"Оюутан нас цуврал: Пүүжий маань хогонд хайртай" /Г।Цогтбаатар/
Би хөдөөний оюутан. Хөдөөний оюутнууд дотуур байранд амьдардагыг та мэдэх байх. Өрөө хэсч, охин эргүүлдэгээс эхлээд, дэлхийд данстай BEST оюутнууд "Оюутны дотуур байр"-нд амьдардаг юм. Оюутны амьдралын дурсамжтай сайхан үе минь эндээс л эхтэй гэж би боддог. Каймааг /байрны каминдат/ найрах, жижүүрээ аргалах, дээд курсын ах нарын гар хөлд зарагдах, хоногийн хоолоо залгуулахаас эхлээд сурах ч зүйл мундахгүй. Бүхэлдээ амьдралын төлөө тэмцэл. Би Хөвсгөлөөс ирсэн бөгөөд өрөөндөө тавуулаа амдардаг байлаа. Найз нар маань Хэнтий, Завхан, Сүхбаатар, Орхон аймгуудаас ирцгээсэн. 3-ын 34 гэх өрөө бидний овог бас гэр бөгөөд ус буцалж, бэлэн хоол үнэртсэн тэр л өрөөндөө түүх, философийн шалихгүй асуудлаас эхлээд гурван давхарын Тунгаа, нэг давхарын Халиунаа, байрны мисс Цацаа хүртэлх бодлогын чанартай маргаан өрнүүлж үзэл бодлын эрх чөлөө, сэтгэл санааны кайф авдаг байлаа. Дотуур байрны сайн, муу олон асуудалд энэ л өрөөнийхөн холбоотой байсан юм. Төгсөлтийн баярын урд өдөр бид өглөө 5:00 цаг хүртэл хуучилсан, оюутан насны үерхэл, хайрын тухай яриа маань одоо хүртэл надад маш тод санагдаж байна. Хүн бүр л үерхэж байсан, үерхдэг, тэр бүү хэл, ам ч нээж үзээгүй мөртлөө хайртай болчихсон охидынхоо тухай ярьцгаасан юм. Найз нарын маань сэтгэл их хөдөлсөн. Оюутан насныхаа хайр, дурлалтай холбоотой өөртөө байгаа дурсгалтай дурсамжтай болгоноо гаргаж үзүүлэв. Хамтдаа татуулсан гэрэл зураг, яриаг нь хураасан кассет, хайраа илчилсэн захиа, баяраар солилцсон бэлэг дурсгалууд гээд сонирхолтой, сэтгэл хөдөлгөмөөр зүйлс олон байлаа. Тэр мөчийн хамгийн оргил хэсэг нь ердөө л школадны цаас бас жижигхэн бор хөвөнгийн өөдөс хоёр байсан юм. Тэдгээр зүйл бол манай өрөөний Пүүжийгийн хайрладаг, юугаар ч сольшгүй эрдэнэ нь. Учир нь хайрладаг охиных нь хаясан цаас, холгосон гутлынх нь жийргэвч хөвөн л дөө. Хог хүртэл эрдэнэ болж хувирсан тэр мөчөөс эхлэн бид хайр гэгч ямар их хүчтэйг ухаарсан. Тэрний минь нүд, хөмсөг, ааш зан биш түүнтэй холбоотой оюутан насны минь дурсамж, хаясан хогонд нь хүртэл би хайртай гэж Пүүжий хэлэх дуртай. Хэдийгээр бид сургуулиа төгссөн ч дотуур байрны оюутны амьдрал үргэлжилсээр л. Тэнд ус буцалж, бэлэн хоол ч үнэртсэээр л байгаа...
1 comment:
Uuganaa bnaa gej.... :)
minii naiz yostoi goyo bichsen bna...
hun ooriinhoo zorilgooroo amidrah gedeg yostoi saihan... hun une tsenegtei zuiltei baih gedeg yostoi saihan. :) GLMaaaaaan :)>-
Post a Comment