Monday, April 6, 2009

"I R I M" судалгааны хүрээлэн байгуулагдсаны нэг жилийн ойн баярын мэнд хүргэе

2008 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр манай судалгааны хүрээлэн байгуулагдаж, 4 дүгээр сарын 6-нд Хууль зүйн яамнаас албан ёсны гэрчилгээгээ гардан авсан билээ. Тиймээс өнөөдөр манай байгууллагын нэг жилийн ой тохиож байна.
Мэргэжлийн, Хараат бус байх уриа дэвшүүлэн нийгмийн судалгааны салбарт тэргүүлэх хүрээлэн болох зорилго тавин ажиллаж буй манай залуусыг дэмжиж, хамтарч ажилласан байгууллага, хувь хүмүүст гүн талархал илэрхийлж, ажил үйлст нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид ил тод байдал, мэдээллийн нээлттэй байдал, олон нийтийн оролцоо, жендер, хүний эрх, шилжих хөдөлгөөн, нийгмийн халамж, сонгууль, улс төрийн үйл явц, боловсрол, инфляцийн сэдвээр 14 судалгаа, нөлөөллийн төслийг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Нээлттэй Нийгэм Форум, БСШУЯ, Боловсролын хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн сан, Глоб Интернэшнл ТББ, MONFEMNET ТББ, Швейцарийн Хөгжлийн Агентлаг, АНУ-ын Элчин сайдын яам, МУИС-ийн УТС-ын тэнхим, Голден Бридж сургалтын төв, Монгол банк зэрэг байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлээд байна.



Манай хамт олон нэг жилийн алдаа, оноогоо дүгнэн хэлэлцэж цаашид дараах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Байгуулагын олон улсын стандартын үйл ажиллагаа явуулах институтийн чадавхийг хөгжүүлж, бэхжүүлэх;
  • Нийгмийн судалгаа, шинжилгээний салбарт Монгол улсын засгийн газар болон судалгааг захиалагч олон улсын байгууллагууд, компаниуд, ТББ-уудтай харилцаа тогтоох, тогтвортой хамтран ажиллах;
  • Олон нийт, сонирхогчдын хүрээнд байгууллагын имидж, брэндийг үүсгэх стратеги баримталж ажиллах.

Ингээд нийт харилцагч байгууллагууддаа дахин талархал илэрхийлье

"I R I M" судалгааны хүрээлэнгийн хамт олон



Цааш унших...

Thursday, April 2, 2009

Дээд боловсролын дисфункц /Г.Цогтбаатар/


Телевизээр дээд боловсролын асуудлаар хэлэлцүүлэг хийж байна. Сонихолтой сэдэв тул жаахан ажиглалаа. Гэтэл манай нэгэн өндөр албан тушаалтан (нэр ажлыг нь дурьдаад юүгхэв) “... дээд боловсролтой хүний тоо ихэдлээ, дэндлээ л гээд байх юм тэрний муу нь хаана байгаа юм, харин ч бүх хүнээ дээд боловсролтой болгочихвол улс орон хөгжих юм бишүү ... ” гээд л өөртөө их итгэлтэйгээр ярьж байх юм. Аливаа зүйл зохистой хэмжээ, хүрээнд л утга учиртай байдаг нь байгаль болоод хүний нийгмийн хөдлөшгүй хууль бус уу? Тиймээс оюутан байхдаа дээд боловсролын сөрөг функцийн асуудлаар бичиж байсан судалгааны нийтлэлээ блогтоо орууллаа. Тухайн үед дурьдаж байсан тоо баримт нь бага зэрэг хуучирсан боловч агуулга, үзэл санаа нь хуучраагүй тул засвар хийгээгүй юм шүү.

