Tuesday, February 24, 2009

“Төр засгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд сонгогдох боломж-2” /Г.Цогтбаатар/


II ХЭСЭГ. ЭМЭГТЭЙ УЛС ТӨРЧДИЙН НИЙГМИЙН ДЭМЖЛЭГ

Нэг. Эмэгтэй улс төрчдийн нийгмийн дэмжлэг нь тэдний төр, засгийн ямар түвшинд, ямар албан тушаалд ажиллахаас ихээхэн хамаарч байна.

Олон нийтийн үнэмлэхүй хувь (87.2 хувь) нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд ажиллах нь зүйтэй хэмээн үзэж байна. Гэхдээ энэ нь нэлээд хэлбэршүүлсэн ерөнхий төлөв бөгөөд эмэгтэй улс төрчдийн нийгмийн дэмжлэгийг илэрхийлэх нарийн мэдээлэл болж чадахгүй. Тиймээс бид шийдвэр гаргах ямар түвшинд эмэгтэйчүүд тохирох талаар олон нийтээр нарийвчлан үнэлүүлсэн бөгөөд үр дүнд нь олон хүчин зүйлийн шинжилгээ (factor analysis) хийж үзлээ.
Шинжилгээнд нийт 10 хувьсагч оруулж 3 бүлэг хүчин зүйл болгон нэгтгэвэл:
1-р хэв шинжийг орон нутгийн хэмжээний удирдах албан тушаалууд бүрдүүлсэн байна. (Баг, сум, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга; Засаг дарга)
2-р хэв шинжийг нийт улсын хэмжээнд төр, засгийг тэргүүлдэг албан тушаалууд бүрдүүлжээ. (Ерөнхийлөгч, Ерөнхий сайд)
3-р хэв шинжийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн бөгөөд яамны сайд зэрэг нийт улсын хэмжээний удирдах албан тушаалууд бүрдүүлсэн ч 1, 2-р хэв шинжээс ялгаатай нь удирдах багийн ахлагч, дарга бус гишүүний тодотголтой албан тушаалууд байна.
Дүгнэвэл, эмэгтэй улс төрчдийн нийгмийн дэмжлэг нь тэдний төр, засгийн ямар түвшинд, ямар албан тушаалд ажиллахаас ихээхэн хамаарч байна. (Эдгээр гурван бүлэг хүчин зүйлс нь нийт дисперсийн өөрчлөлтийн 70 хувийг эзэлж байгаа тул судлаж буй асуудлыг тайлбарлах өндөр магадлалтайг илтгэнэ).


Хоёр. Эмэгтэй улс төрчид орон нутгийн удирдах байгууллагад ажиллахыг нийгэм илүү дэмжиж байна

Эмэгтэй улс төрчид орон нутгийн удирдах байгууллагад ажиллахыг нийгэм илүү дэмжиж байна. Хэдийгээр эмэгтэйчүүд УИХ-д сонгогдон ажиллахыг олон нийт илүү дэмжиж буй мэт боловч үүнийг шууд хүлээн авах боломжгүй.
Эмэгтэйчүүдийн нийгмийн дэмжлэг нь төр, засгийн ямар албан тушаалд ажиллахаас нь ихээхэн хамааралтай байгаа. Тиймээс удирдах түвшний гишүүн, дарга гэх мэт ойлголтууд олон нийтийн үнэлэмжид ихээхэн ялгаатай нөлөөлж байна. Тухайлбал, эмэгтэй хүн УИХ-ын гишүүнээр ажиллах нь хэр тохиромжтой вэ? гэсэн асуултыг УИХ-ын даргаар ажиллах нь хэр тохиромжтой вэ? хэмээн асуусан бол тохиромжтой гэсэн хариултын хувь буурах магадлал их бий.
Түүний зэрэгцээ айл өрхийн тэргүүн нь эрэгтэй хүн байх ёстой гэсэн ойлголт нийгэмд улс төрийн түвшинд ч бөх суурьтай оршиж байна. Олон нийтийн 84 хувь нь эмэгтэй хүн УИХ-ын гишүүнээр ажиллаж болно хэмээн зөвшөөрч байхад Ерөнхийлөгчөөр ажиллаж болно гэж ердөө 28 хувь нь үзжээ.


