Friday, January 18, 2008

“ Төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй, ил тод байдлын ” мониторинг /Г.Цогтбаатар/

....................................................................

Хэвлэлийн бага хурлын мэдээлэл, Улаанбаатар хот. 2007.01.17


Мониторингийн зөвлөх судлаач Г.Цогтбаатар

Хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!

“Глоб Интернэшнл” ТББ-аас 2007 оны 7-р сараас 12-р сарыг дуустал хагас жилийн хугацаанд “Төрийн байгууллагын нээлттэй, ил тод байдлын мониторинг” төслийг Авлигатай тэмцэх газрын захиалга (АТГ), Нээлттэй Нийгэм Форумын санхүүжилтээр хэрэгжүүлж дууслаа.
Мониторинг нь АТГ-аас төрийн байгууллагуудад хүргүүлсэн “Төрийн байгууллагын үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, ил тод байдал, иргэдийн оролцоог хангах” талаар заасан зөвлөмжийн хэрэгжилтийн түвшинг үнэлэх зорилготой байлаа.
Мониторингийг 2 үе шаттайгаар 8, 10-р саруудад Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн бөгөөд улс, нийслэл, дүүргийн хэмжээний төрийн 197 байгууллагын 185 ажилтан, 189 албан тушаалтан, тэдгээр байгууллагаар үйлчлүүлж байсан 749 иргэнээс анкет, сурвалжлага, бичиг баримтын болон ажиглалтын аргуудаар мэдээлэл бүрдүүлсэн юм. Түүнчлэн 340 иргэнээс 1977 дугаарын утсаар үйл ажиллагаандаа зөрчил гаргасан төрийн байгууллагын талаарх мэдээллийг хүлээн авсан.

Ингээд та бүхэнд мониторингийн дүгнэлт, зөвлөмжөөс танилцуулъя. Ингэхдээ:
1. Мониторингийн ерөнхий үр дүн
2. Төрийн байгууллагын мэдээллийн хүртээмжийг дээшлүүлэх зорилготой зөвлөмжийн хэрэгжилт
3. Төрийн байгууллагын үйл ажиллагаагааг нээлттэй байлгах зорилготой зөвлөмжийн хэрэгжилт
4. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой зөвлөмжийн хэрэгжилт
5. Мониторингийн ерөнхий зөвлөмж
гэсэн дарааллаар товч мэдээлэл хийе.

1. Мониторингийн ерөнхий үр дүн

• Судалгаанд хамруулсан төрийн 90 байгууллагын 41 хувь нь л АТГ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Харин 12 хувь нь зөвлөмжийг судлах шатандаа байгаа бол 34 хувь нь зөвхөн сонссон төдий, 13 хувь нь энэ тухай мэдээлэлгүй байсан. Энэ нь нэг талаар АТГ нь 4-р сард төрийн байгууллагуудад хүргүүлсэн зөвлөмжийнхөө хэрэгжилтэнд хяналт сул тавьсан, нөгөөтэйгүүр тухайн үед байгууллагын үйл ажиллагааныхаа сурталчилгааг хангалттай хийгээгүй зэргээс ихээхэн шалтгаалсан.
• Харин АТГ нь сүүлийн саруудад үйл ажиллагаагаа эрчимжүүлж, сурталчилгаагаа ихэсгэсэнтэй холбоотойгоор төрийн байгууллагуудад зөвлөмжийг хэрэгжүүлэх үйл явцын идэвх сайжрах хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, төрийн ихэнх байгууллагууд 4-р сард хүргүүлсэн зөвлөмжийг 8-р сараас хойш судалж эхэлсэн нь мониторингийн судалгааг эхлүүлж, 1977 утасны сурталчилгааг эрчимжүүлсэнтэй холбоотой юм.

