“Тоон мэдээлэл: Монголын чөлөөт сонинууд дахь PR сэдэв ” |Г.Цогтбаатар|
“Хэвлэл мэдээлэл ба PR” сэдвийн хамгийн тод жишээ бол чөлөөт сонинуудын оны шилдэг хэмээх тодотголтой шалгаруулалт юм। Хэвлэлийн Хүрээлэнгийн судалгааны алба сонинуудын сүүлийн дөрвөн жилийн оны шилдэг хүн, онцлох үйл явдлуудаас зарим тоон үзүүлэлтийг нэгтгэж гаргасныг танилцуулж байна.
Өдөр тутмын сонинуудаас сүүлийн дөрвөн жилийн байдлаар “Өнөөдөр” / 2003, 2004, 2005, 2006/, “Зууны мэдээ” /2003, 2004, 2005 онд/, “Нийгмийн толь” /2006/, “Өнөөдрийн монгол” /2006/ сонинууд өөрсдөө оны онцлох хүн шалгаруулсан байна। “Үнэн”, “Өдрийн сонин” өөрсдөө бус PR агентлаг, “Хүмүүс” сонин зэрэг өөр бусад байгууллагуудын шалгаруулсан мэдээллүүдийг нийтэлсэн байв. Түүнчлэн өдөр тутмын дийлэнх сонинууд оны онцлох үйл явдлыг нэрлэжээ. Оны шилдэг хүн шалгаруулсан 4 сониноос “Өнөөдрийн монгол” сонин нь Монголын нэрийг гадаад оронд өндөрт өргөж яваа монголчуудыг шалгаруулдаг бол үлдэх 3 сонин нь монголын улс төрийн хүрээнийхнийг гол баатраа болгосон байна / Нийт онцлох хүмүүсийн 70 хувь нь, түүн дундаа өдөр тутмын сонинуудын шалгаруулсан хүмүүсийн 67 хувь, бусад сонинуудын шалгаруулсан хүмүүсийн 73 хувь нь улс төрчид байлаа /.
7-10 хоног тутмын чөлөөт хэвлэлүүдээс “Монголын нэг өдөр”, “Зиндаа”, “Хүмүүс”, “Инфо”, “Дээдсийн хүрээлэн” зэрэг сонин мөн оны шилдэгүүдийг тодруулдаг байна। Оны шилдэгүүдийг “Хүмүүний манлай”, “Шилдэг улс төрч”, “Монголын бахархал” гэх мэтээр эерэг байдлаар тодруулснаас гадна мөн сөрөг үнэлэмжээр шалгаруулдаг сонин ч байна. Тухайлбал, “Инфо”, “Монголын нэг өдөр”, “Нийгмийн толь” сонин “Урвагч Дүлзэн”, “Хор найруулагч”, “Хамгийн азгүй”, “Шарвигнуур улс төрч”, “Эзэндээ үнэн ч улс төрч”, “Ховдог шунахай улс төрч” гэх мэтээр нэрлэж тодруулсан байх юм. Эдгээр шалгаруулсан байдлыг эерэг, сөрөг үнэлэмж, албан тушаал, намын харъяалал, хувь хүнээр нь ангилж зарим тоон үзүүлэлтүүдийг гаргаж ирсэн болно.
Нэг. Намын харъяалал, албан тушаалаар
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд сонинууд өөрсдөө дахвардсан тоогоор 85, дан тоогоор нийт 24 хүнийг эерэг, сөрөг аль нэг үнэлэмжийн үүднээс онцлох улс төрчөөр тодруулсан байна. Тэдний 60-76 хувь нь МАХН-ын гишүүд, 11.8-21.2 хувь нь АН-ын гишүүд байсан бол үлдсэн хувь нь АТН, ИЗН, БНН, МАШСН, АШЁН, Иргэний холбоо зэрэг улс төрийн байгууллагуудын дарга, тэргүүнүүд байсан юм.
Мөн албан тушаалын хувьд 35.7 хувь нь УИХ-ын гишүүн, 23.8 хувь нь яамдын сайд нар, 7.1 хувь нь ерөнхий сайд, түүнчлэн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Нийслэлийн засаг дарга тус бүр 4.8 хувь үлдсэн 19 хувийг намын дарга гэх мэт бусад албан тушаалын хүмүүс эзэлж байлаа.
