэд цагаан захтаны хэрэг гэгддэг авилгал, хээл хахуул хүрээгээ өргөжүүлж байгаа нь ч мөн үүнтэй холбоотой юм.


Товчхон дүгнэвэл
O Өнөөгийн монголын боловсролын зэрэглэлийн үнэ цэнэ алга болжээ. Тиймээс дээд боловсролын давуу тал жил ирэх тутам сульдаж байна;
O Дээд боловсролын систем нь нийгэмд дисфункцээ хэрэгжүүлж эхлээд байна. Дээд боловсролын нийгмийн үнэ цэнэ, агуулга алдагдаж зөвхөн хэлбэрийн тал нь голчилж буй нь хувалз адил улс орныг тамирдуулж байна.

Цааш унших...