Wednesday, September 19, 2007

"Сонгуулийн сурталчилгаа ба телевиз үзэгчид" /Г.Цогтбаатар/

Сонгуулийн компаний коммуникаци: Өрнөдийн жишиг ба Монгол улс э/ш-ний илтгэл, хэлэлцүүлэг /Зохион байгуулагч: КАС, ННФ, Орчин үеийн улс төрийн судалгааны төв, "ГИ" ТББ, 2007.09.13/

Өмнөх үг

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намууд 1.2 тэрбум /1255882400/ төгрөг зарцуулсан. Үүний 74 хувь буюу дийлэнх хэсгийг сонгуулийн сурталчилгааны ажилд зориулсан байдаг. Зөвхөн энэ жишээнээс харахад сонгуулийн өмнөх сурталчилгаа нь нэр дэвшигчдийн хувьд ямар чухал, бас ямар их хөрөнгө мөнгө шаарддаг нь тодорхой байна. Үүнтэй зэрэгцээд сурталчилгааны үр нөлөөг хэрхэн дээшлүүлэх талаар бодох хэрэгтэй болох нь. Учир нь мөнгөө дэмий урсгахгүйн тулд, хамгийн чухал нь сонгуулиа амжилттай хийхийн тулд шүү дээ. Тиймдээ ч миний бие энэ боломжийг ашиглаад та бүхэнтэй сурталчилгааны үр нөлөө, тэр дундаа телевизийн сурталчилгааны үр нөлөөг хэрхэн дээшлүүлж болох талаар саналаа хуваалцахыг хүсэж байна. Илтгэл нь гурван хэсэг, дүгнэлтээс бүрдэнэ.

1. Телевизүүдийн тоон өсөлт ба зах зээлийн хуваагдал
2. Телевизүүдийн орон зай ба бусад хэрэгслийн үр нөлөөг тооцох нь
З.Зурагтын тоон өсөлт ба телевиз үзэгчдийн боломж зэрэг болно

1. Телевизүүдийн тоон өсөлт ба зах зээлийн хуваагдал

Системийн өөрчлөлт хийж ардчилалд шилжсэнээс хойш монголчууд УИХ-ын сонгуулийг 4 удаа хийжээ. Тав дахь сонгууль удахгүй болох нь. Тиймээс энэ цаг мөч улс төрийн намуудын хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслийн /цаашид ХМХ хэмээн товчилно/ ач холбогдол улам өндөрсөх эгзэгтэй үе билээ। Ингээд 2008 оны сонгуулийн үеийн хэвлэл мэдээлэл, тэр дундаа телевизийн зах зээлийн нөхцөл байдал, сүүлийн сонгуулиас хойшхи гол өөрчлөлтүүдийг тоймлон өгүүлье.
  • Монголд тогтмол үйл ажиллагаатай ХМХ-ийн тоо хэмжээ УИХ-ын сүүлийн сонгуулийн мөн үетэй харьцуулахад 20 хувиар, хамгийн хүртээмжтэй мэдээллийн хэрэгсэл болох телевизүүдийн тоо хэмжээ 35 хувиар тус бүр нэмэгджээ. Гэтэл суурь хүн амын тоо 2.4 хувийн өсөлттэй байгаа юм. Телевизүүдийн тоо нэмэгдэх хурдац, хүн амын өсөлтийн хурдацаас түрүүлж байгаа нөхцөлд телевиз үзэгчдийн зах зээл улам хуваагдсаар байх нь. Энэ утгаараа телевизийн тодорхой нэг сувгийн сурталчилгааны үр нөлөө багассаар байна.

  • 2005 оны 1 сарын 27-ны “ОНРТ-ийн тухай хууль”-аар төрийн эрх баригч нэг намын үзэл суртал, бодлогыг сурталчилдаг хэмээн шүүмжлэлд өртдөг МҮРТ-ийг “Олон Нийтийн Радио, Телевиз“ болгон эзэмшлийг нь өөрчилсөн билээ. Тиймээс засгийн эрх баригч нэг намын хувьд үндэсний хэмжээний хамгийн том, хүчирхэг ХМХ-ийг өөрийн сурталчилгаанд ашиглах нь эрх зүйн хүрээнд харьцангуй хаагдмал болсон.
  • 2004 оноос өмнө нийт улсын хэмжээнд МҮТ эфирээ цацдаг байсан бол, одоо үндэсний хэмжээнд 25-р суваг, UBS, ТВ5, ТВ9 телевизүүд сансарын холбооны шугамаар нэвтрүүлгээ цацдаг болсон। Энэ нь үндэсний хэмжээнд үзэгчдийн зах зээлийн хуваагдлыг харуулна.
  • Монгол улсын хүн амын 38 хувь, оюуны потенциалийн 70 хувийг агуулсан гэх нийслэл хотод мөн өөрчлөлтүүд хурдацтай явж байна। Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотод өргөн нэвтрүүлгийн 12 суваг, монгол хэлээр гардаг кабелийн 14 суваг, гадаадын 66 суваг тогтмол цацагдаж байна.