Боловсролын дэд систем ба дисфункц

Нийгэм нь эдийн засаг, улс төр, шашин, гэр бүлэг, боловсролын дэд системүүдээс бүрддэг бөгөөд аль нэг дэд системийн зохистой үүрэг алдагдахад бусад системийн хэвийн байдал алдагдаж нийгэм бүхэлдээ ганхах аюултай.
Тиймээс социологич Р.Мертон өөрийн функционалист онолдоо аливаа дэд системүүд нь ямагт нийгмийн системийн оршин тогтнох хэвийн байдлыг хангах эерэг функцтэй байх албагүйг тэмдэглээд, үүний зэрэгцээ дисфункци буюу сөрөг функцийг хэрэгжүүлдэг тухай өгүүлсэн байдаг.
Боловсрол нь үндсэн систем болохын хувьд бага, дунд, дээд (зөвхөн албан боловсролыг авч үзэв) гэсэн дэд системүүдийн тус бүрийн үүргийн зохистой харьцааны үр дүнд хэвийн оршин тогтнож, нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ.
Иймд дээд боловсролын эерэг функц нь тодорхой хил хязгаарын дотор л хүчин төгөлдөр байх бөгөөд зохистой хэмжээ нь хэтэрсэн тохиолдолд боловсролын зэрэглэл түүний нийгмийн үнэ цэнэ, агуулга алдагдаж зөвхөн хэлбэрийн тал нь голчлон хувалз адил улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хойш татна. Өөрөөр хэлбэл дээд боловсролын эерэг функц нь түүний чанар, зэрэглэлийн үнэ цэнэ бодитоор хангагдаж буй тохиолдолд л илрэх юм. Эсрэг тохиолдол сөрөг функцтэй байх болно.

Дээд боловсролын давуу тал, зэрэглэлийн үнэ цэнэ

Дээд боловсролын чанар, зэрэглэлийн үнэ цэнэ хадгалагдаж буй тохиолдолд дээд боловсролтой иргэдийн ажил эрхлэлт, орлогын түвшин, гэмт хэрэгт холбогдох байдал, наслалт, өвчлөлт зэрэг нь нийгэм дэх боловсролгүй эсвэл бага, дунд боловсролтой хэсгийнхнээс харьцангуйгаар эерэг үзүүлэлттэй байдаг. Энэ нь дээд боловсролын давуу тал юм.
2005-2006 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид дээд мэргэжилээр 138019 оюутан суралцаж байхад, тусгай мэргэжлийн анхан, дунд шатны сургуулиудад дөнгөж 23249 оюутан суралцаж байна. Энэ нь нийт мэргэжлийн боловсрол эзэмшигчдийн дөнгөж 14.4 хувь нь юм. Харин 85.6 хувь нь дээд боловсрол эзэмшихээр суралцаж байна. Герман, Швейцарь зэрэг хөгжингүй улс орнуудад мэргэжлийн боловсролын энэхүү харьцаа нь эсрэгээрээ харгалзаж, боловсролын зэрэглэлийн үнэ цэнэ, цаашлаад боловсролын чанар өндөр байдаг. Энэ утгаараа аливаа улс орны эдийн засагт дээд боловсролтны арми гэхээсээ, сайтар бэлтгэгдсэн ажилчид олон байх шаардлагатай ажээ. Зөвхөн энэ үзүүлэлтээс харахад манай нийгмийн хувьд боловсролын зэрэглэлийн үнэ цэнэ алдагдсан байгаа нь харагдана. Ингээд дээд боловсролын давуу тал, нийгэм дэх эерэг функц алдагдаж дисфункцээ гүйцэтгэх болсоныг ажилгүйдэл, ядуурал, гэмт хэргийн тархалтаар жишээлэн авч үзье.

Дээд боловсрол ба ажилгүйдэл

o 1994-2006 оны хоорондох ажилгүйдлийн динамик үзүүлэлтийг авч үзвэл ажилгүйдлийн түвшин харьцангуй буурсан байгаа ч нийт ажилгүйчүүдэд дээд боловсролтой ажилгүйчүүдийн эзлэх хувийн жин 1.9-11.5 хувь хүртлээ тогтмол өссөн байгаа нь дээд боловсролын давуу тал алдагдаж, жил ирэх тутамд гүнзгийрсээр байгаагийн нэг илрэл гэлтэй.

