Tuesday, July 10, 2007

Монголын их, дээд сургуулиудын өрсөлдөх чадвар |Г.Цогтбаатар|


Өнөөгийн нөхцөлд дээд боловсролын давуу тал, зэрэглэлийн үнэ цэнэ улам алдагдсаар байна. Тухайлбал, 1994-2006 оны хооронд нийт ажилгүйчүүд дунд дээд боловсролтой хэсгийн эзлэх хувийн жин 1.9-11.5 хүртэл нэмэгдсэн бол, гэмт үйлдэлд 2.1-5.9 хувь (1991-2000) мөн нийт ядуучууд дунд эзлэх хувь нь 8.7 -10.2 (1995-2002) хүртэл өсчээ. Дээд боловсролыг нэгэн зах зээл хэмээн үзвэл улс орны хувьд оршин тогтнолыг нь хангах хамгийн чухал болох энэхүү оюуны зах зээл дээр өдгөө 180 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 125 нь хувийн, зургаа нь Монголд үйл ажиллагаа явуулж буй гадны салбар сургууль, 49 нь төрийн сургуулиуд байна. Бидний ажиглалтаар сургуулиуд дараах байрлал, байдалтай байна. Хувийн дийлэнх сургуулиуд менежментийн хувьд үнийн өрсөлдөөний буюу харьцангуй бага төлбөртэй байх сонголт хийсэн тул маш бага зардлаар /Хямд ажиллах хүчин, чанар муу хэрэглэгдэхүүн/ сургалт явуулахыг эрмэлздэг. Энэ нь дагалдагчийн байрлал юм. Хувийн их, дээд сургууль, коллежийн мэргэжлийн баримжааг харахад нийт суралцагчдынх нь 83.5 хувь нь бизнесийн удирдлага, хууль зүй, хүмүүнлэгийн ухаан, нийгэм, эдийн засгийн ухаан, багш, сурган хүмүүжүүлэх ухаан зэрэг чиглэлээр суралцаж байна. Эдгээр мэргэжлийн хувийн сургуулиуд ихэсч байгаа нь сургалтын өөрийн өртөг багатай холбоотой. Гэтэл техник, технологи, баялаг, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт хувийн сургууль ховор байдаг. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд төдийлөн өсөхгүй байгаа нь сургалтын өртөг өндөртэй холбогдоно. 2001-2005 оны хооронд төрийн МСҮТ-үүд 30-33 болсон бол төрийн бус 2-2 байгаа юм.

Хувийн их, дээд сургууль, коллежуудын тоо хэмжээ дэлхийд байхгүй рекордыг тогтоогоод байна. Тэдгээрийг 100 мянган хүн ам тутамд ногдох байдлаар нь гадаад улс орны хувийн сургуулиудын тоотой харьцуулж үзвэл Японоос 8 дахин, Энэтхэгээс 9 дахин, БНСАУ болон Индонезоос 10 дахин, Тайландаас 103 дахин их хэмжээтэй байна.
Хувийн дийлэнх сургуулийн сургалтын төлбөрийн хэмжээ төрийн болон гадны сургуулиудтай харьцуулбал бага байдаг। Зөвхөн төлбөрөөр амьдардаг ийм сургуулиудад дэлхийн жишигт нийцсэн чанартай сургалт явуулах санхүүгийн бололцоо байхгүй. Иймд бидний тодорхойлсон механизмууд сөргөөр үйлчилж сургалтын чанаргүйдлийг бий болгодог. Мөн хувийн дийлэнх сургуулиудын сургалтын чанар муугийн нэг баталгаа нь магадлан итгэмжлэлд хувийн 125 сургуулиас 55 нь буюу 44 хувь нь л хамрагдснаас харж болно. Мөн магадлан итгэмжлэлд хамрагдсан сургуулиуд ч чанартай сургалт явуулдаг гэх баталгаа байхгүй. Дагалдагчдын байршил нь хувийн сургуулиудад ашигтай ч чанаргүй боловсрол нь оюутнуудад цаашлаад хямдхан ажиллах хүчин болж байгаа нь багш нарын амьдралд хортой тул нийт улс орны хэмжээнд авч үзвэл сөрөг нөлөөтэй байна.

