Tuesday, January 15, 2008

"Боловсролын салбарын мухардал" /Ц.Болд, Г.Цогтбаатар/

БСШУЯ-ны сайд асан П.Цагаан МУИС-ийн төгсөлтийн баярт оролцож үг хэлэхдээ: “Өнөөдөр та бүхэн мэргэжил эзэмшин, диплом өвөртлөн гарч байгаад баяр хүргэе, гэхдээ та бүхэн ажилгүйчүүдийн эгнээнд элсэж байна” хэмээн үг алдсан. Яамны сайд нь МУИС-ийг Монгол улсын урдаа барих Их Сургууль гэж бодож төгсөлтийн баярт оролцсон байх л даа. Гэхдээ тэрээр ийнхүү санамсаргүй үг алдахдаа Монголын дээд боловсрол болохгүй байна, өөрийнх нь толгойлж буй яамны бодлого алдагдсан байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. МУИС-ийг төгсөгчид ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг юм бол бусад сургуулиуд ямар бол, ер нь их дээд сургуулиуд яагаад байна гэсэн асуулт хүн бүрт төрөх болжээ. Өнөөдөр Монголд, улсын болоод хувийн, гадаадын хөрөнгө оруулалттай болон дотоодын 180 гаруй их дээд сургуульд 130000 орчим оюутан суралцаж нэг жилд л 25000 гаруй оюутан дээд боловсролын диплом өвөрлөн төгсөж байна. Одоогийн байдлаар их дээд сургуулиудын оюутан элсүүлж авах гэсэн эрэлтийг ЕБС төгсөж байгаа хүүхдүүдийн тоо бүрэн хангаж чадахааргүй түвшинд хүрлээ. Харин их дээд сургуульд суралцагчдын энэ давалгаа, төгсөгчдийн энэ их нийлүүлэлтийг хөдөлмөрийн зах зээл шингээж чадаж байна уу, их дээд сургууль төгсөгчид ажил олгогчдын эрэлтээс давж байна уу, эсвэл ажил олгогчдын тавих шаардлагыг хангаж чадахгүй байна уу гэдэг нь судлууштай асуудал болжээ. Энэ нь боловсролын талаар төрөөс баримтлах бодлого буруу болохыг л харуулж байна.

Дээд сургуулиуд төлбөртэй юу?

Төлбөртэйгөөр барах уу? Өндөр төлбөртэй хэмээн хэн ч гэсэн уулга алдана. Гэхдээ эргэцүүлээд үзье.
1. МУИС-ийн НШУС-ийн жишээгээр аваад үзэхэд бакалаврын түвшинд суралцаж байгаа 1188 оюутны тал хүрэхгүй хувь нь буюу 570 оюутан л хувийн зардлаар суралцдаг, үлдсэн 618 нь бусад хэлбэрээр төлбөрөө даалгадаг байх юм. Тухайлбал ТАХ аар 239, нэн ядуу 140, 3 хүүхэд нь суралцдаг шалтгаанаар 9, малчин өрхийн 64, хөнгөлөлттэй зээлээр 166 оюутан суралцдаг аж. Иймэрхүү жишгийг төрийн өмчийн бүх л сургуулиуд дээр харж болно. Дүгнэвэл нийт суралцагчдын 50 хүрэхгүй хувь нь төлбөртэй суралцдаг, талаас илүү хувь нь төлбөргүй буюу төлбөрийн зөрүү хэмээх цөөхөн төгрөгний төлбөрийг төлөөд үнэгүй сурдаг болох нь харагдаж байна.
2. 2004 онд төрийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцагчдын зээлийг бүгдийг нь хүчингүй болгосныг тооцвол хөнгөлөлттэй зээл нь цаашид ч хүчингүй болох магадлалтай. Иймэрхүү улс төрийн шийдвэрүүд нь сургалтын төлбөр гэдэг зүйлийг бүр ч үнэгүйдүүлж байгаа юм.
3. Харин төлбөрийн хэмжээ хэр өндөр вэ гэдгийг дараах тоогоор жишээлэн харъя. Өнөөдөр улсын болоод хувийн их дээд сургуулиудын сургалтын төлбөр ойролцоогоор 350 мянгаас 700 мянгын хооронд хэлбэлзэнэ. Энэ нь ам долларт шилжүүлбэл 300-600 орчим доллар болж байна. Улаанбаатар хотод амжиргааны баталгаажих доод түвшин 60100 байна хэмээн Статистикийн төв газраас тооцоолжээ. Энэ тоог 10 сараар үржүүлбэл 601000 төгрөг болох юм. Дүгнэн үзвэл өнөөдрийн манай их дээд сургуулиудын сургалтын төлбөр амьжиргааны баталгаажих доод түвшингийн орчимд л эргэлдэж байна.
4. Оюутнуудын боловсролтой холбоотой зардлуудыг тооцож үзвэл дотуур байр болон, хажуу өрөө, байр хөлсөлсний зардал жилд дунджаар 233400 төгрөг, сургуулиас гадуурх бусад сургалтын зардал 113700, ном сурах бичгийн зардал 33500, эрүүл мэндийн үйлчилгээ 23800 зэргээр оюутнууд сургалттай холбоотой зардалд сургалтын төлбөрөөсөө илүү их зардал гаргадаг, нийт ахуйн хэрэгцээний заардлыг тооцвол сургалтын төлбөрийн эзлэх жин гуравны нэгд ч хүрдэггүй ажээ /түүврийн хэмжээ 120, МУИС-ийн хичээлийн 2-р байрны оюутнуудаас/
5. Төлбөртэй хувийн дунд сургуулиудын сургалтын төлбөр жилд доод тал 500 ам доллар байна. Мянга гаран ам доллар, бүр 3000 ам долларын төлбөртэй сургуулиуд ч байгааг та бид мэднэ. Хувийн цэцэрлэгүүдийн хувьд сарын төлбөр нь 50 доллараас эхлээд 200, бүр 300 доллар ч хүрдэг. Yүнийг 10 сараар үржүүлээд их дээд сургуулиудын сургалтын төлбөртэй харьцуулж үзнэ үү.