2. Төрийн байгууллагын мэдээллийн хүртээмжийг дээшлүүлэх зорилготой зөвлөмжийн хэрэгжилт

• Мэдээллийг хүртээмжтэй байлгах хэлбэрүүд, түүний ашиглалт төрийн байгууллагад харилцан адилгүй байна. Олонх байгууллага иргэдэд мэдээлэл түгээх самбар, мэдээлэл өгөх үүрэгтэй ажилтантай байгаа бол, вэб сайт, тараах материал харьцангуй бага байлаа. Үүний шалтгааныг байгууллагууд төрөөс төсөвлөсөн санхүүжилт болон иргэд мэдээлэл түгээх тэдгээр хэлбэрүүдийг тэр бүр ашигладаггүйтэй холбон тайлбарлаж байсан. Байгууллагуудын вэб сайтыг судалж үзэхэд мэдээллээ шинэчлэлгүй олон сар, өдөр болох, иргэдийн хэрэгцээтэй мэдээллийг байршуулаагүй байх, техникийн шаардлага хангахгүй байх зэргээр олон зөрчил илэрч байв.
• Судалгаанд хамруулсан 90 байгууллагын талаас илүү хувьд нь иргэдийн гомдол, саналын мөрөөр холбогдох арга хэмжээ авах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох механизм байдаг ч гаргасан зөрчлийг арилгах тал дээр тун сул ажиллаж байна. Мониторингийн судалгаа хийх явцад үйлчлүүлж байсан 430 иргэний 33 хувь нь тухайн байгууллагадаа өмнө нь гомдол гаргаж байснаас дөнгөж 13 хувь нь асуудлаа шуурхай шийдвэрлүүлж чадсан бол 35 хувь нь шийдвэрлүүлэх явцдаа хүнд сурталтай тулгарсан, 52 хувь нь шийдвэрлүүлж чадаагүй өнгөрсөн байна.
• Төрийн зарим байгууллагууд үндэслэлгүйгээр төлбөр хураамж авч байна хэмээн үйлчлүүлэгч иргэд мэдээллэсэн. Тухайлбал, судалгаанд оролцсон иргэдийн 18 хувь нь дунджаар хорь гаруй мянган төгрөгийн хураамж төлсөн байв.
• Төрийн байгууллагууд нь дотооддоо төсвийн зарцуулалт болон албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг нээлттэй байлгах тал дээр сул ажиллаж байна. Үүний шалтгааныг гол төлөв хууль, дүрэм журмаар хязгаарласан байдагтай холбон тайлбарласан ч тухайн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан хуулиудад ийм заалт байхгүй байв. Байгууллагууд дотоод дүрэм журмаа Монгол улсын үндсэн хууль болон бусад хуульд харшлахгүйгээр боловсруулан, үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор өөрчилж болох атал энэ тал дээр дэвшилттэй алхам хийх нь тун цөөн байна.

3. Төрийн байгууллагын үйл ажиллагаагааг нээлттэй байлгах зорилготой зөвлөмжийн хэрэгжилт

• Хүнд суртал, чирэгдэл ихтэй, иргэдийн шийдвэрлүүлэхээр хандсан асуудлыг хуульд заасан хугацаанаас нь сунжруулдаг нь төрийн байгууллагуудад түгээмэл байна. Ийм байгууллагуудыг Газрын албад, Засаг даргын тамгын газар, Замын цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр биелүүлэх газар, албад тэргүүлж байв.
• Зөвлөмжид заасанчлан төрийн байгууллагуудын шийдвэр гаргах үйл явц, түүний үндэслэлийн талаархи мэдээлэл иргэд, хуулийн этгээдэд нээлттэй байж чадахгүй байна. Үүний гол шалтгаан нь энэ чиглэлийн ажил төрийн байгууллагуудад хэвшил болоогүйтэй холбоотой юм.

4. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой зөвлөмжийн хэрэгжилт

• Хэдийгээр төрийн байгууллагуудад иргэдээс санал, гомдол хүлээн авах утас, санал хүсэлтийн хайрцаг, дэвтэр, тусгай ажилтан ажиллуулах зэрэг нөөц бололцоо байгаа ч санал гомдлыг хүлээн авах, барагдуулах механизм хангалтгүй ажиллаж байна. Үүнд, нэг талаас санал, гомдлыг хүлээн авах арга хэлбэрээ сурталчилдаггүйгээс иргэд мэддэггүй, үүнээс шалтгаалж хандахгүй байх нь элбэг, нөгөөтэйгүүр төрийн байгууллагуудад иргэдийн итгэх итгэл үлэмж алдарсан зэрэг нь нөлөөтэй байна.
• Мөн тодорхой чиглэлээр бодлого боловсруулах, шийдвэр гаргахын өмнө олон нийтийн саналыг авах талаар төрийн байгууллагууд хангалтгүй ажиллаж байна.
• Байгууллагын чиг үүргийн дагуу зөвшөөрөл, эрх олгох, бүртгэл хийх, хяналт тавих, сонгон шалгаруулалт явуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх журмыг олон нийтэд мэдээлэх ажиллагаа төрийн байгууллагуудад сул байна.

5. Мониторингийн ерөнхий зөвлөмж

Ерөнхийдөө:
• АТГ нь үйл ажиллагааныхаа сурталчилгааг зохион байгуулалт сайтай, зорилтот бүлгээ зөв сонгон, агуулга хэлбэрийг сайтар бодож боловсруулан, оновчтой хэрэгслээр дамжуулан цаашид тогтмол явуулах нь зүйтэй.
• АТГ нь төрийн байгууллагуудад хүргүүлсэн зөвлөмжийнхөө хэрэгжилтэд тавих хяналтаа сайжруулах шаардлагатай байна.
• Төрийн байгууллагуудад урьд өмнө нь огт байгаагүй болон чиг үүргээс нь гадуурхи үйл ажиллагаа явуулахыг шаардсан зүйл заалтууд АТГ-ын зөвлөмжид байхгүй бөгөөд уг зөвлөмжийн хэрэгжилтийг хангах суурь нөөц боломж төрийн байгууллагуудад хангалттай бүрдсэн байна. Гагцхүү механизмыг нь ажиллуулах шаардлага АТГ-т тавигдаж байгааг анхаарах.

Зөвлөмжийн үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд:
• Төрийн байгууллагуудад АТГ-ын зөвлөмжийг, хэрэгжилтийг нь тогтмол хянан хариуцах ажил үүрэг бүхий тусгай ажилтан, эсвэл ажил үүрэг нь ижил бүтцэд албан ёсоор даалган хариуцуулах шаардлагатай байна.
• АТГ нь 3 бүлэг 18 заалт бүхий зөвлөмжөө цаашид үйл ажиллагаатайгаа тогтмол уялдуулж, боловсронгуй болгон сайжруулж байх нь зүйтэй. Тухайлбал, зөвлөмжийн заалтуудын хоорондын утга санааны давхардал, бүлгүүдийн хоорондын шилжсэн утгыг цэгцэлж, зааг ялгааг нь тодорхой гаргах. Мөн зөвлөмжийн хэрэгжилтийн үр дүнг одоогийн шалгуур үзүүлэлтүүдээр хангах боломжтой эсэх, шаардлагагүй гэж үзсэнээ хасах, шинэ зүйл заалт нэмж оруулах, зөвлөмжийг хэрэгжүүлэх нь ямар ач холбогдолтойг олон нийт, төрийн байгууллагуудад тайлбарлан таниулах хэрэгтэй.
• Нэг чиг үүрэг бүхий анхан, дунд, дээд шатны байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайтар хангаж өгвөл зөвлөмжийн зарим заалтууд богино хугацаанд хэрэгжих боломжтой юм. Тухайлбал, вэб сайтын асуудлыг ийм замаар шийдэх боломжтой байна.
• Төрийн бүх шатны байгууллагуудад хэрэгжүүлэх боломжтой ерөнхий зөвлөмжөөс гадна, байгууллагуудын үйл ажиллагааны онцлог, чиг үүргийг нь харгалзан нэмэлт тусгай зөвлөмжүүдийг боловсруулан хүргүүлбэл зохино.
• Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж хүнд суртлыг халахад олон нийтийн зүгээс тавих хяналтыг бий болгож түүний дагуу арга хэмжээ авдаг тогтолцоо бий болгох нь нэн чухал. Энэ нь 1977 утсанд иргэд хэрхэн идэвхтэй хандаж байснаас харагдаж байна. Ялангуяа үйл ажиллагаандаа хөдөө орон нутгийн иргэдийн оролцох боломжийг бүрдүүлбэл илүү үр дүнд хүрнэ.
• АТГ нь эдгээрээс гадна бусад олон хэлбэрээр иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах нь зүйтэй.

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа!

Цааш унших...