Дээрх баримтууд нь телевиз үзэгчдийн зах зээлийн хуваагдал үндэсний хэмжээнд болон орон нутгийн түвшинд хэрхэн явагдаж байгааг, нөгөөтэйгүүр нэгж телевизийн сурталчилгааны үр нөлөө яаж буурч болохыг харуулж байна. Иймд улс төрийн намуудын Пи-Ар, Сурталчилгааны багийнхан сурталчилгааны нэвтрүүлэг, рекламаа цацахдаа энэ үйл явцыг харгалзан үзэхийн зэрэгцээ, сурталчилгааныхаа зорилтот бүлгийг тодорхойлон, тэдний зан үйлийн онцлог, боломжийн судалгаа болон өрсөлдөгч намуудын телевизийн сурталчилгааг үндэслэн сувгийн сонголт, хөтөлбөрийн цагийн сонголтыг хийх нарийн хэрэгцээ тулгарч байна.

2. Телевизүүдийн орон зай ба бусад хэрэгслийн үр нөлөөг тооцох нь

ХМХ-үүдийн үр нөлөөг үндэсний хэмжээнд ерөнхийлөн үнэлэх гэхээсээ илүүтэйгээр боломжтой байвал наад зах нь хүн амын социологийн бүтцэд тулгуурлан харилцан адилгүй хандах нь зүйтэй билээ. Тухайлбал хүн амын нас, хүйс, боловсрол, газар зүйн байршил зэргийг харгалзвал зохино. Энэ нь телевизийг хэзээ, хаана, хэнд зориулан сурталчилгааны хэрэгсэл болгон сонгож болох талаар илүү найдвартай, үр ашигтай мэдээллийг өгнө. Зөвхөн байршлын хүчин зүйлд тулгуурлан хүн амыг дараах байдлаар 4 үндсэн хэв маягт хувааж, бүлэг тус бүрийн ХМХ-ийн хэрэглээг тодорхой жишээн дээр үнэлж үзье. ННФ-ын дэмжлэгтэйгээр ХХ-дээр хэрэгжүүлж буй ОНРТ-ийн төслийн хүрээнд 2007 оны 5-р сарын сүүлээр Хөвсгөл аймгийн төв Мөрөн, Арбулаг сумын төв болон малчин өрхүүдээр хийсэн сорилын судалгааг тодорхой жишээ болгов. Ажиглалтад үндэслэн хүн амын ХМХ-ийн хэрэглээг газар зүйн байршлын хувьд дараах хэв маягуудад хувааж болохоор байна.

Газар зүйн байршилд суурилсан хэв маяг:

А.Улаанбатар хотын хүн ам 38 хувь /987192/

B.Аймгийн төвийн хүн ам 21 хувь /539270/

C.Сумын төвийн хүн ам 15 хувь /388299/

- Сумын төвд тогтмол амьдардаг өрх

- Зөвхөн өвөл сумын төвд амьдардаг өрх

D.Хөдөөний хүн ам 26 хувь /661814/

Үндэсний хэмжээнд хүн амын ХМХ-ийн хэрэглээний түвшинг үнэлсэн цогц судалгаа хараахан хийгдээгүй байгаа. Харин Хэвлэлийн Хүрээлэнгээс 2003 оны 9-р сараас хойш сар бүр “Улаанбаатар хотын хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-г тогтмол хийж байна. Судалгааны мэдээллээс үзэхэд телевиз, сонин, fm-радио, интернэт зэрэг нь хотын хүн амын мэдээллийн гол эх сурвалж болж байна. 2004 оны сонгуулиас хойшхи буюу сүүлийн гурван жилд ХМ-ийн зах зээлд гарсан сонирхолтой өөрчлөлтийн нэг нь интернэтийн хэрэглээ 3 дахин нэмэгдсэн явдал юм. Интернэт телевизийн адил өдөр тутмын хэрэглээ болж амжаагүй ч одоогоор 12 ба түүнээс дээш насны хотын хүн амын 50 хүртэлх хувь нь интернэт хэрэглэж байна.