Цэцэрлэгийн нэр /Сарын төлбөр/
1. Касабланка 140 000 T
2. Басархан 30 000 T
3. Галакси 80 $
4. Аребеск 120 $
5. Сонгомол 100 000 T
6. Шинэ гэр 150 $
7. Маамуу нааш ир 100 $
8. Орчлон 200 $
9. Том жерри 80 000 T
10. Микки 100 $
11. Миний найзууд 130$
12. Мөрөөдлийн хотхон 180 $
/Мэдээллийг баталгаатай бус эх сурвалжаас цуглуулсан бөгөөд зөвхөн жишиг болно/
Төрийн өмчийн их сургуулиуд ба төрийн оролцоо.
Өнөөдөр Улсын гэгдэх сургуулиуд нь улсаас нэг ч төгрөгний дэмжлэг татаас авдаггүй, цэвэр оюутнуудын төлбөрөөр амьдарч байна. Энэ талаараа бусад бүх хувийн дээд сургуулиудтай адил. Улсын Их сургууль гэж ямар сургуулийг хэлдэг юм бэ. Улсын гэдэг нь цол нь юм уу, өмчийн харьяалал нь юм уу, зэрэглэл түвшин нь юм уу. Боловсролын байгууллагууд ашгийн бус байгууллага байх ёстой боловч өнөөдрийн байдлаар Улсын их сургуулиуд нь төрийн сангийн дансанд мөнгө хөрөнгө төвлөрүүлэх аж ахуйн нэгж-Улсын Yлдвэрийн газар шиг харагдах боллоо. Боловсрол ашгийн бус гэдэг утгаараа оюутнуудын төлбөр болон бусад арга хэмжээнээс олсон орлогыг 100 хувь сургалт болон үйл ажиллагаанд зарцуулан оршин тогтнох учиртай. Энэ талаараа хувийн сургуулиудаас давуу тал байна уу гэдгийг харъя
1. Хувийн сургуулиуд төлбөрөөр цугларсан мөнгийг захиран зарцуулах эрхтэй бол УИС-ууд хязгаарлагдмал эрхтэй.
2. Хувийн сургуулиуд төлбөрөө жилийн эхэнд цуглуулж төвлөрүүлдэг бол төрийн өмчийн сургуулиуд бүтэн жилийн турш цувуулж авна. Дээр нь төлбөрийн дийлэнхийг бүрдүүлдэг төрийн сангийн төлбөр, сургалтын жил дуусахын өмнөхөн л хэл амтайгаар хагас дутуу шилжиж орж ирдэг. Багш нар хичээлээ зааж дуусчихаад, одоо та нар төлбөрөө төлөөчээ гэж оюутнуудаасаа гуйх нь халаг болно.
3. Төлбөрийн хэмжээг хязгаарлаж дээрээс нь тогтоож өгнө. Дэлхийн зах зээлд тааруухан нэг сургуулийн жилийн дундаж төлбөр 6000 ам доллар байхад Монголд УИС-иудын жилийн төлбөр ердөө л 300-500 ам доллар. 15-20 дахин бага үнэ. Та дунд зэргийн чанартай, англид үйлдвэрлэсэн гутал 100 ам доллараар авдаг бол монголын, дээд зэргийн чанартай гутлыг 5 доллараас илүүгүй үнээр зар гээд шахаад байвал хэн гутал хийж зовлогоо зовоохыг бодох юм бэ. Иймэрхүү байдлаар УИС-иуд дөнгөж л амь зогоож нэр хүнд нь жилээс жилд унаж байгаа. Зориуд бодлогоор ингэж унагаж байгаа гэж үзэх хүмүүс ч бий. Бүх улсын их сургуулиудын удирдах зөвлөлийн гишүүд бараг бүгдээрээ хувийн сургуультай байдаг нь ёс шиг. Тэд хувийнхаа сургуулийг бодох уу улсын сургуулийг бодох уу гэдэг нь асуулт байхгүй тодорхой биз.
4. Төлбөрөө нэмж чадахаа байсан захирлууд ямар замаар орлогоо нэмэгдүүлэх вэ гэхээр элсэлтийн хэмжээг нэмж, оюутныхаа тоог олшруулдаг. Нэг ангид дунджаар 20 оюутан, нэг багшид дунджаар 15 оюутан ноогддог байсан бол ингэснээр нэг ангид 30-35 оюутан, нэг багшид 20-25 оюутан ноогдох жишээтэй. Төлбөр, санхүүжилтийн хувьд нэг удаа асуудлаа шийдлээ гэхэд сургалтын чанар эрс муудна. Одоогийн байдлаар ийм байдлаар оюутныхаа тоог нэмэгдүүлж эх үүсвэрээ нэмэгдүүлсэн сургуулиуд 2-3 ээлжээр хийчээллэж байна. Өглөө 8 цагт хичээл заасан багш, орой 16 цагт хичээлээ хэр зааж байгаа бол. 20 хүнд заадаг байсан хичээлийг 35 хүнд заахад үр дүн нь сайжрахгүй нь ойлгомжтой.