Дүгнэвэл, хэрэв хүмүүс эмэгтэй улс төрчдийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар сонгогдон ажиллаж чадна хэмээн үзвэл УИХ, Засгийн газрын гишүүн, цаашлаад орон нутгийн түвшинд эмэгтэйчүүд сонгогдон ажиллахыг шууд дэмжинэ. Өөрөөр хэлбэл 2-р хэв шинж нь бусад хэв шинжээ тодорхойлох суурь шинжтэй аж.


Гурав. Эмэгтэйчүүдийн нийгмийн дэмжлэг нь төр, засгийн шийдвэр гаргах ямар түвшинд ажиллахаас хамаарна

Ер нь манай нийгэмд төр, засгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд сонгогдон ажиллахад хэр дэмжлэгтэй байгааг тодруулах үүднээс олон хүчин зүйлийн шинжилгээний үр дүнд түшиглэн логик хэв маяг байгууллаа. Үүний тулд гурван хэв шинж тус бүрээс бусдыгаа төлөөлөх чадвартай тус бүр нэг хувьсагчийг (1-р хэв шинжийг төлөөлүүлэн аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, 2-р хэв шинжийг төлөөлүүлэн Ерөнхийлөгч, 3-р хэв шинжийг төлөөлүүлэн УИХ-ын гишүүнийг сонгов) сонгож дугаарын нийлбэрээр логикчлов. Ингээд дараах хэв маяг үүссэн юм.

Дээрх гурван хувьсагчийн дугаарын нийлбэр нь хамгийн багадаа 3, хамгийн ихдээ 6 гарна. Хамгийн бага нь хамгийн эерэг утгатай хэв маяг байх бол хамгийн их нь хамгийн сөрөг утгатай хэв маяг болно. Тиймээс хэв маяг тус бүрд нэр оноолоо.
1. 3 оноо - Эмэгтэй улс төрчдийг дэмждэг бүлэг
2. 4 оноо - Эмэгтэй улс төрчдийг дэмжих хандлагатай бүлэг
3. 5 оноо - Эмэгтэй улс төрчдийг дэмжихгүй байх хандлагатай бүлэг
4. 6 оноо - Эмэгтэй улс төрчдийг огт дэмждэггүй бүлэг

Нийслэл, аймгийн төвийн нийт хүн амын 25 хувь нь эмэгтэй улс төрчдийг дэмждэг бол 47 хувь нь дэмжих хандлагатай, 20 хувь нь дэмжих хандлагагүй, 8 хувь нь огт дэмждэггүй бүлэгт багтахаар байна. Тодруулбал, судалгаанд хамрагдагсдын 25 хувь нь удирдах, шийдвэр гаргах бүхий л түвшинд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй тэгш эрхтэйгээр ажиллаж болно гэсэн санааг бүрэн дэмжиж, 47 хувь нь эмэгтэйчүүдийг удирдах, шийдвэр гаргах ихэнх түвшинд ажиллаж болно гэсэн бодолтой байгаа буюу эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог ерөнхийдөө дэмжих хандлагатай байна. Харин үлдсэн 20 хувь нь эмэгтэйчүүдийг удирдах, шийдвэр гаргах ихэнх түвшинд ажллаж болохгүй гэсэн сөрөг хандлагатай бөгөөд 8 хувь нь эмэгтэйчүүдийн улс трөийн оролцоог эрс эсэргүүцэж байна.

Эндээс харахад олон нийт эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд ажиллахыг ерөнхийдөө дэмжих хандлагатай байгаа ч энэхүү дэмжлэг нь эмэгтэйчүүд төр, засгийн ямар түвшинд ажиллахаас ихээхэн хамаарч байна. Тухайлбал, олон нийтийн санал бодлоор эмэгтэй хүн ажиллах нь тохиромжтой албан тушаалууд нь багаар ажиллах, хамтын шийдвэр гаргадаг (УИХ, ИТХ г.м.) онцлогтой байхад тохиромжгүй гэж үзсэн албан тушаалууд нь багийг удирдан, толгойлох (Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засаг дарга г.м.) шинжтэй байна.