Төрийн сургуулиуд өөрийн сонгоогүй сонголт буюу менежментийн хувьд тодорхойгүй дундаж байрлалд байна। Төр нь өөрийн өмчийн сургуулиудын сургалтын төлбөрийг доод хэмжээнд барьж, чанарын дээд хэмжээг үзүүлэх ёстой хэмээн шахаж байгаа нь үнэ бага, чанар өндөр байх менежмент рүү хүчээр тулгажээ. Чанартай сургалт явуулахад санхүүгийн бололцоо чухал учраас төлбөр бага байх тохиолдолд энэ нь хэрэгжихгүй, зөрчилтэй бөгөөд тодорхойгүй байдлыг бий болгож байгаа юм. 2003 оноос хойш төр сургуулиуддаа санхүүжилт өгөхөө зогсоосон. Өмнө нь төрийн сургуулиудын тогтмол зардлыг төрөөс хариуцдаг байсан билээ. Адаглаад төрийн сургуулиудын менежментийн бие даасан бус байдал нь дотоод хариуцлагын тогтолцоог нь сулруулдаг тул сургалтын төлбөрөөс бусад орлогын эх үүсвэрт чиглэсэн зорилтот арга хэмжээг хангалттай авна гэхийн баталгаа байдаггүй. Эдгээр нь төрийн сургуулиудын өрсөлдөх чадварт цаашлаад чанаргүй сургалт нь нийт улс орны хэмжээнд сөрөг нөлөөллийг үзүүлж байна.

Монголд байгаа гадаадын салбар сургуулиуд зах зээл дээрх тэргүүлэгчдийн байрлалыг сонгосон нь ажиглагдаж байна। Учир нь Монголын хувийн, төрийн аль ч сургуулиуд сургалтын чанарыг эрхэмлээгүй. Иймд чанартай боловсролын төлөө өндөр үнэ төлөхөд бэлэн сегмент орхигдож, хэрэглэгчид нь гадаад уруу гарч суралцах шаардлага тулгарч байсан бол өдгөө энэ сегментэд гадны 6 сургуулийн салбар үйл ажиллагаагаа явуулж байна. /Плехановын академийн эдийн засгийн салбар, Буриадын их сургуулийн салбар, Эрхүүгийн техникийн их сургуулийн салбар, Москвагийн энергийн институтын салбар, Казакстаны их сургуулийн салбар, Сингапурын Хартфорд институтын салбар зэрэг болно/. Эдгээр нь тэргүүлэгчид бөгөөд сургалтын чанарыг эрхэмлэж буй учир сургалтын төлбөр өндөр байдаг. Тухайлбал Сингапурын Хартфорд институтын салбар нь 2005 онд монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч тус сургуулийн салбарт дипломын дээд болон бакалаврын түвшинд албан бус мэдээгээр 200 гаруй хүн хамрагдаж байна. Дипломын дээд боловсрол эзэмшихэд 2.5 жил. Төлбөр нь 9000 ам доллар. Харин бакалаврын төвшний жилийн төлбөр нь 6000 доллар болно. Энэ нь манай их, дээд сургуулиудын дундаж төлбөрөөс 15-20 дахин их хэмжээ юм. Ийм төлбөр төлөх чадвартай хэрэглэгчдээ Монголын боловсролын байгууллагууд алджээ.

Дүгнэвэл Монголын их, дээд сургуулиуд гадны сургуулиудтай өрсөлдөх чадваргүй байна। Хувийн, төрийн ялгаагүй бүх сургуулиуд зөвхөн сургалтын төлбөрөөр амьдарч байгаа। Сургалтын чанарт байгууллагын менежментээс шалтгаалсан санхүүгийн нөөц бололцоо чухал гэвэл өнөөгийн монголын ихэнх их, дээд сургуулиудын төлбөр нь дэлхийн жишигт нийцэх чанартай боловсрол олгоход хэтэрхий багадаж байна। Манай сургуулиудын төлбөр бага байгаа нь нэг талаас сургуулиудын стратегийн сонголт, нөгөөтэйгүүр энэхүү нийт улс орныхоо хөгжилд муу нөлөөтэй дагалдагч болон дундаж байрлалыг сонгох болсон нь дээд боловсролын тогтолцоог зохицуулах сайтар боловсрогдсон төрийн бодлого үгүйтэй холбоотой. Хэрэв төрөөс сургуулиудыг тэргүүлэгчдийн байрлал руу шахаж дараахь дөрвөн чиглэлээр бодлого хэрэгжүүлбэл Монголын сургуулиудын өрсөлдөх чадвар сайжирч, дээд боловсролын тогтолцоо эрүүлжих боломж бий. Үүнд:

Боловсролын зэрэглэлийн үнэ цэнийг дээшлүүлэх. 2005-2006 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид 138019 оюутан суралцаж байгаа бол тусгай мэргэжлийн дунд сургуулиудад 23249 оюутан суралцаж байна. Энэ нь нийт мэргэжлийн боловсрол эзэмшигчдийн дөнгөж 14.4 хувь нь байна. Мэргэжлийн боловсролын энэхүү харьцааг эсрэгээр нь харгалзуулах нь зүйд нийцнэ. Дэлхийн хөгжингүй орнуудын практикаар бол 30:70 байх нь оновчтой ажээ. Иймд өнөөгийн мөрдөгдөж байгаа магадлан итгэмжлэлийн түвшин болоод нөгөө талаас элсэгчдийн босго оноо, шалгуурыг дээшлүүлэх хэрэгтэй. Шалгуурт тэнцсэн сургуулиуд л үлдэх болно. Ингэснээр өнөөгийн замбараагүй олон сургуулиуд бас чанаргүй олон дээд боловсролтонгуудын тоо, хэмжээ багасна.
Дээд боловсролын байгууллагуудын санхүүжилтийг сайжруулж, сургалтын чанарыг дээшлүүлэх. Сургалтын чанарыг дээшлүүлэх механизмуудыг хангахад санхүүжилт чухал байдаг. Гэтэл монголд төлбөрийн чадвартай элсэгчид цөөн. Гэхдээ үүнийг шийдвэрлэх боломж бий. Үүнд:
Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг дээд боловсролын элсэлтийн шаардлагыг бүрэн хангасан, төлбөрийн чадавхгүй оюутнуудад чиглүүлэх. Дэлхийн банкны экспертүүд дараах дүгнэлтийг хийжээ. "Монголын сургалтын төрийн сангийн хөтөлбөрүүд нь сурах чадвартай боловч ядуу оюутнуудад чиглэгдэж санхүүгийн дэмжлэг үзүүлэх ёстой. Засгийн газрын тогтоолын дагуу төрийн албан хаагчийн хүүхдийн сургалтын төлбөр зэрэг нэмэгдсэнээр сургалтын төрийн сангийн санхүүгийн дэмжлэг гол зорилгоосоо хазайсан байна".
Чадварлаг оюутнуудад олгодог дотоод болон гадаадын ашгийн болон ашгийн бус байгууллага, хувь хүмүүсийн нэрэмжит хандив, тэтгэлгийн тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Сүүлийн жилүүдэд иймэрхүү байгууллагуудын тоо хэмжээ нэмэгдэх болсон бөгөөд энэ талаар ном хүртэл гарсан байгаа.
Эдгээрээс өөр бусад хэлбэрүүдийг сайтар судлах хэрэгтэй. Боловсролын зэрэглэлийн үнэ цэнэ сэргэх тохиолдолд дээд боловсрол эзэмшигчдийн тоо 50 хүртэлх хувиар буурч, тэтгэлэгт хамрагдагчдын тоо хэмжээ багасаж, дээрх бодлогуудын хэрэгжих магадлалыг дээшлүүлэх болно.
Дээд боловсролын байгууллагуудын менежментийг сайжруулж, сургалтын чанарыг дээшлүүлэх. Сургалтын чанарыг харьцангуй дээшлүүлэх менежментийн арга нь нийт суралцагсчдын 67 хувийг төвлөрүүлсэн төрийн өмчийн сургуулиудад илүү хамаатай. Дараах хоёр арга замыг санал болгож байна. Үүнд:
Төрийн сургуулиудыг менежментийн хувьчлалд оруулах. Өмнө хийгдсэн судалгаануудаас үзэхэд менежментийн хувьчлал хийгдсэн төрийн сургуулийн сургалтын чанар, төрийн мэдлийн сургуулиудаасаа харьцангуй илүү байв. Хэрэв удирдлагын оролцоо /төрийн/ хэвээр хадгалагдах тохиолдолд эдгээр сургуулиуддаа, төрөөс санхүүгийн бүрэн дэмжлэг үзүүлэх нь зүйтэй.
Стратегийн ач холбогдолтой гэгдэж буй сургуулиудын болон бусад төрийн өмчийн сургуулиудын ажиллах хэмнэлттэй нөхцөлийг хангах. Ингэхдээ боломжит нөхцөлүүдийг тооцож удирдлагыг нь нэгтгэх. Энэ тохиолдолд нэмэгдэл болон удирдлагын зардал нь багасна.
Иргэдийн тодорхой мэргэжил эзэмших, сурах, боловсрох эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх: Үүнд:
Хүссэн бүх хүн нийгмийн гарал, үндэс угсаа, нас, хүйс, хөрөнгө чинээ, орлогоосоо үл хамааран тухайн түвшний боловсрол эзэмшихээр шалгалт өгөх боломжоор хангах.
Элсэлтийн шаардлага хангасан тохиолдолд сурах эрхийг нь эдлүүлэх. /Санхүүгийн болон бусад дэмжлэгтэйгээр/
Чанартай сургалт явуулах санхүүгийн нөөц боломжтой ч сургалтын чанарыг алдагдуулж буй сургуулиудтай тэмцэх.
Их, дээд сургууль, коллежид тэнцээгүй болон ерөөс техник мэргэжил эзэмших хүсэлтэй иргэдэд тодорхой мэргэжил эзэмших бололцоог нь хангах үүднээс тусгай болон мэргэжлийн дунд боловсролыг хөгжүүлэх хэрэгтэй. Үүний үр дүнд нарийн мэргэжлүүд шаардагдсан ажлын байрууд ажилтнаар хангагдах бөгөөд цамаан ажилгүйчүүд ч багасах болно.

No comments: