Tuesday, April 9, 2013

Cудалгааны байгууллагууд бизнесийн ба улс төрийн аливаа явцуу ашиг сонирхлоос хараат бус, бие даасан үйл ажиллагаатай байх ёстой /Г.Цогтбаатар - Өнөөдөр сонин/

5 жилийн ойн баяр нь тохиож буй Монгол дахь нийгмийн судалгааны тэргүүлэх байгууллага болох “IRIM” судалгааны хүрээлэнгийн (Independent Research Institute of Mongolia) үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн ноён Г.Цогтбаатартай хийсэн ярилцлагыг толилуулж байна. Юуны өмнө танай хамт олонд 5 жилийн ойн баярын мэнд хүргэе, та байгууллагынхаа үйл ажиллаагааны талаар товч танилцуулахгүй юу? Баярлалаа. Манай байгууллага нь анх 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2008 оны 4 дүгээр сарын 4-нд үүсгэн байгуулагдаж УБЕГ-аас гэрчилгээгээ гардан авч байлаа. Өдгөө бид нийгэм, эдийн засгийн судалгаа, шинжилгээний 40 гаруй мэргэжилтнийг эгнээндээ нэгтгэсэн үндэсний хараат бус, бие даасан судалгааны хүрээлэн болж өргөжсөн байна. Судалгаа; хяналт, үнэлгээ; сургалт; нөлөөллийн ажил нь манай байгууллагын үйл ажиллагааны үндсэн дөрвөн чиглэл юм. Ялангуяа төсөл, хөтөлбөрийн суурь, явцын болон үр нөлөөний үнэлгээний ажлуудыг гүйцэтгэх чадавхиараа бид ялгардаг. Таны бодлоор монголын судалгаа шинжилгээний салбарын хөгжил ямар түвшинд байна вэ? Судлаач хүний хувьд монголын судалгаа шинжилгээний салбарын хөгжлийг нэг асуултын хариулт хэлбэрээр дүгнэх нь хэтэрхий хялбаршуулсан хэрэг болно. Гэхдээ өөрийн анзаарсан хоёр зүйлийг хэлье. Юуны өмнө биднийг анх “IRIM”-ийг байгуулж байх үед судалгаа, шинжилгээний 70 гаруй байгууллага байдаг байсан. Харин өнгөрсөн 5 жилийн хугацаанд тэдгээр байгууллагууд дунд зах зээлийн жамаар өрсөлдөөн явагдаж өдгөө 10 хүрэхгүй байгууллага хүний нөөц, санхүү, материаллаг баазын хувьд харьцангуй тогтворжин шалгарч үлдсэн байна. Төр, нам эсвэл тодорхой бизнесийн байгууллагаас хараат бус, бие даасан судалгааны байгууллагууд бий болно гэдэг нь монголын судалгааны салбарын хөгжилд том ахиц, дэвшил гарсныг харуулна. Түүнчлэн ийм судалгааны байгууллагууд нийгмийн хөгжил, олон улсын чиг хандлагыг даган судалгааны арга, програм хангамж, техник технологийн хувьд бодитой өөрчлөлт, сайжруулалтуудыг хийх болсон нь хөгжлийн хоёрдахь онцлог юм. Одоо удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Сонгууль дөхөөд ирэхээр л судалгааны байгууллагуудын тоо борооны дараах мөөг шиг олон болчихдог гэдэг. Энэ тал дээр танай байгууллага ямар байр суурьтай байдаг вэ? Эрэлт өсөхөд нийлүүлэлт дагаж нэмэгддэг нь зах зээлийн хууль шүү дээ. Гол нь захиалагч байгууллагууд судалгаа, шинжилгээний байгууллагыг сонгох шалгуур үзүүлэлтээ нарийн тогтоох хэрэгтэй. Жишээ нь судалгааны байгууллагыг туршлага, ур чадвараар нь тодорхойлдог олон чухал үзүүлэлт байж болно. Гэхдээ миний бодлоор хамгийн чухал нь судалгааны байгууллагууд бизнесийн болон улс төрийн аливаа явцуу ашиг сонирхлоос хараат бус, бие даасан үйл ажиллагаатай байж, мэргэжлийн ёс зүйгээ илүү өндөрт тавьдаг байх ёстой юм. Энэ л зарчмыг хангасан үйл ажиллагаатай судалгааны байгууллагыг бид бий болгохыг хүссэн учраас байгууллагынхаа “Independent Research Institute of Mongolia /IRIM/” буюу “Хараат бус судалгааны хүрээлэн” гэж өгсөн. Байгууллага маань ч энэ зарчмаар ажиллаж өнөөг хүрсэн, цаашид ч энэ нь бидний ажлын зарчим, хандлага бас арга барил байх болно. Ер нь