Хэв маяг тус бүрийн нийгэм, хүн ам зүйн онцлогыг тодорхойлбол эмэгтэй улс төрчдийг дэмжиж буй болон дэмжих хандлагатай бүлэг нь залуу; орлого, боловсролын түвшин харьцангуй өндөр; эмэгтэйчүүд давамгайлсан бүтэцтэй; улс төрийн идэвх, оролцоо сайтай; хот газар харьцангуй илүү суурьшдаг хүмүүс байв.
1. Эмэгтэй улс төрчдийг дэмждэг бүлэг (25 хувь)
66 хувь нь эмэгтэй, 52 хувь нь 34 хүртэлх насныхан, 93 хувь нь дунд ба түүнээс дээш түвшний боловсролтой, 59 хувь нь аймгийн төвд суурьшдаг, 40 хувь нь 300000-аас дээш өрхийн орлоготой, 13 хувь нь улс төрийн идэвхгүй, 27 хувь нь намын гишүүн бөгөөд түүнээс 13 хувь нь МАХН, үлдэх 14 хувь нь бусад намын гишүүнчлэлтэй.
2. Эмэгтэй улс төрчдийг ерөнхийдөө дэмждэг бүлэг (47 хувь)
57 хувь нь эмэгтэй, 52 хувь нь 34 хүртэлх насныхан, 95 хувь нь дунд ба түүнээс дээш түвшний боловсролтой, 59 хувь нь аймгийн төвд суурьшдаг, 43 хувь нь 300000-аас дээш өрхийн орлоготой,14 хувь нь улс төрийн идэвхгүй, 27 хувь нь намын гишүүн бөгөөд түүнээс 13 хувь нь МАХН, үлдэх 14 хувь нь бусад намын гишүүнчлэлтэй.
3. Эмэгтэй улс төрчдийг бараг дэмждэггүй бүлэг (20 хувь)
56 хувь нь эмэгтэй, 48 хувь нь 34 хүртэлх насныхан, 93 хувь нь дунд ба түүнээс дээш түвшний боловсролтой, 64 хувь нь аймгийн төвд сууришдаг, 36 хувь нь 300000-аас дээш өрхийн орлоготой, 17 хувь нь улс төрийн идэвхгүй, 32 хувь нь намын гишүүн бөгөөд түүнээс 18 хувь нь МАХН, үлдэх 14 хувь нь бусад намын гишүүнчлэлтэй.
4. Эмэгтэй улс төрчдийг дэмждэггүй бүлэг (8 хувь)
61 хувь нь эрэгтэй, 50 хувь нь 34 хүртэлх насныхан, 90 хувь нь дунд ба түүнээс дээш түвшний боловсролтой, 58 хувь нь аймгийн төвд сууришдаг, 31 хувь нь 300000-аас дээш өрхийн орлоготой, 30 хувь нь улс төрийн идэвхгүй, 27 хувь нь намын гишүүн бөгөөд түүнээс 24 хувь нь МАХН, үлдэх 3 хувь нь бусад намын гишүүнчлэлтэй.


Дөрөв. Эмэгтэйчүүд яагаад төр, засгийн шийдвэр гаргах түвшинд ажиллаж болохгүй вэ?