Tuesday, January 15, 2008

"Боловсролын салбарын мухардал" /Ц.Болд, Г.Цогтбаатар/

БСШУЯ-ны сайд асан П.Цагаан МУИС-ийн төгсөлтийн баярт оролцож үг хэлэхдээ: “Өнөөдөр та бүхэн мэргэжил эзэмшин, диплом өвөртлөн гарч байгаад баяр хүргэе, гэхдээ та бүхэн ажилгүйчүүдийн эгнээнд элсэж байна” хэмээн үг алдсан. Яамны сайд нь МУИС-ийг Монгол улсын урдаа барих Их Сургууль гэж бодож төгсөлтийн баярт оролцсон байх л даа. Гэхдээ тэрээр ийнхүү санамсаргүй үг алдахдаа Монголын дээд боловсрол болохгүй байна, өөрийнх нь толгойлж буй яамны бодлого алдагдсан байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. МУИС-ийг төгсөгчид ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг юм бол бусад сургуулиуд ямар бол, ер нь их дээд сургуулиуд яагаад байна гэсэн асуулт хүн бүрт төрөх болжээ. Өнөөдөр Монголд, улсын болоод хувийн, гадаадын хөрөнгө оруулалттай болон дотоодын 180 гаруй их дээд сургуульд 130000 орчим оюутан суралцаж нэг жилд л 25000 гаруй оюутан дээд боловсролын диплом өвөрлөн төгсөж байна. Одоогийн байдлаар их дээд сургуулиудын оюутан элсүүлж авах гэсэн эрэлтийг ЕБС төгсөж байгаа хүүхдүүдийн тоо бүрэн хангаж чадахааргүй түвшинд хүрлээ. Харин их дээд сургуульд суралцагчдын энэ давалгаа, төгсөгчдийн энэ их нийлүүлэлтийг хөдөлмөрийн зах зээл шингээж чадаж байна уу, их дээд сургууль төгсөгчид ажил олгогчдын эрэлтээс давж байна уу, эсвэл ажил олгогчдын тавих шаардлагыг хангаж чадахгүй байна уу гэдэг нь судлууштай асуудал болжээ. Энэ нь боловсролын талаар төрөөс баримтлах бодлого буруу болохыг л харуулж байна.

Дээд сургуулиуд төлбөртэй юу?

Төлбөртэйгөөр барах уу? Өндөр төлбөртэй хэмээн хэн ч гэсэн уулга алдана. Гэхдээ эргэцүүлээд үзье.
1. МУИС-ийн НШУС-ийн жишээгээр аваад үзэхэд бакалаврын түвшинд суралцаж байгаа 1188 оюутны тал хүрэхгүй хувь нь буюу 570 оюутан л хувийн зардлаар суралцдаг, үлдсэн 618 нь бусад хэлбэрээр төлбөрөө даалгадаг байх юм. Тухайлбал ТАХ аар 239, нэн ядуу 140, 3 хүүхэд нь суралцдаг шалтгаанаар 9, малчин өрхийн 64, хөнгөлөлттэй зээлээр 166 оюутан суралцдаг аж. Иймэрхүү жишгийг төрийн өмчийн бүх л сургуулиуд дээр харж болно. Дүгнэвэл нийт суралцагчдын 50 хүрэхгүй хувь нь төлбөртэй суралцдаг, талаас илүү хувь нь төлбөргүй буюу төлбөрийн зөрүү хэмээх цөөхөн төгрөгний төлбөрийг төлөөд үнэгүй сурдаг болох нь харагдаж байна.
2. 2004 онд төрийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцагчдын зээлийг бүгдийг нь хүчингүй болгосныг тооцвол хөнгөлөлттэй зээл нь цаашид ч хүчингүй болох магадлалтай. Иймэрхүү улс төрийн шийдвэрүүд нь сургалтын төлбөр гэдэг зүйлийг бүр ч үнэгүйдүүлж байгаа юм.
3. Харин төлбөрийн хэмжээ хэр өндөр вэ гэдгийг дараах тоогоор жишээлэн харъя. Өнөөдөр улсын болоод хувийн их дээд сургуулиудын сургалтын төлбөр ойролцоогоор 350 мянгаас 700 мянгын хооронд хэлбэлзэнэ. Энэ нь ам долларт шилжүүлбэл 300-600 орчим доллар болж байна. Улаанбаатар хотод амжиргааны баталгаажих доод түвшин 60100 байна хэмээн Статистикийн төв газраас тооцоолжээ. Энэ тоог 10 сараар үржүүлбэл 601000 төгрөг болох юм. Дүгнэн үзвэл өнөөдрийн манай их дээд сургуулиудын сургалтын төлбөр амьжиргааны баталгаажих доод түвшингийн орчимд л эргэлдэж байна.
4. Оюутнуудын боловсролтой холбоотой зардлуудыг тооцож үзвэл дотуур байр болон, хажуу өрөө, байр хөлсөлсний зардал жилд дунджаар 233400 төгрөг, сургуулиас гадуурх бусад сургалтын зардал 113700, ном сурах бичгийн зардал 33500, эрүүл мэндийн үйлчилгээ 23800 зэргээр оюутнууд сургалттай холбоотой зардалд сургалтын төлбөрөөсөө илүү их зардал гаргадаг, нийт ахуйн хэрэгцээний заардлыг тооцвол сургалтын төлбөрийн эзлэх жин гуравны нэгд ч хүрдэггүй ажээ /түүврийн хэмжээ 120, МУИС-ийн хичээлийн 2-р байрны оюутнуудаас/
5. Төлбөртэй хувийн дунд сургуулиудын сургалтын төлбөр жилд доод тал 500 ам доллар байна. Мянга гаран ам доллар, бүр 3000 ам долларын төлбөртэй сургуулиуд ч байгааг та бид мэднэ. Хувийн цэцэрлэгүүдийн хувьд сарын төлбөр нь 50 доллараас эхлээд 200, бүр 300 доллар ч хүрдэг. Yүнийг 10 сараар үржүүлээд их дээд сургуулиудын сургалтын төлбөртэй харьцуулж үзнэ үү.

Цэцэрлэгийн нэр /Сарын төлбөр/
1. Касабланка 140 000 T
2. Басархан 30 000 T
3. Галакси 80 $
4. Аребеск 120 $
5. Сонгомол 100 000 T
6. Шинэ гэр 150 $
7. Маамуу нааш ир 100 $
8. Орчлон 200 $
9. Том жерри 80 000 T
10. Микки 100 $
11. Миний найзууд 130$
12. Мөрөөдлийн хотхон 180 $
/Мэдээллийг баталгаатай бус эх сурвалжаас цуглуулсан бөгөөд зөвхөн жишиг болно/
Төрийн өмчийн их сургуулиуд ба төрийн оролцоо.
Өнөөдөр Улсын гэгдэх сургуулиуд нь улсаас нэг ч төгрөгний дэмжлэг татаас авдаггүй, цэвэр оюутнуудын төлбөрөөр амьдарч байна. Энэ талаараа бусад бүх хувийн дээд сургуулиудтай адил. Улсын Их сургууль гэж ямар сургуулийг хэлдэг юм бэ. Улсын гэдэг нь цол нь юм уу, өмчийн харьяалал нь юм уу, зэрэглэл түвшин нь юм уу. Боловсролын байгууллагууд ашгийн бус байгууллага байх ёстой боловч өнөөдрийн байдлаар Улсын их сургуулиуд нь төрийн сангийн дансанд мөнгө хөрөнгө төвлөрүүлэх аж ахуйн нэгж-Улсын Yлдвэрийн газар шиг харагдах боллоо. Боловсрол ашгийн бус гэдэг утгаараа оюутнуудын төлбөр болон бусад арга хэмжээнээс олсон орлогыг 100 хувь сургалт болон үйл ажиллагаанд зарцуулан оршин тогтнох учиртай. Энэ талаараа хувийн сургуулиудаас давуу тал байна уу гэдгийг харъя
1. Хувийн сургуулиуд төлбөрөөр цугларсан мөнгийг захиран зарцуулах эрхтэй бол УИС-ууд хязгаарлагдмал эрхтэй.
2. Хувийн сургуулиуд төлбөрөө жилийн эхэнд цуглуулж төвлөрүүлдэг бол төрийн өмчийн сургуулиуд бүтэн жилийн турш цувуулж авна. Дээр нь төлбөрийн дийлэнхийг бүрдүүлдэг төрийн сангийн төлбөр, сургалтын жил дуусахын өмнөхөн л хэл амтайгаар хагас дутуу шилжиж орж ирдэг. Багш нар хичээлээ зааж дуусчихаад, одоо та нар төлбөрөө төлөөчээ гэж оюутнуудаасаа гуйх нь халаг болно.
3. Төлбөрийн хэмжээг хязгаарлаж дээрээс нь тогтоож өгнө. Дэлхийн зах зээлд тааруухан нэг сургуулийн жилийн дундаж төлбөр 6000 ам доллар байхад Монголд УИС-иудын жилийн төлбөр ердөө л 300-500 ам доллар. 15-20 дахин бага үнэ. Та дунд зэргийн чанартай, англид үйлдвэрлэсэн гутал 100 ам доллараар авдаг бол монголын, дээд зэргийн чанартай гутлыг 5 доллараас илүүгүй үнээр зар гээд шахаад байвал хэн гутал хийж зовлогоо зовоохыг бодох юм бэ. Иймэрхүү байдлаар УИС-иуд дөнгөж л амь зогоож нэр хүнд нь жилээс жилд унаж байгаа. Зориуд бодлогоор ингэж унагаж байгаа гэж үзэх хүмүүс ч бий. Бүх улсын их сургуулиудын удирдах зөвлөлийн гишүүд бараг бүгдээрээ хувийн сургуультай байдаг нь ёс шиг. Тэд хувийнхаа сургуулийг бодох уу улсын сургуулийг бодох уу гэдэг нь асуулт байхгүй тодорхой биз.