Аймгийн төвүүдийн хувьд ерөнхийдөө Улаанбаатартай ижил ч ялгагдах зүйл нь интернэтийн хэрэглээ харьцангуй бага байна. Үндэсний хэмжээнд нэвтэрдэг телевиз, сонин, радиогийн зэрэгцээ кабелийн 11 телевиз, өргөн нэвтрүүлгийн 44 суваг, урт болон богино долгионы 42 радио станц, 36 сонин аймгийн төвүүдэд үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.

Харин Арбулаг сумын төв нь төвийн эрчим хүчинд холбогдоогүй байсан. Сумын төвийг эрчим хүчээр хангах үүрэгтэй бага оврын дизель станцийг зөвхөн 10-р сараас 4-р сарын хооронд асаадаг байна. Энэ нь наад зах нь хоёр шалтгаантай. Сумын төвийн хүн ам нь тогтмол оршин суугч болон зөвхөн өвлийн улилралд оршин суугч гэсэн хоёр бүлгээс бүрдэж байв. Тогтмол оршин суугчид нь төсвийн байгууллагад ажиллаж эсвэл хувийн жижиг бизнес эрхлэх аргаар амьжиргаагаа залгуулна. Иймэрхүү тогтмол ажилтай хэсэг нь мэдээж цөөн байдаг. Зундаа амралт, чөлөө гээд төсвийн байгууллагуудын зарим нь хаагдаж, зарим нь эзгүйрдэг, өвөлдөө оршин суугч иргэд нь зундаа мал дээр гардаг зэрэг нь сумын төвийн иргэдийн тогтмол орлого буурах, цахилгаан ашиглалтын хураамж төлөх байдал цалгардах зэргээр сөрөг нөлөөтэй байдгаас дизель станцыг ажиллуулах боломжгүй болдог байна. Сумын төвийнхний хувьд зундаа нэгэнт гэрэл цахилгаангүй учраас сонин хэвлэл гарчиглах, аймгийн төв, тэр бүү хэл хөдөөнөөс ойр ойрхон ирэх малчид, гадны хүмүүсээс мэдээлэл авдаг байна. Мэдээж хэрэг өвөлдөө телевиз гол мэдээллийн хэрэгсэл нь болдог. Гэхдээ цахилгаан нь 19.00-24.00 цагаар хязгаарлалттай байдгийг анхаарах нь зөв. Ганц нэг айл өрхөд бага оврын цахилгаан үүсгүүр байх ч түүний мэдээлэл сумын төвийнхний хувьд сонин, гадна, дотны хүмүүсийн яриатай харьцуулахад хүртээмжтэй бус байлаа.

Харин малчдын хувьд бага оврын цахилгаан эх үүсвэр ашиглалт нь сумын төвийнхнөөс харьцангуй өндөр байсан. Бага оврын цахилгаан эх үүсвэр нь нарны гэрэл, салхин сэнсээр цэнэг хуримтлуулах тул малчдын хувьд зундаа телевиз харьцангуй сайн үздэг байна. Харин өвөлдөө тэдгээр цахилгаан эх үүсвэрүүд нь цэнэг авахдаа муу байдаг тул телевиз үзэх боломж нь хязгаарлагддаг ажээ. Малчдад сонин хүргэх шуудангийн сүлжээ ажилладаггүйгээс, дээр нь ажиллаа ч мэдээлэл хуучирсан хойно хүргэгддэгээс сонин хэвлэлийн үр нөлөө тэнд мэдрэгдсэнгүй. Эдгээр шалтгаанаар өвөлдөө Үндэсний Радио хамгийн шуурхай, хүртээмжтэй мэдээлэл дамжуулагч болж хувирдаг нь ажиглагдав.

3. Зурагтын тоон өсөлт ба телевиз үзэгчдийн боломж

Ерөнхийдөө хүн өөрийн үнэлэмжээс гажсан мэдээлэлд хайхрамжгүй хандах байдал түгээмэл ажиглагддаг. Тухайлбал телевиз үзэгчдийн хувьд нэг хэсэг хүмүүс мэдээ, мэдээллийн чанартай нэвтрүүлгүүдийг олон суваг дамжуулан түүж үзэж байхад, өөр нэг хэсэг нь зөвхөн нэг л телевизээ бүхэлд нь үзэх гэх мэт. Материаллаг баялагийн хүртээмж нь сэтгэлгээний дэвшлийг авчирдаг гэж ярьдаг. Энэ нь оргүй зүйл биш билээ. Тухайлбал Улаанбаатар хотын хувьд өрхийн 3 гишүүний дунд дунджаар 1 зурагт ногдож байна /ТВ-үздэг гишүүдийн хувьд/. Нийслэлийн нэг өрхийн дундаж хэмжээ ойролцоогоор 4 байдаг. Нэг өрх нэг л зурагттай гээд хэлчихэд ч буруудахааргүй байгаа биз. Үүнээс үүдээд хэрэв өрхийн гишүүд нэгэн зэрэг гэртээ байх, эсвэл хэн нэг нь эзгүй байх зэрэг тохиолдолд гишүүдийн дунд телевизийн суваг булаацалдах тохиолдол буюу зөрчилдөөн тодорхой хэмжээгээр гарч байдаг ажээ. * Танай өрхийн гишүүд хоорондоо ТВ-ийн суваг булаалдах тохиолдол хэр гардаг вэ? * гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын 11.8 хувь нь байнга, 13.1 хувь нь ихэвчлэн гардаг, 30.7 хувь нь хаяа, 26.8 хувь нь бараг гардаггүй, 13.1 хувь нь огт гардаггүй гэж хариулснаас үзвэл нийт өрхийн 83.0 хувьд нь дээрх зөрчилтэй асуудал их бага ямар нэг хэмжээгээр гардаг гэдгийг нотолж байна.

Судалгаагаар энэ тохиолдолд өрхийн тэргүүн буюу аав өөрийн үнэлэмжээр суваг тохируулна, бусд нь дагаж үзнэ эсвэл телевизийг орлох өөр хэрэгсэл ашиглана. Дараа нь ээж, ах, хамгийн бага дүү, эгч, эмээ, өвөө байдаг. Улс төрийн суурь үнэлэмжийг хүмүүс гэр бүл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр авдаг. Тэгвэл одоогийн аав нар гэж хэн бэ? Дунджаар 25-50 хүртэлх насныхан. 1957-1980-аад онд төрсөн хүмүүс. Энэ үеийнхний үнэлэмжээр сонголт хийсэн мэдээллийг бусад хүмүүс авах магадлал өндөр байгаа. Харин цаашид нэг өрхөд ногдох зурагтын тоо хэмжээ болон зурагтыг орлох мэдээллийн хэрэгслийн тоо хэмжээ нэмэгдэх тутам гэр бүлийн гишүүдийн үнэлэмжийн тогтолцоо ялгаатай болох өргөн боломж нээгдэх бөгөөд үүнээс улбаалан гэр бүлийн уламжлалт үнэт зүйлсийн үр нөлөө улам багассаар байх болно. Энэ нь одоогоор монгол улсын хувьд илүү хотожсон, мэдээлэлжсэн, амьжиргааны түвшин, ХМХ-ийн материаллаг хангамж дээгүүр байж болох бүс нутгуудаар ажиглагдаж байна. Хамгийн ойрын жишээ хэлэхэд өрхийн тогтсон уламжлалаа баримтлан сонгуульд саналаа өгөх явдал хотын хүн амын дунд гэхээсээ илүүтэйгээр хөдөөгийн хүн амд түгээмэл үзэгдэл билээ. Тиймээс сурталчилгаанд аймаг, сумуудад ХМХ-ийн хэрэглээний түвшин, материаллаг аж байдлын ялгаатай байдлыг нь харгалзан сурталчилгааны арга, хэрэгслээ сонгох нь сурталчилгааны үр нөлөө, ашигт чанарыг дээшлүүлэх бас нэг хүчин зүйл билээ.

Дүгнэж хэлэхэд сүүлийн сонгуулиас хойш монголын хэвлэл мэдээллийн орчны нөхцөл байдал багагүй өөрчлөгдсөн байна. Тиймээс намуудын хувьд ХМХ-ээр явуулах сурталчилгааныхаа үр нөлөөг дээшлүүлэхийн тулд наад зах нь дээрх хүчин зүйлүүдийг мэдэрч, нарийн судалгаатай ажиллах нь зүйтэй.

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа!

1 comment:

Ganzorig said...

Saihan medeelel bna, boditoi ch dugnelt bna.
Keep doing it!