Saturday, November 22, 2008

“Төр засгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд сонгогдох боломж-1” /Г.Цогтбаатар/

Блогтоо бичлэг оруулаагүй удчихжээ. Сүүлийн хэдэн сар их л завгүй ажиллаа. Бие ч жаахан эвгүйрхээд амжсан. Ер нь "Эрүүл биед саруул ухаан" гэдэг үнэн үг шүү залуусаа ! одоо л ухамсарлаж байна :-). Гэсэн ч MONFEMNET, UNDP, Нээлттэй Нийгэм Форум, Глоб Интернэшнл зэрэг байгууллагуудтай хамтарч ажиллаад судалгааны олз ихтэй байлаа. Олон мундаг хүмүүстэй танилцаж мэдлэг, туршлагаас нь хуваалцсандаа баяртай байна. Энэ удаа та бүхэнд өнгөрсөн 8-9 сард MONFEMNET ТББ-тай хамтарч Улаанбаатар хот, Хөсвсгөл, Говь-Алтай аймгуудад хийсэн “Төр засгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд сонгогдох боломж” нэртэй улс төрийн социологийн судалгааны үр дүнгээс хэсэгчлэн танилцуулхаар шийдлээ. Бага зэрэг тайлбар хийхэд MONFEMNET ТББ нь Монголын эмэгтэйчүүдийн ТББ-уудын үндэсний сүлжээ /Notional Network of Mongolian Women’s NGOs/ бөгөөд эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах чиглэлийг тууштай зорилгоо болгосон ухаалаг, шийдэмгүй, эрч хүчтэй шинэ үеийн эмэгтэйчүүдийн нүүр царай болсон байгууллага юм. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр тэдэнтэй хамтарч ажиллах сонирхолтой байгууллага, хувь хүмүүс info@monfemnet.org хаягаар холбогдоорой. За олон зүйл нуршихаа болиод судалгааны үр дүнгээ танилцуулъя.

I ХЭСЭГ. УЛС ТӨРЧДИЙН ХҮЙС ОЛОН НИЙТИЙН САНАЛ БОДОЛД НӨЛӨӨЛДӨГ ҮҮ?
• Төр засгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд дэвшин ажиллахад нөлөөлөх хүчин зүйлс

Төр, засгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд дэвшин ажиллахад нийгмийн макро болон микро түвшний олон хүчин зүйл нөлөөтэй билээ. Тэдгээр хүчин зүйлсийг нийтлэг жишгээр дараах маягаар схемчилж болох юм.

Схем 1. Төр засгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд дэвшин ажиллахад нөлөөлөх хүчин зүйлс
Бидний хийсэн санал асуулгын судалгаа зөвхөн микро орчинд буюу тэр дундаа төр засгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд дэвшин ажиллахад сонгогч, олон нийтийн (цаашид олон нийт гэнэ) зан үйл хэрхэн нөлөөлж буйг тандах хүрээгээр хязгаарлагдаж байгаа юм.


• Улс төрчдийн хүйс олон нийтийн санал бодолд ихээхэн нөлөөлтэй байна

Улс төрчдийн хүйс олон нийтийн санал бодолд нөлөөлдөг эсэхийг урьдчилан хэв маяг үүсгэх логик аргаар тандахад төр засгийн шийдвэр гаргах түвшинд сонгогдон ажиллахад улс төрчдийн хүйс нөлөөтэй гэдгийг олон нийтийн 58 хувь нь хүлээн зөвшөөрсөн байна. Харин 38 хувь нь хамааралгүй (удирдах чадвартай л бол эмэгтэй, эрэгтэй байх нь гол асуудал биш) гэсэн бол 4 хувь нь мэдэхгүй гэжээ.

58 хувь гэдэг нь улс төрчдийн хүйс олон нийтийн санал бодолд статистикийн хувьд дундаж нөлөөтэй байгааг илэрхийлнэ.

Түүвэр судалгааны үр дүн ба нийгмийн бодит байдлын хооронд түүврийн хэмжээнээс хамаарч төлөөллийн тодорхой алдаа гардаг бөгөөд энэхүү судалгааны үр дүн нь онолын хувьд ±3.5 хувийн алдаатай билээ. Дээрх асуултын алдааны хязгаарыг нарийвчлан тооцоход ±3.1 хувь гарч байгаа ба үүнд үндэслэн итгэх завсар байгуулбал улс төрчдийн хүйс сонгогчдын 54.9 – 61.1 хувьд нөлөөтэй байгаа ба энэ нь улс төрчдийн хүйс олон нийтийн санал бодолд статистикийн хувьд ихээхэн нөлөөтэй байгааг илэрхийлнэ.

Нөгөөтэйгүүр энэ нь олон нийт шийдвэр гаргах түвшин дэх улс төрчдийн хүйсийн төлөөлөл буюу харьцаа ямар байгаа болон байх ёстой эсэхэд ихээхэн ач холбогдол өгч байгааг давхар илэрхийлж байна.


• Нийгэмд жендэрийн сөрөг хандлага ихээхэн давамгай байна

Шийдвэр гаргах түвшинд эрэгтэй, эмэгтэйчүүд тэнцвэртэй байх нь зүйтэй гэсэн хариулт нь хүний эрх, жендэрийн эерэг хандлага бөгөөд бусад хариултыг сөрөг бөгөөд хүрэлцээгүй (мэдэхгүй г.м. хариултууд) хандлага хэмээн үзвэл олон нийтийн 34.9 хувь нь эерэг хандлагатай, 65.1 хувь нь сөрөг хандлагатай байгаа юм. Дүгнэвэл нийгэмд жендэрийн сөрөг хандлага ихээхэн давамгай байна.

Нөгөөтэйгүүр шийдвэр гаргах түвшинд улс төрчдийн хүйсийн харьцаа ямар байх нь зохистой талаарх сонгогчдын байр суурь тэдний хүйсээс илүү хамааралтай байгаа нь сонирхол татаж байна. Тиймээс эмэгтэйчүүд болон эрчүүдийн жендэрийн хандлагын талаар бага зэргийн шинжилгээ хийж үзлээ.

Хүснэгт 1. Нийгэм дэх жендэрийн хандлага_хүйсээр

Жендэрийн сөрөг хандлагыг дотор нь задалбал шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд давамгай байх нь зүйтэй хэмээн 18.1 хувь, эмэгтэйчүүд давамгай байх нь зүйтэй хэмээн 5.3 хувь нь хариулсан. Өөрөөр хэлбэл олон нийт эрчүүдийг эмэгтэйчүүдээс 3 дахин хүчтэй дэмжиж байна.

Мөн удирдах чадвартай л бол эмэгтэй, эрэгтэй байх нь гол асуудал биш хэмээн 38.3 хувь нь үзжээ. Энэ нь нейтрал буюу саармаг хариулт мэт боловч бодит байдал дээр "эр муу ч эмийн дээр" хэмээх уламжлалт менталитет зонхилсон монголчуудын хувьд удирдах чадварын түвшин яг ижилхэн боловч хүйсээрээ ялгаатай хоёр улс төрчөөс хэнийг нь илүүд үзэх вэ? бодит байдал дээр эрэгтэй С.Баяр, эмэгтэй С.Баярын аль илүү дэмжлэг авах бол? энэ мэт олон эргэцүүлэл хийж үзвэл энэхүү хариултын цаана эрчүүдийн патриархат хандлага нуугдаж буй гэж таамаглах боломжтой юм.

Дээрх хандлага нь хүйсээр ялгаатай бөгөөд эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш буюу эерэг хандлага эрчүүдээс 10 функтээр илүү байна.

Өөр нэг сонирхолтой зүйл нь эмэгтэйчүүдийн хувьд өөрсдийгөө давуу гэдгийг хүлээн зөвшөөрөх жендэрийн хандлага нь эрчүүдтэй харьцуулбал 5 дахин бага байгаагийн зэрэгцээ эсрэг хүйстнээ хүлээн зөвшөөрөх хандлага нь эрчүүдээс 2 дахин илүү байна. Дүгнэвэл шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд дэвшин ажиллахыг эрчүүд эсэргүйцэж, үүнийг нь эмэгтэйчүүд хүлээн зөвшөөрдөг байна. Үргэлжилэл бий ...

Цааш унших...

Sunday, August 10, 2008

Түүврийн хэмжээг тооцох ба үр дүнг хэрэглэх аргачлал /Г.Цогтбаатар/

Хэрэв хүн бүр нас, боловсрол, ажил мэргэжилээсээ үл хамааран ижил сэтгэж, ярьдагсан бол дэлхий дээрх 6 тэрбум хүнийг ганцхан би л 100 хувь төлөөлж чадна. Нөгөөтэйгүүр хүмүүсийн үзэл бодолд өөр хоорондоо давхацах, нийлэх ганц ч атугай шинж байдаггүйсэн бол хамтын амьдрал, нийгэм, хүн төрөлхтөн гэж байхгүй байх байлаа. Тиймээс судлаачид социологи, улс төр, эдийн засаг, маркетинг, соёлын зэрэг нийгмийн амьдралын тодорхой асуудлаар олон нийтийн санал бодлыг судлахдаа хүмүүсийн зан үйлийн дээрх ижил болоод ялгаатай байдлын голыг олж, тухайн орон нутгийн нийт хүн амыг бус шинжлэх ухааны арга зүйд тулгуурлан нийт хүн амыг төлөөлөх чадвартай цөөн тооны хүн амыг судалгаанд хамруулж цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр хэмнэдэг билээ. Сайтар боловсруулсан түүврийн аргачиллын дагуу, чанартай хийгдсэн судалгааны үр дүн олон нийтийн санал бодлыг ганц ч хувийн зөрүүгүй төлөөлж чаддаг.
Хүн бүр түүвэртэй аль хэдийн танил билээ. Бид дэлгүүр ороод алим авахдаа аль нэгийг нь амталж үзээд бусдыг нь түүнтэй ижилхэн хэмээн ойлгодог. Тэгээд ч барагтай л бол бурууддаггүй шүү дээ. Энэ нь хүмүүс өдөр тутмынхаа амьдралд түүвэрлэлт хийж буй энгийн нэг жишээ юм. Энэ удаа блог уншигчиддаа судалгааны түүврийн хэмжээ тооцох ба үр дүнг хэрэглэх аргачиллыг хялбаршуулан хүргэхээр зорилоо.

Түүврийн хэмжээ тооцох аргачлал
Түүвэрлэлт хийх онолын үндэс нь хэвийн тархалт байдаг. Энэ нь магадлалд үндэслэдэг. Нэгэнт түүвэрлэлт хийх аргачлал нь магадлалын онол, математик статистикаар боловсруулагдсан байдаг учраас та бүхэн тэрхүү аргачиллыг өөрийн судалгааны зорилго, судалгаа хийх бүс нутгийнхаа нийгэм, хүн ам зүйн онцлогт тулгуурлан хэрэглэх боломжтой. Хялбар жишээн дээр тайлбарлъя. Бид бодит амьдрал дээрх ямар нэг зүйлийн хувь хэмжээг олох гэж байна гэж бодъё. Тухайлбал, энэ нь Улаанбаатар хотын тогтмол телевиз үзэгчдийн хувийн жин байж болох юм. Энэхүү хувь хэмжээг түүврийн аргачлалын дагуу тодорхой магадлалтайгаар, тодорхой алдааны хязгаарын дотор хэлж чадна. Судалгааны практикаас үзвэл:
1. 95, 95.4, 99.7 хувийн итгэлтэйгээр
2. Алдааны хязгаар нь +/- 5 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцоолсон түүврийн хэмжээ практик шаардлагыг бүрэн хангадаг.
Бүгдээрээ 95.4 хувийн итгэлтэй, гарах үр дүн нь бодит байдлаас +/- 5 хувиас илүү зөрөхгүй байхаар дээрх жишээн дээр түүврийн хэмжээ тооцож үзье.
Судалгааны түүвэрлэлт хийдэг олон аргачлал байдаг бөгөөд энэ тохиолдолд бид буцаалтгүй, энгийн санамсаргүй түүврийн аргачиллыг хэрэглэж байна. Түүврийн хэмжээг дараах томъёогоор тодорхойлно.

11111111111111111111111111111111 t - Баталгааны коэффициент буюу Стьюдентийн тархалтын критик утга юм. Итгэх магадлал нь 95 хувь байхад t=1.96, 95.4 хувь байхад t=2, 99.7 хувь байхад t=3 байдаг.
w- Түүвэрт хамрагдсан өрхүүдээс тухайн тодорхой шинжийг агуулсан буюу тухайн хариултыг сонгосон өрхийн эзлэх хувийн жин. Анх судалгаа хийж байгаа үед үүнийг мэдэх боломжгүй байдаг тул өмнө хийгдсэн ижил төрлийн судалгаануудаас эсвэл ойролцоолсон тоог орлуулж тавьж болдог.
w*(1-w) - харьцангуй хэмжигдэхүүний дунджаасаа хазайх хазайлтын квадрат буюу дисперсыг оролдог тоо юм. Энэхүү хазайлт нь онолын хувьд хамгийн ихдээ 0.25-тай тэнцүү байдаг.
N- Эх олонлогийн хэмжээ буюу бидний жишээгээр Улаанбаатар хотын нийт 192669 өрх
Делта - Алдааны хязгаар. Бидний авч үзэж байгаараар энэ нь 5 хувь буюу 0.05 болно
n- Түүврийн хэмжээ
Ингээд эдгээрийг томъёондоо орлуулбал:

111111111111
гарч байна. Өөрөөр хэлбэл 95.4 хувийн итгэлтэйгээр дээд тал нь +/- 5 хувийн алдаатайгаар Улаанбаатар хотын 192699 өрхийг 399 өрх төлөөлж чадах нь ээ.

Судалгааны үр дүнд гарах "хувь"-ийг хэрхэн ашиглах вэ?
Энэ нь түүврийн аргачлалтай шууд холбоотой байдаг. Дээрх жишээний хувьд Улаанбаатар хотод судалгаа хийж үзэхэд нийт телевиз үзэгчдийн 82.8 хувь нь тогтмол буюу өдөр бүр телевиз үздэг гэж хариулжээ. Энэ хувьд бид хэр итгэлтэй байж болох вэ? хэрхэн хэрэглэх вэ?
Юуны өмнө бид энэхүү үр дүнд 95.4 хувийн итгэлтэй байж болно. Гэхдээ +/- 5 хувийн алдааны хязгаар дотор шүү дээ. Гэсэн ч та бүхэн маш чухал гэж үзсэн хувь бүрдээ алдааны хязгаарыг нь нарийвчлан бодож итгэх завсараа байгуулж байх хэрэгтэй.
Итгэх завсарыг дараах томъёогоор байгуулна.
111111111111111111111111111111111111111111
w - нь судалгааны үр дүн болох 82.8 хувь болно
Делта- нь алдааны хязгаар. Бөгөөд дараах томъёогоор олно.
111111111111111111111111111111111111111111111111111111 11111111111111111111111111111111111111111
t - нь баталгааны коэффициент буюу бидний итгэх түвшин 95.4 хувьд харгалзах 2 гэсэн тоо болно.
M3- нь стандарт дундаж алдаа буюу дундажаас хазайх хазайлт болно.

1111111111111111
Ингээд өгөгдсөн тоонуудаа томъёондоо орлуулбал:

Үр дүн буюу бидний итгэх завсар

11111111111111111111111111111111111111111111111111111111111111
Хамгийн багадаа бодит амьдрал дээр тогтмол үзэгчдийн хувийн жин нь 79.0 хувь байгаа бол хамгийн ихдээ 86.6 хувьтай байгаа гэдэгт бид 95.4 хувь итгэлтэй байж болно.За амжилт залуусаа :-) !

Цааш унших...

Wednesday, July 30, 2008

Бодлогын судалгаа ба шинжилгээ /Г.Цогтбаатар/

Засгийн газрууд юу хийдэг талаар судалж үзэх шаардлагатай гэсэн үзэл санаа дэлхийн хоёрдугаар дайны сүүлчээс хүчтэй болсноор нийгмийн шинжлэх ухааны нэгэн прадигм бүрэлджээ. Энэ нь бодлогын шинжлэх ухаан билээ. Сүүлийн жилүүдэд монголд бодлогын шинжлэх ухааны салбарууд болох бодлогын судалгаа, бодлогын шинжилгээ нийгмийн судалгааны салбарт хүч түрэн орж ирлээ. Бага зэргийн ойлголт өгхөд бодлого судлал нь тодорхой бодлогын асуудлаар анхдагч судалгаа явуулах замаар бодлого боловсруулах үйл явцыг ойлгож мэдээлэхийг эрмэлзэж байдаг бол бодлогын шинжилгээ нь илүү улс төржсөн шинжтэй бөгөөд төрийн байгууллагуудад зориулан бодлого боловсруулах замаар жинхэн бодлогын үр дүнд шууд нөлөөлөхийг эрмэлздэг. Монголд бодлогын судалгаа, шинжилгээний салбар хөгжихөд ННФ нэлээд чухал үүрэг гүйцэтгэсэн юм /ННФ нь бодлогын судалгааны гарын авлага гаргасан бөгөөд бодлогын судлаачдын тэтгэлэгт хөтөлбөр болон бусад олон чиглэлийн сургалт, хэлэлцүүлэг, арга хэмжээ зохион байгуулдаг/. Нэгэн уншигчийнхаа хүсэлтээр энэ удаа бодлого судлал ба түүний үр дүн болох бодлогын баримт бичгийн бүтэц, дизайныг товчлон нийтлэв. За амжилт залуусаа !

Баримт бичгийн нэр
Гарчгийн агуулга
Товч дүгнэлт
Удиртгал
НЭГ. Асуудлын тодорхойлолт
1. Асуудлын үндэслэгээ
- Асуудал хэзээ, яаж гарч ирсэн?
- Түүний учир шалтгаан юу вэ?
- Асуудлын түүх, эрх зүй, улс төр, нийгэм эдийн засгийн орчин нь ямар байсан бэ?
- Яаж олон нийтийн анхаарлыг татсан
- Түүнд хэн өртөж байсан
- Уг асуудлыг шийдэх зорилгоор урьд өмнө ямар бодлого хэрэгжсэн
- Тэдгээр бодлогын үр дүн ямар байсан
2. Өнөөгийн бодлогын орчин дахь асуудал
- Асуудлын өнөөгийн эрх зүй, улс төр, нийгэм, эдийн засгийн орчин ба нөлөө ямар байгаа
- Асуудлын өнөөгийн хүрээ ямар байна
- Уг асуудлыг шийдэх зорилгоор ямар бодлогыг хэрэгжүүлж байна
- Асуудлын талаарх үзэл бодлууд, таны хандлага түүнээс ямар ялгаатай вэ?
- Хэрэгжүүлж буй бодлогын амжилт, дутагдалтай талууд юу вэ?
- Асуудалд хандаж буй арга барилын юу нь буруу вэ?
3. Асуудлын тодорхойлолтын зохион байгуулалт
- Асуудлыг гүн гүнзгий итгэл үнэмшилтэйгээр танилцуулахын тулд асуудлыг тодорхойлж буй хэсэгтээ түүний ямар чиглэлийг оруулах хэрэгтэй вэ?
- Аль болохоор ойлгомжтой, уншихад хялбар болгохын тулд уг хэсгийг та яаж зохион байгуулбал зохилтой вэ?
ХОЁР. Бодлогын сонголтууд
- Бодлогын байж болох хувилбаруудыг тоймлон үзүүлж, үнэлж, харьцуулна
Тодорхой асуудлыг шийдэхэд тухайн сонголт ямар үр дүн үзүүлэх тухай үнэлгээг голлон авч үзэж түүний дагуу танилцуулж буй сонголтуудаа харьцуулна
- Илүү сайн гэж бодож буй бодлогын хувилбартаа бат үнэмшилтэй үндэслэгээ гаргаж өгнөБодлогын сонголтоо танилцуулахад зохиогч харьцуулалт ба үнэлгээнээс гарч байгаа дүгнэлтийг тухайн асуудлыг шийдэхэд түүний сонгож авсан хувилбар хамгийн үр дүнтэй гэдгийг тод харуулахад ашиглах хэрэгтэй
- Гаргасан шийдвэрээ танилцуулахад анхаарнаСонголт бүрийн талаар гаргасан шийдвэр түүний шалтгааныг гаргаж өгөх хэрэгтэй
- Бодлогын баримт бичгийн дүгнэлт ба зөвлөмжийн хэсэгтэй холбож өгнөИлүү сайн гэж үзсэн бодлого нь төгсгөлд нь өгөх зөвлөмжүүдийг гаргах үндэс болно.
Анхаарах
1.Шинжилгээний хүрээ /өөрийн баримтлах бодлого/
- Ямар үзэл баримтлалыг барих вэ?
- Дэвшүүлэн тавьж байгаа асуудалдаа эдгээр зарчмыг хэрэхн авч хэрэглэх вэ?
- Тодорхойлон гаргасан байр суурийн тань онолын үндэс
- Энэ байр суурийг сонгох болсон ямар шалтгаан байна
- Таны байр суурь өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн үү
- Шинжилгээнийхээ хүрээг баримт бичгийн аль хэсэгт оруулах гэж байна
2.Боллогын хувилбаруудын үнэлгээ
- Баримт бичигтээ бодлогын ямар ямар сонголтуудыг авч үзэх гэж байна вэ
- Таны сонгон авсан сонголт аль нь вэ?
- Сонгон авсан хувилбарынхаа талаар сонголт хийхдээ ямар арга хэрэглэх вэ?
-Таны сонгож авсан сонголтын сул тал нь юу вэ?
Сонголт бүрийн хувьд
- Сонголтоо та ерөнхийд нь юу гэж үнэлж байна
- Та тухайн хувилбараа яагаад илүү гэж үзэж байгаа вэ?/үзэхгүй байна вэ/
- Шинжилгээний хүрээний аль шалгуур нь таны шийдвэрийн үндэслэгээ болж байна вэ?
- Таны сонголтын эерэг сөрөг та нь юу вэ
- Таны сонгож авсан сонголтыг ерөнхий байдлаар танилцуулсан бусад сонголттой харьцуулбал ямар вэ?
Гурав. Дүгнэлт ба зөвлөмж
Хавсралт
Лавлах материал
Ишлэл зүүлтийн заалт

Цааш унших...

Tuesday, July 8, 2008

Хамтын зан төлөв /Г.Цогтбаатар/

2008 оны 07 сарын 01-нд Монголын нийгмийг цочироосон том үймээн болж өнгөрлөө. 5 хүний амь нас эндэж, олон арван хүн гэмтэж бэртэн, 60-70 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Төрөөс онц байдал тогтоож, хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг түр хаах хүртэлх арга хэмжээ авлаа. Үймээнийг зохион байгуулж, олон нийтийг гэмт үйлдэлд турхирсан хэмээн Ж.Батзандан, О.Магнай нарыг урьдчилан хорих газар саатуулан шалгаж байна. Нэгэнт үүссэн нөхцөл байдалд хууль, хяналтын байгууллагууд, улс төрийн нам хүчнүүд, иргэдийн аль аль нь туйлширсан үзэл, догматик хандлагаасаа татгалзаж асуудлыг аль болох олон аспектаар авч үзэн хамгийн шударга хувилбараар шийдээсэй хэмээн хүсч байгаа билээ. Тиймээс миний бие үүссэн нөхцөл байдлыг бага боловч зураглах үүднээс болж өнгөрсөн үйл явдлыг социологийн "хамтын зан төлөв"-ийн онолтой харьцуулан бичлээ.

