Wednesday, December 19, 2007

“Төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй, ил тод байдал” мониторингийн дүгнэлт, зөвлөмж /Г.Цогтбаатар/

..




“Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална”

Монгол Улсын Үндсэн Хууль /16.17/

2007 оны 4-р сард Авлигатай тэмцэх газраас /АТГ/ “Төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах, төрийн үйлчилгээг ил тод, хөнгөн шуурхай болгох, улмаар авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээллийг хүртээмжтэй байлгах, үйл ажиллагаагаа нээлттэй болгох, иргэдийн оролцоог хангах” талаар дурдсан 18 зүйл бүхий зөвлөмжийг төрийн байгууллагуудад хүргүүлсэн билээ. АТГ-ын захиалга, Нээлттэй Нийгэм Форумын санхүүжилтээр “Глоб Интернэшнл” ТББ тус зөвлөмжийн хэрэгжилтэд хөндлөнгийн мониторингийг хагас жилийн хугацаатайгаар 2007 оны 7 дугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлж дууслаа.

Мониторингийн гол зорилго нь АТГ-аас гаргасан зөвлөмжийн дагуу Төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох чиглэлээр төрийн байгууллагууд хэрхэн ажиллаж байгаа талаар бодитой мэдээлэлтэй болох, уг мэдээлэлдээ тулгуурлан зөвлөмжийн хэрэгжилтийн түвшин, хэрэгжүүлэхгүй байгаа шалтгаанд нөлөөлөгч хүчин зүйлсийг илрүүлэх, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн санал бүхий ерөнхий зөвлөмж боловсруулах байсан бөгөөд миний бие тус төслийн зөвлөх судлаачаар ажилласан юм.

Зөвлөмжийн дагуу төрийн байгууллагуудаас хоёр шаттай мониторингийн мэдээлэл цуглуулах ажил зохион байгуулж нэгдүгээр шатны мэдээллийг 2007 оны 8 дугаар сарын 5-аас 10-ны өдрүүдэд бүрдүүлэн, үр дүнг 9 дүгээр сарын 14-нд хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд танилцуулсан. Хоёрдугаар шатны мэдээллийг 2007 оны 10 дугаар сарын 8-аас 19-ын өдрүүдэд бүрдүүлж, үр дүнг 11 дүгээр сарын 19-нд АТГ, Нээлттэй Нийгэм Форумд хүргүүлсэн.Төслийн хүрээнд 1977 дугаарын утсаар төрийн байгууллагын ажилтан, албан тушаалтнуудын зөрчилтэй үйл ажиллагааны талаар иргэдийн санал, гомдлыг хүлээн авч АТГ-т долоо хоногт хоёр удаа хүргүүлж байлаа. Холбогдох мэдээллийн дагуу АТГ-аас зөрчил бүхий төрийн байгууллагын удирдлагад үйл ажиллагаагаа засч залруулах талаар шаардлага хүргүүлж байв. Ингээд та бүхэнд мониторингийн ерөнхий дүгнэлт, зөвлөмжийн талаар танилцуулж байна.

Нэг. Ерөнхий дүгнэлт, зөвлөмж

- Төрийн байгууллагуудын 41 хувь нь л АТГ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Харин 12 хувь нь зөвлөмжийг судлах шатандаа байлаа бол 34 хувь нь сонссон төдий, 13 хувь нь зөвлөмжийн талаар мэдээлэлгүй байсан. Энэ нь нэг талаар АТГ 4-р сард төрийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлснээсээ хойш хяналт бага тавьсантай, нөгөөтэйгүүр сурталчилгаа хангалттай хийгээгүйтэй холбоотой.
- Ерөнхийдөө төрийн байгууллагуудын олонхи нь 8 дугаар сараас хойш АТГ-ын зөвлөмжийн талаар сонссон, судалж эхэлсэн, мөн хэрэгжүүлэх ажилдаа орсон байна. Энэ нь мониторингийн судалгаа болон 1977 утасны сурталчилгааны идэвхжилтэй холбоотой хэмээн үзэж байна. Үүнээс үүдэн дараахь дүгнэлт, санамжуудыг гаргаж болно.
  • АТГ нь шинээр байгуулагдаад удаагүй байгаа тул иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах нь зайлшгүй шаардлагатай байна. Үүний нэг жишээ нь 11 дүгээр сард 1977 утасны сурталчилгааг зогсоосон нь иргэдээс ирж байсан санал, гомдлын тоо хэмжээ буурахад шууд нөлөөлсөн явдал юм. Тиймээс АТГ нь үйл ажиллагааныхаа сурталчилгааг зохион байгуулалт сайтай, зорилтот бүлгээ зөв сонгон, агуулга хэлбэрийг сайтар бодож боловсруулан, оновчтой хэрэгслээр дамжуулан цаашид тогтмол явуулах нь зүйтэй.
  • Мониторинг нь 7 дугаар сараас эхлэн 6 сарын хугацаатай үргэлжлэхдээ 8, 10 дугаар саруудад мэдээлэл бүрдүүлсэн бөгөөд энэ нь АТГ-ын зөвлөмжийн хэрэгжилт, түүний үр дүнд гарч буй төрийн байгууллагуудын үйлчилгээний чанарын өөрчлөлтийг харьцуулан дүгнэх хангалттай хугацаа болж чадахгүй юм. Тиймээс 8, 10-р саруудын харьцуулалтаар гарсан үр дүн болоод иргэдэд үйлчилж буй төрийн байгууллагуудын одоогийн үйлчилгээний нөхцөл байдал АТГ-ын 18 зүйл зөвлөмжийн үр дүнг бус тус зөвлөмжийг хэрэгжүүлэх суурь механизм ямар түвшинд байгаа талаар илүү бодитой мэдээлэл өгнө гэдгийг анхаарах хэрэгтэй.
  • Авлигатай тэмцэх газар нь зөвлөмжийнхөө хэрэгжилтийг хангахын тулд төрийн байгууллагууд уг зөвлөмжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих, хариуцлага болон урамшууллын механизмыг бий болгох шаардлагатай байна.
  • Төрийн байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээнд гарсан зөрчлийн талаарх санал, гомдлыг хүлээн авах 1977 /энгийн ярианы тарифтай/ утсыг нээлттэй ажиллуулж, ирсэн мэдээллийг судлан үзсэнээр тухайн байгууллагын удирдлагад АТГ-аас үйл ажиллагаандаа гаргасан зөрчлөө нэн даруй арилгах арга хэмжээ авч, эргэж мэдээлэхийг үүрэг болгон шаардлага хүргүүлж ажилласан нь маш ач холбогдолтой арга хэмжээ болжээ. Эндээс төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, бюрократ тогтолцоог халахад иргэдийн идэвх оролцоо ихээхэн чухал болох нь харагдаж байна. Ялангуяа үйл ажиллагаандаа хөдөө орон нутгийн иргэдийг оролцох боломжоор хангавал илүү үр дүнд хүрэх болно.
  • Төрийн байгууллагуудад АТГ-ын зөвлөмжийн хэрэгжилтийн байдлыг байнга хянан хариуцах ажил үүрэг бүхий тусгай ажилтан, эсвэл ажил үүрэг нь ижил бүтцэд албан ёсоор даалган хариуцуулах шаардлагатай байна.
  • АТГ нь дээрхээс гадна бусад олон хэлбэрээр иргэд болон төрийн байгууллагуудтай хамтран ажиллах нь зүйтэй бөгөөд зөвлөмжийн хэрэгжилтийг сайн хангаж байгаа, мөн түүнийг хэрэгжүүлэх идэвх санаачлага гаргаж ажиллаж буй байгууллага, иргэдийг урамшуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулах боломжтой.
- АТГ нь иргэдийн санал, гомдлыг хүлээн авахаас гадна цаашид үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог хангаж ажиллах нь АТГ-т итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх,үйл ажиллагаагаа сайжруулахад хувь нэмэр оруулах юм.
- АТГ нь 3 бүлэг 18 заалт бүхий зөвлөмжөө цаашид тогтмол үйл ажиллагаатайгаа уялдуулан сайжруулан боловсруулж байх нь зүйтэй. Тухайлбал, зөвлөмжийн заалтууд хоорондын утга санааны давхардал, 3 бүлгийн хооронд шилжсэн зөвлөмжүүдийг цэгцэлж бүлэг хоорондын зааг ялгааг тодорхой гаргах. Цаашлаад зөвлөмжийн хэрэгжилтийн үр дүнг одоогийн шалгуур үзүүлэлтүүдээр хангах боломжтой эсэх, үгүй бол шаардлагагүй гэж үзсэнээ хасах, шинэ зүйл заалт нэмж оруулах, зөвлөмжийг хэрэгжүүлэх нь ямар ач холбогдолтойг олон нийт, төрийн байгууллагуудад тайлбарлан таниулах
- Төрийн бүх шатны байгууллагуудад хэрэгжүүлэх боломжтой ерөнхий зөвлөмж, түүнийг үйл ажиллагааны чиглэл чиглэлээр тусгай зөвлөмжүүдийг хүргүүлбэл зохино.
- АТГ-ын сүүлийн саруудад хэрэгжүүлж буй идэвхтэй үйл ажиллагаа, сурталчилгаа зэрэгтэй холбоотойгоор төрийн байгууллагуудад зөвлөмжийг хэрэгжүүлэх үйл явцын идэвх сайжрах хандлага ажиглагдаж байгаа нь нааштай үзүүлэлт болно.
- Төрийн байгууллагуудад урьд өмнө нь огт байгаагүй болон чиг үүргээс нь гадуурхи үйл ажиллагаа явуулахыг шаардсан зүйл заалтууд АТГ-ын зөвлөмжид байхгүй бөгөөд уг зөвлөмжийн хэрэгжилтийг хангах суурь нөөц боломж хангалттай бүрдсэн байна гэж үзэж байна. Гагцхүү механизмыг ажиллуулах шаардлага тавигдаж байгаа юм.
- Нэг чиг үүрэг бүхий анхан, дунд, дээд шатны байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайтар хангаж өгвөл зөвлөмжийн зарим заалтууд богино хугацаанд хэрэгжих боломжтой юм. Тухайлбал, вэб сайтын асуудлыг үүгээр шийдэх боломжтой байна.

Авлигатай тэмцэх газар цаашид зөвлөмжийнхөө хэрэгжилтийг хянах тал дээр болон дор дурьдсан асуудлуудад илүү анхааран ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Харин бусад үзүүлэлтүүд боломжтой, сайн гэж хэлж болохоор байна.

Хоёр. Төрийн байгууллагын мэдээллийг хүртээмжтэй байлгах талаар хийсэн судалгааны дүгнэлт.

- Мэдээллийг хүртээмжтэй байлгах хэлбэрүүд, түүний ашиглалт төрийн байгууллагад харилцан адилгүй байна. Олон байгууллагад иргэдэд мэдээлэл түгээх самбар, мэдээлэл өгөх үүрэгтэй ажилтан байгаа бол вэб сайт, тараах материал харьцангуй бага байлаа. Үүний шалтгааныг төрөөс төсөвлөгдсөн санхүүжилт болон иргэд дээрх хэлбэрийг тэр бүр ашигладагггүйтэй холбон тайлбарлаж байв. Вэб сайттай байгууллагуудыг харьцуулж үзэхэд сайт дахь мэдээллийн агуулга шинэчлэх хугацаа гэх мэт олон зүйлээр цөөн хэдэн байгууллагаас бусад нь хангалтгүй үзүүлэлттэй байлаа.
- Судалгаанд хамруулсан байгууллагуудын талаас илүүд нь иргэд хүссэн мэдээллээ авч чадахгүй байгаа талаар гомдол, санал ирүүлэхэд хэдийгээр холбогдох арга хэмжээ авах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох механизм байдаг ч гаргасан зөрчлийг арилгах тал дээр тун сул ажиллаж байна. Мониторингийн судалгаа хийх явцад үйлчлүүлж байсан иргэдийн 33 хувь нь өмнө нь төрийн байгууллагад гомдол гаргаж байжээ. Тэдний дөнгөж 13 хувь нь асуудлаа шуурхай шийдвэрлүүлж чадсан бол 35 хувь нь шийдвэрлүүлэх явцдаа хүнд сурталтай тулгарсан, 52 хувь нь шийдвэрлүүлж чадаагүй байна.
- Төрийн байгууллагуудад үндэслэлгүйгээр төлбөр хураамж авах явдал байсаар байгааг үйлчлүүлэгч иргэдээс авсан судалгаа харуулж байна. Тухайлбал, иргэдийн 18 хувь нь дунджаар хорь гаруй мянган төгрөгийн хураамж төлсөн бөгөөд эдгээр иргэдийн 8 хувь нь БГД, БЗД, СБД, ХУД-ийн шүүхийн шийдвэр биелүүлэх алба болон Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар дээрх зөрчлийг гаргасан гэж үзжээ. Байгууллагуудын, иргэдээс төлбөр хураамж авч буй үйлдэл нь хууль, дүрэм журамд хэр нийцэж байгааг хөндлөнгөөс хяналт тавьж шалгалт хийх шаардлагатай байна.
- Төрийн байгууллагууд нь дотооддоо төсвийн зарцуулалт болон албан тушаалтнынхаа хөрөнгө орлогын мэдүүлгийг нээлттэй байлгах тал дээр харьцангуй сул ажиллаж байна. Үүний шалтгааныг гол төлөв хууль дүрэм журмаар хязгаарласан байдагтай холбон тайлбарлаж байлаа. Байгууллагууд дотоод дүрэм журмаа бусад хууль дүрэмд харшлахгүйгээр сайтар бодож боловсруулан, үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор өөрчилж болох атал энэ тал дээр дэвшилттэй алхам хийсэн нь тун цөөхөн байгаа бөгөөд энэ нь төрийн байгууллагуудад хатуу бюрократ тогтолцоо ноёрхсон нь харагдаж байна.
- Байгууллагууд иргэдийн хэрэгцээт мэдээллийг вэб сайтдаа тавьж, тавьсан мэдээллээ байнга шинэчилж байх талаар хангалтгүй ажиллаж байгаа бол мэдээлэл түгээх самбар, мэдээлэл өгөх үүрэгтэй ажилтан зэрэг бусад мэдээллийн хэлбэрүүд түгээмэл байдаг нь үйлчлүүлэгч иргэдээс авсан ярилцлага, ажиглалт, бичиг баримтын судалгаанаас тодорхой байна.

Гурав. Төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй байдлын талаар хийсэн судалгааны ажлын дүгнэлт.

- Хүнд суртал, чирэгдэл ихтэй, иргэдийн шийдвэрлүүлэхээр хандсан асуудлыг хуульд заасан хугацаанаас нь сунжруулдаг байгууллагуудыг газрын албад, засаг даргын тамгын газар, замын цагдаагийн газар, шүүхийн шийдвэр биелүүлэх газар, албад тэргүүлж байв.
- Байгууллагын шийдвэр гаргах үйл явц нь дотооддоо харьцангуй нээлттэй байдаг бол зөвлөмжид заасанчлан түүний үндэслэлийн талаархи мэдээлэл иргэд, хуулийн итгээдэд нээлттэй байж чадахгүй байна. Үүний гол шалтгаан нь ихэнх тохиолдолд энэ чиглэлийн ажил төрийн байгууллагуудад хэвшил болоогүйтэй холбоотой байлаа.

Дөрөв. Төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог хангаж талаар хийсан судалгааны дүгнэлт.

- Хэдийгээр төрийн байгууллагуудад иргэдээс санал, гомдол хүлээн авах утас, тусгай ажилтан, санал хүсэлтийн хайрцаг, дэвтэр зэрэг нөөц бололцоо байгаа ч санал гомдлыг хүлээн авах, барагдуулах механизм хангалтгүй ажиллаж байна. Үүнд нэг талаас санал, гомдлыг хүлээн авах арга хэлбэрээ сурталчилдаггүй иргэд энэ талаар мэддэггүй, үүнээс шалтгаалж хандахгүй байх нь элбэг, нөгөөтэйгүүр төрийн байгууллагуудад итгэх тэдний итгэл үлэмж алдарсан нь нөлөөлж байна.
- Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах талаар төрийн байгууллагууд хангалтгүй ажиллаж байна.
- Байгууллагын чиг үүргийн дагуу зөвшөөрөл, эрх олгох, бүртгэл хийх, хяналт тавих, сонгон шалгаруулалт явуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх журмыг олон нийтэд мэдээлэх ажиллагаа төрийн байгууллагуудад сул байна.

Цааш унших...

Тогтмол хэвлэлийн нийтлэлийн үгсийн сан, хэл найруулгыг сайжруулах тухай зөвлөмж /Г.Цогтбаатар/






Төрийн хэлний зөвлөл, Хэвлэлийн хүрээлэн хамтран “Монголын тогтмол хэвлэлийн хэл, найруулга зүйн өнөөгийн байдал” судалгааны төслийг хэрэгжүүлсэн тухай аравдугаар сард танилцуулсан билээ. Харин энэ удаа тус судалгаанд үндэслэн нийт сэтгүүлч, хэвлэн нийтлэгчдийн ажил үүргээ гүйцэтгэхэд нь найруулга зүйгээр туслах зорилгоор дараах зөвлөмжийг хүргүүлснийг сонирхуулж байна:


1. Монголын нийт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүний дотор тогтмол хэвлэл нь монголын нийгмийн бүх давхаргын эх хэлний мэдлэг, түүнийг хэрэглэх дадалд асар том нөлөөтэй,мэдээлэл нь ус агаар мэт хэрэглэгдэх болсон өнөө цагт сэтгүүлчид ард түмнийхээ хэл ярианы соёлын даган дууриах багш нь болсон тул эх сайхан монгол хэлээ хамгаалан хөгжүүлэх эрхэм үйлсэд том үүрэг хүлээж байгаагаа цаг ямагт ухамсарлан бүтээж туурвих ёстой.
2. Судалсан тогтмол хэвлэлийн мэдээ, ярилцлага, нийтлэл, өгүүллийн 56 хувь нь хэл найруулгын болон найруулгын бус алдаатай байна. Алдааны дийлэнх хувийг найруулгын алдаа эзэлжээ. Нийт бичлэгийн 52 хувь нь найруулгын алдаатай, 10 хувь нь найруулгын бус алдаатай байгаагаас үг оновчгүй хэрэглэх, үг буруу сонгох алдаа түгээмэл байна. Тухайлбал, гар нүцгэн гал сөнөөгчид (гар хоосон), зүс ондоо хүүхдүүд (орон гэргүй хүүхдүүд), тэдний 60 наснаас дээш ахмадууд нь (тэдний 60-аас дээш насны ахмадууд нь) гэх зэрэг. Иймд хариуцлагатай редактор/хариуцлагатай нарийн бичгийн дарга/-ын үүргийг өндөржүүлж, сониныг хэвлэлтэд шилжихээс өмнө бичлэг тус бүрийг нягтлан хянаж, үг үсгийн төдийгүй найруулгын алдааг засаж залруулахыг хэвшил болгох.
3. Үйл үгийн хэв, байдлын нөхцөлийг буруу хэрэглэх тохиолдол нийт бичлэгийн 31.7 хувьд гарчээ. Мөн тийн ялгалын алдаа 23.4, хамаатуулах нөхцөл буруу хэрэглэх нь 18.6, олон тоог буруу хэрэглэх нь 16.8, холбох үгийг буруу хэрэглэх нь 7.2 хувьтай байна. Тухайлбал, эзэн биед давхар хамаатуулах(…талийгаачийн гэрийнх нь цонхоор, рестораны чинь г.м), олон тооны үгийн араас олон тоог давхар хэрэглэх(…435 өдрүүдэд, наадмын хэдэн өдрүүдэд г.м) алдаа гаргасан байна. Сэтгүүлч, уран бүтээлчдэд мэргэжлийн өндөр шаардлага тавьж, монгол хэлний дүрмийн мэдлэгээр шалгалтыг тогтмол авч байх.
4. Гарчиг бол уншигчид тухайн сэдэв, агуулгын талаар анхны товч мэдээллийг үнэн зөв өгөхөд чиглэж байдаг. Юуны тухай, ямар мэдээллийг уншигчид өгөх гэж буйгаа сэтгүүлч гарчигт тодорхой, товч, ойлгомжтойгоор илэрхийлэх нь зүйтэй. Гэтэл тухайн мэдээ, нийтлэлийн агуулга, гарчиг зөрөх тохиолдол судалгаанд цөөнгүй илэрснийг анхаарч ажиллах нь чухал байна. Тухайлбал, “УИХ-ын даргынхан бүл нэмэв” гэсэн гарчигт УИХ-ын даргын туслахууд бүл нэмсэн тухай агуулга байв. Иймд сэтгүүлчийн логик сэтгэлгээ, уйгагүй ажиллагааг гүнзгийрүүлэх.
5. Мэдээлэл,нийтлэлд цэг,цэглэл төдийг алдахад л тухайн өгүүлбэрийн утга агуулга алдагдаж болохыг онцгой анхаарч, хянуур нямбай ажиллах нь чухал. Судалсан нийтлэл дэх найруулгын бус алдааны 91.7 хувийг цэг,цэглэлийн, 6 хувийг баримтын, 2.4 хувийг бусад алдаа эзэлж байна. Таслал орхисон, хашилт, асуултын тэмдэг, анхаарлын тэмдэг, тодорхойлох цэг зэргийг буруу хэрэглэсэн алдаа түгээмэл байгааг арилгах.
6. Өдөр тутмын сонинд найруулгын бус алдаа, чөлөөт буюу 7-10 хоног тутмын сонинд найруулгын алдаа илүү түгээмэл байна. Өдөр тутмын сониныхон цаг хугацаанд баригдаж шахуу ажилладаг нь алдааг зөвтгөх шалтгаан биш. Тиймээс өдөр тутмын сонины удирдлага хариуцлагатай нарийн бичгийн даргын үүргийг өндөржүүлэхийн хамт мэдээлэл, нийтлэл бэлтгэсэн сэтгүүлчдэд зохих шаардлага тавьж ажиллах.
7. Гадаад үгийг оновчгүй хэрэглэх нь эх хэлийг гажуудуулах,харь хэлний сул үгийг олон нийтээр түгээмэл ашиглах, залуусын хэлний соёлыг буруу төлөвшүүлэх зэрэг сөрөг үр нөлөөтэй. Судалгаанаас үзвэл орчуулах шаардлагатай үгсийг 31 удаа орчуулаагүй, гадаад үгсийг нэлээд удаа оновчгүй хэрэглэсэн байна. Тухайлбал, спикер, экс, шоу, батарей, амбиц, сюрприз, фэн, мессеж, рецедивүүд, аллергитдэг, сайдын марафон, вирус, загвар өмсөгчдийн батарей, синдром, нервтэх, карьер, органик хуулиуд, террорист, бестселлер гэх мэт олон үгийг орчуулгагүй шууд хэрэглэж байна. Хэрэв гадаад үгийг хэрхэн орчуулах, хаана ямар үед хэрэглэх талаар зөвлөгөө авах бол Төрийн хэлний зөвлөлд хандан дэмжлэг хүсч болох юм.
8. “Төрийн албан ёсны хэлний тухай” Монгол Улсын хуулийн 7-р зүйлийн 7.1-т “Төрийн албан ёсны хэлний тухай хууль тогтоомжийн биелэлтэд Зөвлөл /Төрийн Хэлний Зөвлөл/ хяналт тавьж зөрчил илэрвэл түүнийг арилгах талаар албан ёсоор зөвлөмж гаргана” хэмээн заасны дагуу Монгол Улсын Төрийн хэлний зөвлөл энэхүү зөвлөмжийг гаргав. Төрийн хэлний зөвлөлийн зөвлөмж нь гарсан цагаасаа эхлэн хэрэгжих хуультай болно.

Цааш унших...

Tuesday, December 18, 2007

МҮОНТ-ийн шилжилтийн үеийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ, мэдээллийн чанартай нэвтрүүлгийн агуулгын мониторинг: 2-р шатны дүгнэлт, зөвлөмж /Г.Цогтбаатар/


.......................................................................................................................
Та бүхэнтэй уулзалгүй удчихсан байна шүү. Олон судалгаа хийгээд завгүй байлаа. Саяхан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын малчин өрхүүдээр судалгаанд яваад ирсэн. Хөдөөгийн залуус, нутаг орны байдлаар хуучлах зүйл их байна. Ер нь нэлээд олзтой, сонирхуулах мэдээлэл ч их байгаа. Удахгүй тэр талаар блогтоо материал гаргана. Энэ зөвлөмжийн эхний хувилбарыг 4-р сарын мониторингд үндэслэн 9-р сард блогтоо тавьсан, энэ удаа 8-р сарын мониторингоор гаргасан дүгнэлт зөвлөмжөө та бүхэнд хүргэж байна.

2007 оны 4, 8 дугаар саруудын ОНТ-ийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ мэдээллийн чанартай нэвтрүүлгийн агуулгын мониторингийн харьцуулсан дүн мэдээллээр ОНТ нь олон ургальч байдлыг ерөнхийдөө хангаж байна гэж дүгнэлээ. Үүнийг доорх урьдчилсан дүгнэлтүүдэд үндэслэн цаашид ОНТ-ийн анхаарвал зохих асуудлуудыг тодорхойллоо.

Нэг. ОНТ-ийн хөтөлбөрийн бүтэц нь зорилго, хэлбэр, сэдэв агуулгын хувьд өргөн хүрээг /ерөнхий ангиллын болон нарийвчилсан ангиллын түвшинд/ хамарч чадаж байна. Харин ангиллын түвшин тус бүрт тогтвортой бөгөөд зохистой хувь хэмжээг цаашид хангах үүднээс дараах зүйлүүдийг анхаарах нь чухал:

  • ОНТ нь мэдээлэх зорилготой нэвтрүүлгийг эн тэргүүнд тавьдгаараа арилжааны телевизээс ялгаатай тул мэдээлэх ба танин мэдүүлэх зорилготой нэвтрүүлгийн хувийг бууруулахгүй байх, оргил цаг болон оргил цагт ойр цагуудаар тэдгээр нэвтрүүлгийг цацах бодлогыг тууштай барих.

  • ОНТ-ийн хөтөлбөр нь үзэгчдийн эрх ашгийг дээдэлсэн, тэдний эрэлт хэрэгцээг илүү хангах үүрэг хүлээдгээрээ онцлог тул эрүүл мэнд, шинжлэх ухаан технологи, хүмүүсийн амьдралын хэв маяг, хэрэглэгчдийн эрх ашигтай холбоотой сэдвүүд /тухайлбал, үүнд компьютер технологи, хоол, хүнс, гэр ахуй, цэцэрлэг, шашин, гүн ухаан, дэд бүтэц харилцаа холбоо зэргийг хамруулж болно/ ихээхэн дутагдалтай байгаад дүгнэлт хийх.

  • Сурталчилгаанаас ангид цэвэр мэдээлэл хүлээж авах үзэгч олны эрх зөрчигдөж байгааг анхаарах. Тухайлбал, хоёр мониторингийн турш арилжааны сурталчилгаа, ялангуяа “ХАС” банкны сурталчилгаа мэдээллийн хөтөлбөр дунд багтсаар байна.

Хоёр. ОНТ-ийн нэвтрүүлж буй хөтөлбөрийн үнэмлэхүй хэсэг нь нийт үзэгчдийн бүлэгт хандсан байгаа нь нэлээд ач холбогдолтой. Гэсэн хэдий ч ОНТ-ийн бусад арилжааны телевизүүдээс ялгарах гол үзүүлэлт нь нийгмийн цөөнх эсвэл тусгайлан авч үзэх шаардлагатай нийгмийн тодорхой бүлгүүдийн эрх ашгийг адил тэгш хангахад оршдог. Тиймээс, хөдөө орон нутгийн алслагдмал хүн ам, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага ястнууд, малчид, тариаланчид зэрэг цөөнх үзэгчдэд хүргэх мэдээ, нэвтрүүлэг нь хөтөлбөрийн бүтцэд зохистой хувиар багтах ёстой.

Гурав. ОНТ нь үндэсний хэмжээнд тогтмол тасралтгүй гарч буй ганц телевизийн хувьд орон нутгийн чанартай боловч улс орны хувьд ач холбогдол бүхий мэдээ, мэдээлэл /хөдөөгийн амьдрал, алслагдмал хүн амын аж байдал, амьдралын нөхцөл байдал зэрэг/-ийг харьцангуй бага өгч байна.

Дөрөв. Мэдээний эх сурвалжийн тэнцвэр алдагдсан хэвээр байгаа төдийгүй эх сурвалжгүй болон нэг эх сурвалжтай мэдээний хувь өндөр, тухайн нэг эх сурвалж нь дийлэнх нөхцөлд албан ёсны байр суурийг илэрхийлж байгааг онцгой анхаарах хэрэгтэй юм.

Тав. Мэдээллийн хөтөлбөрийн үр өгөөж, олон ургальч чанарыг хадгалах үүднээс мэдээний төрөл зүйл хэт давамгайлах хандлагаас зайлсхийж, бичлэгийн төрөл зүйлийн талаарх редакцийн бодлогыг оновчтой тодорхойлох.

Зургаа. ОНТ-ийн нийт хөтөлбөрийн гарал үүсэл, үйлдвэрлэлийн бүтцэд гарсан өөрчлөлт /өөрийн редакциудад бэлтгэж байсан нэвтрүүлэг 2-р мониторингийн үед 25 хувиар буурсан/ анхаарал татаж байгааг харгалзан үзэх хэрэгтэй юм.

Цааш унших...