4. Төлбөрөө нэмж чадахаа байсан захирлууд ямар замаар орлогоо нэмэгдүүлэх вэ гэхээр элсэлтийн хэмжээг нэмж, оюутныхаа тоог олшруулдаг. Нэг ангид дунджаар 20 оюутан, нэг багшид дунджаар 15 оюутан ноогддог байсан бол ингэснээр нэг ангид 30-35 оюутан, нэг багшид 20-25 оюутан ноогдох жишээтэй. Төлбөр, санхүүжилтийн хувьд нэг удаа асуудлаа шийдлээ гэхэд сургалтын чанар эрс муудна. Одоогийн байдлаар ийм байдлаар оюутныхаа тоог нэмэгдүүлж эх үүсвэрээ нэмэгдүүлсэн сургуулиуд 2-3 ээлжээр хийчээллэж байна. Өглөө 8 цагт хичээл заасан багш, орой 16 цагт хичээлээ хэр зааж байгаа бол. 20 хүнд заадаг байсан хичээлийг 35 хүнд заахад үр дүн нь сайжрахгүй нь ойлгомжтой.
5. Оюутны тоог яамнаас хязгаарлана. Элсэлт нэмж санхүүжилтийн эх үүсвэрээ бүрдүүлдэг замыг нь хаачихаж байгаа юм. Зөв л дөө гэхдээ өөр гарах гарцыг нь зааж өгөхгүйгээр зүгээр л боомилж болохгүй. Yнийг дээрээс тогтоосноор, үнэ мэдээлэл зөөдөг гэсэн чанарыг үгүй болгож байгаа бол оюутны тоонд хязгаарлалт хийснээр эдийн засгийн хөшүүргийг нь хураагаад авчихаж байгаа юм. Төрөөс баримталж байгаа бодлого нь төрийн сургуулидад хэрхэн нөлөөлж байгааг зөвхөн төлбөртэй холбогдуулан эдийн засгийн өнцгөөр авч үзэхэд ийм бөгөөд бусад олон хүчин зүйлийн талаар мөн судалж, ярьж болох билээ.
Yнэгүй юм үнэгүй л байдаг.
1. Сургуулиуд аль болох элсэлт их авахыг чухалчилж буй учраас элсэлтийн шалгалтын босго оноог доошлуулах, аль эсвэл элсэгчдэд илүү амар хялбар байлгах зорилгоор шалгалт авах тест гэх мэт хөнгөн хэлбэрүүдийг голлон хэрэглэдэг. Элсэлтийн шалгалт сул байх нь боловсролын зэрэглэлийн ач холбогдлыг алдагдуулдаг сөрөг үр дагавартай. Ном ёсоор бол шаардлага хангахуйц мэдлэг боловсролтой хэсэг нь л дараагийн буюу ахисан түвшинд суралцах эрх эдэлнэ. Гэтэл энэ зарчим Монголд хэдийнээ алдагдсан. Мөнгө төлж л чадаж байвал баклавар, магистрантур цаашлаад бүр докторантурт ч суралцах боломжтой. Yүнд тухайн суралцагчийн мэдлэг чадвар гол биш болжээ.
2. Мэдээж хэрэг дийлэнх сургуулиуд санхүүгийн гачаалалтай холбоотойгоор элсэгчдийн чанарыг бус төлбөрийг нь гол болгож элсүүлсэн учраас төлбөрийг нь алдахгүйн тулд тухайн элсэгчдийг бүрэн бүтэн төгсгөх буюу төгсөлт их байлгах бодлого барьдаг. Энэ байдал нь дахин, нөхөн шалгалтын хэлбэрүүдийг бий болгож буйгаас илэрхий харагдана. Сургуулиудын дотоод дүрмэнд хангалтгүй суралцсан, тухайн төвшний болзол биелүүлээгүй оюутнуудыг сургуулиас хасах тухай заалт байдаг ч зүгээр л тунхаглалын шинжтэй. Дийлэнх болсон идэвх султай оюутнуудыг шахах, хяналтын механизм сул учраас энэ маягаар оюутнуудын идэвхгүй байдал газар авахад хүргэдэг. Мөн идэвхтэй цөөнх хэсэгт чиглэсэн урамшуулал бага байдаг нь тэдний суралцах идэвхийг нь өрнүүлж чаддаггүй.
3. Сургуулиуд санхүүгийн бололцоо муу тул багш нарын цалин бага, хийсэн ажлыг нь урамшуулах механизм сул байдаг. Yүний уршгаар багшлах гэдэг нь багш нарын хувьд үндсэн ажил биш болдог. Учир нь хийж хийж авсан цалин нь амьдрал ахуйд нь хүрэлцээтэй байж чаддаггүй. Тиймээс багш нар арга буюу орлогын бусад эх үүсвэрт анхаарал тавих болдог байна. Энэ байдал нь багш нар цалингийн урамшуулалгүй сургалт, үйл ажиллагааны хэлбэрүүдэд тоомжиргүй хандаж, өөр давхар ажил хийж нэмэгдэл орлого олоход хүргэдэг.
4. Бага төлбөр төлсөн оюутан бага зэргийн үйлчилгээ авч түүндээ сэтгэл ханадаг учир сургалтын чанарыг дээшлүүлэх талаар хяналт тавьж, шаардлагаа өндөрсгөх сонирхолгүй байдаг. Бараг төлбөргүй /бага/ учир тэгсгээд явж байгаад нэг диплом өвөртөлчихөд нэг их гарзгүй ажээ. Эцэг эх нь ч гэсэн үнэтэйхэн дамжааны мөнгө төлчихсөн учир түүнийхээ араас нэхэл дагал болж, юу болж байна, сургуулиуд юу зааж байна, манай хүүхэд юм сурч байна уу гэхээсээ хасагдсан, төгссөн эсэхийг л сонирхоно.
5. Төрийн сургуулиудын санхүүжилт нэгэнт хангалттай биш учир сургалтын чанарт анхаарал тавих ямар ч боломжгүй, сургуулиуд сургалтандаа нэмэлт хөрөнгө оруулж бараа үйлчилгээнийхээ чанарыг дээшлүүлэх боломж байхгүй ажээ. Ийм байдлаар бол төрийн сургуулиуд жил ирэх тутам уналтын байдал руу дөтөлнө.

Yнэгүй учраас суралцагчид сурах сонирхолгүй, хяналтгүй, хяналтгүй сургалт чанаргүй, чанаргүй учраас нэр хүндгүй, ач холбогдолгүй бизнесийн сургалт зонхилдог, бизнес учраас аль болох бага зардлаар аль болох олон оюутныг төгсгөхөд чиглэнэ. Дүгнэвэл өнөөдөр төрийн өмчийн гэх их дээд сургуулиуд мухардлын байдалд орчихсон түүнээсээ гарах арга замыг нь төрөөс бодлогоор хаасан байдалтай байна. Энэ нь боловсролын салбарт сэдэл төрүүлэх бүтэц үгүй, нийгэмд гүйцэтгэх үүргээ гүйцэтгэж чадахгүй, ерөнхийдөө боловсролын салбар маань нийгмийн хариуцлагагүй байгаа гэсэн үг юм.

Цааш унших...