захиалагчдын өнцгөөс харвал судалгааны байгууллагуудын чадавхийг ямар шалгуураар сонгох нь зүйтэй вэ? Судалгааны байгууллагын чадавхи хоёр гол зүйл дээр тулгуурладаг. Нэгдүгээрт, байгууллага гэдэг утгаараа байгууллагын түүх, санхүүгийн чадавхи, институцчилэл, дотоод дүрэм журам зэрэг байгууллагын засаглал, тогтвортой үйл ажиллагаатай холбоотой шалгууруудыг харах нь чухал. Хоёрдугаарт мэдээж судалгаа шинжилгээний ажил нь улс орны түвшинд чухал шийдвэр гаргахад ул суурь болж байдаг учраас түүний найдвартай байдал, чанар, шинжлэх ухааны үндэслэлтэй байх зэрэг нь юу юунаас чухал. Энэ нь эргээд тухайн судалгааг хийж буй судлаачдын дүн шинжилгээ хийх ур чадвар, мэргэшсэн байдал, ёс зүйтэй ихээхэн холбогддог. Иймдээ ч манай байгууллага эдгээрийг төлөвшүүлж ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд танай байгууллага ямар сэдвүүдээр судалгаа, үнэлгээний ажлуудыг гүйцэтгэсэн бэ? Манай байгууллага өнгөрсөн хугацаанд үндэсний болон олон улсын санхүүжилттэй 40 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Авилга, хүний наймаа, ХДХВ/ДОХ, жендэр, хүний эрхийн зөрчил зэрэг нийгмийн харьцангуй эмзэг сэдвүүдээс эхлээд өрхийн орлого, зарлага, инфляци, эдийн засаг, уул уурхай, банк санхүү, үүрэн телефоны зах зээл зэрэг олон сэдвээр судалгаа, үнэлгээний ажлыг гүйцэтгээд байна. Ерөнхийдөө бид засаглал; нийгмийн эрүүл мэнд; уул уурхай ба байгаль орчин; зах зээл ба эдийн засаг; боловсрол; хөдөөгийн өрхүүд гэсэн 6 талбарт анхаарлаа төвлөрүүлдэг. Таны хэлснээр нийгмийн эмзэг, нарийн асуудлуудаас эхлээд далд, нуугдмал асуудлуудыг судалж тогтоох нь нарийн мэдлэг, ур чадвар шаардсан хүнд ажил шиг санагддаг. Танай байгууллага судлаачдынхаа ур чадварт хэр анхаардаг вэ? Их чухал асуулт байна. Судалгааны салбар бол оюуны салбар. Тэр утгаараа энэ салбарын мэргэжилтнүүдэд илүү өндөр ур чадвар шаардлагатай. Тиймээс бид нэн тэргүүнд судлаач, мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх бодлого баримталж, тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Үүний үр дүнд нийт судлаачдын маань 80 гаруй хувь нь гадаад, дотоодын их, дээд сургуулиудад магистр ба түүнээс дээш түвшний зэрэг хамгаалж, жил бүр 2-3 судлаач Их Британи, АНУ, ОХУ, Унгар зэрэг оронд урт, богино хугацаагаар сургалт, зөвлөгөөнд оролцож мэргэжлээ дээшлүүлж байна. Энэ жил л гэхэд манай байгууллагаас 1 судлаач Их Британид мастер хамгаалах сургалтанд явна. Манай хамт олны хувьд дэлхийн судалгаа, шинжилгээний салбарын хөгжил дэвшлээс хоцролгүй суралцаж, ур чадвараа тасралтгүй дээшлүүлж байдагт миний бие сэтгэл хангалуун байдаг. Танай байгууллагын цаашдын зорилго юу вэ, юу хийхээр төлөвлөж байгаа вэ? Хэрэв тав таван жилээр зураглавал өнгөрсөн 5 жилийн хугацаанд бид байгууллагынхаа дотоод институтчилэл, чадавхид илүү анхаарч ажилласан байна. Харин дараагийн 5 жилд бид гадаад институтчилэл буюу харилцаа холбоогоо тэлж, хэрэглэгч, харилцагчиддаа улам бүр ойртох бодлого баримталж ажиллах болно. Сүүлийн мөчийг танд үлдээе? Өнгөрсөн 5 жилийн хугацаанд бидэнтэй хамтран ажилласан нийт харилцагч байгууллагууд, эрдэмтэн судлаачид болон хэрэгжүүлсэн төсөл, судалгаануудад маань хамрагдаж үнэтэй мэдээлэл өгч байсан өргөн уудам орны маань өнцөг булан бүрт суугаа иргэддээ “IRIM” судалгааны хүрээлэнгийн хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлье!

Цааш унших...