Tuesday, February 24, 2009

“Төр засгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд сонгогдох боломж-сүүлийн III хэсэг” /Г.Цогтбаатар/


СҮҮЛИЙН III ХЭСЭГ. ПАТРИАРХАТ ХАНДЛАГЫГ ДАВАН
ТУУЛАХ НЬ
.....................................................................................................................................................
Патриархат хандлага ноёлж буй өнөөгийн нийгмийн сэтгэл зүйг даван туулахад эмэгтэй улс төрчдөд шаардагдах бодлогын хоёр чухал хүчин зүйлийн талаар энэ бүлэгт өгүүлэх бөгөөд эхнийх нь эмэгтэй улс төрчдийн бүрдүүлбэл зохих имидж, удаах нь эмэгтэй улс төрчдийн олон нийттэй харилцах бодлогын үндсэн чиглэл билээ.

Нэг. С.Оюун, Т.Ганди, Н.Болормаа нар эмэгтэй улс төрчдийг нэр хүндээрээ тэргүүлж байна

Танд хүндэлж явдаг эмэгтэй улс төрч бий юу гэсэн асуултанд судалгаанд оролцогсдын 73.6 хувь нь байдаг гэж хариулсан бөгөөд тэдний энэ асуултанд хариулсан байдлаар өнөөдөр Монголын нийгэмд эмэгтэй улс төрчдийг хэн хэн тодорхойлж байгааг тандлаа. Нийт 41 эмэгтэйн нэр дурьдагдсан бөгөөд тэдгээрээс хамгийн их санал авсан эхний 15 эмэгтэй улс төрчийг жагсаавал дараах үр дүнг харж болно.


ИЗН-ын дарга, ГХЯ-ны сайд С.Оюун 29.7 хувиар 1-рт, МАХН-ын гишүүн Т.Ганди 22.2 хувиар 2-рт, МАХН-ын гишүүн, БСШУЯ-ны сайд Н.Болормаа 12.7 хувиар 3-рт жагсан байна. Тэдний дараа Арвин, Туяа, Мөнхтуяа зэрэг 12 улс төрч эмэгтэй 0.7-4.7 хувиар жагсчээ.

Хоёр. Эмэгтэй улс төрчдийн бүрдүүлбэл зохих имидж

Респондентуудаар хүндэлж явдаг эмэгтэй улс төрчдийг нь нэрлүүлсний дараа тэдгээр улс төрчдийн ямар шинж чанар нь таалагддаг тухай лавлаж асуусан юм. Үүгээр эмэгтэй улс төрчид нийгэмд ямар шинж чанараараа нэр хүндтэй байгааг тодорхойлж чадна.


Ингээд бид өнөөгийн эмэгтэй улс төрчдийн имиджийг тодорхойлж буй 6 хэв шинжийг илрүүлсэн юм (хэв шинж тус бүрд оноосон нэрийг дахин нягталж өөрчлөх боломжтой).
1. Төмөр хатагтай (23.9-51.1 хувь). Мэдлэг боловсрол, төрийн ажлын туршлага, шударга, зарчим ч хатуу зан чанараараа олон нийтэд танигдсан нэр хүндтэй эмэгтэйг илэрхийлэх хэв шинж нийгэмд хамгийн өндөр рейтингтэй байна.
2. Буурьтай эмэгтэй (3.7-26.8 хувь). Олон нийтэд эх оронч, ноён нуруутай дүр төрхийг бүрдүүлсэн, намынхаа бодлогыг тууштай баримталдаг эмэгтэйчүүд энэ ангилалд багтах бөгөөд удаах ач холбогдолтой хэв шинж болно.
3. Хариуцлагатай эмэгтэй (7.8-20.9 хувь). Асуудалд нягт нямбай хашир ханддаг, ажил үүргийн биелэлт сайтай, дайчин, гэр бүл удам судар сайтай эмэгтэйчүүд нь хариуцлагатай эмэгтэй улс төрчийн шалгуур хангадаг бөгөөд нийгэмд гуравдугаарт эрэмбэлэгддэг хэв шинж болно.
4. Шинэ залуу эмэгтэй (2.3-15.1 хувь). Улс төрийн тавцанд шинэ бөгөөд нэр төр нь сэвтээгүй, цэвэр, бэл бэнчин сайтай (ялангуяа бизнесуомэнууд) эмэгтэйг илэрхийлэх хэв шинж нь нийгэмд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна.
5. Бодлоготой эмэгтэй (8.5-14.9 хувь). Ард иргэд, нутаг орныхоо амьдралыг сайн мэддэг, холч ухаантай буюу алсын хараатай эмэгтэй улс төрчийн хэв шинж нийгэмд 5-рт эрэмбэлэгдэнэ.
6. Романтик эмэгтэй (3.2-5.0 хувь). Бусдаас зүс царай, дуу хоолой болоод имидж, хувцаслалтаараа ялгардаг улс төрч эмэгтэйгийн хэв шинж болно.
Улс төрч эмэгтэйчүүдийн эдгээр зургаан хэв шинж аливаа эмэгтэйчүүдэд байх бөгөөд зөвийг сонгож, чадамгай хослуулж чадсан нь нийгмээс илүү дэмжлэг авч чадна. Тухайлбал, манай одоогийн парламентад С.Оюун, н.Арвин, н.Оюунхорол гэсэн гурван эмэгтэй сонгогдон ажиллаж байна. С.Оюуныг 1, 2, 3-р хэв шинж давамгайлсан улс төрч хэмээн үзэж болох бол н.Арвин нь 1, 2-р хэв шинж, н.Оюунхоролыг 4-р хэв шинж давамгайлсан улс төрч гэж үзэж болно. Санал асуулгаас харахад нийгэмд хамгийн өндөр нэр хүндтэй байгаа гурван эмэгтэй улс төрч дээрх 6 шинжээрээ олон нийтээс аль алинд нь бусдаас өндөр үнэлгээ авсан байна. Үүнээс олон нийт эмэгтэй улс төрчдөд хатуу, өндөр шалгуур тавьдаг нь харагдаж байна.

Гурав. Нийгмийг баримжаалан имиджээ өөрчлөх нь

Эмэгтэй улс төрчид зорилтот бүлгийнхээ зан үйлээс хамааран имиджээ өөрчилж байх нь нийгмээс олонхын дэмжлэг авах нэг хөшүүрэг болно. Тиймээс бид эмэгтэй улс төрчдийн ерөнхий имидж тэдний зорилтот бүлгээс хамааран өөрчлөгдөх эсэхийг шалгасан юм.


Шинжилгээний үр дүнд зорилтот дөрвөн бүлгээс зөвхөн эмэгтэй улс төрчдийг дэмжих хандлагагүй бүлгийн саналд бага зэргийн өөрчлөлт ажиглагдсан. Энэ нь тэд бусад бүлгүүдтэйгээ харьцуулбал "шинэ залуу эмэгтэй" улс төрчөөс илүүтэйгээр "бодлоготой эмэгтэй" улс төрчийн хэв шинжийг үнэлдэг болох нь харагдсан.

Дөрөв. Эмэгтэй улс төрчдийн олон нийттэй харилцах бодлогын үндсэн чиглэл

Эмэгтэй улс төрчдийн олон нийттэй харилцах бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлох зорилгоор нийгмийн өмнө тулгамдсан нийтлэг асуудлуудад олон хүчин зүйлийн шинжилгээ хийж өөр хоорондоо уялдаа холбоо бүхий таван бүлэг хүчин зүйлийг илрүүллээ.


Тэдгээр нь дараах хэв шинжүүд болно. (хэв шинжийн нэршилд анхаарах)
1. Гэр бүл, нийгмийн хамгаалал (32.2-47.1 хувь). Олон нийтийн үнэлснээр энэ нь эмэгтэй улс төрчдийн эрчүүдээс илүү шийдвэрлэж чадах эхний асуудал бөгөөд үүнд гэр бүлийн хөгжил, ажилгүйдэл, хүүхдийн хөгжил хамгаалал, ядуурал, авилгын асуудлууд орж байна.
2. Хэм хэмжээ, эрхийн зөрчил (9.0-37.0 хувь). Эрүүл мэндийн үйлчилгээ, ёс суртахууны доголдол, гэмт хэргийн өсөлт, хүний эрхийг хангах, ардчилал иргэний нийгмийн хөгжлийг хангах нь иргэдийн үзэж буйгаар эмэгтэй улс төрчдийн шийдвэрлэж чадах хоёрдугаар асуудал аж.
3. Нийтийн эрх ашгийг хөндсөн асуудал (3.6-48.0 хувь). Гуравдугаар асуудалд архидалт, үндэсний үйлдвэрлэл, дэд бүтэц, харилцаа холбоо, байгаль орчны доройтол зэрэг орно.
4. Боловсрол, хөгжлийн асуудал (7.6-23.3 хувь). Боловсролын чанар, болоод хөдөөгийн хөгжлийн тухай асуудал дөрөвдүгээрт орж байна.
5. Төр, засаглалын асуудал (0.4-33.2 хувь). Засаглалын хямрал, нийгмийн халамжийн үйлчилгээ, жендерийн тэгш байдлыг хангах, үнийн өсөлт зэрэг макро асуудлууд нь хамгийн сүүлд оржээ.


Тав. Нийгмийн баримжаатай бодлогын хувилбар

Олон нийтэд тулгамдаж буй асуудал нь тэдний амьдарч буй орон нутгийн онцлог шинжээс гадна нийгэм, хүн ам зүйн байдлаас хамааран өөр өөр байх нь ойлгомжтой асуудал тул эмэгтэй улс төрчдийн олон нийттэй харилцах бодлогын хувилбарууд нь зорилтот бүлгийнх нь онцлогоос хамааран ялгаатай байх шаардлагатай гарч болзошгүй. Тиймээс энэхүү нарийвчилсан шинжилгээг хийж үзлээ. Мөн энэхүү шинжилгээг давтан судалгаа эсвэл ижил төрлийн бусад судалгааны үр дүнтэй харьцуулан хэрэглэх нь зохимжтой. Учир нь олон хүчин зүйлийн шинжилгээгээр илэрсэн таван бүлэг хэв шинжийг тодорхойлж буй хувьсагчид нь ихээхэн савалгаатай байгаа нь харагдсан.


Нийгмийн сэтгэл зүйд патриархат хандлага давамгай байгааг бодолцвол патриархат хандлагын үүднээс эмэгтэй улс төрчдийн эрэгтэй улс төрчдөөс илүүтэйгээр шийдвэрлэж чадах асуудлын эрэмбэ нь төр засаглалын асуудлаас гэр бүл, нийгмийн хамгааллын асуудал руу өссөн шинжтэй байна. Энэ нь эхлээд биеээ зас, дараа нь гэрээ зас, эцэст нь төрөө зас гэх уламжлалт сургаалыг бодогдуулна. Эмэгтэйчүүдийн чадвар нь гэрээ засах л хэмжээнд гэсэн патриархат сэтгэлгээний уг үндэс үүний цаана байгаа болов уу. Энэ үзэл санаатай нийгэм дэх эмэгтэйчүүдийг дэмждэг бүлгүүд ч ерөнхийдөө санал нэг байгаа нь дээрх мэдээллээс харагдана.
Сонирхолтой нь эмэгтэйчүүдийг дэмждэг болон огт дэмждэггүй бүлгүүд нийгмийн ерөнхий хандлагаас хазайсан шинжтэй байна. Эмэгтэйчүүдийг дэмждэг бүлгийн хувьд төр, засаглалын асуудлыг ч мөн эмэгтэйчүүд шийдвэрлэж чадна гэх хандлага давамгай байх нь зүйн хэрэг. Гэтэл огт дэмждэггүй бүлэг мөн ийм бодолтой байгаа нь инлээд сонирхол татаж байна. Энэхүү судалгаанаас энэ үзэл хандлагын учир шалтгааныг тодруулах боломжгүй тул үүнийг цаашид чанарын судалгаагаар тодруулах нь зүйтэй.

ТОВЧ ЗӨВЛӨМЖ

Ерөнхий зөвлөмж:
• Патриархат үзэл санаа ноёрхсон манай нийгмийн сэтгэл зүйн барьерыг даван туулах нь урт хугацааны асуудал боловч үүнийг нийгмийн хөгжлийн зүй тогтолд даатган орхиж болохгүй. Биелэшгүй том зорилго нь биелэх жижиг зорилтуудын нэгдэл тул стратегиа оновчтой төлөвлөж, системтэй ажиллах нь нэн тэргүүний чухал зүйл билээ;
• Төр, засгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд дэвшин ажиллахад макро болон микро түвшний олон хүчин зүйл нөлөөтэй байдгийн зөвхөн нэг нь сонгогч, олон нийтийн санал бодол гэдгийг анхаарч энд дурдаагүй бусад түвшинд ч нэгэн зэрэг системтэй ажиллах нь зүйтэй;
• Түүнчлэн судалгаанд сумын төв болон хөдөөгийн хүн амыг хамруулаагүй бага хүрээнд, зөвхөн тоон судалгаа хийсэн тул нарийн дүгнэлт, зөвлөмж гаргах арга зүйн боломж хомс байлаа. Цаашид энэхүү судалгааг өргөжүүлж мэдээллийг давхар баталгаажуулан, нарийвчлах шаардлагатай;
• Эмэгтэй нэр дэвшигчдэд ямар чиглэлээр, хаана, хэзээ дэмжлэг үзүүлхээсээ хамааран олон нийтийн санал асуулгын судалгааг салгаж хийх нь зүйтэй. Тухайлбал, орон нутгийн сонгуулийн, УИХ-ын сонгуулийн гэх зэргээр төрлөөр нь салгах; мөн хөдөө орон нутагт, нийслэлд хэмээн байршлаар нь салгах.
Ингээд төр засгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улс төрчдийн төлөөллийг нэмэгдүүлхийн тулд нийгэм, олон нийттэй хэрхэн ажиллах талаар тоон судалгаанд тулгуурлан дараах ерөнхий зөвлөмжүүдийг санал болгож байна.

Стратегийн зорилго, зорилтоо томъёолох:
• Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэйчүүд өрсөлдөх хэмжээний нийгмийн дэмжлэг одоогоор байхгүй байгаа тул УИХ болон орон нутгийн сонгуулиудад эмэгтэй нэр дэвшигчид өрсөлдөхөд дэмжлэг үзүүлэх чиглэлд төвлөрч ажиллах;
• Тиймээс стратегийн зорилгоо УИХ болон орон нутгийн шийдвэр гаргах түвшинд (ИТХ, ИНХ) эмэгтэй улс төрчид сонгогдон ажиллахад нийгэм дэх хүйсийн ялгаварлалыг даван туулах бодлогын чиглэлээр дэмжлэг үзүүлэх гэсэн ерөнхий санаанд үндэслэн тодорхойлж болно;
• Стратегийн зорилгоо тодорхойлсны дараа SMART шинжилгээ хийж үзэхийг мөн давхар зөвлөж байна. Эл зорилтыг хангахын тулд дараах 9 төрлийн стратегийг баримталж ажиллах.
Стратеги 1. Нийгмийн бүлгийг сегментэлж ажиллах
• Эмэгтэй улс төрчдийн одоогийн дэмжигчдийг хадгалж, дэмжих хандлагатай бүлгийг татах, дэмжих хандлагагүй болон огт дэмждэггүй бүлгийн үзэл санааг саармагжуулах зэргээр нийгмийн бүлэг тус бүрийн онцлогт тулгуурлан ажиллах;
• Учир нь нийслэл, аймгийн төвийн нийт хүн амын 25 хувь нь эмэгтэй улс төрчдийг дэмждэг бол 47 хувь нь дэмжих хандлагатай, 20 хувь нь дэмжих хандлагагүй, 8 хувь нь огт дэмждэггүй бүлэгт багтахаар байгаа;
• Тодорхой хэлбэл дээрх хүрээний 25 хувийг хадгалах, 47 хувийг татах, 28 хувийг саармагжуулах тактик барина гэсэн үг.
Стратеги 2. Нийгмийн хүчтэй дэмжлэгт суурилж патриархат үзэл санааг саармагжуулах
• 1. Ардчилсан нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрх эдлэх ёстой; 2. Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол асуудалд илүү уян хатан ханддаг тул зөвшилцөж, хамтарч ажиллаж чадна; 3. Эрчүүдээс ч илүү мэдлэг боловсролтой, ухаантай эмэгтэйчүүд их байна, одоо эмэгтэйчүүддээ боломж олгоод үзье; 4. Нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн байр суурь үгүйлэгдэж байна; 5. Эмэгтэйчүүд авилгад автахгүй шударга байж, олон түмний итгэлийг дааж ажиллаж чадна гэсэн нийгмийн үндсэн 5 хүчтэй дэмжлэгт суурилж ажилла;
• 1. Монголын эмэгтэйчүүд өнөөдөр улс төрд бэлтгэгдээгүй, чадавхи сул байгаа; 2.Эмэгтэйчүүд улс төрд оролцоод хэт эрх мэдэлтэй болохоор гэр бүл, цаашлаад үндэсний аюулгүй байдал алдагдана; 3.Эмэгтэйчүүд, эрчүүдээс оюуны чадавхи сул бөгөөд үүгээр нөхцөлдсөн эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн хуваарь нь удирдах бус гүйцэтгэх ажил гэх патриархат хандлагууд (эцгийн эрхэт ёс) –ыг саармагжуулах;
• Дээрх бодлогын чиглэлүүдийг хослуулсан стратегийн үндсэн үзэл санаа, философийг бий болгож хөтөлбөр, үйл ажиллагаа бүрд мөрдлөг болгох.
Стратеги 3. Эмэгтэй улс төрчдийн имидж, нийгмийг хөгжүүлэх шинэлэг хөтөлбөрийг бий болгох
• Өнөөгийн эмэгтэй улс төрчдийн имиджийг тодорхойлж буй 6 хэв шинж болох Төмөр хатагтай, Буурьтай эмэгтэй, Хариуцлагатай эмэгтэй, Шинэ залуу эмэгтэй, Бодлоготой эмэгтэй, Романтик эмэгтэйн хэв шинжүүдийг уламжлалт патриархат үзэл санааг даван туулахад оновчтой ашиглах;
• Гэр бүл, нийгмийн хамгаалал; Хэм хэмжээ, эрхийн зөрчил; Нийтийн эрх ашгийг хөндсөн асуудал; Боловсрол, хөгжлийн асуудал; Төр, засаглалын асуудал зэргийг нийгмийг хөгжүүлэх шинэлэг хөтөлбөрт ашиглах.
Стратегийн бусад хүчин зүйлсийг сонгох, томъёолох
• Эмэгтэй улс төрчдийг дэмжих уриа, мессежийг суурь үзэл санаандаа тулгуурлан оновчтой томъёолох;
• Олон нийттэй харицлах сүлжээ, мэдээлэл түгээх сувгаа оновчтой тодорхойлох.

5 comments:

ЗОРИГТ8 said...

ШУ-ны нэршилээр нь жендерийн сегрегаци гэж нэрлэдэг юм байна лээ . Бодлогод иргэдийг өргөнөөр оролцуулах эрмэлзэл нь эмэгтэйчүүдийн квоттой холбоотой юм. Нөгөө яриад байсан 30 хувийн квот. Энэ квот бол төр засгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн сонгогдох боломжийн эцсийн найдвар. 1996 онд 8, 2000 онд 9, 2004 онд 5 эмэгтэй УИХ-д сууж байсан. Харин 2008 онд 3 болж 30 хувийн квотын чухалыг ойлгууллаа.
Таны байгууллагын хийсэн судалгаанд шинэлэг, магадгүй цоо шинэ зүйл ч их байна. Танд амжилт хүсье.
Миний бие дээрх сэдвээр анхны эрдэм шинжилгээний ажилаа Лектор төвийн хийсэн судалгаан дээр үндэслэн бичиж асан 2005 оноос энэ чиглэлийн судалгааны ажилыг сонирхдог юм.

Anonymous said...

Зоригт - д

Саналаа хуваалцсанд баярлалаа.
Эмэгтэйчүүдийн квотын асуудал чухал зүйл яах аргагүй мөн.

Гэхдээ түүний хажуугаар үнэхээр төр засгийн шийдвэр гаргах түвшинд ажиллах ур чадвартай эмэгтэйчүүдийг сонгон шалгаруулдаг механизм, намуудын бохир улс төрийг цэвэршүүлэхгүйгээр энэ нь олон түмэнд ач тусаа өгөхгүй бизээ.

Чадвартай боловсролтой нь биш, эрх мэдэлтэй, мөнгөтэй нь, ар өвөрийн хаалгаар, луйвар түйврээр ороод бохь зажилаад суучихвал яана ?

Цогтоо

ЗОРИГТ8 said...

Танай хийсэн судалгаа нэлээд томоохон судалгаа болжээ. Мэргэжлийн гэж хэлж болохоор...
Шилэн түрүүвч аянд тань амжилт хүсье

Anonymous said...

Зоригт-д

Баярлалаа. Урьд өмнө энэ чиглэлээр олон нийтийн санал бодлын судалгаанууд хийгдэж байсан ч сэдвийн хүрээ нь тодорхой бус, сэдэвт хамруулан авч үзсэн үзүүлэлтүүдийнхээ хоорондын уялдаа холбоо, хамаарлыг тодорхой гаргаж чадаагүйгээс гадна ихэвчлэн мэргэжлийн бус хүмүүс хийсэн тул арга зүйн шинжтэй алдааг багагүй гаргаж байсан юм.

Орон нутгийн засаг захиргааны түвшинд "Ширэн түрийвч"-ийг "Шилэн түрийвч" болгох гээд л үзээд байна.Чиний ажилд ч бас амжилт хүсье!

Цогтоо

Munkhchuluun said...

Mundag sudalgaa hiisen bn! emegtei uls turchdiig demjih, tsaashid emegteichuudiin toloolliig shiidver gargah tuvshind nemegduulehed ooriin gesen huwi nemree oruulj bgaad n buh emegteichuudiihee umnuus talarhaj bnaa! amjilt husii! bi bas ene chigleleer BNSU-iin Ehwa Women's University-d Magisteriin zereg hamgaalahaar suraltsaj bga yum. bolomj bval zovlogoo avmaar l bn.