Бөөн олны зан төлөв

Хүний зан төлөвийг "Стандартчлагдсан", "Стандартчлагдаагүй" хэмээн үндсэн хоёр туйлд хувааж болно. Энэхүү ангиллын үүднээс хамтын зан төлөв нь хоёр дахь ангилалд багтана. Иймд хамтын зан төлөвийг тодорхой бус, эсвэл заналхийлсэн нөхцөл байдлыг хүлээн авч буй бүлэг хүмүүсийн зохион байгуулалтгүй, урсгал төлөв байдал хэмээн тодорхойлдог. Социологич Жон Лофланд хамтын зан төлөвийг "Бөөн олны" болон "Олон түмний" хэмээн ялгасан байдаг. Бөөн хүмүүс нь бие биедээ нүүр тулж буй харьцангуй их тооны хүмүүс юм. ( Олон түмэн нь түүний эсрэг утгатай )
Иймд, 2008 оны 07 сарын 01-ний өдрийн тайван жагсаал, цуглаан сүүлдээ тонон дээрэмдэх, галдан шатаах, эмх замбараагүй үймээн болж хувирсан нь хамтын зан төлөвийн өвөрмөц хэлбэр болох "Бөөн олны зан төлөв" болохыг харуулж байна.
i
Хүмүүс бөөгнөрөх (цугларах) үйл явц, цуурхал
i
Цуурхал, цугларах үйл явц нь хамтын зан төлөвийг их хүч болгон хувиргадаг. Өөрөөр хэлбэл үймээн үүсхийн өмнө хүмүүс бөөгнөрөх, тэдний хооронд холбоо харилцаа үүсэхэд цуурхал, цугларах үйл явц чухал нөлөөтэй. Журамгүйдлийн тухай мэдсэн хүмүүс л тэнд очхыг эрмэлздэг. Машины дугуй чихрах, гудамжнаа хагарч буй шилний чимээ, хүмүүсийн орилох дуу энэ бүхэн хөндлөнгийн хүмүүсийн анхаарал татна. Хүмүүс сургаар, радио, телевизээр журамгүйдлийн тухай олж мэднэ. Хүмүүс нэгэн газар бөөгнөрч эхлэхэд хөнлөнгийн хүмүүс эхлээд үйл явдлын тухай юу ч мэдэхгүй байхдаа сонирхсондоо тэдэнтэй нийлдэг. Тэдгээр хүмүүст цуурхал юу болсон, мөн юу болохыг ойлгоход, тэрчлэн хаана, юу хийхийг ойлгоход тусалдаг. Харин цуурхал гэдэг бол албан ёсны эх сурвалжаар батлагдаагүй боловч үнэн хэмээн хүлээн авч буй баталгаа аж.
2008 оны 06 сарын 30-ны өдөр хэсэг залуус Сүхбаатарын талбай дээр цуглаж мэдээллийн хэрэгслээр сонгуулийн үр дүнтэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгджээ. Шөнийн 00:00 цаг гэхэд тэднийг дэмжигчид нэмэгдсээр 500 гаруй болсон байна. Энэхүү цуглааныг цагдаагийн хүчээр тараав. Мөн тэр орой NTV телевизээр "Иргэний эвсэл"-ээс нэр дэвшигч О.Магнай Сүхбаатарын талбай дээр шударга бус сонгуулийг эсэргүйцэх цуглаан зохион байгуулах тухайгаа мэдэгдэж, иргэдийг уриалсан юм. Маргааш нь буюу 2008 оны 07 сарын 01-ний өглөө 12:00 цагт "Dragon" төвийн өмнөөс О.Магнай, Б.Жаргалсайхан /БНН-ын дарга/ нараар толгойлуулсан жагсагчид Сүхбаатарын талбайг зорисон бөгөөд замд нь олон иргэд нэгдэж байжээ. Жагсаалын явцад Монголын ардчилсан холбоо, АН, Иргэний эвсэл (МНН, ИХН, МСДН), ИЗН, ҮШН, БНН, Эрс шинэчлэл хөдөлгөөн зэрэг МАХН-аас бусад бараг бүх нам, улс төрийн хүчнүүд нэгдсэн юм. Энэ талаар телевиз, мэдээллийн бусад хэрэгслээр шууд, шуурхай нэвтрүүлж байсан бөгөөд жагсагчид өргөжсөөр ойролцоогоор 12000 орчим хүн цугласан байсан. Энэ нь Улаанбаатар хотын нийт хүн амын 1-ээс илүү хувь бөгөөд статистикийн хувьд эмх замбараагүй байдал үүсгэхэд хангалттай хүч бүрдсэн байжээ.
i
Бөөн олны зан төлөв үүсэх шалтгаан
i
Хамтын зан төлөвийн тухай социологийн онолуудыг "иррациональ" болон "рациональ" хэмээн үндсэн хоёр бүлэгт хувааж үздэг. "Иррациональ" онолууд хамтын зан төлөв бүрэлдэх психологийн хүчин зүйлсийг гол болгодог. Энэхүү онолын гол төлөөлөгч Лебон "Халдварын онол"-доо хүмүүсийн психологи бөөн олны дунд орохоороо агшин зуур хувирдаг бөгөөд ухаалаг хүмүүс хүртэл галзуурсан араатан шиг болж, бөөгнөрөгсдөөс ангид бол ухаанд багтамгүй хэрэг үйлддэг гэж үзжээ. Мөн тэрбээр 1. Нэр мэдээгүй байгаа нь бөөгнөрөгсдийн дунд орсон хүнд хүч чадал нэмнэ, 2. Халдвар нь бөөгнөрсөн олны дотор нэгээс нөгөөд вирус адил тархана, 3. Бөөн олны дотор хүмүүс ховсдуулсан мэт амархан үнэмшиж итгэдэг болно. Тэд улайрсан тэргүүлэгчдийнхээ зааврыг дуулгавартай биелүүлнэ гээд нийгмийн шаарууд, эмгэг өвчтэй хүмүүс, нийгмийн доод давхрааныхан, гэмт хэрэгтнүүд, тэнүүлчид, ажилгүйчүүд л бөөн олныг бүрдүүлдэг гэж үзжээ.
"Рациональ" онолууд нийгмийн хүчин зүйлсийг гол болгодог. Олпортын "Ойртолтын онол" /Конвергенцийн/, Тэрнерийн "Хэм хэмжээ үүсэх онол", Школьникийн "Улс төрийн эсэргүйцлийн онол", Смелзерийн "Өсөн нэмэгдэх үнэт зүйлийн онол" зэрэг онолуудыг үүнд хамруулж болно. Школьникийн "Улс төрийн эсэргүйцлийн онол"-оор бөөн олны зан төлөв нь улс төрийн тэмцлийн хэлбэр юм. Нийтийн түрэмгий үйлдэлд оролцогч хүмүүсийн психологийн хүчин зүйлсийг харгалзахгүй авч үздэг. Тэд бол системд дургүйцсэн, улс төрийн талаар ухамсартай хүмүүс гэж үзнэ. Энэ үзлээр бол улс төрийн байр сууриа илэрхийлэх нийгмийн зөвшөөрсөн хэрэгсэл хэтэрхий үнэтэй нөхцөл дэх эцсийн арга хэмжээ юм. Доод ангийн болон мөн нийгмээс хасагдсан, бусад бүлгийн төлөөлөгчид албаны хүмүүстэй уулзах бололцоогүй байдаг. Ийм хэрэгсэл хэтэрхий үнэтэй байдаг учир тэд “байгууллагажаагүй” хамтын зан үйлдэлд татагдан орно гэжээ.
Харин Смелзерийн "Өсөн нэмэгдэх үнэт зүйлийн онол"-оороо хамтын зан төлөв нь нийгмийн орчныг өөрчлөх оролдлого хэмээн үзсэн. Түүний онол нэмүү өртгийн тухай эдийн засгийн баримтлалыг санагдуулдаг байна. Энэ баримтлалыг төмрийн хүдэр ган болж, тодорхой шат дамжлагатай явсаар эцэст нь авто машин болж хувирах жишээгээр тайлбарлаж болно. Үе шат болгонд автомашины өртөг нэмэгдэнэ. Бүх үе шат нь эцсийн бүтээгдэхүүнийг боловсруулахад шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл бэлэн автомашин бол хөдөлмөрийн эцсийн үр дүн бөгөөд түүний үнэ нэмэгдэж байгаа шинэ үе шат бүр нь эцсийн үр дүнг нөхцөлдүүлж буй нэг шалтгаан болдог. Тэрбээр 6 үе шатыг онцолсон байдаг. "Рациональ" онолыг баримтлагчид хамтын зан үйлд татагдан оролцогчид заавал нийгмийн доод давхарааныхан, ажилгүйчүүд, архичид, сэтгэцийн асуудалтай хүмүүс байдаг гэсэн "Иррациональ" онолыг эрс шүүмжилдэг.
Сүүлийн үеийн судалгаанууд ч "Иррациональ" онолын энэхүү баримтлалыг няцааж байгаа ажээ.
Эдгээр онолд өөр өөрийн давуу болоод сул талууд бий. Ямартай ч асуудлыг системээр нь харахад онол, арга зүй тусалдаг. Үймээнд нийгмийн бүх давхаргынхан их, бага хэмжээгээр оролцсон нь тодорхой бөгөөд үймээний шалтгаан нь зөвхөн психологийн бус, нийгмийн олон учир шалтгаантай ба ганц, нэг хувь хүн болоод намын балгаар үүссэн ч асуудал биш ажээ. Асуудлыг туйлшруулж улс төрийн зорилгоор нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг талыг барьсан мэдээлэл, захиалгат нэвтрүүлэг бэлтгэн олон давтамжтай цацаж, олон түмний сэтгэл зүйг өөрчилсний үндсэн дээр ганц нэгхэн хүнд бүхий л хариуцлагыг үүрүүлэх башир арга ажиглагдах болов. Цагдаа хүчний байгууллагууд, нам, олон нийт туйлширсан хандлагаасаа зайлсхийхийн тулд наад зах нь дараах хүчин зүйлсийг тооцож үзэх нь зүйтэй. (Миний хэлсэн хэлээгүй бусад хүчин зүйлийг гадуур хангалттай ярьж, цацаж буй тул тэдгээрийг дахин дурьдах нь илүүц хэмээн үзсэн болно) Үүнд:
- Нэгэн хүчин зүйл. 2008 оны УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүнгээр МАХН үнэмлэхүй ялалт байгуулах нь тодорхой болсон. Харин АН болон бусад улс төрийн хүчнүүд сонгуулийн өмнө хийгдсэн социологийн судалгаануудын үр дүн, нийгмийн энгийн ухамсарын түвшинд үүссэн хүлээлт, түүнчлэн сонгуулийн үеэр гарсан хууль бус үйл ажиллагаануудад үндэслэн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд нөлөө бүхий улс төрийн хүчнүүд МАХН-ыг луйвар хийсэн хэмээн мэдэгдсэн билээ. Үүний гол шалтгаан нь сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагааны ил тод, шударга байдал алдагдсан бөгөөд ялангуяа парламентад олонхи суудалтай улс төрийн намууд, СЕХ-ны зохион байгуулалт муутай, хариуцлагагүй байдал үймээн үүсгэх суурь шалтгаан мөн. Хэрэв сонгууль олон нийтэд ил тод, шударга, зохион байгуулалт сайтай болсон бол өнөөгийн нөхцөл байдал үүснэ гэж үү?
- Нэгэн хүчин зүйл. Сүүлийн 2 жилийн хугацаанд МАХН, түүний салбар байгууллага болох МАСЗХ-ны гишүүдтэй холбоотой хүн амьны хэрэг, авилга, албан тушаалын гэмт хэргүүд олноор гарч МАХН-ын рейтинг өмнө байгаагүйгээр унаж, МАХН-ын талаарх иргэдийн сөрөг үнэлэмж нэмэгдэж, нэг бус удаа төв байр нь халдлагад өртөж байсан билээ. Хэрэв МАХН-тай холбоотой эдгээр үйл явдал өмнө нь болоогүй байсан бол өнөөгийн нөхцөл байдал үүснэ гэж үү?
- Нэгэн хүчин зүйл. Социологич Жон Лофланд хамтын зан төлөвт зуршмал байдаг сэтгэлийн хөдөлгөөний гурван үндсэн маягийг ялгасан нь айх, дайсагнах, баярлах гурав бөгөөд 2008 оны 07 сарын 01-ний үймээн нь дайсагнах сэтгэл хөдлөлд тулгуурлаж байв. Дайсагнах сэтгэл хөдлөлийн объект нь зөвхөн МАХН биш байсан. Мөн цагдаа, хүчний байгууллага болон бизнесийн байгууллагууд байв. Судалгаанаас үзэхэд хүн амын амьжиргааны түвшин доогуур нийгмийн олонхи гишүүдийн психологи эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн талаар тааламжгүй хандлагатай байдаг. Түүнчлэн энгийн иргэдэд шударга бус ханддаг, эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй хүмүүст үйлчилдэг, авилгад автагдсан гэх зэргээр монголд цагдаа, хүчний байгууллагуудад итгэх итгэл үлэмж буурсан, нийгмийн зарим бүлэгт тэднийг жигшин зэвүүцэх байдал хүчтэй бүрэлдсэн /цагдаагийн харгис хэрцгийд итгэх ерөнхийлсөн бишрэл/ зэрэг нь үүний суурь шалтгааны нэг болсон хэмээн үзэх үндэстэй. Хэрэв цагдаа, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа хараат бус, шударга, ижил тэгш байсан бол өнөөгийн нөхцөл байдал үүсэх байсан гэж үү?
- Нэгэн хүчин зүйл: Социологи хүний зан үйлийг "Үйлдэл" болоод "Эс үйлдэл" хэмээн "Тэнцүү ач холбогдолтой" хоёр ангилалд хамруулан авч үздэг. 2008 оны 07 сарын 01-ний өдрийн жагсаал, цуглааныг Ж.Батзандан, О.Магнай нар зохион байгуулсан бөгөөд МАХН-д шаардах бичиг хүргүүлхээр тэдний байрлуу очсон байна. Энэ бол "Үйлдэл" мөн. Харин МАХН-ын удирдлагууд Ж.Батзандан, О.Магнай нарыг байрандаа нэвтрүүлээгүй бөгөөд тэрхүү шаардах бичгийг нь хүлээн аваагүй аж. МАХН-ын байрны гадаа жагссан иргэд тэдэнтэй гарч ирж уулзан, ямар нэг хариу мэдээлэл хийхийг шаардаж байсан ч ямар ч хариу барьсангүй. Энэ бол "Эс үйлдэл" мөн. Түүнчлэн улангассан олон, цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж, цагдаа нар илт хүч мөхөсдөж байхад, МАХН-ын байрны гадаах машиныг шатааж байхад, МАХН-ын байрны 1-р давхарт нэвтрэн тонон дээрэмдэж, галдан шатаах үйл ажиллагаа эхлээд байхад үүнийг зогсоох хүн хүч, эрх мэдэл хэн нэгэнд байсангүй юу? Онц байдлыг арай эрт тогтоож болохгүй байсан гэж үү? Энэ бүгд "Эс үйлдэл" мөн. Тиймээс "Үйлдэгч" болоод "Эс" үйлдэгчид аль, алинтай нь хариуцлага тооцох хэрэгтэй. Хэрэв МАХН ядаж О.Магнай, Ж.Батзандан нарын шаардах бичгийг хүлээн авч, асуудлын учир зүйг олохоо жагссан олонд мэдээлсэн бол өнөөгийн нөхцөл байдал үүсэх байсан гэж үү?
Хүний амь нас эндэж, олон сая төгрөгийн хохирол учруулсан энэ бүхний хариуцлагыг буруутай этгээдэд нь үүрүүлэх ёстой. Гэхдээ дахин хэлье, манай цагдаа, прокурорын байгууллагууд асуудлыг олон талаас нь харж, нарийн нягтлан хамгийн шударга хувилбараар шийдээсэй !!! Иргэд ч бас нэг талыг барьж улс төрийн үзэл суртлаар талцаж бус, шударга үнэний төлөө нэгдэж, цагдаа, прокурорын үйл ажиллагаанд иргэний хяналт тавиасай !!! Ж.Батзанданд цаазаар авах ял тулгаад байна. О.Магнайг яах бол? Эцсийн эцэс тэр хоёрыг цаазлах нь хамгийн шударга, байж болох хувилбар мөн гэж үү !!! Би л лав дэмжихгүй нь. Ардчилсан нийгмийн эрх чөлөөт иргэний хувьд Үндсэн Хуулиараа олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэв. Баярлалаа ...

Цааш унших...

Friday, June 20, 2008

"Энтропийн шинжилгээний арга" /Г.Цогтбаатар/

Энтропийн шинжилгээг хэмжилтийн доод түвшний нэрлэсэн шкал (хуваарь) бүхий хос утгаар бүрдүүлсэн мэдээллийг хэв маяг үүсгэн ангилхад хэрэглэнэ. Шинж тэмдгийн тоо дөрөвөөс хэтэрвэл ажиллагаа ихсэж амаргүй болдог. Тиймээс шинжилгээнд судалгааны объектыг илэрхийлж чадах цөөн шинж тэмдгийг сонгох хэрэгтэй. Шинжилгээ хийх дараалал:

1. Хамгийн их мэдээлэлтэй нэг шинж тэмдгийг илрүүлэх.
2. Илрүүлсэн шинж тэмдгийг ашиглан хэв маяг үүсгэх ба түүний нэг төрөл байдлыг шалгана
3. Бүлгүүд нэг төрөл болж чадаагүй бол хамгийн их мэдээлэлтэй хос шинж тэмдгийг илрүүлэх алхмуудыг гүйцэтгэнэ
4. Бүлгийн нэг төрөл байдлыг шалгаж, хангагдсан бол ангилах үйл явц зогсоно. Эсрэг тохиолдолд бүх шинж тэмдгүүдийн бололцоот гурвал, дөрвөлийг бодох зэргээр үргэлжилнэ.
Судалгааны объектод А шинж илэрхэд В, С, D … - шинжүүд байгаа гэдэг нь тодорхой байдаг бол А хамгийн их мэдээлэлтэй шинж тэмдэг болно. Үүнийг судалгааны объектод хамгийн их тохиолддог шинж тэмдэг хэмээн ойлгож болохгүй. Интропийн шинжилгээг хэрхэн хийх талаар хялбар жишээн дээр авч үзье.

Социологийн III ангийн оюутнууд "Социологи" сэтгүүлээр хэр хангагдсан бэ?

Социологийн тэнхимээс жил бүр "Социологи" нэртэй сэтгүүл гаргадаг. Одоогоор 7 цуврал гараад байгаа. Энэхүү шинжилгээгээр зөвхөн 1, 2, 3, 4-р сэтгүүлүүдийг хамруулан, Социологийн 3-р ангийн оюутнууд тус сэтгүүлээр хэр хангагдсан байгааг, түүнчлэн ямар сэтгүүлүүд хамгийн их мэдээлэлтэйг хэрхэн илрүүлхийг харъя. Судалгаанд нийт 23 оюутан оролцсон.
Шинж тэмдэг ба түүний утгууд:
1-р шинж тэмдэг: Танд "Социологи-1" сэтгүүл байгаа юу?
1. Байгаа 2. Байхгүй
2-р шинж тэмдэг: Танд "Социологи-2" сэтгүүл байгаа юу?
1. Байгаа 2. Байхгүй
3-р шинж тэмдэг: Танд "Социологи-3" сэтгүүл байгаа юу?
1. Байгаа 2. Байхгүй
4-р шинж тэмдэг: Танд "Социологи-4" сэтгүүл байгаа юу?
1. Байгаа 2. Байхгүй

1. Хамгийн их мэдээлэлтэй нэг шинж тэмдгийг илрүүлэх нь

Алхам-1: Дээрх 4 шинж тэмдгээр мэдээлэл бүрдүүлж, SPSS програмын Analyze - Descriptive staticticis – Frequencies командаар дан тоололт хийн, үр дүнг дараах хүснэгтэд нэгтгэнэ.


Алхам- 2: Дараах томъёог ашиглан шинж тэмдэг тус бүрийн энтропийг олно.
n – Түүврийн хэмжээ. Бидний авсан жишээнд 23
(+) – Шинж тэмдэг тус бүрт харгалзах эерэг утгын давтамж
(-) - Шинж тэмдэг тус бүрт харгалзах сөрөг утгын давтамж
Log(n;2)- 2 суурьтай логарифм. Логарифмыг Ecxel програмаар бодох боломжтой. Insert – function – Math & trig – Log функцээр бодох нь бидний ажлыг хялбарчилна.

Алхам- 3: Дараа нь бид хос шинжүүдээр энтропийг олох хэрэгтэй. Дараах томъёог ашиглан шинж тэмдэг тус бүрийн энтропийг олно. Үүний тулд дөрвөн шинжийг хослуулан бүлэглэнэ. Иймд,

хослол үүснэ.
Алхам- 4: Дараах томъёогоор хос шинжүүдийн энтропийг олно.
Алхам- 5: Хосолсон энтропийн давхцлын утгыг олно.

Дараах томъёог ашиглана:
Эхний томъёогоор давхцлын утгыг олж, хоёрдугаар томъёогоонд орлуулан хамгийн их утгатай гарсныг бусдыгаа тодорхойлох хамгийн их мэдээлэлтэй шинж тэмдэг гэж үзнэ.

Ингээд хамгийн их мэдээлэлтэй шинж тэмдэг нь I2- болж байна. "Социологи-2" сэтгүүл хамгийн их мэдээлэлтэй сэтгүүл ажээ. "Социологи-2" сэтгүүлтэй оюутанд бусад сэтгүүлүүд байгаа хэмээн таамаглаж болох юм. Гэхдээ үүнийг шалгах хэрэгтэй.

2. Илрүүлсэн нэг шинж тэмдгийг ашиглан маяг үүсгэх ба түүний нэг төрөл байдлыг шалгана

Алхам- 6: Хэрэв ангиллын үр дүнд нэг төрлийн бүлэг үүсч чадсан бол бид дараах хоёр хэв маягийг хүлээн зөвшөөрнө.
1. "Социологи-2" сэтгүүлтэй оюутнууд – "Социологи" сэтгүүлийн хангалт сайн бүлэг - 8 (34.8 хувь)
2. "Социологи-2" сэтгүүлгүй оюутнууд - "Социологи" сэтгүүлийн хангалт муу бүлэг– 15 (65.2 хувь) байна. ......................................................................................................................................................
Алхам- 7: Дээрх 2 хэв маягийг хүлээн зөвшөөрөх үү? гэдгийг шалгаж үзэх ёстой. Тиймээс Социологи-2 сэтгүүлээр буюу 2-р шинжээр бусдыг нь ангилсан дараах хүснэгтийг зохиох бөгөөд хэрэв алдааны магадлал 0.2 –оос доош орвол ангиллыг цааш үргэлжлүүлэх хэрэгтэй болно. Хамгийн их мэдээлэл бүхий шинжээр бусдыг нь ангилбал:
Дээрх хүснэгтэд хоёр хэв маягт хамгийн их тохиолдох эерэг сөрөг утгуудыг үлдээвэл дараах хүснэгтэн мэдээлэлтэй болно.
Алдааны магадлалыг дараах томъёогоор бодно.

..................... 0.206522 нь 0.2-оос их байгаа учраас нэг шинж тэмдгээр ангилах нь учир дутагдалтай байна. Тиймээс бид бодолтыг цааш нь үргэлжлүүлж хамгийн их мэдээлэлтэй хос шинж тэмдгүүдийг илрүүлэх хэрэг гарлаа. Үргэлжлэл бий.

Цааш унших...

Thursday, June 19, 2008

Хөвсгөл аймгийн хүн ам, өнгөрсөн, одоо, ирээдүйд /Г.Цогтбаатар/

Дулаан орж; ногоо, цагаа дэлгэрээд ирхээр аав ээждээ, нутагтаа очмоор болох юм. Би Хөвсгөлд төрж, өссөн хүн. Тиймээс энэ нутагтай холбоотой бүхэн сонирхлыг минь их татдаг. Аймгийнхаа хөгжил дэвшилд хэрэг болохуйц нийгэм, эдийн засгийн цогц судалгаа, шинжилгээний ажил хийх бодол байна. Ямартай ч энэ удаа Хөвсгөл аймгийн хүн амын тоо, бүтцийн өөрчлөлтийн талаар хийсэн судалгаагаа ихэд товчлон нийтлэв (дээхний судалгаа шүү!).

1. Хөвсгөл аймгийн товч танилцуулга

Хөвсгөл аймаг нь 1931 онд байгуулагдсан. Хойд талаараа ОХУ, баруун зүүн болон өмнө талаараа Завхан, Булган, Архангай аймагтай хиллэдэг. 100.6 мяг.км/кв нутаг дэвсгэртэй. 24 сум, 121 багтай. 122.4 мянган хүн амтай, 32.1 мянган өрхтэй. Аймгийн нийт хүн амын 76,9 хувийг халх, 13,7 хувийг дархад, 5,2 хувийг хотгойдууд эзэлдэгийн зэрэгцээ Буриад, Дөрвөд, Урианхай, Цаатан, Өөлд зэрэг ястнууд амьдардаг олон ястны өлгий нутаг юм. ДНБ-ий хэмжээгээрээ Хангайн бүсийн 6 аймгаас хоёрдугаарт, 21 аймгаас тавдугаарт ордог. Голлох салбар нь хөдөө аж ахуй. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа. Аймгийн төв нь Мөрөн сум бөгөөд суурь нь анх 1809 онд Мөрөнгийн хүрээний суурь тавигдсанаар эхэлжээ. 1811 онд Мөрөнгийн хүрээ баригдсанаар түүний эргэн тойрон нүүдлэн суух хүмүүсийн тоо нэмэгдсээр 1931 оноос Мөрөн сум болсон. 1933 онд Хөвсгөл аймгийн төвийг Хатгалаас Мөрөн рүү шилжүүлэх тушаал гарснаар Мөрөн аймгийн төв болсон юм. Улаанбаатар хотоос 779 км зайтай оршдог. Мөнх цаст сүрлэг уулс, ян сарьдагууд, гүн цэнхэр нуурууд, хөвч тайга, гол мөрний өргөн хөндий зэрэг нь тэр аяараа нутгийн үзэсгэлэн гоог харуулах тул Хөвсгөлийг Монголын Швейцарь хэмээн нэрлэдэг.

2. Хөвсгөл аймгийн хүн амын тоо, бүтцийн өөрчлөлт

Хүн амын тоо, бүтцийн өөрчлөлтөд төрөлт, нас баралт, шилжилт хөдөлгөөн гэсэн үндсэн гурван хүчин зүйл нөлөөлдөг ба тэдгээрийн хамаарлаар хүн амын өнгөрсөн, одоо, ирээдүйг тайлбарладаг. Энэхүү ажлаар 1969, 1979, 1989, 2000 оны тооллогын дүнг ашиглан Хөвсгөл аймгийн хүн амын нас, хүйсийн суварга байгуулж; нас, хүйсийн бүтцийн үзүүлэлт, хүн амын 1969 оноос хойшхи жилүүдийн өсөлтийн хурд, түүнчлэн 2050 он хүртэлх хугацааны прогноз гаргалаа.

А. Нас, хүйсийн суварга

1969 оноос хойшхи хугацаанд Хөвсгөл аймгийн хүн амын бүтэц нэлээд өөрчлөгджээ. Хүн амын нас, хүйсийн суварга байгуулж үзэхэд 1969-1989 он хүртэлх хугацаанд суварга пирамид хэлбэртэй буюу хүн амын өсөлт тогтвортой байжээ. Харин 1989-2000 оны хооронд суваргын суурь хэсэг нарийссан нь хүн амын өсөлтийн хурд саарсныг харуулна.Үндсэндээ хүн амын өсөлт 1950-иад оноос хойш эрчимжиж 1970, 1980-аад онуудад дээд цэгтээ хүрээд 1990-оноос буурчээ. Үүнд шилжилт хөдөлгөөнөөс илүүтэйгээр төрөлт нөлөөлсөн.

Зураг 1. Хөвсгөл аймгийн хүн амын нас, хүйсний суварга
Б. Хүн амын нас, хүйсийн бүтцийн үзүүлэлтүүд
Аймгийн хүн амын нас, хүйсийн бүтцийн үзүүлэлтийг тооцож үзэхэд хүн амын насны голч 1969 онд 18.1 байснаа 1979 онд 16.7 болж буурчээ. Энэ нь тухайн хугацаан дахь төрөлтийн өндөр түвшинтэй холбоотой. Харин 1989 онд төрөлтийн түвшин өндөр байхад хүн амын насны голч 16.7-18.5 болж өссөн нь хүн амын дундаж наслалт нэмэгдсэн болон өмнөх жилүүдийн моментумаас /үелэрэл/ хамаарчээ. Харин 2000 онд хүн амын насны голч буурсан нь 1990-ээд оноос хойш төрөлт буурсан, өмнөх жилүүдийн төрөлтийн түвшин өндөр байснаас хамаарч үүссэн үелэрэл, мөн 25-29 насны бүлгийн хүн ам дотоод шилжих хөдөлгөөнд оролцсонтой холбоотой байна.

Хүснэгт 1. Хөвсгөл аймгийн хүн амын нас, хүйсийн бүтцийн үзүүлэлтүүд
Аймгийн хөдөлмөрийн насны залууст ногдох хүүхэд, хөгшдийн нийт ачаалал 1979 оноос хойш 107.3-72.1 болтол тогтмол буурсан. Энэ ихээхэн эерэг үзүүлэлт бөгөөд залууст өөрсдийгөө хөгжүүлэх, амьдралаа өөд татах эерэг бололцоо бүрдүүлж өгсөн. Нөгөөтэйгүүр үүнийг дагалдан ажлын байрны эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байгаа.

В. Хөвсгөл аймгийн хүн амын өсөлтийн хурд
1
1969-2000 оны хооронд хүн амын өсөлтийн хурд тогтмол нэмэгдсэн байна. 1969-1989 оны хооронд төрөлт нэмэгдэж, нас баралт буурсан нь хүн амын өсөлтөд ихээхэн нөлөөлсөн бол 1989 оноос хойш төрөлт харьцангуй буурсан ч хүн амын моментумын нөлөөллөөр аймгийн хүн амын өсөлтийн хурд хэвээр хадгалагджээ.

Хүснэгт 2. Хөвсгөл аймгийн хүн амын өсөлтийн хурд
1969-2000, 1979-2000, 1989-2000 оны гэсэн 3 ялгаатай хурд, мөн 3 ялгаатай аргачлалаар тооцвол 2050 он гэхэд Хөвсгөл аймаг 212502-251849 хүн амтай болох юм.

Хүснэгт 3. 2050 онд Хөвсгөл аймгийн хүн ам хэд болох вэ
Зураг 2. Хөвсгөл аймгийн хүн амын нас, хүйсний суварга 2000/2050 он

Цааш унших...

Sunday, June 1, 2008

Баярлалаа Монголын Хэвлэлийн Хүрээлэн! /Г.Цогтбаатар/

Сайн байцгаана уу? эрхэм блогчид оо! хэзээ сүүлийн бичлэгээ оруулснаа ч бараг мартчихжээ. Удсан байна шүү. Өнгөрсөн хугацаанд нэг том ажил амжууллаа. Ажлаа сольж "IRIM" нэртэй судалгааны компанид орсон юм. Ажил ч гэж жигтэйхэн их байна. Ямар ч байсан Хэвлэлийн Хүрээлэнгийн хамт олондоо талархалаа хэлье гэж бодлоо. Цаашид блогоосоо хөндийрөхгүй ажиллана аа.
1
Анх 2003 оны намар Монголын Хэвлэлийн Хүрээлэн гэх энэхүү эрхэм байгууллагын босгыг алхсан. "Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа"-ны гэрээт судлаачаар ажиллах завшаан гарсан юм. Тэр үед би их сургуулийн 2-р дамжаанд суралцаж байлаа. Миний мэдэхээр социологийн ангийг төгссөн шилдэг оюутан, судалгааны мэргэжилтнүүд энэ байгууллагад ажилладаг байсан. 2006 оны хавар сургуулиа төгсөөд тус байгууллагын Мэдээлэл судалгааны албанд судлаачаар орж ажилласан. 2003 оноос тооцвол 5 жил, 2006 оноос тооцвол 2 жил орчим энэ байгууллагад ажиллажээ. Энэ хугацаанд гэрээт судлаачаас эхлээд туслах судлаач, судлаач, орлогч дарга, ахлах судлаач хүртэлх албанд дэвшин ажилласан. Чадварлаг, эвсэг хамт олноосоо сурсан бас сурмаар зүйл ч их байсан шүү!
1
Юун түрүүнд хамран зүтгэгч Гүнжээ эгч, Нямаа нартаа баярлалаа гэж хэлье! та хоёр маань их түшиг болж байсан шүү, сайн судлаачид болно гэдэгт итгэлтэй байна ... Мөнхмандах захиралдаа баярлалаа гэж хэлье! таны боловсрол, цаг төлөвлөх, удирдах зэрэг олон чадвараас суралцах зүйл манай залууст их байдаг. Та болон Наранжаргал гуа (Глоб интернэшнл) шиг чадварлаг эмэгтэйчүүд манай парламентад байвал ч ... Чимэдээ ахдаа баярлалаа гэж хэлье! ажлыг тань шиг зохион байгуулдаг чадварлаг менежер болоход суралцана аа ... Оюунаа багшдаа баярлалаа гэж хэлье! залуу хүнд урам өгч, зөвлөж, дэмжиж ажилладагт тань баяртай байна. Ажил үүргээ цэгцтэй, нямбай хуваарилж, ажил амьдралаа сайтар зохицуулдаг чадвараас тань сурах зүйл их байдаг ... Баярмаа эгчдээ баярлалаа гэж хэлье! тань шиг ажилдаа шуурхай, зарчимч, гэр бүлдээ халамжтай хүн ховор шүү... За тэгээд хүрээлэнг байнга л хөгжөөж, доргиож явдаг Амараа, Ёоко багш, Доржоо эгч, Бааска эгч, Сандагаа ах, Ганаа, Пунсаа, Гэрэлээ, Өнөрөө багш, Дариймаа багш, Мөнхцэцэг багш, Тагтаа багш, Болороо эгч, Чимгээ, Батбаатар, Энхзаяа, Уянгаа, Пүүжий ах болоод тогооч ах эгч хоёртоо баярлалаа гэж хэлье!
1
Бүгдэд нь амжилт, эрүүл энх, сайн, сайхан бүхнийг ерөөе!

Цааш унших...

Monday, March 24, 2008

“Авлигатай тэмцэхэд чөлөөт хэвлэлийн үүрэг” /Г.Цогтбаатар/

!


111111111111111111111111111111
“Хүний эрхийг хангаж ардчилсан засаглалыг бэхжүүлэх мянганы хөгжлийн зорилго” сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалт
( 2008 оны 3 сарын 27-ны өдөр, Төрийн ордны Б танхим)
!111sxsx
“Хэвлэлийн эрх чөлөө бол мөнхийн сонор сэрэмж бөгөөд тэрбээр манай төр
засгийг авлигын эсрэг сахин хамгаалах эцэс төгсгөлгүй
үүрэг хариуцлага мөн”
Томас Жефферсон
!1
Социологийн судалгаа бүрээр олон нийтийн санааг түгшээж буй асуудлуудын тоонд “Авлига” эхний байруудад жагсдаг бөгөөд түүний сөрөг нөлөө нь нийгмийн улс төр, эдийн засаг, боловсрол, гэр бүл, соёлын бүхий л тогтолцоог хувалз адил сорж тамирдуулан баялагын тэгш бус хуваарилалт, үнийн өсөлт, үр ашиггүй захиран зарцуулалт, шударга бус өрсөлдөөн, хүнд суртал, далд эдийн засгийг гааруулж ядуурал, ажилгүйдэл, гэмт хэргийн түвшинг хөөрөгдөн улс орны хөгжлийг чөдөрлөдөг. Төр засгаас “Авлигын эсрэг хууль”-ийг батлах, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, “Авлигатай тэмцэх газар”-ыг байгуулах зэргээр томоохон ажил хийж буй ч авлигын хүрээ тэлж, хэрэг зөрчил илрэхгүй хэвээр байна. Үүний гол шалтгааныг авлигын талаар хийсэн томоохон судалгааны тайлангуудад Монгол Улсад мэдээллийн “Ил тод байдал” хангалтгүй байгаатай ихэвчлэн холбон тайлбарладаг. Иймд тус нийтлэлээр авлигатай тэмцэхэд мэдээллийн ил тод байдлыг хангадаг гол хэрэгсэл болох чөлөөт хэвлэл мэдээллийн үүрэг болоод монгол дахь авлига, хэвлэл мэдээллийн одоогийн нөхцөл байдал, чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн гүйцэтгэж буй үүрэг, цаашдын тэмцлийн тухай өгүүлэхийг зорилоо.

1. Авлига, чөлөөт хэвлэл хоёр урвуу хамааралтай
Авлига нь хаалттай хаалганы цаана явагддаг өвөрмөц шинжтэй үзэгдэл юм. Авлигад оролцсон хүмүүс түүнийгээ нуухыг зорьдог ба энэ утгаараа авлига нь нууцлаг байдал, нуун дарагдуулах явдлыг хөхүүлэн дэмждэг. Эцэстээ энэ нь хөгжлийг, нийгмийн хамгийн эмзэг давхаргынхны амьдралын чанарыг дээшлүүлэх явдлыг үгүйсгэдэг. Авлигыг хэдийгээр “ташуур” хэрэглэж дарангуйллын буюу захиргаадалтын аргаар хязгаарлаж болдог ч дарангуйлалтай дэглэм яваандаа авлига, эрх мэдлээ урвуулан ашиглах явдалд идэгддэгээс үзэхэд энэ нь зөвхөн түр зуурын арга хэмжээ юм. Тиймээс авлигатай захиргаадалтын аргаар тэмцэх нь төдий л сайн үр дүнд хүргэхгүй. Харин ардчилсан үнэт зүйлсийг баримжаалан хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн үйл ажиллагааг ил тод байлгаж, чөлөөт буюу хараат бус хэвлэл мэдээллийг хөгжүүлснээр олон нийтийг мэдээллээр хангах нь үр дүнтэй. Учир нь авлигад холбогдогч гол субъект болох төр, засгийн байгууллагуудын мэдээлэл ил тод байх нь олон нийтийн зүгээс тэдгээрийн үйл ажиллагааг хянах боломж олгож, улмаар албан тушаалтнуудын хувийнхаа эрх ашгийг дээдэлсэн, зохисгүй үйлдлүүдийг таслан зогсооход чухал ач холбогдолтой байдаг. Судалгаанаас үзэхэд төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа иргэдийг шууд оролцуулж мэдээлэл хүртэх боломжоор хангаж болох ч энэ нь нийт хүн амын хувьд оролцох бараг боломжгүй зүйл юм. Иймд, чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь төр засаг болоод иргэдийг холбох гол гүүр болдгоороо мэдээллийн ил тод байдлыг хангагч хамгийн чухал субъект болдог.
Дээрхээс дүгнэхэд “Авлига” үүрэлж нууцлаг, хаалттай зүйлсийн тоо өсөхийн хэрээр “Чөлөөт хэвлэл мэдээлэл”-ийн хөгжил боомилогдож байдаг бол “Чөлөөт хэвлэл мэдээлэл” хөгжин цэцэглэж нээлттэй, ил тод зүйлсийн тоо өсхийн хэрээр “Авлига” гарах гарцгүй болдог урвуу хамааралтай байх нь.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь олон үүрэг гүйцэтгэж болох ба наад зах нь нийгэм, олон тvмнийг гэгээрvvлэх vvргийнхээ хvрээнд авилга, хээл хахуулийг vл тэвчих, цээрлэх vзлийг олон тvмэнд бий болгох, танин мэдvvлэх vvргийнхээ хvрээнд авилга, хээл хахуулийн нийгмийн хор уршгийг сурталчлах, мэдээлэх vvргийнхээ хvрээнд хууль ёсоор авлига мөн хэмээн тооцогдсон бvхнийг олон тvмэнд vнэн бодитой хvргэх мөн сэжиг таамаглалынхаа хойноос эрэн сурвалжилж, олон нийтийн болон хуулийн байгууллагын анхаарлыг хандуулах ёстой байдаг. Олон тvмэн ч авилгалтай тэмцэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн vvргийг чухалчилж байгааг олон улсын байгууллагатай хамтран хийсэн судалгаанууд нотолж байна. /1999-2002 он/ Тухайлбал, судалгаанд оролцогчдын 39 хувь нь vнэн зөв мэдээлэл тvгээх, 41 хувь нь нийгмийн сэтгэл зvйг авилгын эсрэг хандуулах, 17 хувь нь цаг тухайд нь шуурхай мэдээлэхийг хэвлэл мэдээлэл хийж чадна гэж vзжээ.

2. Монгол дахь авлига ба чөлөөт хэвлэлийн байдал

2.1 Монгол дахь авлигын байдал
Транспэренси Интернэшнл олон улсын төрийн бус байгууллагаас 2006 оны 11-р сарын 06-нд гаргасан судалгаанаас үзэхэд Монгол Улс авлигын түвшнөөрөө нийт 163 орноос 99-р байр эзэлж байна. Мөн тус байгууллагаас экспортоор тэргүүлэх 30 орны компаниудын хахууль төлөх сонирхлыг судалдаг бөгөөд Монгол Улс энд дурьдагдаагүй ч манай хөршүүд болох Хятад, Орос улс хахууль төлөлтөөр дэлхийд тэргүүлэгч гурван улсын тоонд багтдаг байна. Энэ нь Монгол Улс гадаад орчны хувьд ч авлигад өртөмтгий байх туйлын эрсдэлтэйг харуулна. Авлига, хээл хахуулын асуудлаар монголд социологийн олон судалгаа хийгдсэн бөгөөд өнгөрсөн жил Азийн сан, Сант Марал ТББ-ууд хамтран Монгол Улсын хэмжээнд өрхийн түвшин дэх авлигын цар хүрээ, тохиолдлууд зэргийг хэмжиж, авлигын тухай олон нийтийн хандлага, улс орныг бүхэлд нь хамарсан үзүүлэлтүүдэд гарсан өөрчлөлтийг үнэлэх зорилготой судалгаа хийсэн байна. Тус судалгаанаас тоймолж үзэхэд авлига нь улс орны хэмжээнд тулгамдсан хоёрдахь асуудал ажээ.
График 1.

Судалгаанд хамруулсан иргэдийн 90 хувь нь авлигыг газар авсан үзэгдэл гээд шударга бус зохицуулалт, хүнд суртлыг давахын тулд хахууль өгөх шаардлагатай ба энэ утгаараа авлигыг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрсөн хүмүүсийн хувь судалгааг 3 сарын интервалтайгаар давтаж явуулахад 14-өөс 20 хүрсэн нь статистикийн хувьд байдал улам дордож байгааг харуулна. Авлигын түвшин өнгөрсөн гурван жил өссөн, ирэх гурван жилд ч энэ хэвээр байна, өснө гэсэн хүмүүсийн тоо харьцангуй их байна. Мөн 3 сарын хугацаанд судалгаанд хамруулсан иргэдийн 28 хувь нь дунджаар 160 000 хүртэлх төгрөгийн хахууль төлсөн гэжээ. Багш, эмч, төрийн албан хаагчид, цагдаа, гаалийн ажилтнууд илүү авлига авч байгаа ба авлигад хамгийн их идэгдсэн 10 байгууллага нь газрын алба, гааль, уул уурхайн салбар, шүүх, цагдаа, прокурор, улс төрийн намууд, бүртгэл зөвшөөрөл олгодог байгууллагууд, өмгөөлөгчид, парламентад хууль боловсруулагч нар хэмээн олон нийт үзжээ.

2.2 Монгол дахь чөлөөт хэвлэлийн байдал

А. Хэвлэл мэдээллийн өсөлт, хөгжил
Монголын Хэвлэлийн Хүрээлэнгээс 1999 оноос хойш жил тутам “Монголын хэвлэл мэдээллийн мониторинг” судалгааг хийж байгаа бөгөөд тус судалгаагаар монголын хэвлэл мэдээллийн салбарын жил бүрийн статистик мэдээллийг бүрдүүлдэг билээ. 2007 оны тайлан хараахан эмхэтгэгдээгүй байгаа тул 2006 оны мэдээлэл нь хамгийн сүүлийн үеийн мэдээлэл болж байна. 2006 онд сонин, сэтгүүл, радио, телевиз нийлсэн нийт 387 хэвлэл мэдээллийн хэрэгсэл /ХМХ/ тогтмол үйл ажиллагаатай байсан нь 1999 онтой харьцуулахад 89 хувиар буюу бараг 2 дахин илүү хэмжээ юм. Үндсэндээ ХМХ-ийн тоо жилд дунджаар 10 хүртэлх хувиар өсч байна. Монголын хэвлэл мэдээллийн салбарын шинэ өнгө төрхийг тодорхойлж буй нэг хэрэгсэл нь интернэт бөгөөд энэ талаар албан ёсны тоо мэдээ байхгүй билээ.

График 2.

Харин тэдгээр ХМХ-үүдэд 2006 оны байдлаар байнгын болон цагийн ажилтан нийлсэн 3608 хүн ажиллаж байгаа ба энэ нь 1999 онтой харьцуулахад мөн л 2 дахин илүү үзүүлэлт болно. ХМХ-ийн ажилчдын 40 хүртэлх хувь нь сэтгүүлч, сурвалжлагч, редактор, найруулагч зэрэг бүтээлч ажилтан байдаг.

График 3.

Б. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө
Хэвлэлийн эрх чөлөө бол ардчиллын уг мөн чанарын үндсэн элемент юм. Хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөнд эргэлзэх нь ардчилалд өөрт нь эргэлзэнэ гэсэн үг бөгөөд хэвлэлийн эрх чөлөө нь “хөндлөнгийн нөлөөлөл, оролцооноос ангид чөлөөтэй байх явдал” хэмээн Олон Улсын Сэтгүүлчдийн холбоо тодорхойлсон байдаг. Монголд 360 орчим хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас мэдээлэл ил тод, нээлттэй байх зарчим, хэм хэмжээг зохицуулсан 120 гаруй хууль байна . Монголд Үндсэн Хууль болон Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Иргэний болон Улс Төрийн Эрхийн Олон Улсын Пакт зэрэг нь үзэл бодолоо илэрхийлэх эрх чөлөөний баталгаа болдог бөгөөд энэ нь “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль” /1998 он/, “Олон нийтийн радио, телевизийн тухай хууль” /2005 он/, Эрүүгийн хууль /2002 он/ зэргээр дамжин хэрэгждэг. Харин “Төрийн нууцын тухай хууль” /1995 он/, “Байгууллагын нууцын тухай хууль” /1995 он/ “Хувь хүний нууцын тухай хууль” болон Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Иргэний хуулийн гүтгэлэг, нэр төр, доромжлолтой холбоотой хуулийн заалтууд, бусад хуулиар үзэл бодолоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлажээ. Тухайлбал, Глоб интернэшнл ТББ-аас 2001 онд Монголын 232 хуульд хийсэн судалгаагаар ийм заалт бүхий хууль 91 байв. Монголд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалсан дээрх хууль тогтоомжууд байгаа ч бодит байдал дээр сэтгүүлчид төрийн байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл олж авч чадахгүй байгаа нь төрийн байгууллагын олон нийтэд ил тод, нээлттэй байх ардчилсан зарчим алдагдаж, иргэдийн үнэн мэдээлэл олж авах эрх хөсөрдөхөд хүргэж байна. Үүний үр нөлөөгөөр нэг хэсэг сэтгүүлчид таамаг, сэжиг, хардлагадаа үндэслэн баримт дутмаг материал нийтэлж Иргэний хуулиас Эрүүгийн хууль хүртэл хариуцлагаар шийтгэгдэж байна. Тухайлбал, 2001-2005 онд гүтгэлэг, нэр төр, доромжлолтой холбоотой 187 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэний 151 нь буюу 81 хувь нь хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн эсрэг хэрэг байжээ. Эдгээр хэргийн 60 орчим хувь нь улс төрч, өндөр албан тушаалтан, төрийн албан хаагч, төрийн байгууллагын нэхэмжлэлээр шийдвэрлэгдсэн байв. Харин нөгөө хэсэг нь бизнесийн болон улс төрийн бүлэглэл, томоохон албан тушаалтнуудын сүрдүүлэг, занал хийлэл, ноцтой үйлдэлд хүлээстэй сууна.
Дүгнэвэл монголд хэвлэл мэдээллийн салбар далайцтайгаар өсч, хөгжин хууль эрх зүйн орчин бүрдэж буй ч чөлөөт хэвлэл мэдээлэл хавчигдмал байдалд байгаа нь авлига хүрээгээ тэлэх томоохон шалтгаан болж байна.

3. Авлигатай хийх тэмцэлд хэвлэл мэдээллийнхний гүйцэтгэж буй үүрэг
Монголд чөлөөт хэвлэлийг хөгжүүлэх үйлсэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс гадна хэвлэл, мэдээллийн салбарын мэргэжлийн сургалт, судалгаа шинжилгээний байгууллагууд болох Глоб Интернэшнл ТББ /ГИТББ/, Монголын Хэвлэлийн Хүрээлэн /МХХ/ зэрэг нь ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Ялангуяа Глоб Интернэшнл ТББ-ыг онцлох хэрэгтэй юм. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд ГИТББ, МЧАСЭ хамтран “Хэвлэл мэдээлэл ба авлига дугай ширээний ярилцлага” /1999 он/, ГИТББ, МХХ хамтран “Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө” сургалт, судалгаа, сурталчилгааны ажил /2004 он/, ГИТББ, МХХ, Зориг сан хамтран “Авлига хүн бүхэнд халгаатай хэвлэл мэдээллийн аян” /2005 он/ зэрэг олон төсөл хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулжээ. Одоогоор МХХ, Ийгл ТВ зэрэг байгууллагууд хамтран “Авлигын эсрэг” сурталчилгаа бүхий сэтгүүл зүйн бүтээлийн уралдааныг зарлаад байна. Түүнчлэн нийгмийн сэтгэл зvйг авилгалын эсрэг хандуулах талаар зарим сонин хэвлэл тухайлбал, өдөр тутмын “Өнөөдөр” сонин 2002 оноос эхлэн “Авилгалтай нийтээр тэмцье” сэдэв өрнvvлсэн бол “Монгол Таймс” сонин 2003 оны 2 дахь дугаартаа “хvний ёс суртахууныг гажуудуулагч, хvн ардын амьдралыг доройтуулагч, улс орны хөгжлийг мухардуулагч, монголын нийгэмд тахал мэт тарж буй авилгал хээл хахуультай тэмцэцгээе” хэмээн нийгэмд уриалан, хээл хахууль, авилгалтай холбоотой мэдээллийг 10 сая хvртэл төгрөгөөр худалдаж авах болсноо олон нийтэд зарлаж байв. Өнөөгийн монголын ХМХ-үүдийн авлигатай хийж буй тэмцлийг агуулга талаас нь ойлгож, харьцангуй бодит төсөөлөлтэй болоход сэтгүүл зүйн доктор Ч.Чойсамба, Ч.Базар нарын 2005 оны 1-р сарын 1-ээс 9-р сарын 25-ныг дуустал хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй авлигын сэдэвтэй нийтлэл, материалуудад “Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө” төслийн хүрээнд хийсэн агуулгын шинжилгээ тусалж болох юм. Тус судалгаанд өдөр тутмын 6 сонин, 10 хоног тутмын 2 сонин, телевизийн 5 сувгийг хамруулжээ. Телевизийн өргөн нэвтрvvлгийн хувьд зөвхөн мэдээллийн хөтөлбөрvvдэд агуулгын задлан шинжилгээ хийсэн байна. Агуулгын шинжилгээ хийсэн хугацаанд 13 ХМХ-ээр авилгатай холбоотой нийт 765 материалыг нийтэлж, нэвтрvvлсэн бөгөөд vvнээс 555 нь сонины нийтлэл, 210 нь телевизийн мэдээ байжээ. Сонин хэвлэл нийтдээ 262.787 сантиметр квадрат зай тайлбайг, телевизvvд 27497 секунд буюу 7 цаг 38 минут 17 секундтэй тэнцэх эфирийн цагаа авилгын асуудалд зориулж. 262.787 кв см нь "Зууны мэдээ" сонины 150 орчим нvvртэй тэнцэх юм. Авлигын сэдэвтэй нийт материалын 50,4% нь гэрэл зурагтай байсны дийлэнх нь эх сурвалжийн, эсвэл мөнгө төгрөгний зохиомжилсон зураг байв. Энэ нь сэтгvvлчид авилгыг зөвхөн мөнгө төгрөг өгөлцөж, авалцах буюу хээл хахуультай холбож ойлгодгийн илрэл юм. Авлигын асуудлыг vндсэн сэдвээ болгосон мэдээ, материал 189 буюу 24,7% байгаа нь хангалтгvй vзvvлэлт юм. Авлигын сэдэвтэй мэдээ, материал улс төрийн нөхцөл байдалтай холбогдон гарч ирж байж. Тухайлбал, ЭНИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх vе болон кампанит ажлын vеэр авлигын тухай бичих, нэвтрvvлэх нь оргил цэгтээ тулжээ. Авлигын асуудлыг тусгахдаа ХМХ-vvд улс төр, санхvvгийн бvлэглэлд vйлчилж байгаа нь илт харагдаж байсан байна. Ингэснээр мэдээ, материалын агуулга талцсан, уншигчдыг төөрөгдvvлсэн, vзэл бодлоо тулгасан, нэг ХМХ нөгөөгийнхээ мэдээллийг vгvйсгэсэн сөрөг vр дагавар бий болох юм. Дүгнэвэл хэвлэл мэдээллийн сургалт, судалгаагаар дагнасан мэргэжлийн байгууллагуудын зохион байгуулж буй авлигатай тэмцэх үйл ажиллагаа харьцангуй цөөн боловч нэлээд бодитой, үр нөлөөтэй байдаг байна. Харин сонин, телевиз зэрэг ХМХ-үүдийн хувьд олон нийтэд тогтмол давтамжтайгаар авлигын тухай мэдээллийг тасалдалгүй хүргэж буй боловч асуудлыг улс төржүүлэх, захиалгаар баримт, эх сурвалжгүй мэдээлэл уншигчдад өгч тэднийг төөрөгдүүлэх, үзэл бодлоо тулгах зэрэг алдаа гаргаж байна.

4. Авлигатай хийх чөлөөт хэвлэлийн тэмцлийг үргэлжлүүлэх нь
Цаашид авлигатай тэмцэхэд сэтгүүлчийн төр засгийн мэдээлэлд чөлөөтэй нэвтрэх эрхийг баталгаажуулах, төр, байгууллага, хувь хүний мэдээлэл өгөх үүргийг хуульчлах, хэвлэлийн эрх чөлөөний шинэчилсэн хуулийн төслийг яаралтай батлах нэгэнт батлагдсан хуулиа хэрэгжүүлэх зэргээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх зүйн орчныг сайжруулах талаар анхаарах нь зүйтэй бөгөөд нөгөөтэйгүүр Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Сонинуудын Холбоо, Телевизүүдийн Холбоо, Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн Эвлэл, Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Глоб Интернэшнл ТББ зэрэг хэвлэл мэдээллийн холбоо, мэргэжлийн байгууллагууд хамтран хариуцлагатай сэтгүүл зүйн төлөө сэтгүүлчийг хуулиас өмнө ёс зүйн хариуцлага хүлээлгэх үүрэг бүхий Хэвлэлийн Консул байгуулах хэрэгцээ үгүйлэгдсээр байна.

Иш татсан:
1. МННХ, Соросын сан: “Монгол дахь авилгалын талаарх олон нийтийн санал бодол байр суурь”, АНУ-ын ОУХА, Азийн сан: “Монгол Улс дахь авилгалын байдалд хийсэн үнэлгээ”, МҮХАҮТ: “Авилгалын индекс”, Зориг сан: “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт”, Транспэренси Интернэшнл: “Дэлхийн авилгалын тайлан” зэрэг;
2. НҮБ-ын ХХ “Үндэсний шударга ёсны тогтолцоо, түүний үзүүлэлтүүд”.УБ.,2003.4х; 3. Сант Марал ТББ “Авлигын чиг хандлага” судалгааны мэдээллээс; 4. Монголын Хэвлэлийн Хүрээлэн “Монголын хэвлэл мэдээллийн мониторинг” 1999-2006 оны тайлангууд; 5. Эрик Багерстам “Ардчилсан нийгэм дэх хэвлэлийн эрх чөлөө”.УБ.,2003.10х; 6. Глоб Интернэшнл ТББ “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө монголын өнөөгийн байдал”.УБ.,2007.6х; 7. Глоб Интернэшнл ТББ “Төрөөс мэдээлэл хэрхэн олж авах вэ?”.УБ.,2007.3х; 8. Глоб Интернэшнл ТББ “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө монголын өнөөгийн байдал”.УБ.,2007.23х; 9. http://www.monitoring.mn/

Цааш унших...

Sunday, February 24, 2008

Хүн худалдаалах гэмт хэрэг /Г.Цогтбаатар/

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүн худалдаалах гэмт хэргийн талаарх мэдээ, нэвтрүүлэг мэр сэр гарах боллоо. Түүний далимаар өөрийгөө PR-дах санаатай зарим улс төрч энэ асуудлыг шүүрч аваад монголд саяхан л бий болоод байгаа шинэ үзэгдэл мэтээр ярьж буй нь ичмээр эсвэл эмэгнэлтэй ч юм шиг. Учир нь хүний наймаа монголд шинэ үзэгдэл биш юм. Миний мэдхийн л одоогоос 10 гаран жилийн өмнө энэ асуудлаар “Амьд бараа”, “Хүн хулгайлах гэмт хэрэг нь мөнгө олох үндсэн хэрэгсэл болжээ” гэх зэргээр томоохон хэрэгслүүдээр мэдээлэл цацагдаж олон нийтийг сэрт хийлгэж байсан ч төрийн зүгээс олигтой зохицуулалт хийгдэлгүй явсаар ирсэн. Тиймээс энэ удаа та бүхэнд хүн худалдаалах гэмт хэргийн талаар илүү бодит мэдээлэл өгөх үүднээс НҮБ-ийн Хүүхдийн сан, Хүйсийн тэгш эрхийн төв, Дэлхийн зөн зэрэг байгууллагуудын өнгөрсөн жил хамтарч хийсэн “Хүн худалдаалах гэмт хэрэг ба охид, эмэгтэйчүүдийн бэлгийн мөлжлөг” судалгааны тайлан болон түүнээс өмнөх жилүүдийн албан, албан бус мэдээлэл, тоо баримт, өөрийн ажиглалтад үндэслэн бага хэмжээний мэдээлэл хүргэхээр шийдлээ.

1. Хүн худалдаалах гэмт хэрэг гэж юу вэ
НҮБ-ийн Палермогийн протоколд “Хүнийг худалдаалах зорилгоор элсүүлэх, тээвэрлэх, дамжуулах, нуугдуулах буюу хүлээж авах, худалдах, худалдан авах үйлдлүүдийг хүн худалдаалах гэмт хэрэг /ХХГХ/ гэнэ” хэмээн заажээ. Гэтэл манай Эрүүгийн хуулинд өдгөөг хүртэл тэдгээрээс зөвхөн хүнийг худалдсан, худалдан авсан хоёр тохиолдлыг онцолж байв. Харин энэ сарын 24-ээс эхлэн мөрдөгдөх Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хүнийг ашиг олох, хөдөлмөрийг нь мөлжих зорилгоор худалдаалсан, тээвэрлэсэн, орогнуулж, хүлээн авсан тохиолдлуудыг хамруулж байгаа нь харьцангуй дэвшилттэй алхам болсон.

2. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй хийж буй тэмцэл
1904 онд “Цагаан боол” худалдахыг хориглосон олон улсын гэрээ батлагдан гарснаас хойш дэлхий нийтээрээ 1910, 1921, 1933, 1949 онуудад эмэгтэйчүүд, хүүхдийг худалдаалахыг хориглосон олон улсын конвенцийг батлан гаргаж ХХГХ-тэй тэмцэж ирсэн түүхтэй юм байна. Монгол улс 1996 онд анх удаа ХХГХ-тэй холбоотойгоор Эрүүгийн хуулинд “Хүний биеийг үнэлүүлэхээр гадаадад гаргасан бол” /111.1/ гэсэн нэмэлт зүйл оруулсан бөгөөд түүнээс хойш 2002 онд “Хүн худалдах, худалдан авах” /113/ гэсэн шинэ заалт, 2008 онд “Хүн худалдах, худалдан авахаас гадна тээвэрлэж, орогнуулж, хүлээн авсан” зэрэг зохион байгуулалттай үйл ажиллагааг хамруулж өгчээ. Мөн 2005 онд Засгийн газраас “Хүн худалдах, хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг батлан гаргасан байна. Энэ бүхнийг монголын төр, засгаас илүүтэйгээр Азийн сан, Дэлхийн зөн, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүйсийн тэгш эрхийн төв болон бусад олон улсын, иргэний нийгмийн байгууллагуудын санаачлага, ХХГХ-т өртөж болзошгүй эрсдэлтэй бүлгүүдэд хийж буй сургалт, мэдээллийн идэвхтэй үйл ажиллагаа, лобби, нөлөөллийн стратегийн үр дүн хэмээн үзэж тэдэнд талархууштай.

3. Хүн худалдаалах гэмт хэрэг Дэлхийн хэмжээнд
Дэлхий дээр нэг минут тутамд 8 хүн хилийн дээс алхан эсвэл улс дотроо худалдагдаж байгаагийн дийлэнх хувь нь бэлгийн мөлжлөгт өртдөг байна. ХХГХ-нь дэлхий дээрх зэвсэг, хар тамхины наймааны дараа орохуйц хамгийн унац ихтэй хууль бус бизнесийн бөгөөд түүнээс жилд дунджаар 10 тэрбум ам.долларын ашиг олдог. ХХГХ-т холбогдож буй байдлаар нь дэлхийн улс орнуудыг гаргагч, хүлээн авагч, дамжуулагч улс орон хэмээн гурав ангилдаг бөгөөд гаргагч улс орнуудыг Хятад /Эрээн, Хөх хот, Бээжин/, Малайз, Макао, Солонгос, Япон, Турк, Югаслав, Гонконг, Сингапур, Израйл, Европийн орнууд тэргүүлдэг.

4. Хүн худалдаалах гэмт хэрэг Монголд
Манай улсын хувьд 2001 оноос өмнө дамжуулагч гэсэн ангилалд багтаж байсан бол түүнээс хойш монгол охидыг БНХАУ, Макао, Гон-Конг, БНСУ, Сингапур, Тайван, Турк, Израйл, Япон, Малайз болон Европийн холбооны улсуудад худалдагдсан хэрэг бүртгэгдэх болсноор гаргагч улсын ангилалд багтах болжээ. Мөн хүлээн авагч улс болсон тухай сүүлийн үед албан бус эх сурвалж мэдээлж байна.ХХГХ-ийн гаралтын тоо 2001 онд монголд 2 гэж бүртгэгдсэнээс хойш өдгөөг хүртэл 300 гаран хэрэг бүртгэгджээ. Гэхдээ энэ нь албан ёсны статистик юм. Монголын нийгэмд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо хэмжээг динамикаар судлан тодорхойлсон социологийн судалгаануудаас үзэхэд нийгэмд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо хэмжээ албан ёсны статистикаас дунджаар 4 дахин их байдгыг тогтоосон байдаг. Энэ утгаараа ХХГХ-ийн доод тал нь 1200 тохиолдол бүртгэгдэж ёстой байж. Тухайлбал, өнгөрсөн жил цагдаагийн газраас явуулсан судалгаагаар 1000 гаруй монгол охин Макао, Бээжин, Солонгос, Сингапурт биеээ үнэлж байгаа гэдэгч зөвхөн Эрээнд 200-300, Макаод 500, Бээжинд 300-500 монгол охин шөнийн цэнгээний газар, саун, массаж, зочид буудал, гудамж талбайд биеээ үнэлдэг тухай албан бус эх сурвалж байдаг ба тэдний 70 орчим хувь нь албадлага, хүчирхийллийн золиос болж байдаг.


5. Монголд үйлдэгдэж буй ХХГХ-ийн шалтгаан ба хэлбэрүүд
ХХГХ-т өртөх магадлал нь хохирогчдын эдийн засаг, санхүүгийн эмзэг байдалтай холбоотой байна. Хохирогчдын дийлэнх нь үйлчилгээний газар ажиллагсад, их дээд сургуульд суралцаж буй залуучууд, сургууль төгссөн боловч мэргэжлээрээ ажиллаж чадахгүй эмэгтэйчүүд байв. Энэ нь нөгөө Монголын нийгмийн суурь асуудлууд болох ядуурал, ажилгүйдэл, боловсролын системийн гажиг, авлига дээр суурьлаж байна. Бэлгийн мөлжлөг, хуурамч гэрлэлт, хүчээр хулгай хийлгэх зэрэг нь монголд үйлдэгдэж буй ХХГХ-ийн зонхилох хэлбэрүүд болно. Тухайлбал, хуурамч гэрлэлтийн асуудал эрс ихэсчээ. ИБМУГ-ын мэдээллээр 10 жилийн өмнөх үетэй харьцуулахад гадаад иргэдтэй гэрлэлтээ батлуулж буй монгол иргэдийн тоо хэмжээ 15 дахин нэмэгджээ. Тэдний 95 хувь нь эмэгтэйчүүд ба БНСУ, Япон, БНХАУ, Герман, ОХУ, АНУ зэрэг орнуудын иргэдтэй гэрлэх явдал түгээмэл байна. Солонгос иргэдтэй гэрлэсэн эмэгтэйчүүдтэй хийсэн судалгаанаас үзвэл судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 70 гаран хувь нь гэрлэлтэндээ сэтгэл хангалуун биш байдаг аж. Солонгос нөхрийнхөө гэрт цэвэрлэгээ, хоол унд хийх, нөхрийнхөө хамаатнуудыг харж асрах, аж ахуйд туслах, нөхөртэйгээ бэлгийн харилцаанд орох зэрэгт судалгаанд оролцогчдын цөөнгүй хувь нь хүчинд автсаны улмаас хийдэг гэжээ.

6. Саяханы мэдээллээр
Энэ сард цагдаагийн байгууллагад 81 эмэгтэй алга боллоо гэсэн мэдээлэл иржээ. Үүнээс 9 охин олдоогүй байна. 2008 оны 02 сарын 19-ний орой 23:30-д МУБИС-ийн баруун талын автобусны буудлын ойролцоо10 гаруй охидыг зохион байгуулалттайгаар бусдад өгч байсан байна. Тэдгээр охидыг удирдаж буй хүмүүс нь 33-41 УБЗ, 53-31УБХ дугаарын машинуудад сууж байжээ.

7. 1903 дугаарын утсаар ХХГХ-ийн мэдээлэл хүлээн авч байна
Хүйсийн тэгш эрхийн төв 1903 дугаарын утсаар ХХГХ-тэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд, ажлын цагуудаар иргэдээс хүлээж авдаг юм байна. Тэд хандсан иргэдэд хуулийн зөвөлгөө өгөхөөс гадна хохирогчдыг эх оронд нь авч ирэх зэрэг олон ажил зохион байгуулдаг. Харин сонгууль дөхсөнтэй холбоотойгоор АН-аас ХХГХ-ийн мэдээлэл хүлээн авах 1206 дугаарын утас ажиллуулах болжээ.

Цааш унших...

Friday, January 18, 2008

“ Төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй, ил тод байдлын ” мониторинг /Г.Цогтбаатар/

....................................................................

Хэвлэлийн бага хурлын мэдээлэл, Улаанбаатар хот. 2007.01.17


Мониторингийн зөвлөх судлаач Г.Цогтбаатар

Хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!

“Глоб Интернэшнл” ТББ-аас 2007 оны 7-р сараас 12-р сарыг дуустал хагас жилийн хугацаанд “Төрийн байгууллагын нээлттэй, ил тод байдлын мониторинг” төслийг Авлигатай тэмцэх газрын захиалга (АТГ), Нээлттэй Нийгэм Форумын санхүүжилтээр хэрэгжүүлж дууслаа.
Мониторинг нь АТГ-аас төрийн байгууллагуудад хүргүүлсэн “Төрийн байгууллагын үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, ил тод байдал, иргэдийн оролцоог хангах” талаар заасан зөвлөмжийн хэрэгжилтийн түвшинг үнэлэх зорилготой байлаа.
Мониторингийг 2 үе шаттайгаар 8, 10-р саруудад Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн бөгөөд улс, нийслэл, дүүргийн хэмжээний төрийн 197 байгууллагын 185 ажилтан, 189 албан тушаалтан, тэдгээр байгууллагаар үйлчлүүлж байсан 749 иргэнээс анкет, сурвалжлага, бичиг баримтын болон ажиглалтын аргуудаар мэдээлэл бүрдүүлсэн юм. Түүнчлэн 340 иргэнээс 1977 дугаарын утсаар үйл ажиллагаандаа зөрчил гаргасан төрийн байгууллагын талаарх мэдээллийг хүлээн авсан.

Ингээд та бүхэнд мониторингийн дүгнэлт, зөвлөмжөөс танилцуулъя. Ингэхдээ:
1. Мониторингийн ерөнхий үр дүн
2. Төрийн байгууллагын мэдээллийн хүртээмжийг дээшлүүлэх зорилготой зөвлөмжийн хэрэгжилт
3. Төрийн байгууллагын үйл ажиллагаагааг нээлттэй байлгах зорилготой зөвлөмжийн хэрэгжилт
4. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой зөвлөмжийн хэрэгжилт
5. Мониторингийн ерөнхий зөвлөмж
гэсэн дарааллаар товч мэдээлэл хийе.

1. Мониторингийн ерөнхий үр дүн

• Судалгаанд хамруулсан төрийн 90 байгууллагын 41 хувь нь л АТГ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Харин 12 хувь нь зөвлөмжийг судлах шатандаа байгаа бол 34 хувь нь зөвхөн сонссон төдий, 13 хувь нь энэ тухай мэдээлэлгүй байсан. Энэ нь нэг талаар АТГ нь 4-р сард төрийн байгууллагуудад хүргүүлсэн зөвлөмжийнхөө хэрэгжилтэнд хяналт сул тавьсан, нөгөөтэйгүүр тухайн үед байгууллагын үйл ажиллагааныхаа сурталчилгааг хангалттай хийгээгүй зэргээс ихээхэн шалтгаалсан.
• Харин АТГ нь сүүлийн саруудад үйл ажиллагаагаа эрчимжүүлж, сурталчилгаагаа ихэсгэсэнтэй холбоотойгоор төрийн байгууллагуудад зөвлөмжийг хэрэгжүүлэх үйл явцын идэвх сайжрах хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, төрийн ихэнх байгууллагууд 4-р сард хүргүүлсэн зөвлөмжийг 8-р сараас хойш судалж эхэлсэн нь мониторингийн судалгааг эхлүүлж, 1977 утасны сурталчилгааг эрчимжүүлсэнтэй холбоотой юм.

2. Төрийн байгууллагын мэдээллийн хүртээмжийг дээшлүүлэх зорилготой зөвлөмжийн хэрэгжилт

• Мэдээллийг хүртээмжтэй байлгах хэлбэрүүд, түүний ашиглалт төрийн байгууллагад харилцан адилгүй байна. Олонх байгууллага иргэдэд мэдээлэл түгээх самбар, мэдээлэл өгөх үүрэгтэй ажилтантай байгаа бол, вэб сайт, тараах материал харьцангуй бага байлаа. Үүний шалтгааныг байгууллагууд төрөөс төсөвлөсөн санхүүжилт болон иргэд мэдээлэл түгээх тэдгээр хэлбэрүүдийг тэр бүр ашигладаггүйтэй холбон тайлбарлаж байсан. Байгууллагуудын вэб сайтыг судалж үзэхэд мэдээллээ шинэчлэлгүй олон сар, өдөр болох, иргэдийн хэрэгцээтэй мэдээллийг байршуулаагүй байх, техникийн шаардлага хангахгүй байх зэргээр олон зөрчил илэрч байв.
• Судалгаанд хамруулсан 90 байгууллагын талаас илүү хувьд нь иргэдийн гомдол, саналын мөрөөр холбогдох арга хэмжээ авах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох механизм байдаг ч гаргасан зөрчлийг арилгах тал дээр тун сул ажиллаж байна. Мониторингийн судалгаа хийх явцад үйлчлүүлж байсан 430 иргэний 33 хувь нь тухайн байгууллагадаа өмнө нь гомдол гаргаж байснаас дөнгөж 13 хувь нь асуудлаа шуурхай шийдвэрлүүлж чадсан бол 35 хувь нь шийдвэрлүүлэх явцдаа хүнд сурталтай тулгарсан, 52 хувь нь шийдвэрлүүлж чадаагүй өнгөрсөн байна.
• Төрийн зарим байгууллагууд үндэслэлгүйгээр төлбөр хураамж авч байна хэмээн үйлчлүүлэгч иргэд мэдээллэсэн. Тухайлбал, судалгаанд оролцсон иргэдийн 18 хувь нь дунджаар хорь гаруй мянган төгрөгийн хураамж төлсөн байв.
• Төрийн байгууллагууд нь дотооддоо төсвийн зарцуулалт болон албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг нээлттэй байлгах тал дээр сул ажиллаж байна. Үүний шалтгааныг гол төлөв хууль, дүрэм журмаар хязгаарласан байдагтай холбон тайлбарласан ч тухайн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан хуулиудад ийм заалт байхгүй байв. Байгууллагууд дотоод дүрэм журмаа Монгол улсын үндсэн хууль болон бусад хуульд харшлахгүйгээр боловсруулан, үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор өөрчилж болох атал энэ тал дээр дэвшилттэй алхам хийх нь тун цөөн байна.

3. Төрийн байгууллагын үйл ажиллагаагааг нээлттэй байлгах зорилготой зөвлөмжийн хэрэгжилт

• Хүнд суртал, чирэгдэл ихтэй, иргэдийн шийдвэрлүүлэхээр хандсан асуудлыг хуульд заасан хугацаанаас нь сунжруулдаг нь төрийн байгууллагуудад түгээмэл байна. Ийм байгууллагуудыг Газрын албад, Засаг даргын тамгын газар, Замын цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр биелүүлэх газар, албад тэргүүлж байв.
• Зөвлөмжид заасанчлан төрийн байгууллагуудын шийдвэр гаргах үйл явц, түүний үндэслэлийн талаархи мэдээлэл иргэд, хуулийн этгээдэд нээлттэй байж чадахгүй байна. Үүний гол шалтгаан нь энэ чиглэлийн ажил төрийн байгууллагуудад хэвшил болоогүйтэй холбоотой юм.

4. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой зөвлөмжийн хэрэгжилт

• Хэдийгээр төрийн байгууллагуудад иргэдээс санал, гомдол хүлээн авах утас, санал хүсэлтийн хайрцаг, дэвтэр, тусгай ажилтан ажиллуулах зэрэг нөөц бололцоо байгаа ч санал гомдлыг хүлээн авах, барагдуулах механизм хангалтгүй ажиллаж байна. Үүнд, нэг талаас санал, гомдлыг хүлээн авах арга хэлбэрээ сурталчилдаггүйгээс иргэд мэддэггүй, үүнээс шалтгаалж хандахгүй байх нь элбэг, нөгөөтэйгүүр төрийн байгууллагуудад иргэдийн итгэх итгэл үлэмж алдарсан зэрэг нь нөлөөтэй байна.
• Мөн тодорхой чиглэлээр бодлого боловсруулах, шийдвэр гаргахын өмнө олон нийтийн саналыг авах талаар төрийн байгууллагууд хангалтгүй ажиллаж байна.
• Байгууллагын чиг үүргийн дагуу зөвшөөрөл, эрх олгох, бүртгэл хийх, хяналт тавих, сонгон шалгаруулалт явуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх журмыг олон нийтэд мэдээлэх ажиллагаа төрийн байгууллагуудад сул байна.

5. Мониторингийн ерөнхий зөвлөмж

Ерөнхийдөө:
• АТГ нь үйл ажиллагааныхаа сурталчилгааг зохион байгуулалт сайтай, зорилтот бүлгээ зөв сонгон, агуулга хэлбэрийг сайтар бодож боловсруулан, оновчтой хэрэгслээр дамжуулан цаашид тогтмол явуулах нь зүйтэй.
• АТГ нь төрийн байгууллагуудад хүргүүлсэн зөвлөмжийнхөө хэрэгжилтэд тавих хяналтаа сайжруулах шаардлагатай байна.
• Төрийн байгууллагуудад урьд өмнө нь огт байгаагүй болон чиг үүргээс нь гадуурхи үйл ажиллагаа явуулахыг шаардсан зүйл заалтууд АТГ-ын зөвлөмжид байхгүй бөгөөд уг зөвлөмжийн хэрэгжилтийг хангах суурь нөөц боломж төрийн байгууллагуудад хангалттай бүрдсэн байна. Гагцхүү механизмыг нь ажиллуулах шаардлага АТГ-т тавигдаж байгааг анхаарах.

Зөвлөмжийн үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд:
• Төрийн байгууллагуудад АТГ-ын зөвлөмжийг, хэрэгжилтийг нь тогтмол хянан хариуцах ажил үүрэг бүхий тусгай ажилтан, эсвэл ажил үүрэг нь ижил бүтцэд албан ёсоор даалган хариуцуулах шаардлагатай байна.
• АТГ нь 3 бүлэг 18 заалт бүхий зөвлөмжөө цаашид үйл ажиллагаатайгаа тогтмол уялдуулж, боловсронгуй болгон сайжруулж байх нь зүйтэй. Тухайлбал, зөвлөмжийн заалтуудын хоорондын утга санааны давхардал, бүлгүүдийн хоорондын шилжсэн утгыг цэгцэлж, зааг ялгааг нь тодорхой гаргах. Мөн зөвлөмжийн хэрэгжилтийн үр дүнг одоогийн шалгуур үзүүлэлтүүдээр хангах боломжтой эсэх, шаардлагагүй гэж үзсэнээ хасах, шинэ зүйл заалт нэмж оруулах, зөвлөмжийг хэрэгжүүлэх нь ямар ач холбогдолтойг олон нийт, төрийн байгууллагуудад тайлбарлан таниулах хэрэгтэй.
• Нэг чиг үүрэг бүхий анхан, дунд, дээд шатны байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайтар хангаж өгвөл зөвлөмжийн зарим заалтууд богино хугацаанд хэрэгжих боломжтой юм. Тухайлбал, вэб сайтын асуудлыг ийм замаар шийдэх боломжтой байна.
• Төрийн бүх шатны байгууллагуудад хэрэгжүүлэх боломжтой ерөнхий зөвлөмжөөс гадна, байгууллагуудын үйл ажиллагааны онцлог, чиг үүргийг нь харгалзан нэмэлт тусгай зөвлөмжүүдийг боловсруулан хүргүүлбэл зохино.
• Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж хүнд суртлыг халахад олон нийтийн зүгээс тавих хяналтыг бий болгож түүний дагуу арга хэмжээ авдаг тогтолцоо бий болгох нь нэн чухал. Энэ нь 1977 утсанд иргэд хэрхэн идэвхтэй хандаж байснаас харагдаж байна. Ялангуяа үйл ажиллагаандаа хөдөө орон нутгийн иргэдийн оролцох боломжийг бүрдүүлбэл илүү үр дүнд хүрнэ.
• АТГ нь эдгээрээс гадна бусад олон хэлбэрээр иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах нь зүйтэй.

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа!

Цааш унших...