Парламентаар жишээлэн үзэхэд төр, засгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин хамгийн ихдээ 7 хувь байж. Үүнээс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд ажиллахыг дэмжихгүй байх нийгмийн шалтгаан юу вэ? гэдэг асуулт урган гарна. Энэ асуултад олон нийт гурван янзаар хариулж байна. (хүчин зүйлийн шинжилгээ хийв) Үүнд:
1. Монголын эмэгтэйчүүд өнөөдөр улс төрд бэлтгэгдээгүй, чадавхи сул байна. Энэхүү үзэл санааг хамгийн олон хүн (6.3 хувь) илэрхийлсэн. Үүний шалтгаан нь нэг талаас эрчүүдтэй харьцуулбал шийдвэр гаргах түвшинд тэр бүр олон эмэгтэй сонгогдож ажилладаггүй бөгөөд чадварлаг эмэгтэйчүүд олон нийтэд төдийлөн танил бус, нөгөөтэйгүүр олон нийтийн хувьд эмэгтэйчүүдийг шууд эрчүүдтэй харьцуулж дүгнэлт өгөхөөсөө илүүтэйгүүр төгс буюу идеал түвшний шалгууруудтай харьцуулдаг зэргээс үүдэлтэй байж болно.
2. Эмэгтэйчүүд улс төрд оролцоод хэт эрх мэдэлтэй болохоор гэр бүл, цаашлаад үндэсний аюулгүй байдал алдагдана. Энэхүү үзэл санаа нь удаах (5.7 хувь) ач холбогдолтой. Өрх гэрийн тэргүүн буюу хамгийн эрх мэдэлтэй хүн нь нөхөр байх ёстой гэх тогтсон уламжлалт сэтгэлгээ монголчуудад түгээмэл байдаг. Энэхүү үзэл санаа нь гэр бүлийн эхнэр, нөхөр аль алинд нь сэтгэл санааны дарамт учруулдаг байх талтай. Амьдрал дээр эхнэр нөхрийн аль нь илүү боловсролтой, цалинтай байна тэрбээр гэр бүл доторх шийдвэр, хөдөлмөрийн хуваарьт нөлөөлөх магадлал өндөр байдаг. Гэтэл үүнтэй зэрэгцэн “эр муу ч эмийн дээр” гэх нийгмийн уламжлалт сэтгэлгээ эмэгтэйчүүдэд нөхрөөсөө өндөр боловсролтой, цалинтай байж болохгүй гэх сэтгэл зүйн дарамт учруулдаг бол эрэгтэйчүүдэд эхнэрээсээ доогуур боловсрол, цалинтай байж болохгүй гэх сэтгэл санааны дарамт үүсгэдэг. Энэхүү зөрчил түгээмэл байдаг ба гэр бүлийн харилцааг тааламжгүй, хангалуун бус болгож гэр бүл салах хүртэлх шалтгаан болдог. Гэтэл гэр бүл нь нийгэм хэвийн оршин тогтонох үндсэн институт тул түүний тогтвортой байдал нь үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Ийм уламжлалт сэтгэлгээ, учир шалтгааны үүднээс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог олон нийт хязгаарлаж байна.
3. Эмэгтэйчүүд, эрчүүдээс оюуны чадавхи сул бөгөөд үүгээр нөхцөлдсөн эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн хуваарь нь удирдах бус гүйцэтгэх ажил. Энэ нь сүүлийн томоохон (3.0-3.6 хувь) шалтгаан юм. "Эмэгтэй хүний үс урт, ухаан богино," "Төрийн ажлыг эрчүүд цэгцэлж, гэрийн ажлыг эмэгтэйчүүд хийдэг," "Эмэгтэй хүн, цагаан зээр хоёр нутаггүй" гэхчлэн нийгмийн сэтгэл зүйд эмэгтэйчүүдийн байгалийн мөн чанар нь эрчүүдээс ухааны болоод биеийн хүч, чадлаар дутуу; төрийн ажил нь ухааны болоод биеийн хүч чадал (дайн, тулаанаар улс төрийн бодлого, асуудлаа шийддэг байсан үеүүдээс хойш энэ үзэл санаа уламжлагджээ) шаарддаг тул эрчүүд л хийж чадна. Харин эмэгтэйчүүд ар гэр, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх ёстой гэх уламжлалт үзэл санаа нийгэмд албан бус хэм хэмжээ болон оршсоор байна.
Дээрх үзэл санааны суурь үндэс нь манай нийгмийн сэтгэл зүйд гүнзгий нэвчсэн патриархат хандлага (эцгийн эрхэт ёс) юм.


Тав. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд ажиллаж болох социаль үндэслэл олдох уу?