o Чанаргүй дээд боловсрол нь мөн ажилгүйдлийн төрөл хэлбэрүүдийг бий болгож байдаг. Үүний сонгодог жишээ нь "Цамаан" буюу "Үнэ хүнд"-ийн ажилгүйчүүд юм. Муу ч гэсэн дээд боловсролын дипломтой болоод төгсчихсөн учраас цалин, ажлын орчин нөхцөлийг нь голоод ажилд ордоггүй ажилгүйчүүдийг ингэж нэрлэдэг. 2004 онд Парадигм клубээс авсан судалгаанд *Та яагаад ажилд орохгүй байна вэ?* гэсэн асуултанд нийт судалгаанд оролцогчдын 48 хувь нь тухайн ажлын байрны орчин муу, 39 хувь нь ажлын нэр хүнд муу гэж хариулсан байна.
o Чанаргүй дээд боловсрол нь мөн чанаргүй боловсон хүчнүүдийг гаргаж байгаа билээ. Өдгөө их, дээд сургууль, коллеж төгсөгч 10 хүн тутмын 7 нь шаардлага хангахгүй байна. Төрийн сургуулийн оюутнуудын бодит чадварыг үнэлэхэд дөнгөж 18.8 хувь нь шаардлага хангадаг /өөрийн хийсэн судалгаа/. Ялангуяа багш бэлтгэдэг сургуулиудын хувьд энэ байдал нь зөвхөн боловсролын системдээ л гэхэд ямар их хор хохирол учруулж байгаа бол.

Дээд боловсрол ба ядуурал

o 1995-2004 оны хоорондох ядуурлын үзүүлэлтээс үзвэл ядуучууд дунд дээд боловсролтой хэсгийн эзлэх хувь ялимгүй өссөн үзүүлэлттэй байна. Дээд боловсролын давуу тал буурч байгаа нь илэрхий. Мөн боловсрол нь ядууралд үзүүлэх, нэг талын нөлөөллийн хувьд, ажил эрхлэлтээр дамждаг байж болох талтай. Ядууралд хамгийн жинтэй нөлөөлдөг, хамгийн гол хүчин зүйл нь боловсролоос илүүтэйгээр буюу шууд байдлаар ажилгүйдэл болох тухай урьд өмнө хийгдсэн олон судалгаагаар нотлогдсон.
хххххххххххххххххххххххххххххххххххххххххххх
Дээд боловсрол ба гэмт хэрэг

o Боловсролтой хүний нийгэмд дасан зохицох чадвар сайн байдгаас гадна бусдын хандлагад хариу үйлдэл үзүүлэх, бусдын үзэл бодлыг хүндэтгэн үзэх, биеэ барих чадвар нь сайн хөгжсөн байдгийг судлаачид нэгэнт нотолжээ. 1991-2000 оны хоорондох 4 жилийн гэмт хэрэг гаралтын тоог авч үзвэл түүнд дээд боловсролтой хэсгийн эзлэх хувийн жин 2.1-5.9 хувь болтлоо өссөн байна. Түүнчлэн нийгмийн байдлын /статус/ хувьд дээгүүр хэсгийн гэмт хэрэг үйлдэх тоо хэмжээ ч мөн нэмэгдсэн байгааг харж болно.

O Судлаач Алисон Вулфийн үзэж буйгаар дээд боловсролтнуудын дэндсэн их тоо нь төрийн хүнд суртлын алба, цагаан гартны ажлын төлөө өрсөлдөөнийг тэтгэдэг байна. Олон улсын томоохон судалгаагаар боловсрол, эдийн засгийн өсөлт яагаад урвуу хамааралтай гараад байдагт энэ нь тайлбар болдог байна. Тухайлбал 1970-1998 оны хооронд Египтэд дээд боловсрол эзэмшигчид хоёр дахин нэмэгдсэн бөгөөд энэ зурвас үеийн эхэнд Египт нь дэлхийн 47 дахь ядуу орон байснаа 48-руу оржээ. Сүүлийн жилүүдэд цагаан захтаны хэрэг гэгддэг авилгал, хээл хахуул хүрээгээ өргөжүүлж байгаа нь ч мөн үүнтэй холбоотой юм.


Товчхон дүгнэвэл
O Өнөөгийн монголын боловсролын зэрэглэлийн үнэ цэнэ алга болжээ. Тиймээс дээд боловсролын давуу тал жил ирэх тутам сульдаж байна;
O Дээд боловсролын систем нь нийгэмд дисфункцээ хэрэгжүүлж эхлээд байна. Дээд боловсролын нийгмийн үнэ цэнэ, агуулга алдагдаж зөвхөн хэлбэрийн тал нь голчилж буй нь хувалз адил улс орныг тамирдуулж байна.

Цааш унших...