Хоёр। Хувь хүнээр
Сонинуудын өөрийн шалгаруулалтаар хамгийн олон буюу 11 удаа онцлох хүнээр шалгарсан улс төрч нь одоогийн ерөнхийлөгч Н.Энхбаяр байна. Түүнийг Хүмүүс сонин 2 жил дарааллан “Хүмүүний манлай”, Өнөөдөр сонин 4 жил дарааллан “Оны алдартан”, Зууны мэдээ сонин 2 жил дарааллан “Монголын бахархал”, Зиндаа сонин 2 жил дарааллан “Эрхэм зиндаа” оны онцлох хүнээр шалгаруулсан бол 2006 онд Нийгмийн толь сонин “Уймраа ерөнхийлөгч”-өөр шалгаруулжээ.
УИХ-ын гишүүн Ард түмний намын дарга Л।Гүндалайг Хүмүүс сонин “Хүмүүний манлай”-аар 1 удаа, Өнөөдөр сонин 2 жил дарааллан “Оны алдартан”-аар, Инфо сонин “Нохой жилийн нохой улс төрч” буюу Шарвагнуур, Ховдог шунахай, Уяа нь алдуурсан улс төрч 3 номинациар, Нийгмийн толь сонин “Гандан буурахгүй улс төрч”, Зиндаа сонин “Хамгийн танхай гишүүн”-ээр, Монголын нэг өдөр сонин “Хамгийн их чихээ хайруулсан улс төрч”-өөр онцолж нийт 9 номинациар 2-р байранд жагсчээ.
Мөн М।Энхболд, Ц.Элбэгдорж нар тус бүр 8, Ц.Нямдорж 6, М.Энхсайхан 5, Б.Жаргалсайхан 4, Н.Багабанди, С.Оюун нар тус бүр 3 удаа, Г.Батхүү, Ө.Энхтүвшин, Л.Пүрэвдорж /Төрийн өмчийн хорооны дарга асан/, Ч.Улаан нар тус бүр 2 удаа, Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин, Д.Лүндээжанцан, Д.Одбаяр, Б.Эрдэнэбат, Д.Энхбат /Иргэний холбооны ерөнхийлөгч/, Ж.Батсуурь /Дорнод аймгийн засаг дарга/, Ж.Батхуяг, Ж.Отгонбаяр, Р.Раш, Л.Одон чимэд, К.Сайраан, И.Цэнгэл, С.Батболд, С.Баярцогт, С.Отгонбаяр, Сү.Батболд, Ц.Батбаяр /Нийслэлийн засаг дарга/, Ц.Мөнхоргил, У.Хүрэлсүх нар тус бүр 1 удаа оны онцлох хүнээр тодорсон байна.
Гурав। Эерэг сөрөг номинациар
Зууны мэдээ, Өнөөдөр сонинууд эерэг, Зиндаа, Хүмүүс сонинууд харьцангуй эерэг, Монголын нэг өдөр завсарын, Инфо, Нийгмийн толь сонинууд ихэнхдээ сөрөг номинациудаар оны онцлох улс төрчдийг тодруулсан байлаа.
Нам, хүчний харъяаллын хувьд Ардчилсан нам, Иргэний зориг нам, Иргэний холбоо илүү эерэг, МАХН дундаж, бусад дурьдагдсан намын гишүүд сөрөг талдаа илүү их тодорсон байв.
Мөн дээрх 4 жилийн хугацаанд сөрөг талаасаа оны онцлох хүнээр БНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан Инфо сонины Зуумтгай, Шарвагнуур, Ярдаг улс төрч, Хүмүүс сонины “Хамгийн танхай гишүүн” гэсэн 4 номинациар /4-өөс/ тэргүүлж байгаа бол, Л.Гүндалай гишүүн 9-өөс 5 нь сөрөг, УИХ-ын дарга Ц.Нямдорж Нийгмийн толь сонины “Хууль зөрчигч”, Инфо сонины “Араас гэтдэг улс төрч” гэсэн 2 /6-аас/ сөрөг номинациар тус бүр оны онцлох хүн болжээ.
Миний бие эдгээр баримтад түшиглэн ямар нэг дүгнэлт хийж сонин эрхлэгчид болон хүмүүс хооронд хагарал, зөрчил үүсгэхийг хүсээгүй билээ. Харин өнөөдөр монголын хэвлэл мэдээллийн салбарт бодитоор бий болчихоод байгаа ийм төрлийн өөр олон зүйлүүдийг хэрхэх тухай та бүхний дунд бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлхийг хичээсэн болно.
No comments:
Post a Comment