Төр, засгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд дэвшин ажиллаж болохгүй гэх патриархат үзэл санааг дэмжсэн гурван аргументтай бид танилцлаа. Тэгвэл үүний эсрэг үндэслэл олдох уу? Энэ мөн л сонирхолтой асуулт билээ. Олон нийтийн санал бодолд тулгуурлан 5 чиглэлийн хариулт өгч болох юм. Үүнд:
1. Ардчилсан нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрх эдлэх ёстой (49.2 хувь). Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллах хэрэгтэйг нотлох хамгийн чухал үзэл санаа нь олон нийтийн хувьд хүний эрх ажээ. Үүнийг нөгөө талаас төр засаг, намууд улс төрчдийг хүйсээрээ ялгаварлан гадуурхагдалгүйгээр гарааны ижил нөхцлөөс өрсөлдөх боломжийг хангах хууль эрх зүйн болоод улс төрийн шийдэл гаргахыг олон нийт хүсэмжилж буйн илэрэл хэмээн ойлгож болно.
2. Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол асуудалд илүү уян хатан ханддаг тул зөвшилцөж, хамтарч ажиллаж чадна (39.0 хувь). Монголын улс төр, төр засгийн ажил хямралаас, задралд шилжсэн талаар манай нэртэй судлаачид бичиж, ярих болсон. Үүнийг шинжлэх ухааны эрдэмтэд төдийгүй жирийн ард иргэд мэдэрч, үнэмлэхүй олонх нь хүлээн зөвшөөрч буйг ч сүүлийн үеийн социологийн судалгааны дүнгүүд харуулж байна. Намууд нийгмийг хөгжил, дэвшилд хөтлөх үзэл санаагаараа бус бизнес, эрх мэдлийн явцуу ашиг сонирхолоороо хуваагдаж нам доторх болон нам дамнасан бүлэглэлүүд бий болж, гэмт хэргийн шинжтэй хуйвалдаан, шантааж гаарсан нь төрийн ажлыг гацаах, цалгардуулах, унагах, будлиантуулах, тогтворгүй болгох зэргээр илэрч байна. Нийгэмд үнийн өсөлт, инфляц гаарч иргэдийн бодит худалдан авах чадвар буурч, ядуурал, ажилгүйдэл хүрээгээ тэлсээр байхад төр, засгийн үйл ажиллагаа энэ мэтээр урагшлахгүй байгаа нь олон нийтийн сэтгэл зүй улс төрчдөөс маргах, мэтгэлцэхээс илүүтэйгээр асуудалд уян хатан хандах арга барил, зөвшилцөл, хамтын ажиллагааг хүсэмжлэх болжээ.
3. Эрчүүдээс ч илүү мэдлэг боловсролтой, ухаантай эмэгтэйчүүд их байна, одоо эмэгтэйчүүддээ боломж олгоод үзье (11.7-34.7 хувь). Сүүлийн жилүүдэд улс төр, төр засгаас илүүтэйгээр иргэний нийгэм, бизнесийн салбаруудад эмэгтэй лидерүүд олноор тодорон гарч, бага боловч нийгэмд танигдах болсон нь олон нийтийн дунд эрчүүдээс дутуугүй мэдлэг, боловсролтой эмэгтэйчүүд байгааг хүлээн зөвшөөрөх чухал хүчин зүйл болжээ.
4. Нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн байр суурь үгүйлэгдэж байна (31.8 хувь). Төр, засгийн тодорхой шийдлийн бүрэн дүүрэн, оновчтой байдалд хүйсийн тэнцвэртэй байдал нөлөөлдөг гэдгийг олон нийт бага боловч ажиглаж, мэдрэх болсон нь энэхүү шийдлээс харагдаж байна.
5. Эмэгтэйчүүд авлигад автахгүй шударга байж, олон түмний итгэлийг дааж ажиллаж чадна (18.1-30.2 хувь). Энэхүү үнэлэлт нь нэг талаас эмэгтэй хүний уг чанар, ёс суртахууны хүмүүжил эрчүүдээс илүү гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ нь шийдвэр гаргах түвшинд өгүүлэгдэж буйг онцолсон нийгмийн сэтгэл зүй, нөгөөтэйгүүр төр, засгийн шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд үнэмлэхүй хувь ажиллаж буй статистиктай холбоотойгоор тэдний талаарх буруу, зөв мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжин нийтийн дунд их байдаг зэргээс шалтгаалсан байх талтай.


Үргэлжилэл бий ...

No comments: