Thursday, June 19, 2008

Хөвсгөл аймгийн хүн ам, өнгөрсөн, одоо, ирээдүйд /Г.Цогтбаатар/

Дулаан орж; ногоо, цагаа дэлгэрээд ирхээр аав ээждээ, нутагтаа очмоор болох юм. Би Хөвсгөлд төрж, өссөн хүн. Тиймээс энэ нутагтай холбоотой бүхэн сонирхлыг минь их татдаг. Аймгийнхаа хөгжил дэвшилд хэрэг болохуйц нийгэм, эдийн засгийн цогц судалгаа, шинжилгээний ажил хийх бодол байна. Ямартай ч энэ удаа Хөвсгөл аймгийн хүн амын тоо, бүтцийн өөрчлөлтийн талаар хийсэн судалгаагаа ихэд товчлон нийтлэв (дээхний судалгаа шүү!).

1. Хөвсгөл аймгийн товч танилцуулга

Хөвсгөл аймаг нь 1931 онд байгуулагдсан. Хойд талаараа ОХУ, баруун зүүн болон өмнө талаараа Завхан, Булган, Архангай аймагтай хиллэдэг. 100.6 мяг.км/кв нутаг дэвсгэртэй. 24 сум, 121 багтай. 122.4 мянган хүн амтай, 32.1 мянган өрхтэй. Аймгийн нийт хүн амын 76,9 хувийг халх, 13,7 хувийг дархад, 5,2 хувийг хотгойдууд эзэлдэгийн зэрэгцээ Буриад, Дөрвөд, Урианхай, Цаатан, Өөлд зэрэг ястнууд амьдардаг олон ястны өлгий нутаг юм. ДНБ-ий хэмжээгээрээ Хангайн бүсийн 6 аймгаас хоёрдугаарт, 21 аймгаас тавдугаарт ордог. Голлох салбар нь хөдөө аж ахуй. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа. Аймгийн төв нь Мөрөн сум бөгөөд суурь нь анх 1809 онд Мөрөнгийн хүрээний суурь тавигдсанаар эхэлжээ. 1811 онд Мөрөнгийн хүрээ баригдсанаар түүний эргэн тойрон нүүдлэн суух хүмүүсийн тоо нэмэгдсээр 1931 оноос Мөрөн сум болсон. 1933 онд Хөвсгөл аймгийн төвийг Хатгалаас Мөрөн рүү шилжүүлэх тушаал гарснаар Мөрөн аймгийн төв болсон юм. Улаанбаатар хотоос 779 км зайтай оршдог. Мөнх цаст сүрлэг уулс, ян сарьдагууд, гүн цэнхэр нуурууд, хөвч тайга, гол мөрний өргөн хөндий зэрэг нь тэр аяараа нутгийн үзэсгэлэн гоог харуулах тул Хөвсгөлийг Монголын Швейцарь хэмээн нэрлэдэг.

2. Хөвсгөл аймгийн хүн амын тоо, бүтцийн өөрчлөлт

Хүн амын тоо, бүтцийн өөрчлөлтөд төрөлт, нас баралт, шилжилт хөдөлгөөн гэсэн үндсэн гурван хүчин зүйл нөлөөлдөг ба тэдгээрийн хамаарлаар хүн амын өнгөрсөн, одоо, ирээдүйг тайлбарладаг. Энэхүү ажлаар 1969, 1979, 1989, 2000 оны тооллогын дүнг ашиглан Хөвсгөл аймгийн хүн амын нас, хүйсийн суварга байгуулж; нас, хүйсийн бүтцийн үзүүлэлт, хүн амын 1969 оноос хойшхи жилүүдийн өсөлтийн хурд, түүнчлэн 2050 он хүртэлх хугацааны прогноз гаргалаа.

А. Нас, хүйсийн суварга

1969 оноос хойшхи хугацаанд Хөвсгөл аймгийн хүн амын бүтэц нэлээд өөрчлөгджээ. Хүн амын нас, хүйсийн суварга байгуулж үзэхэд 1969-1989 он хүртэлх хугацаанд суварга пирамид хэлбэртэй буюу хүн амын өсөлт тогтвортой байжээ. Харин 1989-2000 оны хооронд суваргын суурь хэсэг нарийссан нь хүн амын өсөлтийн хурд саарсныг харуулна.Үндсэндээ хүн амын өсөлт 1950-иад оноос хойш эрчимжиж 1970, 1980-аад онуудад дээд цэгтээ хүрээд 1990-оноос буурчээ. Үүнд шилжилт хөдөлгөөнөөс илүүтэйгээр төрөлт нөлөөлсөн.

Зураг 1. Хөвсгөл аймгийн хүн амын нас, хүйсний суварга
Б. Хүн амын нас, хүйсийн бүтцийн үзүүлэлтүүд
Аймгийн хүн амын нас, хүйсийн бүтцийн үзүүлэлтийг тооцож үзэхэд хүн амын насны голч 1969 онд 18.1 байснаа 1979 онд 16.7 болж буурчээ. Энэ нь тухайн хугацаан дахь төрөлтийн өндөр түвшинтэй холбоотой. Харин 1989 онд төрөлтийн түвшин өндөр байхад хүн амын насны голч 16.7-18.5 болж өссөн нь хүн амын дундаж наслалт нэмэгдсэн болон өмнөх жилүүдийн моментумаас /үелэрэл/ хамаарчээ. Харин 2000 онд хүн амын насны голч буурсан нь 1990-ээд оноос хойш төрөлт буурсан, өмнөх жилүүдийн төрөлтийн түвшин өндөр байснаас хамаарч үүссэн үелэрэл, мөн 25-29 насны бүлгийн хүн ам дотоод шилжих хөдөлгөөнд оролцсонтой холбоотой байна.

Хүснэгт 1. Хөвсгөл аймгийн хүн амын нас, хүйсийн бүтцийн үзүүлэлтүүд
Аймгийн хөдөлмөрийн насны залууст ногдох хүүхэд, хөгшдийн нийт ачаалал 1979 оноос хойш 107.3-72.1 болтол тогтмол буурсан. Энэ ихээхэн эерэг үзүүлэлт бөгөөд залууст өөрсдийгөө хөгжүүлэх, амьдралаа өөд татах эерэг бололцоо бүрдүүлж өгсөн. Нөгөөтэйгүүр үүнийг дагалдан ажлын байрны эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байгаа.

В. Хөвсгөл аймгийн хүн амын өсөлтийн хурд
1
1969-2000 оны хооронд хүн амын өсөлтийн хурд тогтмол нэмэгдсэн байна. 1969-1989 оны хооронд төрөлт нэмэгдэж, нас баралт буурсан нь хүн амын өсөлтөд ихээхэн нөлөөлсөн бол 1989 оноос хойш төрөлт харьцангуй буурсан ч хүн амын моментумын нөлөөллөөр аймгийн хүн амын өсөлтийн хурд хэвээр хадгалагджээ.

Хүснэгт 2. Хөвсгөл аймгийн хүн амын өсөлтийн хурд
1969-2000, 1979-2000, 1989-2000 оны гэсэн 3 ялгаатай хурд, мөн 3 ялгаатай аргачлалаар тооцвол 2050 он гэхэд Хөвсгөл аймаг 212502-251849 хүн амтай болох юм.

Хүснэгт 3. 2050 онд Хөвсгөл аймгийн хүн ам хэд болох вэ
Зураг 2. Хөвсгөл аймгийн хүн амын нас, хүйсний суварга 2000/2050 он

3 comments:

Anonymous said...

Sorry if I commented your blog, but you have a nice idea.

Anonymous said...

hi,
uneheer taalagdaj bnaa,blog chin.
shineer niitlel tavih ued chin unshij bmaar bn, niitlel tavih uedee maileer sanuulaad yavuulj boldoguu? monsarnai@gmail.com

Screen Doors Amarillo said...

Loovely blog you have here