5. Оюутны тоог яамнаас хязгаарлана. Элсэлт нэмж санхүүжилтийн эх үүсвэрээ бүрдүүлдэг замыг нь хаачихаж байгаа юм. Зөв л дөө гэхдээ өөр гарах гарцыг нь зааж өгөхгүйгээр зүгээр л боомилж болохгүй. Yнийг дээрээс тогтоосноор, үнэ мэдээлэл зөөдөг гэсэн чанарыг үгүй болгож байгаа бол оюутны тоонд хязгаарлалт хийснээр эдийн засгийн хөшүүргийг нь хураагаад авчихаж байгаа юм. Төрөөс баримталж байгаа бодлого нь төрийн сургуулидад хэрхэн нөлөөлж байгааг зөвхөн төлбөртэй холбогдуулан эдийн засгийн өнцгөөр авч үзэхэд ийм бөгөөд бусад олон хүчин зүйлийн талаар мөн судалж, ярьж болох билээ.
Yнэгүй юм үнэгүй л байдаг.
1. Сургуулиуд аль болох элсэлт их авахыг чухалчилж буй учраас элсэлтийн шалгалтын босго оноог доошлуулах, аль эсвэл элсэгчдэд илүү амар хялбар байлгах зорилгоор шалгалт авах тест гэх мэт хөнгөн хэлбэрүүдийг голлон хэрэглэдэг. Элсэлтийн шалгалт сул байх нь боловсролын зэрэглэлийн ач холбогдлыг алдагдуулдаг сөрөг үр дагавартай. Ном ёсоор бол шаардлага хангахуйц мэдлэг боловсролтой хэсэг нь л дараагийн буюу ахисан түвшинд суралцах эрх эдэлнэ. Гэтэл энэ зарчим Монголд хэдийнээ алдагдсан. Мөнгө төлж л чадаж байвал баклавар, магистрантур цаашлаад бүр докторантурт ч суралцах боломжтой. Yүнд тухайн суралцагчийн мэдлэг чадвар гол биш болжээ.
2. Мэдээж хэрэг дийлэнх сургуулиуд санхүүгийн гачаалалтай холбоотойгоор элсэгчдийн чанарыг бус төлбөрийг нь гол болгож элсүүлсэн учраас төлбөрийг нь алдахгүйн тулд тухайн элсэгчдийг бүрэн бүтэн төгсгөх буюу төгсөлт их байлгах бодлого барьдаг. Энэ байдал нь дахин, нөхөн шалгалтын хэлбэрүүдийг бий болгож буйгаас илэрхий харагдана. Сургуулиудын дотоод дүрмэнд хангалтгүй суралцсан, тухайн төвшний болзол биелүүлээгүй оюутнуудыг сургуулиас хасах тухай заалт байдаг ч зүгээр л тунхаглалын шинжтэй. Дийлэнх болсон идэвх султай оюутнуудыг шахах, хяналтын механизм сул учраас энэ маягаар оюутнуудын идэвхгүй байдал газар авахад хүргэдэг. Мөн идэвхтэй цөөнх хэсэгт чиглэсэн урамшуулал бага байдаг нь тэдний суралцах идэвхийг нь өрнүүлж чаддаггүй.
3. Сургуулиуд санхүүгийн бололцоо муу тул багш нарын цалин бага, хийсэн ажлыг нь урамшуулах механизм сул байдаг. Yүний уршгаар багшлах гэдэг нь багш нарын хувьд үндсэн ажил биш болдог. Учир нь хийж хийж авсан цалин нь амьдрал ахуйд нь хүрэлцээтэй байж чаддаггүй. Тиймээс багш нар арга буюу орлогын бусад эх үүсвэрт анхаарал тавих болдог байна. Энэ байдал нь багш нар цалингийн урамшуулалгүй сургалт, үйл ажиллагааны хэлбэрүүдэд тоомжиргүй хандаж, өөр давхар ажил хийж нэмэгдэл орлого олоход хүргэдэг.
4. Бага төлбөр төлсөн оюутан бага зэргийн үйлчилгээ авч түүндээ сэтгэл ханадаг учир сургалтын чанарыг дээшлүүлэх талаар хяналт тавьж, шаардлагаа өндөрсгөх сонирхолгүй байдаг. Бараг төлбөргүй /бага/ учир тэгсгээд явж байгаад нэг диплом өвөртөлчихөд нэг их гарзгүй ажээ. Эцэг эх нь ч гэсэн үнэтэйхэн дамжааны мөнгө төлчихсөн учир түүнийхээ араас нэхэл дагал болж, юу болж байна, сургуулиуд юу зааж байна, манай хүүхэд юм сурч байна уу гэхээсээ хасагдсан, төгссөн эсэхийг л сонирхоно.
5. Төрийн сургуулиудын санхүүжилт нэгэнт хангалттай биш учир сургалтын чанарт анхаарал тавих ямар ч боломжгүй, сургуулиуд сургалтандаа нэмэлт хөрөнгө оруулж бараа үйлчилгээнийхээ чанарыг дээшлүүлэх боломж байхгүй ажээ. Ийм байдлаар бол төрийн сургуулиуд жил ирэх тутам уналтын байдал руу дөтөлнө.

Yнэгүй учраас суралцагчид сурах сонирхолгүй, хяналтгүй, хяналтгүй сургалт чанаргүй, чанаргүй учраас нэр хүндгүй, ач холбогдолгүй бизнесийн сургалт зонхилдог, бизнес учраас аль болох бага зардлаар аль болох олон оюутныг төгсгөхөд чиглэнэ. Дүгнэвэл өнөөдөр төрийн өмчийн гэх их дээд сургуулиуд мухардлын байдалд орчихсон түүнээсээ гарах арга замыг нь төрөөс бодлогоор хаасан байдалтай байна. Энэ нь боловсролын салбарт сэдэл төрүүлэх бүтэц үгүй, нийгэмд гүйцэтгэх үүргээ гүйцэтгэж чадахгүй, ерөнхийдөө боловсролын салбар маань нийгмийн хариуцлагагүй байгаа гэсэн үг юм.

3 comments:

Anonymous said...

Боловсролын тогтолцооны хямрал дэлхий нийтэд үүрлээд байгаа хүү минь.Бүүр цаад шалтгаан нь баялгийн дахин хуваарилалтад гарсан шинэ хандлагыг олон орны төр засаг,эдийн засгийн томчуул гялс хүлээн авч...улмаар бодлоготойгоор гэх нь юу юмб ямар ч байсан тэдэнд боловсролыг хямралд оруулах нь ашигтай байгааг ойлгоод үзүүлж байгаа хариу үйлдэл.Зөвхөн дээд боловсрол биш бас ерөнхий боловсрол ч бас алийгаа алдсаншдээ.Мөсөн уулын зөвхөн орой нь л цухуйж байна хүүхээ.
Гадаадад сурч байгаа оюунтангуудын тухай нэг сайхан бичээдхээч хө.

UROLOGY said...

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

UROLOGY said...

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802